Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 390

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Д.Мөнхтуяа,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б.Оийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0389 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр.

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О-ийн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-ийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-ийг урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0389 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-ийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-ийг урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Б.О-ийн “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0389 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн байдаг.

5. Тус аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-ийн аймгийн Засаг даргатай байгуулан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн төдийгүй үүн дээр маргаагүй байдаг. Мөн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

6. Түүнчлэн хамт олны зүгээс нэхэмжлэгч Б.О-тэй ажиллах сонирхолгүй байгаа болон нийт ажилтан, цэцэрлэгийн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироож байгаа талаарх өргөдлийг аймгийн Засаг даргад 3 удаа ирүүлсэн тул үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу үүрэгт ажлаас нь халах хариуцлага тооцсон. Гэтэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн.

7. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажилпагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг баримталсан. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т "Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэжээ. Маргаан бүхий актын гол үндэслэл нь хариуцагчаас эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэсэн. Нэхэмжлэгч нь үнэлгээн дээр огт маргаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа хэтэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

8. Мөн Төсвийн тухай хуулийн 40.4-т "Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд...”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж хариуцагчийн эрхийг тусгайлан заажээ. Энэ утгаараа нэхэмжлэгч БСУГазраас аймгийн Засаг даргад ирүүлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас хариуцлага тооцсон нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй гэж үзэж байна.

9. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шуүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга есны зарчимыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

10. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2018/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0389 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч Б.О нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, ...2017 онд хагас жил ажилласан, ...үнэлэхдээ журмын 5, 6 дугаар заалтуудыг зөрчсөн...” гэж маргажээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны  болон Төсвийн тухай хууль, журмын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.О-ийг Хайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын 2018 оны Б/06 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

14. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2018 оны Б/06 дугаар захирамжаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т заасныг үндэслэн, “...Б.О нь 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халжээ. 

15. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, 40.4.2-т үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн урамшуулах, хариуцлага тооцох арга хэмжээ авахаар хуульчилсан.

16. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2-т ...гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ: ...”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. ...”, 6.6-д “Тайлант жилийн дундуур төсвийн шууд захирагч ..., чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ” гэж тус тус заан журамлажээ. 

           17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.О-т урьд нь, мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар “2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, дараа нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар “өөрийнх нь хүсэлтээр” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс ажилдаа орсон байжээ.  

18. Гэвч хариуцагч нь маргаан бүхий Б/06 дугаар захирамж /2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн/-аар Б.О-ийг дахин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнийг 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж буруутгасан боловч энэ үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

19. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.О-ийн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ хууль, журмын дээр дурдсан заалтуудыг зөрчсөн, мөн “58.8 F буюу хангалтгүй” гэж үнэлэхдээ ямар баримт, мэдээлэлд үндэслэсэн нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг буруутгасан өөр бусад үндэслэл болох сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн зэрэг нь нотлогдоогүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

20. Харин, давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгчийн гаргасан “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 гэж үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв боловч үнэлгээг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь буруу байна.

21. Учир нь, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актын шинжийг агуулж байх боловч энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ...г хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд...”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт,... илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэг бол үр дүнгийн гэрээний үнэлгээг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжтой байтал “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.  

22. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0389 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА