Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 378

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Я-ийн Б-д холбогдох 1710003110139 дугаартай хэргийг 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын  14-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 853 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Я-ийн Б,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Г-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Weitsprung”  гутлын дэлгүүрийн цонхоор 2017 оны 08 дугаар сарын 09 –ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө нэвтэрч бэлэн 5000 төгрөг,  462.000 төгрөгийн эд зүйл хулгайлан бусдад бага  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Я.Б-: “...   Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэв.   ...” гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Л.Г-ын: “..2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 59 минутанд манай дэлгүүрийн худалдагч Д.Н- эгч надруу 9909**** дугаараас залгаад дэлгүүрийн цонх хагарсан, хулгай орсон шинжтэй байна гэж хэлсэн. Би 102-т дуудлага өгөөд 11 цаг 30 минутын орчим дэлгүүр дээр очиход цагдаа нар ирсэн байсан. Манай дэлгүүрээс “Нокиа 130” маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 5000 төгрөг, 5900 төгрөгний асаагуур 2 ширхэг, 300.000 төгрөгний үнэтэй LLOYD брендийн гутал 1 хос, 99.000 төгрөгний үнэтэй үүрдэг цүнх 1 ширхэг тус бүр нь 128.000 төгрөгний үнэтэй эмэгтэй сандаал зэрэг  алдагдсан …” гэсэн мэдүүлэг \хх-ийн 29 дугаар хуудас\

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүрийн бэлэн мөнгөний шүүгээг Я.Б эвдсэн байсан ба уг шүүгээг би 80.000 төгрөгөөр янзлуулсан. Уг 80.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн бэлэн мөнгөний шүүгээнд байсан 5000 төгрөг, тус бүр 5900 төгрөгний үнэтэй 2 ширхэг асаагуур, өшиглөж гажсан цонхны рамыг янзлуулсан 190.000 төгрөг нийт 286.800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

    Гэрч Ц.О-гийн: “…өглөө 10 цаг 50 минутын орчимд дэлгүүр дээрээ худалдагч Д.Н- эгчтэй цуг очоод дэлгүүрээ онгойлгож ороод хувцсаа солиод 00-ийн өрөө орох гээд гарсан чинь цонхон дээр байсан тор уначихсан байхаар нь очиж харахад цонх онгойчихсон, хулгай орсон байсан…” гэсэн мэдүүлэг \хх-ийн 34 дүгээр хуудас\,

        Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,

2017 оны 09 сарын 10-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 05/495 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

  2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 72 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Я.Б-г сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын  эхээр хэд дэх өдөр байсныг нь сайн санахгүй байна, нилээн согтуу байсан, манай гэр Вива сити хороололд байдаг юм, би гэрлүүгээ харих гэж явж байгаад архи гаргачихья гэж бодоод Тамарис гутлын дэлгүүрийн хойд талын шатан дээр сууж байгаад дэлгүүрийн цонхны салхивчийг тохойдчихсон чинь онгойчихсон. Тэгэхээр нь ороод нэг эрэгтэй хос гутал хулгайлж аваад буцаж ороод хулгайлсан гутлаа тэр хавьд нуучихаад одоо дүүрсэн хэрэг гэж бодоод нэг гар утас, эмэгтэй 3 хос сандаал, 2 ширхэг үүрдэг цүнх хулгайлсан. Тэгээд гэртээ орсон. Би хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь гэртээ тавьчихсан байгаа, манай эхнэр хулгай хийсэн талаар мэдэхгүй байгаа, одоо бүгд манай гэрт бүтнээрээ байгаа…гэсэн мэдүүлэг \хх-ийн 37-39 дүгээр хуудас\

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/

- Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

- Шүүгдэгчийн Я.Б-гийн бакалаврын диплом, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 56-59 дүгээр хуудас/

-  Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-64 дугаар хуудас/,

- Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 853 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-70 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, сэжигтэн, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Я.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09 –аас 2017 оны 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Г-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Weitsprung”  гутлын дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 5000 төгрөг, 462.000 төгрөгийн эд зүйл хулгайлан бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  хохирогч Л.Г-ын мэдүүлэг /хх-ийн 29-дугаар хуудас/, гэрч Ц.О-гийн мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/, 2017 оны 09 сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,  2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 72 дугаар хуудас/

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 05/495 дугаартай “шинжилгээнд тэнцэх №6 “уг шалан дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн Янсансүрэнгийн Я.Б-гийн баруун гарын алганы хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Энэ хэргийн шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нараас “хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

 

        Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал.

Шүүгдэгч Я.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26  дугаар хуудас/ буцааж өгсөн.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Г-оос: “...Манай дэлгүүрийн бэлэн мөнгөний шүүгээг Я.Б эвдсэн байсан ба уг шүүгээг би 80.000 төгрөгөөр янзлуулсан. Уг 80.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн бэлэн мөнгөний шүүгээнд байсан 5000 төгрөг, тус бүр 5900 төгрөгний үнэтэй 2 ширхэг асаагуур, өшиглөж гажсан цонхны рамыг янзлуулсан 190.000 төгрөг нийт 286.800 төгрөгийг нэхэмжилж байна...”/хх-ийн 30 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, шүүгдэгч Я.Б нь шүүхийн шатанд 286.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Л.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Я.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалтын 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

         Шүүгдэгч Я.Б-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

            1.О овогт Я-ийн Б-г хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Я.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Я.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

          

5.Я.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

          

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Я.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ