Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 32

 

 

                                     

 

    2022          11           08                                      2022/ДШМ/32

 

 

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарын оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2236000600120 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1966 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26 дугаар гудамж 25 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай *******.

 

            2. Сартуул овогт Нямжавын Санжбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг “Лүнтийн хоолой” гэх тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 69 ширхэг заарт ондоотор чулуугаар цохиж агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан байгаль экологид 8280000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Сартуул овогт Нямжавын Санжбаярыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нямжавын Санжбаярт таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нямжавын Санжбаярт оногдуулсан 5400000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн 22360000600120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 69 ширхэг заарт ондооторын махыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.5 Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нямжавын Санжбаяраас 1650000/арван зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд олгож, 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлж,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаа солихыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7 Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгчийг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас заарт харх агнасан гэх үндэслэлээр шүүх гэмт буруутайд тооцож, торгох ял оногдуулсан. Миний хувьд шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна.

5.2 Учир нь заарт харх гэх амьтан нь ховор, нэн ховор амьтан биш бөгөөд байгальд маш их хор хөнөөлтэй, Хар-Ус нуурын эко-систем алдагдуулсан гэж үздэг. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч, заарт хархыг түр хугацаанд агнуулах зөвшөөрөл өгч байсан байдаг.  Хар-Ус нуурын 60 орчим арлын унаган төрхийг алдагдуулсан буюу заарт харх нь өвсний үндсийг идэж, сулруулсан байдаг.

5.4 Шүүгдэгчийн үйлдэл нь эдийн засагт болон нийгэмд ямар нэгэн хохирол учруулаагүй. Харин байгальд хохирол учруулж буй заарт хархыг устгасан. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан гэж байгаа. Гэтэл шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, Эрүүгийн хуульд зааснаар ямар нэгэн хохирол учруулаагүй. Гэмт хэргийн шинжийг хуульд “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

5.5 Заарт харх гэх амьтны эмийг нь 120,000 төгрөгөөр, эрийг нь 130,000 төгрөгөөр тус тус үнэлсэн гэж байгаа. Гэтэл үнэлгээг нь би олж чадаагүй. Хэрэгт холбогдох журмыг хавсаргаагүй. Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй. Бодит байдал дээр заарт хархыг 1 ширхэгийг нь 4000 төгрөгөөр үнэлж зардаг байсан. Улмаар 4000 төгрөгөөс буурч, 1000 төгрөгөөр зарагддаг болсон байдаг. Иймд шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож өгнө үү

5.6. Шүүх хэргийн талаар бодит байдлыг тогтоогоогүй. Хэргийн бодит байдалд ноцтой нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал, үнэлгээний асуудал яригддаг ч бодитой гарсан үнэлгээ байхгүй байхад шүүх таамгаар үнэлгээ гаргаж асуудлыг дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Мөн шүүхээс шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа талаар хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй юм.

5.7 Давж заалдах гомдол гаргасны дараа хуулийг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинж шүүгдэгчийн үйлдэлд байна гэж үзсэн. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

6.1 Амьтны аймагт хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас тогтоосон. Хохирогчийг ийнхүү тогтоож байгаа бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн. Иймд Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хохирлыг олгосон нь зөв гэж үзэж байна. Хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах заалт байгаа.

6.2 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8.Х эргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

9. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгч *******ын  үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Монгол Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай тогтоол хх-ийн 17х,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 10-15х,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 5-9х,

- Хар Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай “E92008I14.12II, N47048I41.21II солбилцолд байх газар нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг Лүнтийн хоолой гэх газар мөн болохыг тодорхойлсон” албан бичиг гэрэл зураг хх-ийн 24-25х,

- “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ямар нэгэн ан амьтан агнахыг хориглосон байдаг, Ондооторын экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар эм Ондоотор 130,000 төгрөг, эр Ондоотор 120,000 төгрөг байдаг” гэх гэрч С.Цэгмэдийн мэдүүлэг хх-ийн 32-33х,

- “Хар-Ус нуурнаас манай аав ******* Заарт Ондоотор 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Манхан сум Баянгол баг Лүнтийн хоолой гэх газраас алж арьсыг нь тэндээ өвчөөд 69 ширхэг Заарт Ондоотор авч ирсэн” гэх гэрч С.Лхагвасүрэнгийн мэдүүлэг хх-ийн 38х,

- “69 ширхэг мах нь Заарт Ондооторын мах мөн болохыг тодорхойлсон” 2022 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн дүгнэлт хх-ийн 51х,

- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” өгсөн мэдүүлэг хх-ийн 68-69х зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

11. Шүүгдэгч Х.Санжбаярын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү гэх өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэвэл:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  3 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалтай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилдаг ба шүүгдэгч *******ын 69 тооны Заарт Оноодтор агнасан Ховд аймгийн Манхан сумын “Лүнтийн хоолой” гэх газар нь Хар-Ус нуур орчмыг хамарсан байгалийн цогцолборт газарт хамаардаг болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгалийн цогцолборт газарт “... ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх”-ийг хуулиар хориглосон байна.

 

12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсныг гэмт хэрэгт тооцохоор хуульд заасан байна. Мөн дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол тогтоогдсон, 69ш Заарт Ондооторын эр эмийг тогтоох боломжгүй тул шүүгдэгчид ашигтайгаар бүгдийг нь эр Ондоотороор буюу 120,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

 

13. Иймд дээрд дурдсан үндэслэлээр  шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т амьтанд учруулсан хохирлыг байгаль орчинд учруулсан хохиролд тооцохоор, 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоохоор, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилсан.

 

14. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар шүүгдэгч *******аас нөхөн төлбөрт 16,560,000 төгрөг гаргуулан Ховд аймгийн Хар Ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй, хууль бус байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

 

            15. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нямжавын Санжбаяраас 1650000/арван зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ховд аймгийн Хар ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч *******аас 16.560.000 /арван зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР