| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0161/э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 160
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Н.Эрдэмбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагч Б.Ст яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000830100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн 28 настай эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцэг нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
Сүхбаатар аймгийн Сумдын дундын шүүхийн2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял,
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж уг оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, Б.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 1009 тоотод оршин суух иргэн С.Агийн хувийн орон сууцанд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эрэгтэй хүний монетон бөгж үнэртэй ус зэргийг хулгайлж нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг иргэн Г.Эын хувийн орон сууцанд нэвтэрч, нууцаар хууль бусаар эмэгтэй хүний монетон гинж, бэлэн 125.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, иргэн Т.Гийн гэрт нэвтэрч, нууцаар хууль бусаар 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: би хамгийн анх зүүн дэнжид орой явж байгаад эзэнгүй айл байхаар нь хойд талынх нь цонхоор ороод бурхны өмнөөс нь 125000 төгрөг, гал тогооны өрөөнд байсан цэнхэр савнаас монетон гинж аваад гарсан. Маргааш нь хүргэн ах Сыг гуйгаад монетон бөгжөө 225000 төгрөгөөр заруулсан. Мөнгөөрөө утас авсан. Маргааш нь зүүн дэнжийн 1900 тоот хашаанд байсан айл руу ороод эрэгтэй эмэгтэй хоёр бөгж байхаар нь эрэгтэй бөгжийг нь нэг үнэртэй устай авсан. 3-4 хоногийн дараа ах Сыг төвд явж байхаар нь энэ бөгжийг ломбарданд тавиад өг манай найзынх юм гэж хэлсэн. Бөгжийг 170.000 төгрөгөөр тавиад надад 500000 төгрөг өгсөн. 50000 төгрөгөөрөө гэртээ ойр зуурын юм авсан. Дараа нь Хайлаастын гудамжинд явж байгаад эзэнгүй айл байхаар нь тооноор нь ороод хоёр мөнгөн аяга авсан. Нэг нь хээтэй, нэг нь хээгүй байсан. Мөнгөн аягыг гэрийнхээ гадаа нуучихаад маргааш нь хот руу машин явдаг зогсоол дээр танихгүй хүнд нэг аягыг нь 30000 төгрөгөөр нийт 60000 төгрөгөөр өгсөн. Би хохирогчдоо би мөнгөн аяганы үнэлгээгээр 250.000 төгрөг бэлнээр өгсөн гэв.
Яллагдагч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өдрийг нь санахгүй байна. 2017 оны 09 сард Дэнжид орой 20 цагийн үед явж байгаад зүүн талаасаа 2 дахь хашаанд байх байшин гэрэлгүй болохоор эзэнгүй байна гэж бодоод байшингийнх нь баруун талын цонхыг төмрөөр хөшиж онгойлгож ороод цонхны хажууд байсан шкафнаас эрэгтэй эмэгтэй 2 ширхэг монетон бөгж байхаар нь эрэгтэй бөгжийг нь авсан. Мөн үнэртэй ус байхаар нь аваад гарсан. Тэгээд үнэртэй усыг замдаа хаячихаад шууд гэртээ харьсан. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа хүргэн Стай төвд таараад хулгайлсан бөгжөө найзынхаа бөгжийг ломбарданд тавих гэсэн бичиг баримтгүй байна гээд та ороод тавьчих гээд оруулсан. Тэгээд С нь надад 50000 төгрөг өгсөн тэгээд гадуур явж байгаад мөнгөө үрж дуусгачихаад гэртээ хариад амарсан. С ах хэдэн төгрөгт тавьсанг мэдэхгүй байна. Би С ахад хулгай хийсэн талаар мэдэгдээгүй. Би хохирлоо барагдуулаагүй. Бөгжний хохирлыг барагдуулна гэсэн бодолтой байна. ...Би С ахад бөгж өгч ломбардад тавьсан өдрөө 50000 төгрөгөөр гар утас авч үрчихээд орой 20 цагийн үед Дэнжийн байранд явж байгаад гэрэлгүй байшин байхаар нь арын жижиг вакум цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгож дотогш орж бурхан дээр зурагны урд байсан мөнгийг аваад хоолны шкафан дээр байсан цэнхэр өнгийн бөгжний савыг онгойлгоод дотор нь монетон гинж байхаар нь аваад гарсан. Тэгээд гадаа гараад мөнгөө тоолоод үзэхэд 85000 төгрөг байсан. Мөн гинж нь дундаа тасраад гагнаж байсан оромтой байсан. Тэгээд маргааш нь гэртээ байж байгаад С ахыг хамт төв орчихоод ирье гэж хэлээд дагуулаад гарсан. Замдаа явж байгаад энэ монетон гинжийг ломбарданд тавиад өгчих манай найз мөнгөний хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ломбарданд 220.000 төгрөгөөр тавиад надад 50.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь С өөрөө хэрэглэсэн. Би хохирлоо барагдуулаагүй. Монетон гинжний хохирлыг барагдуулна гэсэн бодолтой байна.Би 2017 оны 07 сарын 10-ны үед аймагт байдаг гэртээ байж байгаад 21 цагийн үед гэрээсээ гараад Хайлаастын гудамжаар явж байгаад хойноосоо ордог хаалгатай хашаанд гэртээ айл гэрэлгүй байхаар нь тооноор нь орж гэрийн баруун хойд талаас 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга аваад буцаад тооноор нь гарсан. Тэгээд гэртээ харьж амарчихаад маргааш нь зогсоолоор явж байгаад хотын Стана машинтай хүнд 1-ийг нь 30000 төгрөгөөр бодоод нийт 60000 төгрөгөөр зарсан. Хотын хүмүүст зардаг нь аймгийн хүмүүст зарчихвал дараа нь баригдах байх гэж бодсон. Уг хүмүүсийг би одоо танихгүй. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ өөрөө мэдүүлж байна. Би хохирлоо барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26,47, 77 х/
- Хохирогч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Дэнжийн 1009 тоотод байдаг байшиндаа засвар өдөртөө хийгээд оройдоо орхиод явдаг юм. 2017 оны 09 сарын 13-ны орой байшингаа цоожилж яваад 09 сарын 14-ний өглөө ирсэн чинь баруун талын жижиг цонх онгорхой хувцасны шкафны цоожыг нь эвдсэн дотор нь байсан хайрцагтай эрэгтэй хүний монетэн бөгж алга болсон, мөн шүүгээнд байсан үнэртэй ус алга болсон байна. Тэгээд хувцасны шкафны цоожоо засуулаад цонхоо хаачихаад цагдаад дуудлага өгсөн юм. Би алдсан эд зүйлээ хулгайлсан хүнээс нь нэхэмжилж байна. Бөгжөө 500.000 төгрөгөөр үнэлнэ. Үнэртэй усаа үнэлж мэдэхгүй байна. Намайг хохиролгүй болгочихвол гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р х /
- Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Баруун-Урт сумын 5 дугаар баг хашаанд байшинд амьдардаг юм. 2017 оны 09 сарын 18-нд орой гэртээ очоод жижиг өрөөрүүгээ оролгүй том өрөөндөө унтаад өгсөн. Тэгээд 09 сарын 19-ний өглөө хойшоо харсан цонхтой жижиг өрөөнд байгаа үлээсэн шаар хөдлөөд байхаар нь салхи сийгээд байгаа юм байхдаа хаагуураа салхи ороод байна гээд ортол цонх нээлттэй байхаар нь тухайн үедээ эд зүйлээ бүртгэсэн чинь юм алдагдаагүй юм шиг харагдахаар нь хүн онгойлгох гээд үзсэн юм байлгүй гээд орхисон. Тэгээд үдийн хойно гинжээ үзсэн чинь байхгүй байсан. Мөн бурханы урд байсан задгай мөнгийг орхиод бүхэл 125.000 төгрөгийг аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би гинжээ 2009 онд 300.000 төгрөгөөр авч байсан. Тэрнээс хойш зүүж байгаад нэг тасалчихаад буцаагаад гагнуулж байсан. Уг гинжийг бараг зүүдэггүй цэнхэр өнгийн хайрцагт байж байдаг байсан. Би гинжээ 300.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 425.000 төгрөгийн хохирол учраад байна. Уг хүнээс эд зүйлийнхээ мөнгийг гаргуулж авмаар байна. Хамгийн гол миний аав ээжийн бурхан тахилыг хөндсөнд гомдолтой байна” гэх мэдүүлэг / хх-ийн 40-р хуудас /
- Хохирогч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 сарын 10-ны өдөр Хайлаастын 1700 тоотод байдаг гэрээ цоожлоод гэр бүлийн хамт Хэнтий аймаг яваад 2017 оны 07 сарын 13-ны шөнө ирээд гэрээ онгойлгоод орсон чинь тоононы тор доошоо унжсан байхаар хүн орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгээд үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дунд гарын сүүлийн үеийн 1 нь хээтэй нэг нь хээгүй мөнгө аяга байсан. Хээгүй мөнгө аяганы ёроол хэсэг бага зэрэг цохигдсон байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Би алдагдсан 2 аягаа 2016 оны 07 сард авч байсан. тухайн үед нэгийг нь 120.000 төгрөгөөр авч байсан. Одоо бол нэг аягаа зах зээлийн ханшаар үнэлнэ гэж бодож байна. Манай 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан хүнийг цагдаагийн байгууллага олж өгсөн. Миний эд зүйлийг хулгайлсан С гэх залуу нь миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас /
- Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 сарын дундуур төвд ганцаараа явж байхад манай эхнэрийн дүү С надад нэг монетон бөгж байгаа юм. Ломбарданд тавих гэсэн бичиг баримт байхгүй байна та тавиад өг гэсэн тэгээд Жанжинтулга төвийн худалдааны төвийн 2 давхарт байдаг “Х” ломбарданд орсон чинь Ху /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх хүн сууж байсан ба эзэн нь Оросруу явсан оронд нь сууж байгаа гэж байсан. Тэгээд 14 хоногоор 190.000 төгрөгөөр тавиад 50.000 төгрөгийг надад өгсөн. Сүхбаатар надад хэлэхдээ манай найз энийг тавьчихаад ир гэсэн юм. Тэгээд тавих гэсэн чинь бичиг баримтгүй болчихоод байна гэж байсан. Тэгээд 14 хоногийн дараа авч чадахгүй байсан болохоор Ху гэх хүндээ анх авсан 190.000 төгрөг дээрээ 35.000 төгрөг авчихсан. Ер нь бол нийтдээ 225.000 төгрөгөөр зарчихсан юм. Анх ломбардны бичиг өгөөд сүүлд буцааж авч чадахгүй болсон чинь хураагаад авчихсан. Би Сүхбаатарыг урьд нь хулгай хийдэг байсан болохоор хүний юм авчихсан юм болов уу гээд сайн асуусан чинь үгүй найзын бөгж гээд байсан. Надад өгсөн бөгж нь эрэгтэй хүний шигтгээтэй бөгж байсан. Саяхан С нь уг бөгжийг айлаас хулгайлсан гэдгийг мэдсэн. ... С нь надад бөгж авч ирж өгч ломбарданд тавиулснаас хойш 10-аад хоногийн дараа гэрт байж байхад хамт төв ороодохье гээд байхаар нь цуг явж байсан чинь манай найзын нэг гинж байгаа юм та зараад өг гэсэн. Тэгэхээр нь хулгай хийчихсэн юм бишүү гэсэн чинь үгүй гээд байсан. Тэгэхээр нь чи өөрөө тавьчихаач гэсэн чинь бичиг баримтгүй байна та зараад өгчихвөл санаанд ороогүй зөвшөөрсөн. Тэгээд дахин Жанжинтулгын 2 давхарт байдаг ломбарданд очоод Ху гэдэг хүнтэй уулзаад ломбарданд тавих гэсэн чинь буцааж авах юм уу гэж асуухаар нь үгүй гэсэн чинь 270.000 төгрөгт зарчихсан. Уг гинж нь хэлхээтэй дундын хэмжээтэй нэг газраа хуучин гагнаж байсан оромтой байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 16-р хуудас /
- Гэрч А.Хугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х нэртэй ломбардыг 2017 оны 09 сарын 17-ноос 21-ний хооронд эзэн нь байхгүй хойгуур ажиллуулж байсан юм. Тэр үед 3 хүн орж ирээд монетон бөгж 7 хоногийн хугацаатай тавиад маргааш нь эргэж ирээд мөнгөний хэрэг гарлаа зарчихъя хэдээр авах вэ гэхээр нь граммыг нь 40.000 төгрөгөөр бодоод 6 гаран грамм болоод 270.000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд буцаад орж ирэхдээ таслаад гагначихсан гинж барьж орж ирээд гэртээ юм авах гэсэн юм авчих гэхээр нь 220.000 төгрөгөөр грамлаад авсан. Уг залуу нь миний өөрийн эд зүйл гэж байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг сая л мэдлээ. Би эд зүйл хүмүүсээс авдаг болохоор аль нь хулгайнх аль нь өөрийнх нь эд зүйл гэдгийг мэдэхгүй байна. Би авсан эд зүйлээ хотруу явуулаад зарчихдаг юм. Одоо уг эд зүйлс байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 6-12 х/
- Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 26 х/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 35-38 х/
- Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 51 х /
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 64-66 х /
- Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 79 х /
- Баруун-Урт сумын 4 дүгээр сарын Засаг даргын 2017.10.16-ны өдрийн 4/1190 дугаартай тодорхойлолт /хх-ийн 84 х /
- Б.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 85 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 1009 тоотод оршин суух иргэн С.Агийн хувийн орон сууцанд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эрэгтэй хүний монетон бөгж үнэртэй ус зэргийг хулгайлж нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Мандахын 419 тоотод оршин суух иргэн Г.Эын хувийн орон сууцанд нэвтэрч, нууцаар хууль бусаар эмэгтэй хүний монетон гинж, бэлэн 125.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1700 тоотод оршин суух иргэн Т.Гийн гэрийн тооноор нэвтэрч, нууцаар хууль бусаар 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Сын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Э, С.А, Га нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Сын өөрийнх нь хууль бусаар орсон хашаа, байшин, гэрийг зааж буй гэрэл зургийн үзүүлэлтүүд, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Сүхбаатарын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал: Тэр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг, мөн өөрийн үйлдлийг хууль бус гэдгээ ухамсарлаж мэдсээр атлаа, эд зүйл авах шунахайн сэдэлтэй, санаатайгаар орон байрны цонхыг төмөрөөр хөших, гэрийн тооноор орох зэргээр нууцаар нэвтэрч, эд зүйл, мөнгийг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Сүхбаатарыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуульд заасан ялыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Сүхбаатарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч С.Ад учирсан хохирол 500000 төгрөг, Энхжаргалд учирсан хохирол 375000 төгргийг шүүгдэгч Сүхбаатараас тус тус гаргуулах,харин Гат учирсан хохирол 280000 төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч Сүхбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Га нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан Б.Ст 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Сүхбаатарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан ялтан Б. Саас 500000 төгрөг гаргуулж Баруун-урт сумын 5-р баг Дэнжийн 10-09 тоотод оршин суух Содовын Адъяад, 375.000 төгрөгийг гаргуулж Баруун-урт сумын 5-р баг Мандах 419 тоотод оршин суух Гомбын Энхжаргалд тус тус олгосугай.
5. Хохирогч Гат учирсан хохирол 280.000 төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Га нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР