Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 379

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ын Б-д холбогдох эрүүгийн 1710000000131 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Батжаргал, Б.Батжаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 нас 7 сартай хүүхдийн хамт амьдрах, Төв аймгийн ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Б нь:

 

1. 2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станцын 7 дугаар салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч С.Б, О.О нарын гар, хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж, хүч хэрэглэн, хохирогч О.О-т хутга тулган, хохирогч С.Б-ын хоолойг гараараа боож, хутгаар хүзүү тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж зэвсэг хэрэглэн орлогын бэлэн 1.530.100 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн процессор, хяналтын камерын бичлэг хадгалах 50.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж, 5000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн мауз 1 ширхэг эд зүйлийг дээрэмдэн авсан,

 

2. Мөн 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” группын шатахуун түгээх станцын 19 дүгээр салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч Б.С, А.Д нарын гар, хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж хүч хэрэглэн орлогын бэлэн 1.315.678 төгрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий картын систем ажиллуулдаг компьютерийн процессор, Нокиа загварын 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий сейфний түлхүүрийг тус тус дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтэд заасан хоёр удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Би дээрмийн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн.

2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станц руу Өлзийт орох замын машинд дайгдаж явсан. Тэгээд Өлзийт хороолол руу эргэдэг уулзвар өнгөрөөд буугаад урдуур нь тойроод очсон. Мон-Суль ШТС руу очиход хаалга онгорхой, эрэгтэй түгээгч нь компьютер дээр юм хийж байсан, эмэгтэй түгээгч нь цаана унтаж байсан. “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станцын байр луу ороод би түгээгчийг доош нь дарж хэвтүүлээд мөнгө хаана байгааг нь асуухад шургуулганд байгаа гэж хэлсэн. Шургуулгыг татахад онгорхой байсан. Түгээгч баруун халаасанд мөнгө байгаа гэж зааж өгсөн, баруун халааснаас нь мөнгийг авсан.

“Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станц руу очихдоо өмссөн маск, бээлий, олс, хутга гэх мэт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүд өмнө нь ажиллаж байсан ажлаас үлдсэн эд зүйлүүд тухайн үед миний цүнхэнд явж байсан. Скочийг дэлгүүрээс худалдан авсан байсан. 11 дүгээр хорооллын бичиг хэргийн дэлгүүрээс өмнө нь хутгыг авсан байсан. Хохирогч С.Б-ын бие зүсэгдсэн гэдгийг анзаараагүй, мэдээгүй. Би гараа мөрөн дээр нь тавиад давуулсан байсан. Миний хоёр гарыг бариад тавиулах гэж оролдсон, тэгэж эсэргүүцэх явцад зүсэгдсэн байсан.

Хохирогч О.О-т хутга барьж тулгаагүй, доошоо хараад хэвт гэж хэлснээс өөрөөр айлган сүрдүүлсэн зүйл хэлээгүй. Түгээгч нар надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй, эмэгтэй түгээгчийг толгой хэсэг, ам хөлийг нь скочдоогүй, гар, хөлийг нь скочоор хүлсэн. Тэгээд би мөнгөө аваад гарах гэсэн чинь хаалганы дээр камер байсан. Би гэнэт камерын бичлэгийг санаад камерын утас нь процессор болон жижиг хар төхөөрөмж рүү холбогдсон байхаар нь салгаж авсан. Би “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станцаас авсан эд зүйлээ найз Ч.Чинхүчийн гэрт орхисон байсныг сүүлд цагдаагийн байгууллагад өгүүлсэн.  

Намайг “Сод Монгол” группын шатахуун түгээх станцаас миний сууж явсан машин 5000 төгрөгөнд бензин авсан. Бензин аваад цаашаа хөдлөөд явахад нь би барилгын манаачаас юм авна гэж хэлээд Хонгорын машинаас буусан. Хонгор, Өлзийнаран нар нь намайг хэрэг хийснийг мэдээгүй.

Би осол хийхээс хоёр сарын өмнө нэг хүний удирдлаган доор барилгын ажил хийж байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд цалингаа бүтэн тавиагүй, дундуур нь 20.000 төгрөг, 30.000 төгрөг өгчихөөд аргалаад яваад байсан. Би цалингаа авч чадаагүй байсан. Цалингаа аваагүй болохоор ажлаасаа гаръя гэхээр гарч чадаагүй яваад байсан. Сүүлд Ар хөндийд манай хоёр найзтай бид нарыг 4 хоног хоол хүнсний материал байхгүй орхиод явсан байсан. Бид нар Төв аймгаас ангийнхаа хүүхдийг дуудаж хот руу ороход тухайн хүн байхгүй болсон байсан. Тэгээд наадмын дараа Төв аймагт таксинд явсан, дараа нь хотод таксинд явсан. Тэгээд таскинд явах ашигтай байсан болохоор явж байгаад орой нь осол хийсэн. Гэр бүлийнхнээсээ мөнгө авсан байсан болохоор дахиж мөнгө нэхэж чадаагүй. Ийм учраас өөрөө яаж ийж байгаад шийдмээр санагдаад ийм аргыг сонгосон. Машины үнэлгээ хийлгэхэд машины хохирол 380.000 төгрөг гарсан. Би дахин дээрмийн гэмт хэрэг хийхгүй гэж бодсон байсан. Гэтэл 380.000 төгрөгийг Хаш-Эрдэнэ зөвшөөрөөгүй, дахин үнэлгээ хийлгээд 1.900.000 төгрөг болсон байсан. Дээрмийн гэмт хэрэг хийхдээ хохирогч нарын биеийг нэгжиж эд зүйлийг нь авсан зүйл байхгүй. Хохирогч нарыг зодсон цохисон зүйл байхгүй. Дээрмийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн. Хохирогч нар эмчилгээний зардал нэхэмжлээгүй, сэтгэл санааны хохирол, ажлаас гарсан гэсэн зүйл нэхэмжилсэн. “Сод Монгол” группын шатахуун түгээх станцын эрэгтэй түгээгчид 300.000 төгрөг, эмэгтэй түгээгчид 500.000 төгрөг тус тус төлсөн.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэр бүлийнхнээсээ уучлалт гуймаар байна. Цагдан хоригдож байх хугацаандаа бусдаас булааж, бусдыг гомдооход өөрөөс чинь илүү их зүйлийг буцаан авдаг юм байна гэдгийг ойлгосон. Бусдыг айлгаж, бусдад халдаж ийм муухай гэмт хэрэг үйлдсэндээ би маш их гэмшиж, харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуйсан. Мөн гэр бүлийнхнээсээ уучлалт гуйж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000131 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 4-12х, 13-22х, 42-53х/,

 

2. Хохирогч Сод Монгол ШТС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 32х/,

 

3. Сод Монгол ШТС-19 хяналтын камерын бичлэг хураан авсан болон хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 37-40х/,

 

4. Эд мөрийн баримтаар тооцох /наалдамхай тууз 1 ширхэг, хутга 1 ширхэг, амны маск, мяндсан уяаны хэсэг, өрөөсөн бээлий, Нокиа-1133 маркийн гар утас, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн савхин хүрэм/ тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 61-63х/,

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Сод Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Сод Монгол групп ХХК-ийн 19-р шатахуун түгээх станцийн эрхлэгчээр ажилладаг. Манай станцад 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түгээгч ээлжийн ахлагчаар А.Д, түгээгчээр Б.С нар гарч байсан. Маргааш нь өглөө 07:00 цагт манай байгууллагын диспетчерээс шатахуун түгээх станцад халдлага гарсан талаар мэдэгдсэн. Манай ШТС-д дээрмийн хэрэг гарч доорхи эд зүйлийг авч явсан байна. Үүнд: 

1. ШТС-ийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09 цагаас хойш шатахуун борлуулсан борлуулалтын орлого болох 1.315.678 төгрөг алдагдсан.

2. Картын төвийн системийн компьютерийн процессорыг авч явсан байна. Энэ процессор нь манай байгууллагын дансанд 810.995  төгрөгөөр бүртгэлтэй байдаг тул энэ үнээр нь үнэлж нэхэмжилнэ.

3. Ажилтнуудын хэрэглэдэг Нокиа маркийн гар утас алдагдсан. Моделийг нь мэдэхгүй байна. Уг гар утас нь байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд 50.000  төгрөгөөр үнэлж бүртгэгдсэн тул энэ үнээр нь нэхэмжилнэ.   

Дээрх эд зүйлс, мөнгө алдагдсанаас гадна манай өрөөнд байрлах бэлэн мөнгөний хийх сейфний түлхүүрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд аваад явсны улмаас сейфийг хөлсөөр янзлуулж, шинээр түлхүүр хийлгэсэн. Сейф онгойлгох ажлын хөлсний зардал 45.000 төгрөг, шинээр түлхүүр хийлгэхэд 10.000 төгрөг тус тус төлсөн. Нийт 2.186.673 төгрөг /хоёр сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ.

Манай Сод Монгол групп компанийн нэхэмжилсэн 2.186.673 төгрөгийн хохирлоос 2.200.000  төгрөгийг А.Б нь төлж барагдуулсан ба энэ мөнгийг байгууллагын ХААН банк дахь 5031****** дугаартай дансанд тушааж орлогоор авхуулсан. Иймд манай байгууллагын хохирол бүрэн барагдуулсан. Яллагдагч А.Б-ын эрэгтэй өмгөөлөгч А.Б мөнгийг хүлээлгэн өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй. Мөрдөн шалгах ажиллагаатай санал хүсэлт байхгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй байна. Цаашид шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 75-78х, 79-80х/,   

 

6. Хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн шалган нэвтрүүлэх товчооны дэргэд байрлах “Сод Монгол” Шатахуун түгээх станцад ээлжийн түгээгчээр ажилладаг. Энэ ажилд 2016 оны 11 сарын 07-ны өдөр орсон. Энэ салбарт 2017 оны 06 сараас эхлэн гарсан. Өчигдөр буюу 2017 оны 08 сарын 14-ний орой 17:00 цагт түгээгч Лхагвасүрэн, Лүндээжанцан нараас ээлж хүлээн авч, ээлжийн ахлагч А.Д-гийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 05 цаг 5-10 минутын үед би түгээгч суудаг ажлын өрөөндөө сууж байсан, А.Д нь ширээний ард сууж байгаад гадагш бензин өгөх гэж гарсан. Машин сигнал дарсныг сонссон ба босч хараагүй хэвтэж байсан. Би энэ хооронд нам унтсан байсан. Цээжин дээр нэг хүн эвтэйхэн цохих шиг болоход сэрээд харахад хар масктай, хүзүүгээрээ юмаар ороосон, өндөр нуруутай, хар савхи өмссөн залуу зогсож байсан. Миний амыг дараад бос гээд намайг босгосон. Тэгээд орлогоо өг гэсэн, би халаасанд байсан 10.0 мянган төгрөгөө авч өгсөн.  

...Тэр хүн А.Д-г манай бие засах өрөөнд оруулж сандал дээр суулгаад скочоор сандалтай нь хүлсэн. Тэгээд хаалгыг нь хаагаад миний өрөө рүү орж ирээд намайг сандалтай скочоор хүлж, нүд, амыг скочдоод “Сейфний түлхүүр хэнд байдаг вэ” гэхээр нь би “ээлжийн ахлагчид юм уу, эрхлэгч хоёрын нэгэнд нь байгаа” гэж хэлсэн. Тэр хүн манай камерийн комьпютерийн процессорыг салгасан. Өрөөний бүх юмыг онгичиж, А.Д бид хоёрыг нэгжээд  “ээлж хэдэн цагт солигдох вэ, эрхлэгч нь хэдэн цагт ирэх вэ” гэж асуусан Мөн гадна дотно бүх гэрлийг унтраасан. Тухайн үед сейфны түлхүүр надад ч байхгүй, А.Д-д ч байхгүй байсан. Намайг “сейфний түлхүүр олж өг” гэхээр нь би “надад байхгүй, би мэдэхгүй” гэхэд халааснаасаа нарийн хар иштэй хутга гаргаж ирээд миний цээж рүү тулгаж “чиний цүнх бичиг баримт чинь хаана байна” гэхээр нь би түүнд байгаа газраа хэлсэн.

Тэр хүн миний цүнхийг ухаж үзээд “чи бичиг баримт биеийн байцаалтаа өг, би чиний бүх мэдээллийг чинь харсан, чи хэн нэгэнд хэлэх юм бол би чамайг хаанаас ч олно гэж хэлж байсан. Тэгээд манай ажлын 95079619 гэсэн дугаарын утсаар гадагш хүн рүү залгаж яриад байсан. Тэгээд над руу дайраад “сейфний түлхүүр гаргаж өг, гаргаж өгөхгүй бол би хоёуланг чинь ална” гээд миний скочыг тайлсан.

Би өмнө нь сейфний түлхүүрийг гадаа галын багаж хэрэгсэл байдаг төмөр торонд хийж байхыг нь харсан байсан. Тэгээд “тэнд байж магадгүй” гэж хэлсэн чинь өөрөө гарсан. Хэсэг хугацааны дараа орж ирээд “өөрөө олж өг” гэсэн. Тэгэхээр нь би гараад “ахаа, би бие засмаар байна” гэхэд намайг тайлж суллаж бие засуулсан. Тэгээд би түлхүүрийг нь хайж олоод тэр хүнд аваачиж өгсөн. Би тэр хүнийг “хутгаа далд хий айгаад байна” гэж хэлсэн. Тэр хүн хутгаа далд хийгээд сейф онгойлгоод дотор байсан мөнгөнүүдийг, карттай хайрцагтай нь хамт авч явах гээд байхаар нь би тэр хүнд “наад картнууд чинь байгууллагынх, та орхичих” гэж хэлэхэд картнуудыг орхиод мөнгөнүүдийг аваад надад 90,000 мянган төгрөг өгсөн.

Тэр мөнгөө гутлынхаа улавчинд хийчих гэхээр нь би “яах гэж байгаа юм” гэхэд “дуугай доороо хий” гэж хэлсэн. Тэгээд намайг хойд өрөөнд оруулж дахин скочдоод, хаалга хаах гэхээр нь “би наад хаалга чинь цоож нь эвдэрсэн, би эндээ сууж байя тэгэх үү” гэхэд “за за” гээд сандалтай хүлж скочидсон. Ингээд дахин нөгөө 95079619 дугаарын утсаар залгаж “би авах юмаа аваад гарлаа, та хоёр наанаа байж бай” гэж хэлээд утас таслаад гараад явсан. Гарч явахдаа машины дугуйн торцов, домакратны иш хоёр аваад гарсан. Тэрийгээ үүдний амбаарт тавьсан юм шиг байсан. Тэгээд тэр хүн гараад явахаар нь би гарын хүлээсээ сугалж тайлаад хамгийн түрүүн диспетчер лүүгээ хэлсэн. Тэгээд А.Д ахыг сулласан. Бусад хүмүүсийг би хараагүй, тэр хүн өндөр нуруутай, шар царайтай, онигор нүдтэй, дээгүүрээ хар бонино савхи өмссөн, шар өнгийн резинэн ажлын бээлий өмссөн, бүдэг ногоон өнгийн шажигнаж дуугардаг өмдтэй, хар үдээстэй гуталтай, насаар 23-25 орчим насны туранхай залуу байсан. Орж ирэхдээ өөрөө скочтой байсан ба бас манай скочийг хэрэглээд дууссан. ...Гарч явахдаа бид хоёрыг гаднаас хаалгыг түгжээд,  түлхүүрийг нь аваад явсан байсан. Тэр хүн утсаар ярихдаа нэрээ хэлээгүй, би байна л гээд яриад байсан, цаад хүнийх нь яриа сонсогдохгүй байсан. Миний ойлгосноор тэр хүн нь бид хоёр эндээс гараад очъё гээд байх шиг байсан. Гадаа сэжигтэй ямар нэг машин харагдаагүй. Тухайн үед би хэсэг зуур унтчихсан байсан болохоор анзаараагүй юм. Гараад эргэн тойрон, ойр орчимыг харахад машин байгаагүй. Чингисийн хүрээ амралтын газар луу явдаг замын дэргэд цагаан өнгийн машин зогсож байсан, дугаарыг нь харж чадаагүй. Тэр хүн намайг зодож цохиогүй, гарнаас татаж скочоор хүлсэнээс баруун гар хөшигдсөн юмуу жаахан өвдөөд байна. Өөр гэмтэл бэртэл байхгүй. Миний өөрийн эд хөрөнгөөс алдагдагдсан зүйл байхгүй. Би их гомдолтой байна. Энэ хэргийн улмаас ажилгүй болж сэтгэл санаагаар хохирсон. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ.

Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Нэмж шалгуулах зүйл алга. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-82х, 83-85х, хэргийн 2-р хавтас 93-94х/,

 

7. Мөрдөн байцаалтын шатанд А.Д-гийн гэрчээр болон хохирогчоор өгсөн:

“...2017 оны 08 сарын 14-ний өглөө 09:00 цагт Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол явах замд байрлах “Сод Монгол группын” шатахуун түгээх станцын 19-р салбар дээр түгээгч Б.С-гийн хамтаар ажилласан. Миний хувьд өдрийн цагаар ганцаараа үүрэг гүйцэтгэдэг, орой 17:00 цагийн үед оройн ээлжийн түгээгч нар ирэхэд би дотор суугаад түгээгч нарын үйл ажиллагаанд хяналт тавиад байж байдаг юм. 2017 оны 08 сарын 15-ны өглөөний 04:55 цагийн шуурхай хамгаалалтын албаны хүмүүс ирж  шалгаад явсны дараа 5-6 минутын дараа цагаан өнгийн Пробокс машинаар 2 залуу ирж А-92 бензин 5000 төгрөгөнд аваад хөдлөөд явсан.

Би тэдэнд бензин хийж өгчихөөд бие засахаар станцын байрны ар луу явж байтал байрны араас 2 залуу гарч ирээд нэг нь араас боогоод дугуйны дроцовоор ар нуруу хэсэгт цохиод унах үед дээрээс дарж байгаад, хөл, гар скочоор боогоод нүүр ам битүү скочдсон. Тэгэхэд би “ядаж нүд гаргаад өгөөч” гэхэд “ах хүү чимээгүй байна шүү” гээд намайг битүү баглаад станцын байр луу 2 талаас сугадаж ороод 00-ын өрөөнд оруулж газар суулгачихаад халаасанд байсан 150.000-160.000 орчим төгрөг авсан. Тэгснээ “түлхүүрээ гаргаж өг” гэхэд “ахад нь түлхүүр байхгүй, орой ажил хүлээлцэхэд аваад явчихдаг юм” гэхэд түгээгчийг аваад гарсан.

Тэр үед түгээгч Б.С айсандаа миний галын сараалжин доогуур нуусан байсан түлхүүрийг зааж өгсөн байсан. Намайг дээрэмдсэн этгээд нь 24-25 оричм насны 175-178 см орчим өндөр нуруутай, туранхай залуу байсан. Нүүрэндээ хар өнгийн, шүд ам нь гарсан маск зүүсэн байсан. Надад учирсан гэмтэл байхгүй, тухайн үед би газар унахдаа зүүн гарын алганы гадна дээд хэсэг шалбарсан, дух шалбарсан байсан. Одоо бүгд эдгэрсэн. Шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна. ...Манайхаас нийт 1.800.000 орчим төгрөг дээрэмдсэн. ШТС-д халдлага гарсны улмаас намайг 500.000 төгрөгөөр торгож, цалин хөлснөөс хассан. Би энэ цалин хөлсний хохирлоо нэхэмжилнэ.

Надад нэмж шалгуулах зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. А.Б нь манай байгууллагын хохирлыг бүрэн барагдлуулсан байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-87х, 93-94х, хэргийн 2-р хавтас 90-91х/,

 

8. Хохирогч,  иргэний нэхэмжлэгч “Мон-Суль” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“Мон-Суль” ХХКийн Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт хорооллын постын хажууд байрлах шатахуун түгээх 7-р станцад 2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гарсан дээрмийн гэмт хэргийн улмаас манай байгууллагад дараах хохирол учирсан. Үүнд:

а/. Тухайн өдрийн шатахуун борлуулалтын бэлэн мөнгөнөөс 1.530.100 төгрөг /нэг сая таван зуун гучин мянга нэг зуу/ төгрөг алдагдсан.

б/. ШТС-д байрлах компьютерийн процессор нэг ширхэг алдагдсан. Энэ нь DELL маркийн байсан ба байгууллагын данс бүртгэлд 150.000 төгрөгөөр үнэлж бүртгэгдсэн. Энэ алга болсон компьютерийн процессорын оронд 474.900 төгрөгийн үнэтэй DELL компьютерийн процессорыг худалдан авч ажиллуулж байгаа. Манай байгууллагын зүгээс алдсан процессорыг бүртгэлтэй үнээр биш шинээр худалдан авч ашиглаж байгаа процессорын үнээр тооцон хохирлыг үнэлж нэхэмжлэл гаргасан. 

в/. Хяналтын камерын бичлэгийн төхөөрөмж DVR нэг ширхэг алдагдсан. Энэ алга болсон DVR төхөөрөмжийн оронд “HPM12” маркийн DVR төхөөрөмж 299.900 төгрөгөөр худалдан авч тавьсан. Алга болсон төхөөрөмж мөн ийм үнэ ханштай байсан. Иймд 299.900 төгрөг нэхэмжилнэ.

г/. Компьютерийн хулгана буюу мауз нэг ширхэг алдагдсан Үүний оронд “Log M 171” маркийн хулганыг 25.000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Үүний үнийг нэхэмжилнэ.  Эдгээр хохирлоос өөр нэхэмжлэх хохирол байхгүй. Нэмж шалгуулах зүйл байхгүй байна. Хохирлоо барагдуулаад авчихвал байгууллагын зүгээс ямар нэг гомдол санал байхгүй ээ. Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 1-р хавтас 110-112х/,  

 

9. Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Өлзийтийн салдаг уулзвар дээр байдаг Мон-Суль ШТС-7 дээр түгээгчээр ажиллаж байсан юм. Надтай хамт ахлах түгээгч О.О 24 цагаар ажиллаж байсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны 02:00 цагийн үед намайг түгээгчийн өрөөндөө байж байх үед араас саарал өнгийн малгайтай цамцтай, нүүрээ саарал өнгийн маскаар халхалсан, 175-180 см орчим өндөртэй, туранхайвтар, 20-25 насны, доогуураа хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан цайвар өнгийн пүүз өмссөн үл таних залуу боохоор нь гарыг нь тавиулах гээд 2 гараараа гарнаас нь барихад миний зүүн эрүүн доод хэсэгт хүйтэн оргиод явахаар нь би тэр залууг хутгатай байна, намайг зүссэн гэж мэдээд гараа тавьсан.

Тэгэхэд тэр залуу “алчихна шүү, өөр хүн байгаа биздээ, тэр хүн чинь хаана байна” гэж асуухад О.О хувцас сольдог өрөөнөөс “юу болсон” гээд гараад ирсэн. Тэр үед миний хамарнаас цус гараад, шалан дээр цус болсон ба миний баруун гарыг ард гаргаж уяагаар уяж байсан юм. Тэгээд О.О эгчийг гарч ирэхэд нөгөө залуу “шалан дээр хэвт” гэж хэлэхэд О.О эгч шалан дээр доошоо харж хэвтсэн. Тэр залуу намайг доошоо харуулж хэвтүүлж байгаад ар талд миний хоёр гар, хоёр хөлийг хамтад нь хүлсэн. Тэр үед О.О-ийг шилэн хүзүүнээс нь бариад хоолойнд нь хутга тулгаад, онгорхой өрөөнүүд байна гээд хамт яваад байсан. Тэгж байгаад О.О нөгөө залуу 2 хамтдаа гараад явсан. Тэгээд тэр 2-ыг гадаа байх үед нэг машин бензин авах гээд ирэхэд О.О-ийг бензин өгөхгүй гэж хэлүүлсэн. Тэгээд О.О тэр залуу том хар өнгийн цүнхтэй орж ирсэн.

Тэгээд тэр залуу намайг шалнаас босгож, цүнхнээсээ скоч гаргаж ирэн сандал дээр намайг скочоор хүлсэн. Миний нүд болон амыг скочоор бүрэн тагласан байсан. Тэр үед тэр залуу “мөнгө чинь хаана байна” гээд О.О бид хоёроос асуугаад байсан. Тэгэхэд нь  би “ширээний доод талын нүдэнд орлогын мөнгө байгаа” гэж хэлэхэд О.О-ийг сандал дээр скочоор хүлсэн. Мөн надтай адил нүд болон амыг тагласан. Тэгээд нөгөө залуу ширээний доод талын нүдийг онгойлгож орлогын 1.500.000 төгрөгийг аваад цүнхрүүгээ хийсэн. Сейфнийхээ кодыг хэл гэж хэлэхэд бид хоёр сейфний кодыг мэдэхгүй, манай эрхлэгчээс өөр хүн мэдэхгүй гэж хэлсэн.

Тэгээд нөгөө залуу хяналтын камерын бичлэгийг хадгалдаг хард дискийг сугалж, салгаж аваад цүнхрүүгээ хийсэн. Тэр хооронд нэг машин ирээд “бензин авья” гэж хэлэхэд “бензин өгөхгүй, дотоод асуудалтай байгаа, маргааш бензин өгнө” гэж тэр залуу хариулсан. Тэгээд тэр машинтай хүн 2,3 удаа бензин өгчих л дөө гэж хүрч ирээд гуйж байгаад явсан. Тэгээд тэр машинтай залууг явсаны дараа О.О бид хоёрыг хувцас сольдог өрөө рүү сандалтай чирж оруулчихаад яваад өгсөн. Тэр залууг явсаны дараа нь О.О бид хоёр уяагаа тайлах гээд 5-10 минут оролдож байгаад салгасан. Тэгээд О.О харуул хамгаалалтын газар луу ярьж мэдэгдсэн. Тэгээд дохиолол хамгаалалтын газраас 03 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд араас нь цагдаа нар ирсэн. Тэр залуу гонзгой царайтай, шингэвтэр хоолойтой, онигор нүдтэй байсан. Бусад хэсгээ маскаар халхалсан байсан. Тэр залуу миний хамар луу хальт шүргэж цохиход хамарнаас цус гарсан. Дагз руу 2-3 удаа алгадсан. Мөн гартаа барьж байсан хутгаараа эрүүний доод хэсэгт зүссэн. Өөр зодож цохисон зүйлгүй. Миний биед өөр гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 113-117х/,  

 

10. Мөрдөн байцаалтын шатанд О.О-ийн гэрчээр болон хохирогчоор өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С.Б гэдэг залуугийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон Суль ХХК-н 7 дугаар салбар дээр түгээгчээр ажилласан. Тэгээд шөнө 2:00 цаг өнгөрч байхад би нөгөө өрөөнд нүүрээ нойтон цэвэрлэж байхад С.Б үүдэнд сууж байгаад сонин чимээ гаргахаар нь намайг шагайж харахад нэг хүн ороод ирсэн С.Б-ын гарыг ар нуруунд нь дарсан шалан дээр доош харуулаад хэвтүүлсэн байсан. Тэр хүн намайг хараад хүрээд ир гэж дуудсан би яваад очиход намайг дошоо хараад хэвт гэсэн. Тэгээд С.Б-ын гарыг ард нь уяагаар уячихаад миний шилэн хүзүүн дээрээс татаж босгоод бусад өрөө рүү дагуулж ороод хараад байсан. Надаас сейфний код хэл гэсэн би мэдэхгүй манай эрхлэгч мэддэг гэж хэлсэн. Тэр хүн миний хүзүүн дээрээс барьсан хэвээрээ авч гараад байрны очоод газар байсан цүнхийг намайг ав гээд хүзүү чанга базсан.

Би тэр цүнхийг аваад эргээд орох гэхэд нэг машин ирээд сигналдаад байхаар нь намайг “бензин өгөхгүй гэж хэл” гээд “би өгөхгүй” гэж хэлэхэд тэр машин явсан. Дотогшоо бид хоёр хамт ороод намайг С.Б-ын хажууд шалан дээр хэвтүүлээд С.Б-ыг босгоод модон шар сандал дээр суулгаад зөвхөн хамрын нүхийг гаргаад скочоор сандалтай хүлсэн. Дараа нь намайг босгоод бас сандалтай скочоор хүлээд байж байхад цагаан өнгийн портер машин ирээд “түлш авах гэсэн юм” гээд нэг эрэгтэй хүн бууж ирээд асуухад нөгөө дээрэмдэж байсан хүн “дотоод ажилтай, өгөхгүй” гэж хэлж явуулаад компьютерийн порцессорыг 3-4 удаа газар шидээд, дараа нь камерын бичлэг хадгалдаж цагаан өнгийн хард дискийг бас газар шидэж байгаад порцессортой нь хамт цүнхрүүгээ хийгээд, шүүгээнээс мөнгө авч цүнхэн дотор хийсэн.

Тэр дээрэм хийсэн хүн ганцаараа байсан. Цагдаа нарт олуулаа байсан гэж хэлээрэй, тэгэхгүй бол би та хоёрын царайг цээжилсэн, ална шүү гээд байсан.  175-185 см орчим өндөртэй, туранхай, онигор нүдтэй, саравчтай хар өнгийн малгайтай, нүүрэндээ маск зүүсэн, юүдэнтэй саарал өнгийн цамцтай, бараан өнгийн өмд, пүүз өмссөн эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг урьд нь харж байгаагүй, танихгүй, дахин харвал таних байх гэж бодож байна. 1.500.000 орчим төгрөг алдагдсан. Нарийн тооцоог хийхэд тодорхой гарах байх. Тэр дээрэм хийсэн хүн бид хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй, харин хутга тулгаад сүрдүүлээд айлгаад байсан. С.Б-ын эрүүний доор хутганы үзүүрээр жоохон зүсээд цус гарсан байсан. хутга нь цагаан өнгийн иштэй жижиг хутга байсан, цүнх нь хар өнгийн даавуун материалтай, нэг мөрөндөө үүрдэг цүнх байсан. Тэр хүн С.Б дээр ирээд халаасыг ухаж үзэж байгаад халаасанд нь байсан мөнгийг аваад бид хоёрыг хойно байдаг хувцас сольдог өрөө лүү түлхэж оруулчихаад гараад явсан. Тэгээд С.Б хүлээсээ тайлж дуусаад миний хүлээсийг тайлж өгөөд бид гарч ирэхэд тэр хүн явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Халдлагад өртөх үед ШТС-ын хаалга онгорхой байсан. Би цаад талын хувцас сольдог өрөөнд толиндоо нүүрээ хараад цэвэрлэж байсан. Энэ үед С.Б муухай дуугархаар нь би шагайж харахад дээрэм хийж байсан хүн намайг дуудсан. Намайг скочоор битүү хүлж боосон. Гар хөлийг цагаан уяагаар уясан. Дээрэм хийсэн нөхөр гараад явахад скочийг хуулах үед арьсанд наалдсан, үс зулгаагаад эвгүй байсан. Түүнээс биш намайг зодож цохиж гэмтээгээгүй, харин сүрдүүлж айлгасан. Манай ШТС-аас компьютерийн процессор нэг ширхэг, хяналтын камерын бичлэг хадгалдаг хард дисктэй төхөөрөмж нэг ширхэгийг авч явсан. Мөн орлогын бэлэн мөнгө авч явсан. Энэ талаар ШТС-ын эрхлэгч Сараа мэдэж байгаа. Надад хохирол гэж нэхэмжлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд ормооргүй байна. Хураагдсан эд зүйлсийг харлаа. Цэнхэр өнгийн маск биш байна, цайвар өнгийн тортой даавуун маск байсан байх шиг байсан. Шар алаг иштэй хутга нь тэр үед барьж байсан хутга мөн биш эсэхийг мэдэхгүй байна, цагаан өнгийн мяндсан уяа цагаан өнгийн даавуун ажлын бээлий нь бол мөн байна, шаргал өнгийн скоч бол тохирч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118-120х, 122-124х/,

 

11. Гэрч Э.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би А.Б гэдэг хүнийг зүс танина, найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 05-ны 01 цаг 25 минутанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТБД андууд дэлгүүрийн урд талын төв замд өөрийн эзэмшлийн **-** УНД улсын дугаартай Мазда СХ-5 маркийн автомашинтайгаа явж байтал ард талаас Төв аймгийн улсын дугаартай Хонда Сивик маркийн автомашин мөргөсөн. Тэгээд тухайн асуудлыг Баянгол дүүрэг Замын цагдаагийн тасагт дуудлага өгч, одоо шалгагдаж байгаа юм.  Тухайн Хонда Сивик маркийн автомашиныг Амаржаргалын А.Б гээд 1997 онд төрсөн, жолоодох эрхийн үнэмлэхгүй залуу жолоодож явсан юм. Тэгээд миний машины хохирол болох 1.853.000 төгрөгийг А.Б 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш барагдуулахгүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Залуучуудын Холбоо орчимд А.Б-ын найз гээд нэг залуу ирээд хохирлын мөнгө гээд бэлнээр 1.200.000 төгрөг авчирч өгсөн. Мөнгө өгсөн залуу “А.Б-ыг эмнэлэгт байгаа намайг дамжуулаад өгчих гэж хэлсэн, үлдэгдэл мөнгөө тань луу өөрөө холбогдоод өнөө орой өгнө гэсэн” гээд явсан. Тус 1 200.000 төгрөгийг машины засвартаа өгсөн. Одоо надад тус мөнгө байхгүй, гэмт хэргийн замаар олдсон мөнгө эсэхийг мэдэхгүй. Би машинаа 1 дүгээр хороололд байрлах Вьетнам авто засварт өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 125-126х/,

 

12. Гэрч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би А.Б-ыг танина. Бид хоёр хамт Багшийн Их сургуулийн физик математикийн ангид сурч байсан. А.Б нь сурч байгаад 2-р курсээсээ сургуулиасаа гарчихсан юм. Хамгийн суулд 2017 оны 8 сарын 15-ны өдөр 10:57 цагт өөрийн 95****** гэсэн дугаараас яриад “хаана байна, юу хийж байна, завтай юу, манайд хүрээд ирээч, чадахгүй бол хүнд чамаар мөнгө өгүүлмээр байна, би өөрөө яаралтай ажилтай болчихоод байна” гэхээр нь “танай гэр хаана юм бэ” гэхэд “Дарь-Эхийн дунд буудлын тэнд Тэнгис гээд нэртэй дэлгүүр дээр хүрч ирээд залгачих, яаралтай болохоор таксидаад хүрээд ир” гэсэн. Тэгэхээр би 69-р дэлгүүрээс таксидаж очоод А.Б руу ирчихлээ гэхэд цүнх үүрчихсэн гудамжнаас гарч ирээд таксины мөнгө 1500 төгрөг өгсөн. Тэгээд цүнхнээсээ боодолтой мөнгө гаргаж ирж тоолоод “энд 1.250.000 төгрөг байна, би 50.000 төгрөгийг аваад, надад таксины мөнгө гэж 5000 төгрөг өгөөд 1.200.000 төгрөгийг машинаа мөргүүлсэн ахтай утсаар холбогдоод өгчихөөрэй” гээд явсан.

Тэгэхээр нь би такситай 64-р дэлгүүр дээр буугаад А.Б-ын холбогд гэсэн хүнтэй утсаар ярьтал Залуучууд зочид буудал дээр ирчихсэн байна гэхээр нь алхаж очоод А.Б өгчих гэсэн юм гээд 1.200.000 төгрөг тоолоод өгсөн. Тэгээд би гэртээ ирээд өгсөн талаараа хэлэх гээд А.Б руу залгахад утас нь холбогдохгүй байсан. А.Б мөнгө өгөхдөө цүнхээ хамт өгсөн. А.Б ганцаараа явж байсан. Би А.Б-тай байнга холбогдоод байдаггүй.

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19:00 цагийн орчимд намайг гэртээ байхад А.Б Төрөө гээд найзтайгаа манай гэрт ирсэн. Тэгээд А.Б надад “манайх нүүж байгаа юм аа мань чинь танай гэрт нэг цүнхтэй юмаа үлдээчихье, маргааш тохижиж байгаад ирээд авъя” гээд цүнхтэй зүйл үлдээгээд явсан. Тэр үед манай гэрт хадам ээж Бурмаа, ах Дэлгэр, эхнэр Мягмарцэцэг нар байсан ба намайг уг цэнхэр цүнхийг авч байхыг харсан. Би уг цүнхийг онгойлгож үзээгүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 08 сарын 09-ний өдрийнхөө өглөө нь 10:00 цагийн орчим А.Б над руу залгаад “андаа чи боссон уу, зав байна уу, хүнд мөнгө хүргээд өгөөч” гэсэн юм.

2017 оны 08 дугаар сарын 08-ны өглөө А.Б “гэрээ нүүлгэж байна, чи хамт нүүлгэлцээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би МУБИС-н оюутны В байрнаас Дарь-Эх байдаг нийтийн байрлуу нүүлгэх гэж ачааг нь машинд ачиж өгөөд байж байхад А.Б “чамд жижиг цүнх байна уу” гэхэд “байна” гэхэд надаас цүнх аваад, намайг гэрт буулгасан. ...Би цүнх дотор юу байсныг мэдээгүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхнэр гэр цэвэрлэж байгаад А.Б-ын үлдээсэн цүнхийг нээж үзэхэд дотор нь цагаан өнгийн нарын олс, скоч, хутга, эвдэрсэн порцессор, цагаан өнгийн даавуун бээлий, Баатарчулуун овогтой Баярбаатар гэсэн жолооны үнэмлэх байсан. Би А.Б-ын ээжтэй нь холбоо бариад хэлэхэд “Цагдаад ханд” гээд утасны дугаар өгсөн. Тэгээд Цагдаагийн газартай холбогдож уг цүнхтэй процессорыг цагдаагийн газарт аваачиж өгсөн. Би А.Б-ыг гэмт хэрэг хийсэн талаар мэдээгүй. Надруу цагдаа залгахад л би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 129-130х, 133х/,

 

13. Гэрч А.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би А.Б-ыг танина. А.Б, түүний эхнэр нь манай нөхөр Чин-Хүчигийн хамт дээд сургуульд сурч байсан, ангийн хүүхэд гэсэн. А.Б нь манай гэрт хааяа нэг орж гардаг юм. Нөхөр, бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18:00 цагийн үед Булган аймгаас хотод орж ирсэн. Энэ өдөр А.Б манай нөхөртэй утсаар “хэзээ хотод орж ирэх үү, машин мөргөчихлөө” гэж ярьсан гэсэн. Манай нөхөр “өнөөдөр хотод очно” гэж хэлсэн. Маргааш нь билүү, 8-р сарын 07-ны өдөр билүү А.Б нь өдөр 13, 14 цагийн үед манай гэрт ганцаараа орж ирсэн. А.Б нь “манайх нүүж байгаа, байр олно, манай эхнэр хөдөөнөөс ирж байгаа, чи юм ачихад туслаад өгөөч” гэсэн. Манай нөхөр “хүүхэд харна” гээд үлдсэн. Тэр өдөр А.Б хоёр, гурван цагийн дараа дахиад манайд ирсэн.

Хажуудаа нэг бандитай ирсэн. А.Б цэнхэр цүнхтэй юм авчирсан. Юу юм гэхэд процессор гэж танилцуулсан. Гэрийн үүдэнд зогсоод цүнхээ үлдээгээд яваад өгсөн. Би “гэрээ нүүлгэж байгаа болохоор юм үлдээсэн болов уу” гэж бодсон. Үлдээсэн зүйлийг онгойлгож үзээгүй юм. Хоёр билүү, нэг хоногийн дараа Батжарал манай нөхөрт “өглөө 10 цагийн үед утсаар залгаж, чи хүрээд ирээч ээ, хүнд юм өгүүлэх гэсэн юм” гэсэн. Чин-Хүчи автобусны мөнгө байхгүй гэхэд хүрээд ирээчээ гэсэн. Би тэгээд гэрээсээ гараад явсан. Би энэ өдөр орой 19:00 цагийн үед ирсэн. Манай нөхөр надад такси бариад Дарь-Эхэд очиж А.Б-тай уулзсан. А.Б таксины мөнгөнд 5000 төгрөг өгсөн. А.Б мөргөсөн машины хүнд өгөөрэй мөнгө хүргэж өг гэж мөнгө өгсөнийг хүргэж өгсөн гэж хэлсэн.

Хоёр хоногийн дараа гэрээ цэвэрлэж байхад А.Б-ын үлдээсэн цүнхийг хараад онгойлгож үзэхэд дотор нь хар өнгийн эвдэрсэн процессор шиг төхөөрөмж, цагаан өнгийн нарийн эвхээд зангидсан урт уяа, бараан өнгийн иштэй шинэ хутга нэг ширхэг, хөх өнгийн амны макс хаалт нэг ширхэг байсныг харсан. Өөр юу байсныг санахгүй байсан. Энэ талаар манай нөхрөөс мэдүүлэг авсан байцаагчид залгаж энэ тухай мэдэгдсэн ба цагдаагаас маргааш өглөө хэлтэст аваад ирж гэж хэлсэн. Маргааш нь манай нөхөр А.Б-ын үлдээсэн зүйлсийг цагдаад аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 134-135х/,

 

14. Гэрч З.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...А.Б-тай МУБИС-д нэг ангид хамт сурч байхдаа танилцсан. А.Б-тай 2014 оны 2-р сараас хамтарч амьдраад 2016 оны 06-р сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. А.Б бид хоёр нэг хүүхэдтэй А.Б нь юманд сэтгэлээрээ ханддаг, тайван тогтуун зантай, ер нь уурлаж хэрэлдээд байдаггүй, хүнд их тусч зантай. А.Б нь тамхи татдаг, архи пиво уудаггүй. Шинэ жил, анги хамт олны зугаалгаар архи дарс хэрэглэдэг. Бусад үед бол ерөөсөө уудаггүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дарь эхийн дунд буудлын тэнд нийтийн байр түрээслэж амьдарч байсан.

А.Б бид хоёр энэ нийтийн байранд арваад хоногийн өмнө орсон байсан. А.Б нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр надад “машины араас орсон, осол гарсан, энэ машиныг үнэлгээнд оруулах гэж байна, хохирол нь 150.000 төгрөг гарах юм байна, ээждээ битгий хэлээрэй, ээжийн бие муудна” гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орой 19:00 цагийн үед А.Б, Хонгор хоёр цугтаа манайд ирсэн. Ирчихээд хоол хийж идээд, машинаа засуулна гээд хоёулаа 23:00 цагийн үед гараад явсан. Би цагийг нь сайн санахгүй байна, 23:00 цаг яг мөн биш эсэхийг мэдэхгүй байна. А.Б, Хонгор хоёр гэрээсээ гарч яваад өглөө 05 цагаас 06 цагийн хооронд гэрт ирсэн. Тэд ямар унаагаар ирснийг мэдэхгүй. Би тухайн үед унтаж байсан. Хонгор хэвтэж унтаж амраад 09, 10 цагийн үед гараад явсан. А.Б гэрт ямар эд зүйл авчирсныг хараагүй. Цүнхтэй хувцастайгаа байх шиг байсан. Өглөө 10, 11 цагийн үед сэрсэн. Хоолоо идээд байж байтал цагдаа нар ирж А.Б-ыг аваад явсан. Энэ үед надад А.Б юу болсныг хэлээгүй. Юу болсон гэхэд мэдэхгүй гэж л хэлсэн.

А.Б гэрээсээ гарахдаа саарал өнгийн даавуун өмд, ногоон өнгийн даавуун цамцтай, цагаан өнгийн пүүзтэй яваад ирэхдээ энэ хувцастайгаа ирсэн. А.Б-ын цүнхэнд хар өнгийн богино савхин хүрэм байсан. Цүнхэнд өөр ямар эд зүйл байсныг мэдэхгүй байна. Би 2017 оны амралтаар Увс аймаг руу 2017 оны 6-р сард яваад 8 дугаар сарын 08-ны өдөр хотод ирсэн. Намайг ирэхэд Дарь-Эхийн дунд буудал дахь нийтийн байранд А.Б нь орсон байсан. Намайг Увс аймаг руу явахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2-р дотуур байранд амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 139х/,

 

15. Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би “Шинэ соёмбо” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай. 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр “Мэргэ ван” ХХК дээр диспечер Гантөмөрийн хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад 05 цаг 40 минутанд “Сод монгол групп” ХХК-ны төв диспечерээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” группын шатахуун түгээх-19 дүгээр станц дээр халдлага гарсан байна, яаралтай оч гэхээр нь Гантөмөрийн хамт 05 цаг 44 минутанд 19 дүгээр станц дээр ирэхэд шатахуун түгээх станцын гадна талд ямар нэгэн хүн хөдөлгөөн байхгүй, станцын байрны хаалган дээр очиход гадна хаалга нь цоожтой байсан, урд талын жижиг цонхоор нь шагайхад түгээгч эмэгтэй “ах аа сая 2 хүн орж ирээд мөнгө дээрэмдээд явчихлаа” гэсэн. Тэгэхээр нь “түлхүүр чинь хаана байгаа юм” гэхэд “гаднаас нь цоожлоод аваад явсан” гэсэн. Нөгөө түгээгч чинь хаана байгаа юм гэхэд хойд талын өрөөнд байгаа гэсэн. Тэгтэл Гантөмөр би урагш яваад түр шалган нэвтрүүлэхийн постон дээр очоод ирье, та наад хаалгаа онгойлгоод өг гэхээр нь би хаалганы бариулаас татахад онгойхгүй байсан. Тэгэхээр нь би галын сарайнаас жоотуу авч, хөшиж онгойлгоход арын өрөөнөөс эрэгтэй түгээгч нь хоёр гараа хоорондоо илчихсэн гарч ирсэн. Би бодохдоо гараа боолгосон юм болов уу гэж харсан. Тэгээд бид хоёр за, за гайгүй юм бол төвтэйгээ богино станцаар холбогд гэж хэлчихээд ойр орчныг шалгаж үзэхэд сэжигтэй зүйл байхгүй болохоор нь буцаж очоод шатахуун түгээх станцын үүдэн дээр цагдаа нарыг ирэхийг хүлээгээд байж байсан юм. Удалгүй цагдаа нар ирэхээр нь нөхцөл байдлыг хэлж танилцуулсан.

Бид нарыг очиход эмэгтэй түгээгч нь нэлээн айж сандарсан шинжтэй, ах аа хаалга онгойлгоорой, мөнгө аваад явчихлаа гэсэн байдалтай, эрэгтэй түгээгч нь арын өрөөнөөс хоёр гараа хооронд илсэн байдалтай гарч ирэхэд нь бид ямар ч байсан гэмт халдлагад өртсөн юм байна гэж ойлгосон. Манай “Мэргэ ван” ХХК нь Сод монгол группийн харъяанд ажилладаг юм. Шатахуун түгээх станцаас 5 км орчим зайд байрладаг. Манай хамгаалалтын алба энэ байгууллагуудыг эргэж тойрох үүрэг гүйцэтгэдэг. Түгээгч нар хэлэхдээ шатахуун түгээх станцын орлогын мөнгийг аваад явчихлаа гэсэн хичнээн төгрөг байсан бэ гэхэд мэдэхгүй бүгдийг нь хамаад аваад явчихлаа гэж байсан. Эмэгтэй түгээгчээс нь зодож нүдсэн үү гэхэд зодож цохиогүй гэж байсан. Эрэгтэйгээс нь ямар нэгэн зүйл асуугаагүй тэдний биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Айж цочирдсон шинжтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 147х/,

 

16. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 4143 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад дугаартай 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Тамирмаагийн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №6 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN0000ХУД00396 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Отгонбаяр овогтой О.О-ийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирно.

3. Шинжилгээнд тэнцсэн 6 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй болон иргэн Содномцэрэн овогтой С.Б гарын хээний дардастай тохирохгүй.” гэсэн дүгнэлт, шинжилгээнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 160-167х/,

 

17. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 7971 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн А.Б-ын гэх цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн А.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтоц нь Төв аймгийн Сэргэлэн сумын Өндөр дов гэх газар, ШТС-ийн түгээгч ажилтай М.Цэцэгсүрэн нь нас барсан хэрэг учралын газраас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

3. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн ДНХ-ийн цахим сан байхгүй тул харьцуулсан шинжилгээ хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 177-178х/,

 

18. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11533 тоот дүгнэлтэд

1. А.Д-гийн биед зүүн сарвууны хуучин шарх, духны зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 208х/,

 

19. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11605 тоот дүгнэлтэд:

1. Б.С-гийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 217х/,

 

20. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 05/566 дугаартай дүгнэлтэд:

“1. 2017 оны 08-р сарын 15-ны өдөр ХУД-ийн 10-р хороо Сод Монгол Групп шатахуун түгээх 19-р салбарт ажиллаж байсан түгээгч А.Д, Б.Сувдаа нарт хүч хэрэглэн хутга тулган дээрэмдсэн гэх хэргийн газрын бэхжүүлсэн №1, 2, 3, 4, 5, 6, 9, 11, 12, 14, 15, 16 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №7, 8, 10, 13 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүд болон хохирогч А.Б, Ц.Х нарын гарын хээний дардастай тохирохгүй байна.

3. Хохирогч А.Б, Ц.Х нарын гарын хээний дардас санд бүртгэлтэй байна. Харин Г.Өлзийжаргалын гарын дардас санд бүртгэлгүй байна. Уг гарын дардсууд нь Папилон санд байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 226-227х/,

 

21. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн  4585 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн компьютерийн процессор болон хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжүүд нь тус бүрдээ эвдрэлтэй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 234-236х/,

 

22. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 12954 тоот дүгнэлтэд:

1. С.Б-ын биед эрүүнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи сорви гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 245х/,

 

23. Эд зүйлийн үнэлгээний баримт /хэргийн 2-р хавтас 107-108х/,

 

24. Өлзийт ШТС-ийн 2017 оны 08 сарын 06-ны өдрийн борлуулалтын тооцоо /хэргийн 1-р хавтас 99-100х/,

 

25. “Сод Монгол групп” ХХК-ийн ШТС-ын 2017 оны 08 сарын 15-ны өглөө 05 цагт гарсан халдлагын шууд хохирлын тооллого тоолсон акт /хэргийн 1-р хавтас 73х/,

 

26. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210, 211 дугаартай Прокурорын тогтоол /хэргийн 2-р хавтас 153-154х, 155-156х/,

 

27. “Мон Суль” ХХК-иас прокурорт гаргасан халдлагаас үүссэн хохирол 2.005.000 төгрөгийн хохирлыг А.Б нь төлж барагдуулсан, компанийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаархи бичгээр гаргасан хүсэлт, орлогын баримт /хэргийн 2-р хавтас 151-152х/,

 

28. Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би ээжийнхээ Хонда Свик машинтай халтуур хийж явж байхдаа Андууд худалдааны төвийн урд замд Мазда маркийн бага оврын жип машинтэй мөргөлдчихсөн юм. Тэгээд уг машины хохирол болох 1.850.000 төгрөгийг төлж барагдуулахын тулд бензин колонк дээрэмдэх санаа гаргаж, төлөвлөчихсөн байсан. Манай найз Хонгороо болон түүний найз энэ хэргийн санааг гаргаагүй. Сод Монгол ШТС-ыг дээрэмдэхээс өмнө би ганцаараа Өлзийт хороололд байх “Мон Суль” ШТС-ын түгээгчийг нь айлгаж, гар хөлийг нь скочидож байгаад орлогын мөнгө болох 1.500.000 төгрөгийг нь дээрэмдсэн хэргийг үйлдсэн. Уг хэргийг үйлдчихээд ахиж ийм хэрэг хийхгүй гэж бодож байсан боловч миний мөргөсөн машины хохирол нь анх 370.000 төгрөг гэж байснаа сүүлдээ 1.850.000 төгрөг болоод үнэлэгдсэн болохоор мөнгөний хэрэг гараад дахин бензин колонк дээрэмдэх болсон. Сод Монгол группийн бензин колонкийг дээрэмдэх үед би эрэгтэй түгээгчийг нь бие засахаар явах үед барьж явсан машины данхратны ишээр хоолойг нь боож унагаад, гарыг нь скочоор хүлсэн. Би ганцаараа түүний гарыг хүлсэн. Дээрмийн хэргийг ганцаараа үйлдсэн, манай найз нар хамтарч оролцоогүй. Уг бензин колонкоос авсан 1.300.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг нь Мазда маркийн машины жолоочид хохирлын мөнгө гэж өгсөн. Процессорыг нь гэрийнхээ модон жорлон луу хаячихсан. Камерын бичлэгүүд компьютерын процессорт хадгалаастай байгаа гэж түүнийг устгахаар авч явсан юм. Өмнөх бензин колонкийг дээрэмдэх үед би мөн компьютерын процессорыг авч яваад баригдаагүй болохоор тэрэнтэй адилхан баригдахгүйн тулд авч явсан. “Сод Монгол групп” ХХК-ийн колонк дээрэмдэх үед би дээгүүрээ хар өнгийн богино савхин куртка өмссөн, доогуураа саарал хүрэн өнгийн ажлын даавуун өмдтэй, хүрэн өнгийн ажлын түрүүтэй гуталтай, гартаа улбар шар өнгийн алга хэсэг нь хар өнгөтэй ажлын бээлийтэй, амандаа хар өнгийн маска зүүж, толгойгоо ногоон өнгийн цамцаар ороосон байсан.

Өлзийт хороололд байх “Мон Суль” ШТС-ыг дээрэмдэх үед саарал өнгийн ноосон цамц, цагаан өнгийн пүүз, хар саарал өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалт, ажлын цагаан бээлийтэй байсан. Харин тэр үед би гартаа жижиг хутга барьчихаад түүгээрээ түгээгч нарыг айлгаж байгаад, гар хөлийг нь скочдоод, ширээний шургуулганд байсан 1.500.000 төгрөгийг авч явсан.

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хонгорыг Төв аймгаас машины түлхүүр, бичиг баримт аваад ир гэж дуудсан. Хонгороотой 15 цагийн үед Багшийн дээдийн тэнд уулзсан. Эндээсээ Хонгор бид хоёр Дарь-Эхэд байдаг хөлсний байранд ирсэн. Цаг хиртэй байж байгаад 11-р хороололд байх биллъярдын газарт очиж тоглосон. Тэнд нэг цаг тоглоод 17 цагийн үед гараад Драгон руу явсан. Драгоны ачаа тээш хадгалах үйлчилгээнд цүнх үлдээсэн байсныг аваад гэртээ ирсэн. Хоол цай идэж уучихаад Хонгороод “орой юманд хамт яваад өгөөч ээ, хүнээс юм авах гэсэн юм, машин тэрэг байна уу” гэхэд Хонгороод “ачаатай юмуу, суудлын тэрэг байж болох уу” гэхэд нь би “суудлын тэрэг байж болно” гэсэн. Хонгороо манай ангийн хүүхэд байгаа, жижиг тэрэгтэй гээд ангийнхаа хүүхэд рүү ярьсан. 10 цагийн үед 11 хороолол ороод интернэттэй газарт орж шөнийн 01 цаг 30 минут хүртэл суусан.

01 цаг 30 минутын үед Өлзийнаранг 11 дүгээр хороолдолд дуудсан. Тэгээд машинаар Нисэх рүү явсан. Төв аймаг явах зам руу эргэсэн МТ колонкоос 10.000 төгрөгт бензин хийгээд, зүүн талд нь байдаг Сод Монголын колонкоос 5000 төгрөгийн бензин хийсэн. Сод Монголын колонк өнгөрөөд Хонгор бие засна гээд машинаас буунгуут би хөл дор байсан данхратны ишийг аваад колонкийн ард байж байхад түгээгчийг бие засах гээд гарч ирэхэд нь хойноос нь барьж авсан. Гарыг нь боогоод колонк руу аваачиж ороод 00-ын өрөөнд нь суулгасан. Эмэгтэй түгээгчийг нь сэрээгээд “мөнгө хаана байна” гэхэд түгээгч би мэдэхгүй, сейфенд цоожлоод түлхүүрийг нь аваад явсан гэсэн. Гадаа байж магадгүй гэхэд нь түлхүүрийг нь авчруулахаар гаргасан. Түгээгч нь түлхүүрийг аваад ирсэн. Сейфийг онгойлгоод мөнгийг аваад гарсан. Хонгор луу залгаад “хаана байгааг” асуухад Хонгор “пост өнгөрөөд зогсож байна, чи хаачсан бэ” гэхэд нь би “одоо очлоо” гээд бэлэн мөнгө, процессор хоёрыг нь аваад гарсан юм. Дахиж залгаад “пост өнгөрөөд явж байна, намайг аваарай” гэхэд Хонгор, Өлзийнаран нар ирээд намайг авсан. Би Дарь Эх рүү гэрлүүгээ хүргүүлсэн. Өлзийнаран гэр лүүгээ явсан. Хонгороо аймаг руу гэр лүүгээ явсан. Би биечлэн хохирогчтой уулзаж уучлалт гуймаар байна. Би хоёр найзыг /Хонгороо, Өлзийнаран нь Хонгороогийн ангийн хүүхэд/ барилгын хашаанд байдаг айлаас юм авах гэсэн юм гэж дагуулж гарч ирсэн юм. Түгээгч эмэгтэй түлхүүрийг өөрөө гаднаас авчраад сейфийг онгойлгож өгсөн.  

2017 оны 08 сарын 6-наас 7-нд шилжих байхаа, өдөр хоногийг нь сайн санахгүй байна, Төв аймгийн замаас Өлзийт хороолол руу салдаг замд байдаг постын ард байх Мон Суль нэртэй колнк дээрэмдсэн. Шөнийн 02:00 цагийн үед замын унаагаар очсон. Эрэгтэй түгээгчийг уяагаар хүлээд, эмэгтэй түгээгчийг бас хүлсэн. Бэлэн мөнгө асуусан шургуулганд байгаа гэсэн. Эндээс бэлэн мөнгө, процессор, камерийн бичлэг хадгалдаг төхөөрөмж авсан.

Би 2017 оны 08 сарын 03-ны өдөр саарал өнгийн Хонда свик маркийн 8813 ТӨА улсын дугаартай машинтай явж байгаад Андуудын урд замд мазда маркийн машиныг мөргөж осол гаргасан. Ослын хохирлыг барагдуулах зорилгоор дээрэм хийсэн. Мон Суль ШТС-аас дээрэмдэж авсан мөнгөнөөс 350.0 төгрөгөөр хувцас авсан. 150.0 төгрөгийг МУБИС-ын 2-р дотуур байрны багшид өгсөн. 130.0 төгрөгийг хөлсний байрны төлбөрт эзэн гэх эмэгтэйд өгсөн. Баттөр гэх найзад өгөх 180.0 төгрөгийг өгсөн. Үлдсэнийг нь хадгалаад ослын хохирогчид өгөх гэж байсан боловч эхнэр хүүхэд ирээд хэрэглээндээ зарцуулаад дууссан.

Мон Суль ШТС-ыг ганцаараа дээрэмдсэн. Сод Монгол ШТС руу хийсэн халдлагыг шөнийн 03, 04 цагийн үед эхэлсэн. Дөнгөж үүр цайж байсан. Сод Монгол ШТС-ын утсаар гадагш яриа хийсэн. Эхний удаад Хонгор луу залгаж хаана байгааг нь асуусан, дараа нь дахиж залгаад өөрөө хаана байгаа юм бэ, ирж ав гэж хэлсэн. Хонгор, Өлзийнаран нар намайг дээрэм хийх гэж байгааг мэдээгүй, би хэлээгүй.

Миний өмнө өгсөн “би эрэгтэй түгээгчийн хоолойг боогоод газарт унах үед манай найз Хонгор намайг түүнд цохиулаад уначихлаа гээд над дээр гүйж ирсэн” гэсэн мэдүүлэг худлаа. Намайг барьсан мөрдөгч нар “чи хэргээ хүлээ, би ганцаараа хийгээгүй” гэж дарамталсан, мөн тулгаж асуугаад байхаар нь би худлаа ярьсан. Би түгээгчийг ганцаараа оруулсан. Сод Монголоос авсан мөнгөнөөс автын ослын хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн. Мон Суль ШТС-ыг дээрэмдэхэд ашигласан скоч, цагаан мяндсан уяаг найз Чинхүчигийн багшийн дээдэд байдаг гэрт нь үлдээсэн. Би энэ хоёр дээрмийн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн. Хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 3-6х, 10х, 26-30х/ болон шүүгдэгч А.Б-ын түүний хувийн байдалтай холбоотой жолооны үнэмлэхний лавлагаа /хэргийн 2-р хавтас 90х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 33х/, иргэний үнэмлэхний лавлагаа баримт /хэргийн 2-р хавтас 60х/, сурагчийн хувийн хэрэг /хх-102х/ гэрч Ц.Нанжилмаа /хэргийн 1-р хавтас 136х/, Б.Баттөр /хэргийн 1-р хавтас 138х/, З.Цэвээнжавын /хэргийн 1-р хавтас 139х/ нарын мэдүүлэг, хохирогч Б.Сувдаагийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 93х/, шүүгдэгч А.Б-ын хувийн байдалтай холбоотой шагнагдаж байсан гэх медалиудын зурган хуулбар, бусад баримтууд /хэргийн 2-р хавтас 44-46х, 95х-106х/  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.     

                            

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч А.Баржаргал нь:

1. 2017 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станцын 7 дугаар салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч С.Б, О.О нарын гар хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж хүч хэрэглэн, хохирогч О.О-т хутга тулган, хохирогч С.Б-ын хоолойг гараараа боож, хутгаар хүзүүн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зэвсэг хэрэглэн орлогын бэлэн 1.530.100 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн процессор, хяналтын камерын бичлэг хадгалах 50.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж, 5.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн мауз 1 ширхэг эд зүйлийг,  

2. Мөн 2017 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” группын шатахуун түгээх станцын 19 дүгээр салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч Б.С, А.Д нарын гар хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж, хүч хэрэглэн орлогын бэлэн 1.315.3678 төгрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий картын систем ажиллуулдаг компьютерийн процессор, Нокиа загварын 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий сейфний түлхүүр зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдэн авсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдэн  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 4-12х, 13-22х, 42-53х/,

- Хохирогч Сод Монгол ШТС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 32х/,

- Сод Монгол ШТС-19 хяналтын камерын бичлэг хураан авсан болон хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 37-40х/,

- Эд мөрийн баримтаар тооцох /наалдамхай тууз 1 ширхэг, хутга 1 ширхэг, амны маск, мяндсан уяаны хэсэг, өрөөсөн бээлий, Нокиа-1133 маркийн гар утас, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн савхин хүрэм/ тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 61-63х/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Сод Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын  /хэргийн 1 дүгээр хавтас 75-78х, 79-80х/, хохирогч Б.С-гийн /хэргийн 1-р хавтас 81-82х, 83-85х, хэргийн 2-р хавтас 93-94х/, А.Д-гийн гэрч, хохирогчоор /хэргийн 1-р хавтас 86-87х, 93-94х, хэргийн 2-р хавтас 90-91х/ тус тус өгсөн мэдүүлэг,  

- Хохирогч,  иргэний нэхэмжлэгч “Мон-Суль” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэгийн /хэргийн 1-р хавтас 110-112х/,  хохирогч С.Б-ын /хэргийн 1-р хавтас 113-117х/,  хохирогч О.О-ийн /хэргийн 1-р хавтас 118-120х, 122-124х/ тус тус өгсөн мэдүүлэг,

- Гэрч Э.Хаш-Эрдэнэ /хэргийн 1-р хавтас 125-126х/, Ч.Чинхүчи /хэргийн 1-р хавтас 129-130х, 133х/, А.Мярмарцэцэг /хэргийн 1-р хавтас 134-135х/, З.Цэвээнжав /хэргийн 1-р хавтас 139х/, Д.Гомбодорж /хэргийн 1-р хавтас 147х/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 4143 тоот дүгнэлт, шинжилгээнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 160-167х/, ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 7971 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 177-178х/, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 05/566 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 226-227х/,

- “А.Д-гийн биед зүүн сарвууны хуучин шарх, духны зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11533 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 208х/,

- “Б.С-гийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна...” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11605 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 217х/,

- “Шинжилгээнд ирүүлсэн компьютерийн процессор болон хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжүүд нь тус бүрдээ эвдрэлтэй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 09 сарын 11-ний өдрийн  4585 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 234-236х/,

- “С.Б-ын биед эрүүнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрхи сорви гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 12954 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 245х/,

- Эд зүйлийн үнэлгээний баримт /хэргийн 2-р хавтас 107-108х/,

- Өлзийт ШТС-ийн 2017 оны 08 сарын 06-ны өдрийн борлуулалтын тооцоо /хэргийн 1-р хавтас 99-100х/,

- Сод Монгол ШТС-ын 2017 оны 08 сарын 15-ны өглөө 05 цагт гарсан халдлагын шууд хохирлын тооллого тоолсон акт /хэргийн 1-р хавтас 73х/,

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210, 211 дугаартай Прокурорын тогтоол /хэргийн 2-р хавтас 153-154х, 155-156х/,

- “Мон Суль” ХХК-иас прокурорт гаргасан халдлагаас үүссэн хохирол 2.005.000 төгрөгийн хохирлыг А.Б нь төлж барагдуулсан, компанийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаархи бичгээр гаргасан хүсэлт, орлогын баримт /хэргийн 2-р хавтас 151-152х/ болон шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нолох баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-ын хоёр удаагийн буюу

- 2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Суль” ХХК-ны шатахуун түгээх станцын 7 дугаар салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч С.Б, О.О нарын гар, хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж, хүч хэрэглэн, хохирогч О.О-т хутга тулган, хохирогч С.Б-ын хоолойг гараараа боож, хутгаар хүзүү тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж зэвсэг хэрэглэн орлогын бэлэн 1.530.100 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн процессор, хяналтын камерын бичлэг хадгалах 50.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж, 5000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн мауз 1 ширхэг эд зүйлийг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,

- 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” группын шатахуун түгээх станцын 19 дүгээр салбарт тус өдөр ээлжинд гарч байсан түгээгч Б.С, А.Д нарын гар, хөл, амыг скоч болон мяндсан уяагаар хүлж хүч хэрэглэн орлогын бэлэн 1.315.3678 төгрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий картын систем ажиллуулдаг компьютерийн процессор, Нокиа загварын 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий сейфний түлхүүрийг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Учир нь:  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авах, эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж , хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн хэлбэрийн /диспозици/ хоёр өөр шинжийг тодорхойлсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь тухайн дээрэмдэх  гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхаар хуульчлагджээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг баримтлан шүүгдэгч А.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахдаа зэвсэг /хутга/ ашиглаж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан үйлдсэн дээрх хоёр удаагийн үйлдлийг “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ  хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/   

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч А.Б-ыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.    

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй, Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ..бол гэм хорын мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Шүүгдэгч А.Б-ын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас:

- хохирогч, иргэний нэхэмжлэгч “Мон Суль” ХХК-нд /орлогын бэлэн 1.530.100 төгрөг, 150.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн процессор, хяналтын камерын бичлэг хадгалах 50.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж, 5.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийн мауз 1 ширхэг эд зүйлийг дээрэмдэн авсан/ 1.735.100 төгрөгийн эд хөрөнгийн хохирол:,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Сод Монгол групп ХХК-д /салбарын орлогын бэлэн 1.315.678 төгрөг, 200.000 төгрөгийн үнэ бүхий картын систем ажиллуулдаг компьютерийн процессор, албаны Нокиа загварын 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 45.000 төгрөгийн үнэ бүхий сейфны түлхүүр/ 1.590.678 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,   бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн авах үедээ энэ хэргийн хохирогч С.Баятбарын биед хөнгөн гэмтэл учруулсан тус тус учруулсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Сод Монгол” ХХК нь алдагдсан гэх эд хөрөнгө болох нь картын төвийн системийн компьютерийн процессор нь манай байгууллагын дансанд 810.995  төгрөгөөр,  ажилтнуудын хэрэглэдэг Нокиа маркийн гар утас нь 50.000  төгрөгөөр тус тус үнэлэгдэж бүртгэгдсэн, бэлэн мөнгөний сейфний түлхүүрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд аваад явсны улмаас сейфийг хөлсөөр янзлуулж, шинээр түлхүүр хийлгэж, сейф онгойлгох ажлын хөлсний зардал 45.000 төгрөг, шинээр түлхүүр хийлгэхэд 10.000 төгрөг тус тус төлсөн, мөн орлогын мөнгө бэлнээр алдагдсан 1.315.678 төгрөг, нийт 2.186.673 төгрөг /хоёр сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигт тооцон,

- Хохирогч,  иргэний нэхэмжлэгч “Мон-Суль” ХХК нь алдагдасан компьютерийн процессор оронд үнэтэй DELL компьютерийн процессорыг 474.900 төгрөгөөр худалдан авч ажиллуулж байгаа, мөн алдагдсан хяналтын камерын бичлэгийн DVR  төхөөрөмжийн оронд 299.900 төгрөгөөр “HPM12” маркийн DVR төхөөрөмж худалдан авч тавьсан, алдагдсан нэг ширхэг компьютерийн хулгана буюу маузны оронд “Log M 171” маркийн хулганыг 25.000 төгрөгөөр худалдан авч тавьсан,  борлуулалтын орлого 1.530.100 төгрөг /нэг сая таван зуун гучин мянга нэг зуу/ төгрөг хохирол, хор уршигт тооцон тус тус нэхэмжилснээс шүүгдэгч А.Б “Сод Монгол групп” ХХК-нд 2.200.000 төгрөг, “Мон Суль” ХХК-д 2.005.000 төгрөг тус тус нөхөн төлж гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болох нь хохирогч Сод Монгол групп ХХК-ийн төлөөлөгч Б.Д.Н-ын: “...Манай Сод Монгол групп компанийн нэхэмжилсэн 2.186.673 төгрөгийн хохирлоос 2.200.000  төгрөгийг А.Б нь төлж барагдуулсан, энэ мөнгийг байгууллагын ХААН банк дахь 5031****** дугаартай дансанд тушааж орлогоор авхуулсан. Иймд манай байгууллагын хохирол бүрэн барагдсан. А.Б-ын эрэгтэй өмгөөлөгч А.Б уг мөнгийг хүлээлгэн өгсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 75-78х, 79-80х/ баримт, “Мон Суль” ХХК-ийн захирлын гарын үсэг бүхий Прокурорт гаргасан “гэмт халдлагаас үүссэн хохирол 2.005.000 төгрөгийн хохирлыг А.Б нь төлж барагдуулсан, компанийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн 2017 оны 11 сарын 21-ны өдрийн 32/017 дугаартай албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 2-р хавтас 151-152х/ нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Мөн тухайн хэргийн хохирогч иргэд А.Д, Б.С, С.Б, О.О нар нь тус бүрдээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн баримттай тул шүүгдэгчийн хувьд хохирол, хор уршигт тооцон тэдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна. 

 

Иймд шүүгдэгч А.Б-тын хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй нэр бүхий хохирогч байгууллага, иргэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус илэрхийлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зохицуулсан. 

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Энэ хэргийн шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 33х/ баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

 

Шүүгдэгч А.Б-ыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэрлэв.

 

Энэ хэргийн шүүгдэгч А.Б нь Мөрдөгчийн тогтоолоор 2017 оны 08 сарын 15-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүйгээр баривчлагдаж  02 /хоёр/ хоног цагдан хоригдсон ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 136 дугаартай захирамжаар 2017 оны 08 сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл яллагдагчаар 30 хоног цагдан хоригдож, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 136/а захирамжаар цагдан хорих хугацааг сунгахаас татгалзаж, 2017 оны 09 сарын 22-ны 147 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 2017 оны 09 сарын 21-ний өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга тус тус авагдсан бөгөөд хэргийг шүүх хүлээн авсан 2017 оны 11 сарын 29-ний өдрөөс тус шүүхийн шүүгчийн 959 дугаартай захирамжаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлгэх арга хэмжээ авсан, шүүгдэгч А.Б хэрэг шүүхэд хянагдсан 2017 оны 11 сарын 29-ны өдрөөс энэ өдрийг /2017 оны 12 сарын 15-ны өдөр/ 16 хоног цагдан хоригдсон баримттай байна. /хэргийн 2-р хавтас 65х, 68х, 80х, 81-82х, 89х/   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 959 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдлагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийдвэрлэхдээ уг арга хэмжээтэй давхардуулж 2017 оны 09 сарын 22-ны 147 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан  арга хэмжээг авсныг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.    

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяа 2 ширхэг, наалдамхай туузны тасархай 3 ширхэг, “Сод монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцийн түгээгч нарыг дээрэмдсэн хэрэг хэрэг учралын газраас хураан авсан наалдамхай туузын тасархай 3 ширхэг, шар иштэй металл хутга 1 ширхэг, наалдамхай тууз буюу скоч 1 ширхэг, цагаан өнгийн даавуу өрөөсөн бээлий 1 ширхэг, цагаан өнгийн мяндсан уяаны хэсэг, цэнхэр өнгийн амны хаалт буюу маск 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хар өнгийн корпустой нокиа 1133 маркийн гар утас, хар өнгийн савхин хүрэм, саарал өнгийн даавуу өмд нэг ширхэг зэргийг тус тус эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, А.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, нэр бүхий хохирогч байгууллага, иргэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоол дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон     

                                                   ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Б овогт А-ын Б-ыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг авсан гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар Б овогт А-ын Б-ыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Б-д оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ын цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяа 2 ширхэг, наалдамхай туузны тасархай 3 ширхэг, “Сод монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцийн түгээгч нарыг дээрэмдсэн хэрэг хэрэг учралын газраас хураан авсан наалдамхай туузын тасархай 3 ширхэг, шар иштэй металл хутга 1 ширхэг, наалдамхай тууз буюу скоч 1 ширхэг, цагаан өнгийн даавуу өрөөсөн бээлий 1 ширхэг, цагаан өнгийн мяндсан уяаны хэсэг, цэнхэр өнгийн амны хаалт буюу маск 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хар өнгийн корпустой нокиа 1133 маркийн гар утсыг “Сод Монгол групп” ХХК-д, хар өнгийн савхин хүрэм, саарал өнгийн даавуу өмд нэг ширхэгийг А.Б-д тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Л.Содномдоржид даалгасугай.

 

7. Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, А.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, нэр бүхий хохирогч байгууллага, иргэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Б-д авсан урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД

                                   ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                             Х.ОДБАЯР