Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 33

 

 

                                        

    2022          11           08                                      2022/ДШМ/33

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэг /онлайнаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарын оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2237000380040 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 /эцэг, эхийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай *******

            2. Түмэн овогт Батбаярын Буянзаяах нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутагт орших Засаг даргын тамгын газрын спорт зааланд сагсан бөмбөг тоглох явцдаа ******* манай баг тоглоно гэж хэлсэн асуудлаас *******тай маргаж түүний гар болон нүүр тус газар өшиглөж, *******ын эрүүл мэндэд зүүн доод эрүү ясны хугарал, хамрын таславчны мурийлт зэрэг гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

3. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:

5.1 Түмэн овогт Батбаярын Буянзаяахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуу/ мянган төгрөгөөр торгож шийтгэж,

5.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

5.5 Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

5.6 Шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгаж,

5.7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн эрүү, амны хөндийн дэлгэмэл рентген зургийг хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.

6. Хохиогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Шүүх хохирогчид учирсан хохирол хор уршгийг хууль зүйн үндэслэлтэй тооцож тогтоогоогүй. Бидний гаргаж өгсөн хохирлын баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,733,400 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Ховд аймаг болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардалд маргахгүй байгаа, хавтаст хэрэгт 541,400 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд энэ тооцоонд Улаанбаатар хот ирж очих унааны зардал 210,000 төгрөг орж тооцогдсон унааны зардлыг хасаж үлддэх 331,400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ гэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирол гаргуулах талаар тусгалгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнн 36.8 дугаар зүйлийн 1.6 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

6.2 Хүнсний зүйлийг хохиролд тооцон гаргадаггүй гэдгийг мэднэ. Гэхдээ хохирогч нь эмчилгээний тусгай хоол идсэн байдгийг анхаарч үзнэ үү. 541,400 төгрөгийн хохирол бүрэн гаргагдана гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан 2 хүний тодорхойлолтыг шүүх яаж үнэлэхийг мэдэхгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан 331,400 төгрөг дээр 200,000 нэмэгдэхэд 531,400 төгрөгийн бодит хохирол байх тул эдгээр хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтын хүрээнд, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлын талаар дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаярын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

9. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзлээ.

10. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

11. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын “хохирогч *******ын гар болон нүүр хэсэгт нь өшиглөж зодсон санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн доод эрүү ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан” болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй байна.

12. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч ******* нь Улаанбаатар хотод очиж, үзлэг оношилгоо хийлгэсэн, хагалгаанд орсон байх ба уг зардлыг шүүгдэгч ******* нь бүрэн төлж барагдуулаагүй байхад прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцээгүй байна.

13. Тухайлбал “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдэгт “яллагдагч нь үйл баримтыг талаар маргаагүй байхаас гадна өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүнийг арилгахтай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” байхыг ойлгоно.

14. Гэтэл яллагдагч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн зардлыг “шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө” гэж тайлбарласныг “яллагдагч нь хохирлын талаар маргаж байна” гэж ойлгоно.

15. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргахаар заасан” байна.

16. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нийцсэн эсэхийг анхаарахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, төлөгдөөгүй зарим хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

17. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар дээр дурдсан алдааг зөвтгөх нь “хохирогчийн хууль  ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тус тус нийцнэ” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

18. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би эхнэртэйгээ хөдөө мал маллаж амьдардаг, тухайн үед хүүхэд ийм боллоо гээд Мөст сумаас Ховд аймаг руу 2 удаа, Булган сум руу 2 удаа машинтай явсан, мотоциклоор сумын төв рүү 7 удаа явсан бензиний зардал 192,000 төгрөг болсон, мөн эмчилгээний зардалд 541,400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хүү *******ыг оюутан болоход хэрэглэх гээд дансанд байсан 2,000,000 төгрөг Улаанбаатар хот яваад ирэхэд хэрэглээд дууссан, насанд хүрээгүй хүүхэд тул 2 хүн Улаанбаатар хот руу хамт авч явсан” гэжээ.

20. Хохирогч ******* нь шүүгдэгч *******ад зодуулах үедээ 17 нас 11 сар 2 хоногтой буюу насанд хүрээгүй байсан, түүнийг Мөст сумаас Ховд аймгийн төв рүү машинаар авчирч эмнэлэгт үзүүлсэн, Улаанбаатар хот руу асарч харгалзах хүнтэй хамт явсан, хотод очоод хагалгаанд болох нь хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 01-01 ХОҮ улсын дугаартай нийтийн тээврийн автобусны 14, 15 дугаар суудалд Бямбаням гэх хүнтэй хамт явсан зорчих тасалбар, амбулаториор эмчлүүлэгчдийн карт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

21. Иймд хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаяр нь “Мөст сумаас Ховд аймаг руу 2 удаа, Булган сум руу 2 удаа машинтай явсан, мотоциклоор сумын төв рүү 7 удаа явсан бензиний зардал 192,000 төгрөг, эмчилгээний зардалд баримтаар гаргаж өгсөн 541,400 төгрөг, мөн хүү *******ыг оюутан болоход хэрэглэх гээд дансанд байсан 2,000,000 төгрөг нийт 2733,400 төгрөг нэхэмжилсэн” нь энэ цаг үед бодит байдалд нийцсэн бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “...зайлшгүй бүх зардалд хамаарна” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

22. Иймд бензиний зардал 192,000 төгрөг +баримтаар гаргаж өгсөн 541,400 төгрөг дансанд байсан 2,000,000 төгрөг нийт 2,733,400 төгрөгөөс шүүгдэгчийн замын зардалд төлсөн 220,000 төгрөгийг хасаж нийт 2.513,400 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаярт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

23. Нөгөө талаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд хөнгөн ял шийтгэлийг оногдуулж буй процесс нь “яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсны төлөө хуулиар олгож байгаа урамшуулал” гэж ойлгож болно.

24. Гэтэл нэгэнт шүүгдэгчид хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж  үзэн хуулиар олгосон урамшууллыг эдлүүлж, прокурорын саналын хүрээнд хөнгөн ял шийтгэл эдлүүлсэн тул хохирлыг үл маргах журмаар бүрэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

25. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд хохиролтой холбоотой зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаярын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******аас 2,513,400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаярт олгосугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвабаярын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

 

 

           

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР