Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 30

 

 

                                                  

 

 

 

 

 

 

    2022          11           08                                      2022/ДШМ/30

 

 

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарын оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/310 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2236001860191 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэдүүд ургийн овогт Мягмаржавын Баянзул /*******/

 

2. Бүргэдүүд ургийн овогт Мягмаржавын Баянзул нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 3-9 тоотод байрлах гэртээ өөрийн гэр бүлийн харилцаатай хүн буюу хамтран амьдрагч *******ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/310 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт нотолж байх ба шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Нэмчсэмжидтэй хамтран амьдарч байсан хэдий ч гэрлэлтээ батлуулаагүй хоёр хүүхдийн эцэг эх болсон үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон болно.

5.1 Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд учирсан бөгөөд уг гэмтлүүдийг хөнгөн хохирол гэж ойлгох хуулийн зохицуулалттай тул хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй харин зөвхөн хор уршгийг нэхэмжлэх талаар дурдах нь зүйтэй.

5.2 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Улмаар хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул хохирол, хор уршиг арилсан гэж, мөн яллагдагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн прокурор шийдвэр гаргасан. Үүний цаана шүүгч хохирлыг төлөхөө хэрхэн илэрхийлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын асуудал яригдана. Уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан. Нэхэмжлэх зүйл нь хохирол болдог. Хөнгөн хохирол нь заавал зардал гаргаж байж арилгах хуулийн зохицуулалт байхгүй. Нөгөө талаасаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байгаа тохиолдолд бие биенээсээ хохирол нэхэмжилдэггүй. Уг илэрхийллийг нэхэмжлэх зүйл гэж байгааг бид та заавал хохирол нэхэмжлэх ёстой гэж тулгах боломжгүй.

5.3 Иймд бид хохирогчийн илэрхийллийг үнэлэхээс өөр аргагүй болно. Хохирогч өөрөө нэхэмжлэх зүйлгүй гэж байхад, мөн яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэх хүсэлтийг бид та хохирол төлөөгүй, хохирол төлөх идэвхтэй үйлдэл гаргаагүй гэж үзэн хангахаас татгалзвал шүүгдэгчид олдох боломжийг хязгаарлах нөхцөл байдалд хүрнэ. Уг хэргийн хувьд хохирол төлөөгүй гэж үзэх боломжгүй. Давж заалдах шатны магадлалд уг нөхцөлийн байдлын талаар дүгнэж өгөхийг хүсье.

5.4 Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх асуудлын үр нөлөө буурахаар байгаа. Шүүхийн шийдвэр нэгэнт өөрчлөгдөхгүй тул магадлалд энэ асуудлын талаар тусгаж өгнө үү гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар  прокурорын эсэргүүцлийг үндэслэн, хэргийг хянан хэлэлцэхдээ  эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7.Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2022 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 3-9 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Нэмчсэмжидийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулж зодож биед нь халдаж, хоёр нүдний дээд доод зовхи  болон хоёр хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, хоёр чихний ар хэсгийн цус хуралт, хүзүүний урд болон хоёр эгэмний дунд хэсэг, хүзүүний хоёр хажуу хамарсан цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, баруун бугалганы гадна,дотор хэсэг болон баруун шууны дотор хэсгийн цус хуралтууд,баруун тохойн хэсгийн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн  2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчийн хүсэлтээр хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

8.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...хохирогчийн мэдүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар нэхэмжлээгүй боловч хохирол хор уршигийг шүүгдэгч нөхөн төлсөн талаар дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд зайлшгүй хангагдсан байх нөхцөл байдлуудыг тодорхойлсон ба мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх нөхцөл байдал уг хэрэгт тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

 

9.Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

10.Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

11.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан   *******ыг гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

 

12.Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь  “арван хоёр жил амьдарсан болохоор ямар нэгэн гомдолгүй  гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл буюу хохиролыг арилгахаар эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх, эм тариа болон бусад зүйлийг хэрэглэх зэрэг байдлаар өөрөөсөө ямар нэгэн зардал гаргасан талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дурдаагүй бөгөөд хохирол, хор уршигийн талаар нэхэмжлээгүй байхад шүүгдэгч нь хохиролын талаар хохирогчтой тохиролцож хэлцэл хийгээгүй байна гэж үзэх боломжгүй байна. Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар  нэхэмжлэл гаргаагүйг хохирогч нь шүүгдэгчтэй гэр бүлийн харьцаатай одоо эвлэрч хамт амьдарч байгаа хохиролын талаар эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй, хохиролын талаар маргаагүй шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх боломжтой. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий болсон байна.

 

            13. Дээрх үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

 

14.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

 

15.Иймд прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/310 дугаартай  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                               

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                             ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА