| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2016 2602 3135 |
| Дугаар | 2022/ДШМ/1049 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ДШМ/1049
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бичинхүү,
хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар, С.Чинзориг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/515 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар нарын хамтарч гаргасан, өмгөөлөгч С.Чинзоригийн давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2016 2602 3135 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ш-тай харилцан ярилцаж, “Дутуу баригдсан барилгад чинь Хонг Конгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ц.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ..., Ү-... дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.С-с зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилж иргэн Ц.Б-д 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 57.808.625 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, шүүгдэгч Б.Б-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 153.620 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн Б.Б-н өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-д 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн түүнээс 57.808.625 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэсэн дээр дурдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь:
1/ Гэрч Г.Н-н мэдүүлгээр иргэн Ц.Ш болон иргэн П.С нар нь Б.Б-гаар зуучлуулан иргэд хоорондоо харилцан тохиролцож хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлсэн, гэрээ байгуулахад ямар нэгэн ноцтой төөрөгдөлд ороогүй, уг гэрээг өөрсдөө хүсэж байгуулсан, бусдад залилуулсан гэх үйлдэл болоогүй. Тухайлбал, Б.Б нь Ц.Ш, П.С нарын хэн нэгнийг залилан мэхлээгүй, Ц.Б нь өөрөө сайн дураараа өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад барьцаалах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар нотариатын зүгээс хангалттай сайн тайлбарлаж, өөрсдөө сайтар ухамсарлаж ойлгосон байсан тул зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт нотариат гэрчилж өгсөн байдаг. Энэ гэрээг байгуулахад хэн нэгний шахалт дарамтад орсон, эсхүл залилуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болохыг гэрчилж, мэдүүлсээр байтал нотариатч Г.Н-н мэдүүлгийг огт үнэлээгүй, үгүйсгээгүй атлаа шүүгдэгч Б.Б-г бусдын байрыг автомашины зээлд барьцаанд тавиулсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Түүнчлэн энэхүү гэрээг хүчин төгөлдөр болохыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотолсон бөгөөд энэхүү гэрээний дагуу П.С нь Ц.Б-с зээлийн гэрээгээ хүү алдангийн хамт нэхэмжилсэн байдаг. Гэтэл уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагч Ц.Б нь өөрийн эрх ашгийг тууштай хамгаалж чадаагүй, үгүйсгэсэн няцаасан хариу тайлбар, нотлох баримт, гэрч, гуравдагч этгээдийг оролцуулаагүй, давж заалдах гомдол гаргаагүй, зөвхөн “би шоконд орсон” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Б-н зүгээс болон түүний эгч дүү нар нь уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан Ц.Б-ы өмчлөлийн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлүүлэхээр удаа дараа төлбөр төлж, хамгийн сүүлд шүүгдэгч Б.Б-н төрсөн дүү Б.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж “...Одоо хэдэн төгрөг төлбөл энэ байр чөлөөлөгдөж Ц.Б-д очих вэ” гэхэд “Одоо үлдэгдэл 13.000.000 төгрөг манай дансанд хийчих тэгвэл чөлөөллөө” гэсний дагуу даруй 13 сая төгрөгийг төлсөн байхад 2 дахь дуудлага худалдаанд орж, бусдад зарагдсан байдаг. Энэ үйл явц нь хохирогч Ц.Б нь зориуд эс үйлдэхүй гаргаж өөрийн байраа заруулсан байна гэж харахад хүргэж байна. Үүний цаана дуудлага худалдааг хэн, хэрхэн зохион байгуулж 76 сая төгрөгийн үнэтэй гэх байрыг 33 сая төгрөгөөр авсан байгааг шалгаж тогтоох шаардлагатай байна.
Уг байрыг бүрэн чөлөөлөх гэж Б.Б нь Ц.Б, Ц.Ш нарт чухам яг хэдэн төгрөг төлсөн болох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хэдэн төгрөг төлсөн болох, П.С-т хэдэн төгрөг өгсөн болох зэргийг маш сайн тодруулж тогтоох ёстой байтал үүнийг тогтоож чадсангүй. Гэтэл хохирогч Ц.Б, гэрч Ц.Ш нар нь Б.Б-г хохирол төлбөрт ердөө л 19 сая төгрөг төлсөн мэтээр ойлгуулж тайлбарласан, П.С-с Б.Б өөрт нь машины мөнгөний оронд хэдэн төгрөг төлснийг ч тогтоогоогүй байгаа нь үүний ард тухайлбал гэрч П.С, Ц.Ш нар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай байна. Зүй нь П.С нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулсан тохиолдолд Б.Б-аас авсан мөнгөө буцааж төлөх, эсхүл уг төлбөр мөнгийг Ц.Б, Ц.Ш нарт өгөх, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд уг мөнгийг хүлээн авсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас хасуулж тооцуулах зэрэг өчнөөн асуудлуудыг үнэн зөвөөр учрыг нь олж болох байсан. Үүнд хохирогч Ц.Б, гэрч Ц.Ш, П.С нар буруутай, зориуд эс үйлдэхүй хэлбэрээр хэн нэгэндээ Б.Б-аас болон түүний өмнөөс ах, эгч, дүү нар нь төлсөн мөнгийг шударгаар хэлж тайлбарлаагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ талаараа зөв ойлголт өгөөгүй учраас одоогийн нөхцөл байдал үүссэн гэж харж байна.
Мөн гэрч Н.Б болон Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хохирогч Ц.Б, гэрч Ц.Ш нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй. ...Уг хоёр гэрч нарын хэн нэг нь бодит байдлыг илтэд зөрүүтэй байдлаар мэдүүлсэн, хууль сануулсаар байтал зориуд худал мэдүүлэг өгсөн болж таарч байна. Гэтэл энэ асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мухарлаж шалгаагүй, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах арга хэмжээ аваагүй, хамт явсан гэх У нэр /А-ын М/-тэй Өвөр Монгол залууг зайлшгүй олж тогтоох түүнээс гэрчийн мэдүүлэг авах, тухайн үед юуны тухай ярилцаж байсан болохыг тодруулах, түүнд Б.Б арматур төмөр авахаар бэлэн мөнгө өгсөн эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Түүнчлэн П.С нь анхнаасаа машин зарах гэж байсан, тэр машиныг худалдан авч байгаа нийт 37 сая төгрөгөөс 32 сая төгрөгийг Б.Б нь төлөөгүй тохиолдолд Ц.Б-ы барьцаалуулсан байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдгийг гэдгийг Ц.Б, Ц.Ш нар өөрсдөө хүлээн зөвшөөрч, мэдэхийн дээдээр мэдэж байсан атлаа энэ тухайгаа зориуд санаатай нуун дарагдуулж байгаа нь гэрч Б, П.С нарын мэдүүлгээр илэрхий нотлогдож байна. Үүнийг шүүх харгалзан үзэлгүй, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож чадсангүй гэж үзэж байна. Үүнээс гадна анхнаасаа энэхүү хэргийг шалгасан мөрдөгч, прокурорууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд маш олон алдаа дутагдал гаргасан байх бөгөөд уг алдаа зөрчлүүд нь уг хэргийг удаашруулах, сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна. Тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, газар, цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго хохирлын хэр хэмжээ хохирол төлбөр төлсөн байдал гэх мэтийг тогтоож чадаагүй байна.
Шүүгдэгч Б.Б-н ямар үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болохыг нарийвчлан тогтоогоогүй, зөвхөн эх сурвалж нь тодорхой бус хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт хийжээ гэж үзэж байна. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж дүгнэсэн байх боловч энэ нь гэрч Н.Б, Н.Б , С.Х, П.С, У.З нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Б.Б нь арматур төмөр бусдад нийлүүлэх бизнес хийж байсан нь тодорхой, арматур авах, байрны төлбөр төлөхөд мөнгө хэрэг болсон тул П.С-той харилцан тохиролцож түүнээс гаалийн бичигтэй улсын дугааргүй автомашиныг нь барьцаанд тавьж байсан нь нотлогддог. Энэ нь бусдыг залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын арилжааны гэрээний шинжийг агуулж байх тул Б.Б-н үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээргүй, иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргааны шинжтэй гэж үзэхээр байна. Мөн шүүх дүгнэхдээ “...П.С-с зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж...” хэмээн болсон үйл явдлыг гэрээнд зааснаас өөрөөр тайлбарлаж алдаа гаргасан байна. Зүй нь зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар гэрээний дагуу 32.5 сая төгрөг шилжүүлсэн байх ёстой боловч, уг гэрээний үүрэг биелэгдээгүй, П.С нь Ц.Ш, Ц.Б, Б.Б нарын хэн нэгэнд бодитойгоор мөнгө шилжүүлээгүй байдаг. Харин автомашинаа П.С нь Б.Б болон Н.Б нарт шилжүүлэн өгсөн байдаг. Ингэхдээ ямар нэгэн гэрээ бичгээр хийгээгүй ч амаараа харилцан тохиролцсон хэлцэл хийгдсэн гэж үзэж болохоор байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг тогтоохдоо:
Гэмт хэрэг үйлдэгдсэн газар: Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн тойргийн нотариатч Г.Н-н ажлын байр дотор,
Цаг хугацаа: 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ш-тай ярилцаж эхлэн, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мөн хорооны нутаг дэвсгэрт П.С-с зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулснаар дууссан,
Арга: Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр: Гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй,
Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл: П.С-с машин худалдан авч, улмаар уг машиныг банк бус санхүүгийн байгууллагад 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө авсан байх боловч тухайн мөнгөө хохирогчид итгүүлснээс өөр зүйлд буюу хувьдаа ашигласан,
Хохирлын хэр хэмжээ, шинж: Барьцаанд тавиулж, хохирогч Ц.Б-д 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Б.Б нь гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Б-ы эзэмшлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваагүй гэж маргаж байх боловч тухайн зээлийн гэрээ байгуулагдаж хохирогчийн орон сууц барьцаалбарт тавигдсанаар хохирогчийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь бодит байдалд дам байдлаар зөрчигдсөн буюу уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа алдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчийн эд хөрөнгө хураагдаж, эд хөрөнгийн эрх бусдад шилжсэн нөхцөл байдал тогтоогдсон гэсэн хууль зүйн дүгнэлт өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” мөн хэсгийн 1.2-т зааснаар “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна. Тодруулбал:
Нэг. “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” үндэслэл:
Гэвч шүүгдэгчийн хүсэлтээр 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр албадан ирүүлж, гэрчийн мэдүүлэг өгсөн нотариатч Г.Н-н мэдүүлэг болон гэрч П.С-н урьд өгч байсан мэдүүлгээр хохирогч Ц.Б болон тухайн үед хохирогчоор тогтоогдож байсан гэрч Ц.Ш нарын удаа дараагийн өргөдөл, мэдүүлэг үгүйсгэгдсэн буюу илтэд харилцан зөрүүтэй болсон.
Харин анхан шатны шүүхээс энэхүү, илт ноцтой зөрүүний талаар анхаарч үзэлгүй орхигдуулсан, харилцан зөрүүтэй байхад Ц.Ш, Ц.Б нарын мэдүүлгийг үнэлж авахдаа, нотариатч Г.Н, гэрч П.С, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгийг үгүйсгэх болсон, үнэлэхгүй орхигдуулсан үндэслэлээ огт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Шүүх Б.Б хохирогчийг хуурч мэхлэн төөрөгдүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Барьцаанд тавиулснаар” төгссөн гэж үзсэн хууль зүйн дүгнэлт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Ц.Б нь Ц.Ш-д олгосон байсан, Ц.Ш нь зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй болохоо өөрөө мэдэж, дүр үзүүлэн хэлцэл хийсэн, хожим П.С нь өөрөө дүр үзүүлэн хийсэн болохоо хууль сануулсны үндсэн дээр өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн, түүнийхээ эсрэг агуулгаар иргэний хэргийн шүүхэд Б.Б-н заавраар бус, өөрөө бие даан хандаж хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар болсон зэрэг бодит байдлыг дүгнэхгүй орхигдуулснаар гэм буруугийн талаарх дүгнэлт буруу болсон.
Анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 19.000.000 төгрөг нөхөн төлсөн” гэх дүгнэлтийг зөвхөн хохирогч Ц.Б-ы “Надад 19 сая төгрөг өгсөн гэж үзэж байгаа” гэх мэдүүлэгт үндэслэн хийсэн нь бодит байдалд нийцэхгүй.
Ц.Б нь Ц.Ш-д нөхөн төлсөн төлбөрийг урьд урьдын шүүх хурлуудад хохирлын нөхөн төлбөрт хүлээн авсан болохоо зөвшөөрч байсан тайлбараа үгүйсгэж, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралд тухайн төлбөрийг үгүйсгэсэн.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Б-н дүү Б.М нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс Ц.Б-ы үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөд шаардагдах үлдэгдэл дүнг тодруулан асуусны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 13.871.750 төгрөгийг шилжүүлж, түүний дагуу шүүх хуралдааны дараа хохирогч талтай тохирсон ёсоор төлбөрөө барагдууллаа, та бүхэн нэн даруй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Ц.Б болон түүний өмгөөлөгч нарт уламжлан дуулгасан боловч Ц.Ш-д өгсөн 17.000.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхгүй саатуулан барьсаар тухайн орон сууц 2022 оны 01 дүгээр сард дуудлага худалдаагаар зарагдсан байна.
Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлын талаар буюу тухайн орон сууц бусдын өмчлөлд дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй байх боломжтой байсан, хохирлыг нөхөн төлсөөр ирсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулсан үлдэгдэл дүнг бүрэн төлсөн нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.
Шүүх шийтгэх тогтоолдоо “уг зээлийн гэрээний үүргийг биелээгүй хугацаа алдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчийн эд хөрөнгө хураагдаж, эд хөрөнгийн эрх бусдад шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн нь тухайн иргэний шүүхэд уг хэргийн гэрчээр оролцохдоо шүүхэд мэдүүлснээсээ эсрэг мэдүүлсэн П.С-н буруутай үйл ажиллагаа нь хохирол бий болоход шууд нөлөөлсөн, П.С нь Б.Б-н заавраар бус, өөрөө бие дааж дүр үзүүлсэн хэлцлээ хүчин төгөлдөр хэлцэл мэтээр үргийг албадан биелүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авах үйлдлийг Б.Б огт явуулаагүй зэрэг хэрэгт онцгой ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болзошгүй асуудлыг орхигдуулж, бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн.
Хоёр. “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл:
2.1 Б.Б нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ш-тай ярилцаж эхлэн, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мөн хорооны нутаг дэвсгэрт П.С-с зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины “барьцаанд тавиулснаар” залилах гэмт хэргийн “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авсан” байх шинжийг хангасан, төгс үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдэл болсон.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тогтоож тайлбарлахдаа агуулгаар нь буюу “зорилгоор тайлбарлах арга зүйг” баримталсан.
Уг арга зүйг шүүх хэрэглэхдээ хуулийн хэм хэмжээний нөхцөлийг өргөтгөн эсхүл төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тухайлбал, Б.Б нь П.С-оор дамжуулан иргэний хэргийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй агуулгаар нэхэмжлэл гаргаж, хохирогчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хураалган авсан, улмаар төлбөрөө барагдуулах зорилгоор дуудлага худалдаанд оруулсан гэх үйл баримт (П.С-оор дамжуулан залилах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал) тогтоогдоогүй байхад, П.С, Ц.Б-ы олгосон итгэмжлэлээр Ц.Ш нар зээл, барьцааны гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хийснээр Б.Б шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Ц.Б-ы өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө буюу өөрийн эрх мэдэлд шилжүүлэн авсан гэж дүгнэх нь дээрх гэмт хэргийн шинжид заасан хэм хэмжээний нөхцөлтэй тохирохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн хэм хэмжээг зорилго, агуулгаар тайлбарлах бүрэн эрхээ шүүх хэрэгжүүлэхдээ, П.С-н хууль бус үйлдлийн үр дагаврыг Б.Б-д дангаар хариуцуулах байдлаар уг хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, муутай, мөрдөгч, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус, хязгаарлагдмал байдлаар, хангалтгүй явуулж буй тохиолдлыг зөвтгөх шинжтэй болохоос гадна, тухайн хохирол аль этгээдийн үйлдлээс шууд шалтгаалж учирсныг оновчтой дүгнэлгүйгээр бусдын буруутай үйл ажиллагаа, Б.Б-н гэм буруу, шууд оролцоогүй гарсан шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг Б.Б-д тохон хариуцуулахаар байна.
2.2. 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь Ц.Б-ы “эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан” байх шаардлагыг хангаснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор байна.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаар тогтоолд дээрх гэмт хэргийн шинжийг тайлбарласан.
Дээрхээс үзвэл, Б.Б нь тухайн барьцаа хөрөнгийг өөртөө олж авах, өөрийн мэдэлд авах гэсэн санаа зорилго байгаагүй болох нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсан даруйд төлбөрийн үүргийг хариуцан биелүүлэх болохоо баталгаажуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд оролцож болохоо илэрхийлсэн баталгааг өөрийн гараар үйлдсэнээс харагдах бөгөөд Б.Б өөрийн өмчлөлд хохирогч Ц.Б-ы өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэн авах үйлдэл огт хийгээгүй, гагцхүү П.С ийм үйл ажиллагааг бодит бус тайлбар шүүхэд мэдүүлэх замаар явуулсан байх тул Б.Б нь Ц.Б-ыг залилах гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй, гэм буруугүй байна. Хууль зүйн дүгнэлт хийвэл, П.С-н хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой энэхүү нөхцөл байдал нь Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан нөхцөл байдалд хамаарахуйц байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг нягтлан судалж, бүхэлд нь хянаж үзэн шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Б.Б-г цагаатгаж өгнө үү.
Б.Б нь Ц.Б-д учруулсан хохирлоо барагдуулах болохоо энэхүү хэргийн талаар өргөдөл, гомдол гаргахаас өмнө анхнаасаа одоог хүртэл бүх шатны шүүхэд илэрхийлсээр ирсэн байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 50.521.750 төгрөгийг хохиролд нөхөн төлөөд байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нотариатчийн ажлын байранд барьцааны гэрээ хийгдсэнээр гэмт хэрэг дууссан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь, барьцаалбаргүй барьцааны гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Энэ нь үүсмэл эрх буюу үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт арга төдий бүртгэл юм. Бодит байдал дээр Б.Б нь барьцааны үр шимийг дам байдлаар хүртсэн боловч залилах гэмт хэргийн шинжид заасан эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах шинжийг энэ үйлдлээрээ хангаагүй. Мөн Б.Б нь эхнээсээ залилах сэдэлгүй байсан нь төлбөр мөнгийг өөрөө барагдуулна гэдгээ илэрхийлж баталгаа гаргаж өгснөөр харагддаг. Нөгөөтээгүүр, П.С-н цагдаад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй, худал тайлбарыг иргэний хэргийн шүүхэд өгөх замаар хиймэл мөнгөн дүн гаргуулсан үйлдлээс шалтгаалсан болохоос Б.Б П.С-г иргэний хэргийн шүүхэд худал мэдүүлэг өгүүлж, Ц.Б-ы эд хөрөнгийг шүүхийн журмаар гаргуулах үйл ажиллагаа хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас П.С-г шалгуулах талаар гомдол гаргаж байсан. Харамсалтай нь прокурорын зүгээс эд хөрөнгийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байгаагүй, П.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхад шалгалгүй орхигдуулсан нь энэ нөхцөл байдал үүсэх болсонтой холбоотой. Б.Б нь П.С-т 13.850.000 төгрөг, хохирогч байсан Ш.Ш-д 17.000.000 төгрөг, одоогийн хохирогч Ц.Б-д 43.651.750 төгрөгийг төлбөр авагчийнх нь өмнөөс шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулах болон өөрт нь өгөх хэлбэрээр шилжүүлсэн. Залилах гэмт хэргийн шинжид заасан материаллаг хохирол нь анхан шатны шүүх дүгнэлт хийх үед учраагүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжээгүй байсан. Анхан шатны шүүхээс хохирлыг бодитой дүгнээгүй гэж үзэж байгаа. Иймд Б.Б-н үйлдэл гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.С-с 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэргийн шүүхээр төлбөрийг бүрэн барагдуулсан гэсэн бичиг ирсэн. Би өчигдөр энэ баримтыг аваад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл мэдээллийн төвд очиход өмчлөл нь Ц.Б дээр байна, зөвхөн барьцаалбарын асуудал байна. Үүнийг нотариатаар батлуулаад Ц.Б-д өгчихвөл дүүргийнхээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн төв дээр очоод өөрийн нэр дээр бүрэн шилжүүлэх боломжтой гэсэн. Үүнийг баталгаажуулаад өгөөч маргааш шүүх хуралдаанд хэлэлцүүлнэ гэхэд “та гуравдагч этгээд учир танд баталгаажуулж өгөх боломжгүй” гэж тайлбарласан. ...” гэв.
Хохирогч Ц.Б-ы өмгөөлөгч Д.Цэрэнханд бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь Б.Б-г шунахайн сэдэлтээр санаатай гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Б.Б-д хохиролд 50.521.750 төгрөг төлсөн гэх боловч хохирогчид 19 сая төгрөгийг хэд хувааж өгсөн байдаг ба тэрнээс өөрсдийнх нь хэлээд бичээд байгаа шиг 50 сая гаруй төгрөгийг өгөөгүй байдаг юм.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад үнэлсэнгүй, Б.Б-г огт гэмт хэрэг хийгээгүй улмаар Ц.Ш-д өгсөн 17.000.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхгүй саатуулан барьсаар тухайн орон сууц 2022 оны 01 дүгээр сард дуудлага худалдаагаар зарагдсан байна гэсэн байна.
Бодит байдал дээр Ц.Ш-д уг мөнгийг өөрсдийнх нь бичээд байгаа шүүхийн байр дотор өгсөн зүйл байхгүй байхад худлаа зүйл санаанаасаа зохиогоод бичээд байгааг ойлгохгүй байна.
Хэрэв үнэхээр эд нарын бичээд байгаа шиг зүйл болсон юм бол хохирогч Ц.Б-ы байр дуудлага худалдаагаар зарагдаж өмчлөх эрх зөрчигдөхгүй байсан бөгөөд мөн шүүх Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх юм. Тиймээс л худал бөгөөд нотлогдохгүй байна гэдэг нь нотлогдож байна.
Мөн өмгөөлөгч С.Чинзоригийн гомдолд “Б.Б-н төрсөн дүү Б.М нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 13 сая төгрөг төлсөн байхад 2 дахь дуудлага худалдаанд орж бусдад зарагдсан нь хохирогч Ц.Б нь зориуд өөрийн байраа заруулсан байна. Энэ нь хардахад хүргэж байна” гэсэн нь хүнийг илтэд гүтгэсэн байна гэж үзэхээр байна. Учир нь, амьдрал дээр өөрийн үнэ цэнэтэй байраа зах зээлийн үнээс хамгийн доод үнээр л гэхэд 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй байраа зориудаар хямд үнээр заруулах вэ, мөн хөхөө өвлийн хүйтэнд орох орон байргүй болохыг хэн хүсэх вэ дээ. Ингэж хүнийг худлаа гүтгээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 22-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон төдийгүй 2022 оны 6 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон.
Иймд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиход надад дуудлага худалдаа болоод зарагдаагүй мэтээр баримт гаргаж өгсөн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 39.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон учир Н-д хүлээлгэн өгөхийг мэдэгдье гэсэн бичиг надад өгчихсөн байсан. Үүний дагуу Н ирээд нялх хүүхэдтэй айлыг хөөж гаргаад суллаж авсан. Дараа нь худалдан авсан хүн нь эхнэртэйгээ ирж манай байрыг хүлээж авсан. Ийм байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулаагүй, цуцалсан мэтээр баримт гаргаж өгсөн нь будилаантай ажиллагаа явагдсан гэдэг нь харагдаж байна. Протокол шиг нэг юм байсан тэрийг нэхээд байхад надад өгөөгүй. Тэр дээр миний нэр байсан. Би иргэний хэргийн хариуцагч биш учир миний нэрийг оруулсандаа надад өгөөгүй гэж үзэж байна. Мөн Ц.Ш-гийн 15.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол гарах үед Ц.Ш хохирогч байсан бөгөөд хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч, орж ирэхдээ 15.000.000 төгрөгийг Ц.Ш-д өгөх гэтэл тэрээр авахгүй гээд байсныг шүүгч нь хэлж байж авхуулсныг яриад байх шиг байна. Тэрнээс өөр мөнгө Ц.Ш-д өгөөгүй. Тэгээд 1 жилийн хорих ял оноож 8.000.000 бил үү, 9.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж байсан санагдаж байна. Ц.Ш-аас болоод эд нар албаар орон байраа зарсан мэтээр яриад байгаа юм. Тэгтэл 6 хоногийн хугацаа өгөхөд 25.750.000 төгрөгийг төлсөн байгаа. Гэтэл Ц.Ш энэ хоёрын хооронд 10.000.000 төгрөгийн зөрүү гарч байна. Яагаад Ц.Ш-аас болоод өөрсдөө зарсан гээд байгаа юм бэ. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Хүн хүлээгээд авчихсан учир манай байрны түлхүүрийн голыг солино гэж байсан ч солиогүй байсан. Байрыг маань авсан залуу “Шийдвэр гүйцэтгэлийнхэн чинь заваараад надад байр хүлээлгэж өгөхгүй байна, гэрчилгээ өгөхгүй байна” гэж байсан. Байрны гэрчилгээ одоо хүртэл байхгүй, тэр залуу ч авч чадаагүй байсан. Ингэж шийдвэр гүйцэтгэл дээрээ олон удаа завааруулж байна. ...” гэв.
Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Б.Б Ц.Ш-гийн “дутуу баригдсан барилгад чинь Хонг Конгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилсны улмаас хохирогч Ц.Б-ы эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө түүний нэр дээр шилжээгүй, хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд байрны асуудлын талаар яригдсаар ирлээ. Давж заалдах гомдлуудад зөвхөн иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэгдсэн, хохирлын асуудал дурдагдсан байна. Бид энд эрүүгийн хэргийн талаар хэлэлцэж байгаа. Ц.Б байраа буцааж аваагүй, эрх зөрчигдсөн тухай бид шийдэх шаардлагатай гэж үзэж байна. П.С-с машин авахдаа хохирогчийн байрыг барьцаанд тавиулчихсан, хохирол одоо хүртэл төлөгдөөгүй байхад зөвхөн энэ хэрэгт хамааралгүй иргэний хэргийн талаар болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн, хийгдээгүй гэж ярих нь ямар ч утгагүй гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учир хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь “Дутуу баригдсан барилгад чинь Хонг Конгоос хөрөнгө оруулалт хийж өгнө, замын концессын гэрээ хийхэд Зам тээврийн яамны сайдын гарын үсэг дутуу, 35 сая төгрөг хэрэгтэй байна, барьцаанд тавих эд зүйл байна уу” гэж Ц.Ш-гаар дамжуулан түүний эгч, хохирогч Ц.Б-ы өмчлөл дэх Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Ш-д олгосон итгэмжлэлээр иргэн П.С-с худалдаж авсан автомашины 32,5 сая төгрөгийн төлбөрт барьцаалж, улмаар уг автомашинаа өөр Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 25.0 сая төгрөг зээлж авсан нэрээр өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан байх бөгөөд бусдын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хохироож, их хэмжээний буюу 76.808.625 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Хохирогч Ц.Б-ы: “...2015 оны 9 дүгээр сарын 01-ний үед манай дүү Ц.Ш надад “Манай компанийн барьж байгаа барилгад манай нэг найз Хонг-Конг улсаас хөрөнгө оруулалт оруулж өгье, урьдчилаад 35 сая төгрөг шаардлагатай байна” гэж хэлсэн. Тухайн үед Ц.Ш бид хоёр барьж байгаа барилгаа бүрэн барьж дуусгах зорилготой байсан бөгөөд урьдчилгаа мөнгө өгөхөд бэлэн байгаагүй. Ц.Ш надаас “Та өөрийн орон сууцыг барьцаалаад өгчих үү” гэхэд нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... давхрын амины орон сууцыг барьцаанд тавиулах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нотариатын газарт очиж, Ц.Ш-д уг орон сууцны захиран зарцуулах эрхийг шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа Б.Б буюу Ц.Ш-д хөрөнгө оруулалт олж өгөхөөр тохирсон гэх найз нь Модны-2 орчимд нотариатын газар дуудсан. Тухайн газар Б.Б-аас өөр үл таних залуу байсан бөгөөд Б.Б энд нэг зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд миний Ц.Ш-д итгэмжлэн өгсөн орон сууцыг барьцаалсан зээлийн гэрээн дээр Ц.Ш-гаар гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш барилгад хөрөнгө оруулсан юм байхгүй. Миний байрыг П.С гэх хүнд зээлийн барьцаанд өгч, улмаар П.С нь миний орон сууцыг иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэлийн хэрэг нээлгэж, дуудлага худалдаагаар хэд хэдэн удаа оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр миний байр хураагдсан байдалтай байна. ...” /3хх 40-41/,
гэрч Ц.Ш-гийн: “...2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Б.Б манай ажил болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хажууд баригдаж байсан барилга дээр ирээд уулзсан. Тэр үедээ У гэх нэртэй Өвөр Монгол залуу, мөн найз гэх залуугийн хамт гурвуулаа ирээд “Бид гурав 10 сая долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих концессын гэрээг зам тээврийн яамтай хийж байгаа, ерөнхийдөө гэрээ хэлэлцээр дууссан, одоо Зам тээврийн яамнаас бичиг гарахыг хүлээж байгаа, тэр бичиг гарчих юм бол 15-20 хоногийн дараа урьдчилгаа 3 сая долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Хэрэв тэр мөнгө ороод ирэх юм бол чамд ашигтай хөрөнгө оруулчихаар юм байна уу” гэхээр нь би өөрийн “21 дүгээр хороололд дутуу баригдсан 115 айлын орон сууцны барилга байгаа, тэрэнд 1 тэрбумын хөрөнгө оруулалт хийх боломжтой. Баригдаад дуусчихвал ашигаа хувааж болно” гэж хэлсэн. ...2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б залгаад “Мөнгө байна уу” гэж асуухаар нь “бэлэн мөнгө байхгүй” гэж хэлэхэд “Барьцаанд тавих эд зүйл байгаа юу, 7 хоногийн дараа аваад өгнө” гэхээр нь “Барьцаанд тавих эд зүйл байлгаж болно” гэж хэлсэн. ...уулзаад Б.Б “Замын Концессын гэрээ хийхэд Зам тээврийн яамны сайдын гарын үсэг дутуу байгаа, бид нарт ойрдоо хэдэн төгрөгийн зардал гарах юм шиг байна, 35 сая төгрөг хэрэгтэй байна. Би С гээд дүүгээсээ мөнгө зээлэхээр боллоо гэтэл С “зээлж байгаа мөнгөнийхөө оронд барьцаа гаргаад өгчих” гэж байна, чамд барьцаанд тавих юу байна” гэхээр нь би “Надад барьцаанд тавих юм байхгүй, манай төрсөн эгч Ц.Б-ы амьдарч байгаа Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод байрлах 64 м.кв, 2 өрөө байрны гэрчилгээг эгчтэйгээ ярьж байгаад барьцаанд тавьж өгье” гэж хэлсэн. Тэр өдрийнхөө орой эгч Ц.Б-тай уулзаад “Миний дутуу баригдаж байгаа барилга дээр хөрөнгө оруулалт хийх хүмүүс байна. Тэрэнд мөнгө хэрэгтэй байна. Та надад байрныхаа гэрчилгээг итгэмжлэл хийгээд өгчих” гэж хэлэхэд эгч надад туслах санаатай зөвшөөрсөн. ...Эгчээсээ байрных нь гэрчилгээг өөрийн нэр дээр итгэмжлэл хийж аваад л П.С гэх залууд барьцаанд тавьж мөнгө зээлж байгаа гэх гэрээн дээр гарын үсэг зурсан. П.С-с машин авсныг нь мэдээгүй. Тухайн үед Б.Б машин авах талаар огт яриагүй, мөнгө л хэрэгтэй байна гэж байсан. ...” /1хх 21-23/,
гэрч П.С-н: “...Би 2015 оны 9 дүгээр сарын эхээр “Toyota Prado-120” загварын орж ирсэн улсын дугаар аваагүй машиныг зарахаар болоод “Үнэгүй.мн” сайтад зар тавьсны дараа над руу Т, Б.Б гэх 2 хүн хамт “Да Хүрээ” зах дээр ирж үзээд 37.5 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэхдээ “Мөнгийг 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд 32.5 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө, гэхдээ барьцаанд нь 1 байр тавина” гэж хэлсэн. 14 хоногийн дотор мөнгөө хэрхэн өгөх талаар асуухад Б.Б болон Т нар нь “Урдаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, гааль дээр бэлэн төмөр ирчихсэн байгаа. Энэ авч байгаа машиныг Өвөр Монгол залууд арматур төмрийнхөө тооцоонд өгөөд явуулаад арматур төмөр орж ирээд мөнгөтэй болчихно” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би машинаа тухайн 2 залууд зарахаар болоод Модны 2-ын ойролцоо нотариат дээр дуудаж уулзсан. Намайг очиход Т, Б.Б нар ирчихсэн байсан ба “Байрын гэрчилгээ авч ирэх хүн ирээгүй байна” гээд бид нар гадаа хүлээж байхад Ц.Б болон Ц.Ш нар ирсэн. Ингээд би өөрийнхөө машиныг Ц.Ш-д зараад 32.5 сая төгрөг дээр нь Ц.Ш-гийн эгчийн байрыг надад барьцаанд тавьж байгаа мэтээр гэрээ хийсэн. Гэтэл нотариатч эмэгтэй тэр гэрээг үзээд “Та нар машиныхаа мөнгийг өгч дуусаж байж байрны гэрчилгээгээ буцааж аваад, машины гэрчилгээ Ц.Ш-гийн нэр дээр шилжинэ” гэж хэлсэн. Тэр үед Б.Б “Машины гэрчилгээг одоо шилжүүлж авмаар байна. Тэртээ тэргүй 32.5 сая төгрөгт байрны гэрчилгээ тавьж байгаа юм чинь” гэхэд Ц.Ш болон түүний эгч Ц.Б нар зөвшөөрч байсан. Ингээд яаж машины гэрчилгээг тэд нарт тухайн өдөрт нь шилжүүлж болох боломжтой талаар ярилцаж байхад нотариатч эмэгтэй 32.5 сая төгрөгийг би Ц.Ш-д зээлж байгаа мэтээр зээлийн гэрээ хийж, эхний 1 сар хүүгүй, харин сарын дараа алданги тооцохоор гэрээ хийж барьцаанд нь тухайн байрны гэрчилгээг авсан. Тэр үед Ц.Б ажилтай гээд яваад өгсөн эхний хийсэн гэрээ болохгүй, дахин дуудаж надад зээлийн гэрээний барьцаанд байрны гэрчилгээг үлдээх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэхэд өөрийн дүү Ц.Ш-д итгэмжлэл хийсэн гэсэн байсан тул тухайн итгэмжлэлээр нь би зээлийн гэрээ хийсэн. ...” /1хх 27-28/,
гэрч Н.Б-ын: “...Манай ах Н.Б хувиараа барилгын арматур төмөр Хятадаас оруулж ирж, зарж борлуулж мөнгийг нь Хятадуудад буцааж өгч ашиг гаргаж авдаг ажил хийдэг байсан ба Б.Б манай ах дээр ирээд “Хятадаас арматур төмөр зээлээд өгөөч, яг цаг хугацаанд нь мөнгийг нь өгнө, би нэг барилгын компаниас байр авчихсан, тэр барилгын компанийн баригдаж байгаа барилга руу арматур төмөр өгөх гэсэн юм” гэж ахаас гуйсан. Манай ах Б.Б-д туслах зорилгоор “Хятадуудыг нь уулзуулж өгье, болох талаас нь ярьж өгье” гэж хэлсэн. ...Манай ах өөрийн арматур төмөр авдаг хүнтэй уулзуулахад тухайн Хятад нь зөвшөөрч цаг хугацааг нь тохироод арматур төмөр өгөхөөр болсон. Б.Б арматур төмрөө аваад барилгын компанидаа өгсөн боловч Хятадад өгөх мөнгөө тухайд нь өгч чадахгүйд хүрсэн. Хятадууд Б.Б-аас мөнгөө нэхэх үед Б.Б Ц.Ш гэх хүний байрыг барьцаалж, хүний зарах гэж байсан “Prado 120” загварын автомашиныг аваад тухайн машинаа ломбардад тавьж Хятадуудад өрөө дарсан. Ингээд Б.Б нь хүний байр барьцаанд тавьж машин авч, ломбардад тавиад мөнгийг нь арматур төмөр авсан Хятадад өгсөн. Ингээд буцааж машинаа авч чадахгүй байсаар байгаад машинаа алдсан, мөн барьцаанд тавьсан Ц.Ш-гийн байрыг авч өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн талаар ах надад хэлсэн. ...” /1хх 30/,
гэрч Н.Б-ын: “...Б.Б “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа байрнаас байр авсан” гэж хэлж байсан бэ тэр үедээ “Надад зээлээр авах арматур төмөр хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийн таньдаг Өвөр Монгол залуугаас арматур төмөр зээлээр авч өгсөн. Тэр арматур төмрийг Б.Б байрныхаа төлбөрт өгсөн байх. Гэхдээ Б.Б нь зээлээр авсан арматур төмрийнхөө мөнгийг хугацаанд нь төлж барагдуулсан. Харин түүнээс хойш дахиж арматур төмөр аваагүй. Надтай нэлээд хугацааны дараа уулзаад өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байрны бичиг баримтыг харуулаад “Энийг барьцаанд тавьж мөнгө болгох ломбард хэрэгтэй байна” гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “Би урдаас Хятадуудтай нийлж арматур их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа, надад мөнгөний хэрэг байна” гэхээр нь би хуваариа мөнгө зээлүүлдэг зүс таних хүнийг дуудаж уулзаад Б.Б-н барьцаанд тавих гэж байгаа байрыг үзүүлэхэд “Ийм хол байдаг байрны гэрчилгээг барьцаанд тавьж мөнгө зээлэхгүй” гээд яваад өгсөн. Энэ үед Б.Б надаас “Энэ байрны гэрчилгээг барьцаанд тавиад мөнгө зээлэх хэрэгтэй байна, урдаас Хятадууд намайг мөнгө олоодох гээд шахаад байна” гэхээр нь ямар гарц байгаа талаар яриад сууж байтал Б.Б “Энэ байрыг юунд ч хамаагүй тавиад мөнгө гаргах хэрэгтэй байна, тэгвэл урдаас арматур төмөр ороод ирнэ, удахгүй суллаад авчихна" гээд би зар дээрээс “Toyota Prado-120 загварын гаалийн бичигтэй автомашиныг зарна” гэсэн зарын дагуу П.С гэх залуутай утсаар холбогдож Б.Б-тай хамт очиж уулзаад Б.Б-н байдлыг хэлээд урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө өгөөд үлдсэн мөнгөнд нь байрны гэрчилгээ тавина, хугацаанд нь найдвартай үлдсэн мөнгөө өгөөд байрны гэрчилгээгээ авчихна” гэхэд П.С зөвшөөрсөн. ...Ингээд П.С гэх залуутай гэрээ хийхээр Б.Б, байрны эзэн Ц.Б гэх хүний дүү Ц.Ш нар нотариатын гадна үлдсэн. Тэр үед П.С намайг “Энд гэрээгээ хийчхэж байгаа юм чинь та очоод миний машиныг “Да Хүрээ” зах дээрээс аваад ирээч” гэж хэлэхээр нь би очиж машиныг нь унаж ирээд Б.Б-д өгсөн. ...П.С-с авсан машиныг Б.Б авч яваад, 2 хоногийн дараа над руу яриад”Энэ машиныг ломбардад үнэтэй тавиад өгөөч. Гадуур ломбардад 20 сая төгрөгөөс дээш авахгүй байна” гэж хэлэхээр нь би өөрөө машинаа тавиад мөнгө зээлдэг “Херо центр” төв дээр очиж, Б.Б-н авсан машиныг үзүүлээд 25 сая төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь Б.Б бэлнээр авсан. ...Би Б.Б-аас “Ц.Ш гэж ямар хүн юм бэ” гэхэд “Би арматур төмөр оруулж ирэхээр Ц.Ш надаас зээлж авч барилгаа босгож дуусгах гэж байгаа юм. Ийм учраас Ц.Ш надад энэ байрыг барьцаанд тавьж, урдаас арматур төмөр оруулж ирэх ажлаа зохицуул гэж байгаа юм" гэж хэлсэн. ...” /1хх 32-33/,
гэрч С.Х-ын: “...2015 оны 01 дүгээр сарын үед би өөрийн компанийн нэрээр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Р...” ХХК-ийн барьж байсан байрын ажилд арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийсэн ба энэ ажилд Б.Б хамт оролцохоор болсон. Би арматур төмөр нийлүүлээд хөлсөнд нь байр авахаар тохиролцож ярилцсан ба Б.Б надаас “Чи компанийнхаа гэрээнд миний нэрийг оруулаад өгөөч, би энэ баригдаж байгаа байрнаас байр авъя, чи угаасаа арматур төмөр нийлүүлэх учраас би бас өөр газрууд руу арматур төмөр нийлүүлэх ажил ярьсан байгаа, дундаас нь олсон ашгаараа байрныхаа мөнгийг төлөөд дуусгачихна, чамд чирэгдэл болохгүй” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд дээрх компанитай арматур төмөр нийлүүлэх гэрээндээ Б.Б-н нэрийг оролцуулж, барьж байгаа байрнаас нь 2 байр авахаар болсон. Ингээд гэрээнд заасны дагуу бүх арматур төмөр нийлүүлэх ажлыг хамт биелүүлэхээр болж гэрээний дагуу арматур төмрөө нийлүүлж эхэлсэн. Б.Б нь өөрийнхөө байранд нийт 32 сая төгрөгийн арматур төмөр нийлүүлсэн. Мөн миний байрны төлбөрт 9 тонн арматур төмөр нийлүүлсэн. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн компанийн байрнаас гарсан ба надтай хамт байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан. Би ганцаараа гэрээний үүргээ биелүүлж арматур төмрөө нийлүүлж өөрийн байрны үнийг төлж дуусгасан. ...” /1хх 35/,
гэрч У.З-гийн: “...2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б гэх хүн манай ажил дээр ирээд 2005 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаар аваагүй “Toyota Land Cruiser Prado” загварын автомашиныг барьцаалж, 25 сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлэхээр болж гэрээ байгуулж машиныг нь авч үлдэж мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан. Б.Б нь зээл авснаасаа хойш сарын хүү 1 сая төгрөг төлөх ёстой байсан ч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн нэг удаагийн зээлийн хүүг дутуу хийж түүнээс хойш хүү болон үндсэн зээлийн мөнгөө өгөхгүй удсан тул 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-г дуудаж уулзаад мөнгөө төлөхийг шаардахад мөнгөө төлж чадахгүй болсон, барьцаанд тавьсан машинаа хураалгахаар болж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд тухайн машиныг зарж хохирлоо барагдуулж Б.Б-тай холбоотой зээлийг хаасан. ...” /1хх 36-37/,
шүүгдэгч Б.Б болон иргэн Х.Х нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Toyota Land Cruiser Prado” загварын автомашиныг барьцаалсан болон зээлийн гэрээ /1хх 38-42/,
хохирогч Ц.Б-с 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... бүс, ...-...-... давхар тоотод байрлах 64 м.кв орон сууцыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөх, зээл бэлнээр авах, барьцаалбарт зурах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах, худалдах гэрээнд төлөөлөх, төлбөр тооцоо хийх бүрэн эрхийг Ц.Ш-д олгосон итгэмжлэлийн хуулбар /1хх 76/,
П.С-н нэхэмжлэлтэй, Ц.Ш-д холбогдох иргэний хэрэг дэх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэр, П.С-н гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, зээлийн гэрээ /1хх 86-88, 103-107/,
“Р...” ХХК, “Ш...” ХХК-ийн хооронд байгуулсан Арматур худалдах, худалдан авах, орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /1хх 115-121/,
Гаалийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03-2/843 дугаартай “...иргэн Б.Б-н нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн мэдээлэл бүртгэгдээгүй..." гэх албан бичиг /1хх 238/,
хохирогч Ц.Б-ы өмчлөлд байсан орон сууцны үнэлгээг 76.808.625 төгрөгөөр тогтоосон “Д” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /2хх 62-72/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2хх 155/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг “их хэмжээний хохирол”-д хамааруулахаар заасан.
Шүүгдэгч Б.Б нь хурдан хугацаанд бэлэн мөнгөтэй болох зорилгоор иргэн П.С-с “Toyota Prado-120” загварын автомашиныг худалдан авсан 32,5 сая төгрөгийн тооцоонд хохирогч Ц.Б-ы өөрийн дүү Ц.Ш-д олгосон итгэмжлэлийг ашиглан зээлийн барьцааны үүрэг хүлээсэн мэтээр баримт бүрдүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Ц.Б-ы өмчлөх эрхэд хууль бусаар хохирол учруулан харин П.С-с худалдаж авсан автомашиныг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээлсэн 25,0 сая төгрөгийг өөртөө авч ашигласан байх бөгөөд бодит байдал дээр тэрээр бараа, материал, эд зүйл Монгол Улс руу оруулж ирэхээр гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт хийсэн, концессын гэрээ байгуулсан зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Ийнхүү хохирогч Ц.Б-ы өмчлөлийн орон сууцыг “Хөрөнгө оруулалт хийнэ” гэж түүний дүү Ц.Ш-гаар дамжуулан П.С-с машин худалдан авч, уг машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж авсан мөнгөө хохирогчид хэлж, итгүүлснээс өөр зүйлд зарцуулан, ашиглан шамшигдуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ы эд хөрөнгө өмчлөх, өөрийн өмчлөл дэх эд хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрх зөрчигдөж, 76.808.625 төгрөгийн хохирол учирсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 57.808.625 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б-с анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “Үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр буцаан авсан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 57.808.625 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх” талаар тайлбарласныг магадлалд дурдах нь зүйтэй.
Тухайн орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдсөн, энэ тухай бүртгэл улсын бүртгэлд өөрчлөн бүртгэгдсэн, хохирогч Ц.Б-ы өмчлөлд тухайн орон сууц бүрэн шилжсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно. Түүнчлэн, хугацаатай хорих ялыг эдлүүлэхдээ нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхдээ мөн адил эдгээр нөхцөл байдлыг харгалзахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Б.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б-г 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 146 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь зөв болжээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар, С.Чинзориг нарын “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/515 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Б-д урьд тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШТ/95 дугаартай тогтоолоор авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ялыг энэ өдрөөс үргэлжлүүлэн эдлүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ