Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 377

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-ийн Б-д холбогдох эрүүгийн 1710003950206 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ил уурхайн механикийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ******** тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай А овогт С-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаар таксинд явж байхдаа хүргүүлэхээр суусан иргэн Г.О-гийн “төлбөрөө аваарай” хэмээн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны картнаас нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар худалдааны төвийн Хаан банкны бэлэн мөнгөний тооцооны машинаас 2 удаагийн үйлдлээр нийт 1.040.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                         

                                              

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүгдэгч С.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би үйлдсэн хэргийн талаара мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг 2017 оны 08 сарын 23-ны өглөө болсон юм. Уг нь хохирогч тэр өдрийн өглөө 06-07 цагийн үед 100 айлын Хангай хотхоноос Буянт-Ухаа 2 хороолол хүргүүлнэ гэж суусан юм. 10.000 төгрөгөөр тохирч, бэлэн мөнгө байхгүй АТМ-с авна гэж байсан. Тэгтэл өөрийн мэдүүлэгтээ Орос 3 дугаар сургуулийн орчмоос такси барьсан гэж хэлсэн байсан.

Тэгээд тэр хүн машинд суугаад явж байх замд унтсан.  Яармагийн тэнд ХААН банкны АТМ ойролцоо ирээд сэрээх гэхэд сэрэхгүй нилээн удаж байгаад сэрсэн. Тэгэхэд нь би АМТ дээр ирчихлээ мөнгөө авч өг гэхэд надад банкны картаа өгөөд 50.000 төгрөг аваад ир гэсэн. Би АТМ-ээс 50.000 төгрөг авч өгсөн. Нисэх рүү явж байх замд миний машины арын суудалд тэр хүн хэвтээгээр явсан ба машинд бөөлжөөд муухай болгосон байсан.

Тэгээд замдаа зогсоод хохирогч Г.О-г сэрээх гээд татахад сэрэхгүй байсан. АТМ-с хөдлөөд удаагүй байсан болохоор машинаа зогсоож цэвэрлээд, цэвэрлэгээний мөнгөнд 100.000 төгрөг авах бодолтой АТМ ороод картыг нь уншуулахдаа санамсаргүй нэг тэг илүү дарагдаад 20.000 төгрөгийн дэвсгэртээр их мөнгө гараад ирсэн. Тэгээд тухайн үедээ сандраад мөнгийг нь тоололгүй кармандаа хийсэн. Сүүлд машиндаа орж суугаад тоолоход нэг сая төгрөг байсан. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг үрээгүй, тэр хэвээр нь банк дахь өөрийн харилцах дансанд байршуулж байгаад цагдаагийн байгууллагаас сарын дараа залгахад нь өөрийн биеэр мөнгийг нь бүрэн бүтэн аваачиж өгсөн. Би өөрийн эзэмшлийн **-** УБР дугаарын приус-20 машинаар хувиараа таксинд явдаг, уг машиныг зээлээр худалдан авсан. Төлбөр нь бүрэн дуусаагүй байгаа. Цагдаагийн байгууллагаас хэзээ нэг цагт ярина гэдгийг би ухамсарлаж мэдэж байсан ба энэ сар гарангийн хугацаанд санаа зовоод, яах учраа олохгүй, бараг бүтэн нойртой хоноогүй. Ийм буруу хэрэг хийсэндээ маш их ичиж, гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ ял хариуцлага хүлээхэд маргаж, гомдох зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1710003950206 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөөний 06 цаг 30 минутын орчимд Орос 3 дугаар сургуулийн ойролцоогоос ХУД-ийн 16 дугаар хороонд байх гэртээ харих гээд такси бариад суусан ба таксины жолоочтой 10000 төгрөгөөр явахаар тохирсон юм. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас би таксины жолоочид замдаа АТМ орно гэж хэлсэн. Тэгээд замдаа 19 дүгээр хорооллын АТМ орсон чинь ажиллахгүй байсан учир тэндээс хөдлөөд цааш явж байх замдаа би унтчихсан байсан. Уг таксины жолооч намайг сэрээгээд “АТМ дээр ирчихлээ мөнгөө ав” гэсэн ба би өмнөх шөнө нь нойргүй хоносон, бас архи уусан учраас босож чадаагүй юм. Тэгээд би уг жолооч ахад өөрийн Хаан банкны картаа өгөөд “та төлбөрөө авчих” гэж хэлээд “нууц дугаараа” хэлж өгсөн. Тэгээд нэг мэдсэн чинь Буянт-Ухаа 2 хороололд гэрийнхээ урд талд ирчихсэн, таксины жолооч намайг сэрээхэд би шууд гэртээ орсон. Тухайн өдрөө 15:00 цагийн орчим Нисэхийн АТМ дээрээс мөнгө авахаар дансаа шалгахад миний дансан дахь мөнгөнөөс 1.050.000 төгрөг байхгүй болсон байсан, дансныхаа хуулгыг аваад шалгахад тухайн өдрийн өглөөний 07 цаг 01 минутанд 50.000 төгрөг, 07 цаг 29 минутанд 1.000.000 төгрөг миний данснаас зарлага гарсан байсан. Тэгээд төв Хаан банк дээр очоод камерын бичлэг шүүлгэж үзэхэд миний суусан таксины жолооч 07 цаг 01 минутанд миний данснаас 50.000 төгрөг аваад, дараа нь 1.000.000 төгрөг авч байгаа бичлэг байсан.

Би анх таксинд суухдаа 10.000 төгрөг өгнө гэж тохирсон. Жолоочтой нэмж мөнгө өгнө гэж ярилцаагүй. Би тэр хүнд 10000 төгрөг төлөх ёстой байтал миний данснаас карт ашиглан эхлээд 50000 төгрөг дараа нь 1000000 төгрөг авсан байсан. Уг жолооч надад эргүүлээд 1.030.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн байгаа. Одоо надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

2. Гэрч Ж.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би С.Б-той 1984 оноос хойш найзалж үерхэж нөхөрлөж байна. С.Б 1984 онд 0230 дугаар цагдаагийн эргүүлийн ангид эргүүлийн цэрэг хийж 3 жилийн алба хааж байсан ба тухайн үедээ салаан орлогч хийдэг байсан. Одоогоор хувиараа таксинд явдаг юм. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. С.Б найз маань архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэхээ болиод 8 орчим жил болж байна, мөн тамхи татдаггүй. Хүнтэй эвтэй найрсаг сайхан харилцдаг, нийтэч байгаа зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг сайн хүн байдаг юм. Би өөрөөс нь “хүний картнаас зөвшөөрөлгүйгээр мөнгө авчихсан юм аа” гэж сонссон. Өөр зүйл хэлээгүй. С.Б анх суусан эхнэрээсээ салаад цэцэрлэгийн багш хүүхэнтэй 8 жилийн өмнө суусан юм. Хувиараа таксинд явж гэр бүлээ тэжээдэг. Найз нөхөд дундаа нэр хүндтэй, тусархуу найз нөхөддөө хүнд хэцүү үед нь үргэлж тусалдаг, нас өндөр хүмүүст заавал мөнгө гэхгүйгээр гэрт нь хүргээд өгчихдөг юм. Түүнийг хүний картнаас зөвшөөрөлгүй мөнгө авсанд нь итгэж өгөхгүй л байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,

 

3. Хохирогч Г.О-гээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 07:00 минутад таксинд сууж харих замдаа такси дотроо унтсан. Тэр хооронд таксины жолооч миний картнаас 27 минутын зайтай 1.050.000 төгрөг хулгайлан авсан тул тэр таксиний жолоочыг олж өгч намайг хохиролгүй болгож туслана уу.” гэсэн агуулга бүхий өргөдөл, гомдол /хэргийн 7х/,

 

4. Хан-Уул дүүргийн 4-р хороо, Сансар худалдааны төв дэх ХААН банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-16х/,

 

5. Хан-Уул дүүргийн 4-р хороо, Сансар худалдааны төв дэх ХААН банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан бичлэг бүхий CD 2 ширхэг, уг бичлэг бүхий CD 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн тогтоол /хэргийн 19х/,

 

6. Хохирогч Г.О-д хохирлын мөнгө болох 1.030.000 төгрөгийг төлсөн талаарх тэмдэглэл баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг /хэргийн 18х, 46х/,

 

7. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн машин болох 1426 УБР улсын дугаартай Тоёота Приус 20 машинтайгаа өглөө 06 цагийн үед гэрээсээ вокзал руу явж байтал Зуун айлын эсрэг талд байдаг Хангай хотхоны урд талын зам дээрээс цүнх үүрсэн 25-30 орчим настай залуу суусан. Тэр залуу халамцуу байсан бөгөөд Буянт-Ухаа 2 хороолол орно, замаасаа АТМ-ээс мөнгө авч төлбөрөө өгнө гэж хэлээд бид замдаа Сүхбаатар дүүргийн хуучин Цагдаагийн хэлтсийн Голомт банкны АТМ дээр зогсоод нөгөө залуу өөрөө буугаад мөнгө авах гэтэл АТМ нь ажиллахгүй байна гээд буцаад ирсэн, цаашаа яваад 19 дүгээр хорооллын автобусны буудлын цаад талд байдаг АТМ рүү мөн өөрөө буугаад мөнгө авах гэж ороод ажиллахгүй байна гээд хүрээд ирсэн.

Тэгээд Яармаг явах замд тухайн залуу нь машин дотор унтаад суудал дээр бөөлжсөн. Тэр үед Яармагийн Сансар худалдааны төвийн Хаан банк дээр ирсэн байсан. Би тухайн залууг унтаж байхад нь татаж сэрээгээд “АТМ-ын гадаа ирчихлээ, чи машин дотор бөөлжчихлөө” гэтэл тэр залуу картаа өгөөд, нууц дугаараа хэлээд 50.000 төгрөг авчих гэж хэлсэн. Тэр 50.000 төгрөгийг таксины мөнгө болон машин дотор бөөлжсөний мөнгө гэж авсан. Тэгээд би тухайн картыг аваад Хаан банкны АТМ ороод 50.000 төгрөг аваад гараад машиндаа суусан, тэр залуу унтаж л байсан. Би машинаа жолоодон цааш хөдлөөд явж байгаад замаасаа салаад шороон зам руу орж байгаад зогсоод тэр залуугийн бөөлжисыг цэвэрлэсэн. Машинаа Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-с холгүй зогсоосон байсан. Тухайн үед гадаа бороо орж байсан ба машинаа цэвэрлээд ойролцоогоор 20-30 минут болсон. Тэр хооронд нөгөө залуу машин дотор унтаж байсан. 100.000 төгрөг авах гэж байгаад 1.000.000 төгрөг авчихсан. Тэгээд нь би буцаж Сансар худалдааны төвийн АТМ дээр очоод 100.000 төгрөг авах гэж байгаад санамсаргүй илүү нэг тэг дарсан ба 20.000 дэвсгэртээр бөөн мөнгө гараад ирэхээр нь сандраад шууд аваад халаасандаа хийчихсэн юм. Тэгээд дараа нь тоолж үзэхэд нэг сая төгрөг байсан. Би тухайн залуугийн дансанд их хэмжээний мөнгө байгаа гэж анхнаасаа мэдээгүй, 100.000 төгрөг л анх авчихъя гэж бодсон юм. Тэгтэл санаандгүй 0 нэмээд илүү дарагдчихсан. Би тухайн хүний дансыг нь шалгаагүй. Би тухайн мөнгийг хэрэглээгүй байж байгаад сая цагдаагаас ярингуут нь эзнийх нь дансруу буцааж шилжүүлж өгсөн. Би өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Тэр залуу өөрөө картын нууц дугаараа хэлж өгсөн, би одоо санахгүй байна. Би тухайн залууг өмнө танихгүй, харж байгаагүй. Тухайн үед тэр залуу халамцуу байдалтай, машин дотор нилээн унтсан.

...Тухайн үед гадаа бороо орж байсан тул куртик өмссөн байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, миний буруу, өөрийн үйлдсэн гэм нүглээ бүрэн ухамсарлаж байна, энэ хэргийн талаар эхнэртээ хүртэл айгаад хэлж чадахгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-27х, 32-33х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож нотолж чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч С.Б нь **-** УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинтай хувиар такси үйлчилгээнд явж байхдаа Буянт-Ухаа 2 хороолол руу 10.000 төгрөгөөр тохирч хүргүүлэхээр, суусан зорчигч-үйлчлүүлэгч иргэн Г.О-гийн “төлбөрөө уншуулаад авчих” хэмээн нэвтрэх нууц үгээ /харилцагчийн хувийн таних дугаар/ хэлж, итгэмжлэн хариуцуулж өгсөн ХААН банкны төлбөрийн картыг ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар худалдааны төв дэх Хаан банкны бэлэн мөнгөний тооцооны машинаас 2017 оны 08 сарын 23-ны өдрийн өглөөний 07 цаг 01 минутанд 50.000 төгрөг, 07 цаг 29 минутанд 1.000.000 төгрөг тус тус авсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.О-гийн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Сансар худалдааны төв дэх ХААН банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-16х/, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Сансар худалдааны төв дэх ХААН банкны АТМ /автомат теллер машин/-ын хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан бичлэг бүхий CD 2 ширхэг, уг бичлэг бүхий CD 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн тогтоол /хэргийн 19х/, хохирогч Г.О-д хохирлын мөнгө болох 1.030.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 18х/, орлогын мэдүүлэг баримт, шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн хохирогч Г.О нь хувийн тодорхой шалтгааны улмаас шүүгдэгч С.Б-д өөрийн төлбөрийн хэрэгсэл болох картыг ашиглан автомат теллер машин буюу АТМ-ээр хийх гүйлгээний хэмжээг такси үйлчилгээний төлбөр буюу талуудын тохиролцсон хөлс 10.000 төгрөгийн хэмжээнд захиран зарцуулах эрх олгож, улмаар харилцагчийн хувийн таних дугаар буюу пин кодоо /түлхүүр үг/ хэлж итгэмжилж өгснийг шүүгдэгч С.Б нь ашиглан өөрт нь захиран зарцуулах эрх олгосноос илүү хэмжээгээр буюу 1.040.000 төгрөгийн гүйлгээ хийж бэлэн мөнгийг авсан гэмт үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Түүнчлэн энэ хэргийн хохирогч Г.О нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хамгаалах, хянах үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандаж, согтуурхан банкны автомат теллер машин буюу АТМ ашиглаж хийх гүйлгээ хийх төлбөрийн хэрэгсэл /карт/, харилцагчийн хувийн таних дугаар буюу пин кодын /түлхүүр үг/ нууцлалыг алдагдуулан бусдад ашиглуулах боломж олгосон явдал нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, ялагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч С.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г.О-д 1.040.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролд тооцон 1.030.000  төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн талаарх Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт /хэргийн 18х/, ХААН банкны орлогын мэдүүлэг /хэргийн 46х/, хохирогч Г.О-гийн өгсөн “...шилжүүлсэн 1.030.000 төгрөгөөр би хохирлоо бүрэн барагдуулсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч С.Баямбадоржийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 34 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан байна.

 

Дээрх нөхцөл байдал шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдал болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад тус тус заасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүх шүүгдэгч С.Б-ийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн ба шүүх “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ. Учир нь:  

 

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримтад маргаагүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг үүрэг болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэгт Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А овогт С-ийн Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С-ийн Б-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтыг баримтлан С.Б-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг үүрэг болгох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тэнсэгдсэн ялтан С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД