| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/04453/И |
| Дугаар | 183/ШШ2024/03343 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03343
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/03343 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ганзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүлээн авч хянаад
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ганзориг нь ХААН банктай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ/201944402906 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ201944402906 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 8,400,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,167,630.38 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 5,016,117.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,858,95.67 төгрөг нийт 9,569,643.77 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/28872 захирамжаар нотлогддог. Иймд Б.Ганзоригийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2023.12.27-ны өдрийн 101/ШЗ2023/28872 дугаартай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2024.05.10-ны өдрийн 29/2760 дугаартай итгэмжлэл, 2024.06.19-ний өдрийн 61/02/397 дугаартай итгэмжлэл, 2019.04.02-ны өдрийн ЗГ/201944402906 дугаартай зээлийн гэрээ, 2019.04.02-ны өдрийн БГХ201944402906 дугаартай барьцааны гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ганзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхний хаягтаа байхгүй, бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/28872 захирамжаар нотлогддог. Иймд Б.Ганзоригийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ганзоригийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Б.Ганзориг нь Хаан банк ХК-тай 2019.04.02-ны өдрийн ЗГ/201944402906 дугаартай зээлийн гэрээ, 2019.04.02-ны өдрийн БГХ201944402906 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Хаан банк ХК нь Б.Ганзоригт холбогдуулан 13,919,066 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Б.Ганзориг нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 17-22 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/28872 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Б.Ганзоригийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Болдын Ганзориг /НФ93022217/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Б.Ганзоригийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА