Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/1051

 

Б.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Булгантамир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.У-т холбогдох 2206 00000 0148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б-ын У, 2001 оны ... дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, гурван дүүгийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг, ..., .. дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны .. блок, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23:30 цагийн үед Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г...” дэлгүүрийн хойд талын зам дээр иргэн О.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Б.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Б-ын У-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар өмгөөлөгчийн санал ...дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тайлбарлах, хэрхэн няцааж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дараах тайлбар, нотлох баримтын талаарх дүгнэлтийг хийгээгүй байна. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11913 тоот хохирогч О.Б-ы биед хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт/хх 43/-д "...Зүүн нүдний дээд зовхинд тархмал, доод зовхины дотор булан хэсгээр тод хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний гадна булан хэсгээс зүүн хацар руу хагас ташуу үргэлжилсэн 4х0.2 см нимгэн хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралттай. Зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд хуучин үгүй буйл мөлгөр, зүүн дээд 2, баруун дээд 1 дүгээр шүдийг зорж нарийсгасан, хүзүү хэсгээр хөндлөн хугарсан, ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний зорж нарийсгасан. /Үүдэн 4 шүд гүүрэлсэн шүдэлбэртэй байсан гэнэ./ ...О.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зүүн үүдэн 2, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо..." гэж,

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хүснэгтийн 52 дахь хэсэгт байнгын шүд ...2-3 шүд ...Тайлбар: Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ. Бэхлэлтгүйн улмаас гурав, дөрвөн чигт ганхсан сондгой шүд булгарах, хүзүүвчээ хүртэл цоорсон шүдний цогц эмтрэх, шүдний цөгц тал хугарсныг хэдэн ч шүд байсан шүд унасан гэж үзэхгүй....", 60 дугаар хэсэгт “...1-2 хувь хүртэлх талбайг хамарсан ...Тайлбар: Биеийн нийт гадаргуугийн 1 хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг ойлгоно. Хэрэв сорви үений үйл ажиллагааг алдагдуулсан бол энэ хэмжээсийг хэрэглэхгүй ба уг үений үйл ажиллагааны алдагдлаар гэмтлийн зэргийг тогтооно. Хэрэв арьс нөхөх зориулалтаар арьс авсан бол уг арьсны сорвийг оролцуулан сорвины талбайг тодорхойлно..." гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, шинжээч хохирогчид зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, 3 шүд булгарсан тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон гэж үзэхдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын дээрх зохицуулалтыг зөрчжээ. Тодруулбал, хохирогчид учирсан зулгарал, цус хуралтын хэмжээ нь хохирогчийн алгыг 1-2 дахин нэмэгдүүлсэн хэмжээний зулгаралт, цус хуралт байж хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 10 хувь хүрнэ гэж тооцсон байхад 4х0.2 см нь тус хэмжээнд хүрэхгүй юм. Мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хугарсан гэх шүдэлбэр нь гүүрэлсэн шүдэлбэр гэх ойлголт нь гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд буюу Bridge-ийг хийхийн тулд шүдгүй зайны хажуугийн шүднүүдийг өрөмдөж зороод зорсон шүднүүд дээрээ бүрээс хийсэн байх ойлголт юм. Тухайлбал, гэмтлийн зэрэг тогтоох журамд булгарсан гэх ойлголт нь байнгын шүд буюу хүний анатомийн бүтцээр ургасан ясан шүдийг ойлгох ба түүнийг хүзүүвч, углуургаараа, ганхсаны улмаар авахаас өөр зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд булгарах буюу хугарах гэх ойлголтыг бий болгоно. Тодруулбал, байнгын ясан шүд нь булгарсныг гэмтлийн зэрэгт тооцох ба хэрэв байнгын биш шүд хугарах, эсхүл шүдний цөгц эмтрэх, хугарах зэрэг нь шүдийг унасан, булгарсан гэж үзэхгүй талаар зохицуулсан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоолгох журам, бусад тайлбар зэргээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй байх талаар өмгөөлөгчийн дүгнэлт, саналыг няцаагаагүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох журмыг тайлбарлахад эргэлзээтэй нөхцөл үүссэнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх.

2. Мөн Б.У-н гэрчээр өгсөн мэдүүлэгт "...машины ар хэсэг рүү цохисон. Тэгэхээр би буугаад машинаа харах гэтэл тэнд байсан хүмүүс над руу дайраад, тэр дундаас 22 орчим насны эмэгтэй гартаа барьсан нэг зүйлээрээ миний баруун хөмсөгний дээд хэсэгт 3 удаа цохисон. ...50 орчим насны нүдний шилтэй эрэгтэй над руу дайрахаар нь би өөрөөсөө холдуулах гээд тэр хүний нүүр хэсэг рүү нь санамсаргүй. ...Манай найз Х, С.М нар бууж ирээд салгасан...” /хх 30-31/ гэж,

С.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Б.У машинаа хөдөлгөхөд машины арын буфер дарагч төмөр, арын далбааг араас цохисон. Хэн цохисон болохыг хараагүй. Б.У машинаас буусан. ...Б.У куртикнийхээ малгайг толгой дээгүүрээ нөмрөөд тонгойсон байдалтай тухайн хүмүүс цохиулж байсан. Тэгээд хохирогчийн охин гэх хүн гартаа гар утас шиг өргөн юм бариад Б.У-н толгойн тус газарт хэд хэдэн удаа цохисон. ..." /хх 33 / гэж,

П.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Яагаад сигналдаад байгаа юм гэж хэлээд  намайг машинаас заамдаж буулгаад зодсон гэж хэлсэн...” /хх 37/, Н.У-ы хохирогчоор өгсөн мэдүүлэгт "...манай охин аавыг цохичихлоо гээд хоёр удаа алгадсан гэж хэлсэн...” /хх 26/ гэсэн гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр хохирогч О.Б нь яллагдагчийг цохисон, эсхүл хамт явсан охин болон бусад этгээд цохисон зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Мөн шууд хохирогчийн зүүн нүдийг цохисон гэх нөхцөл эргэлзээтэйг харгалзан үзсэнгүй.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ...мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэм буруугүйн хэлбэрт тохирсон байна ...шударга ёсны зарчмыг удирдлага болголоо..." гэж дурджээ. Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан зарчмыг удирдлага болгохдоо Б.У-н хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг гарах болсон үйл баримт буюу хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан төлбөрийг бүрэн гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг үнэлээгүй, дүгнээгүй шийдвэрлэсэн. Тодруулбал, хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ олон нийтийн гудамж талбайд бусдын тээврийн хэрэгслийг цохих, замыг хаах, олуулаа нийлж зодож цохих зэргээр нийгмийн ёс суртахуунд харш үйлдэл гаргасан бөгөөд шүүгдэгч нь хүний биед халдаж болохгүй хэмжээ, хязгаарыг хэтрүүлэн хүний биед халдсан үйлдэл нь буруутай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд дүгнэлт хийгээгүй. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан. Б.У-н хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирол төлбөрийг чадлаараа барагдуулсан. Би энэ хавар “И” Их сургуулийн хууль зүйн ангийг төгссөн. Ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.У анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт үйлдсэн нөхцөл байдал, сэдэл, санаа зорилгоос харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.У хохирогчийн биед гэмтэл учруулахдаа хажууд нь байсан хохирогчийн эхнэр У-ы биед хөнгөн хохирол учруулсан боловч прокурорын зүгээс уг хохирлыг санаатай учруулаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 23:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Гэр бүл март” дэлгүүрийн хойд талын зам дээр иргэн О.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Б-ы: “...“Гэр бүл март”-ын хойд талын байр руу ордог автомашины зам дээр автомашин руугаа явах гэтэл 00-00УБЭ улсын дугаартай, хар өнгийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашин хойд талаас гарч ирээд сигналдаад, хажуу талаар гараад явсан. Тэгсэн чинь манай охин Б.У тэр автомашины хойд талаас цохисон чинь зогсоод, дотроос нь 20 орчим насны 3-4 залуучууд бууж ирсэн. Тэгээд 180 см орчим өндөртэй эрэгтэй манай охин руу дайраад, хэрэлдээд байхаар нь би охиноо өмөөрөөд “Та нар яах гээд байгаа юм” гээд очсон чинь өндөр, туранхай залуу гараараа зүүн нүд болон нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. ...Миний зүүн нүд тойрч хөхөрч, нүдний шил хагарч зүсэгдсэн, үүдэн дээд шүдний шаазангаар бүрсэн байсан хиймэл шүд унасан, хиймэл шүд тогтоож байсан эрүүл шүдний хэсэг хугарсан, толгой бага зэрэг өвдөж байгаа. ...” /хх 16-17/,

хохирогч Н.У-ы: “...Шаргал өнгийн куртиктэй эрэгтэй манай нөхрийн нүд болон нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиход манай нөхөр доошоо тонгойхоор нь би очиж татаад салгах гэж байхад тэр шаргал куртиктэй эрэгтэй цаашаа явах үедээ санамсаргүй миний зүүн нүд хэсэг рүү гараа саваад цохичих шиг болсон. ...” /хх 26-27/,

гэрч С.М-н: “...Машины урд зам голлоод 6-7 хүмүүс согтуу, зам дээр зогсож байсан. Тэгээд Б.У машин барьж байсан тул гэрлээрээ эхлээд дохиход холдохгүй байхаар нь сигнал дарсан чинь холдоогүй бөгөөд Б.У машинтайгаа тухайн хүмүүсийн цаагуур нь тойрч гарах гэж явж байхад тухайн хүмүүс “Сүртэй юм бэ” гэж орилоод цонх руу эмэгтэй хүн цагаан өнгийн нарийнхан зүйл шидсэн. Б.Х бид хоёр “Хөдөлье” гэж хэлээд Б.У машинаа хөдөлгөхөд машины арын буфер дарагч төмөр, арын далбааг араас цохисон. ...Тухайн охины аав нь миний шүд унасан гэж байсан. Би шүдийг нь хараагүй бөгөөд хэлтэс дээр ирээд харахад үүдэн 4 шүд хугараад унасан байсан. Тухайн ахын зүүн нүдний доор зүсэгдсэн байсан. ...” /хх 33/,

гэрч Б.У-ийн: “...Тухайн залуу нь манай аавын нүүр рүү нь үгийн зөрөөгүй 1 удаа гараараа цохиод, доошоо тонгойход нь өвдгөөрөө нүүр рүү нь өвдөглөсөн. Аавыг цохисны дараа би тухайн залуугийн шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Би “Настай хүний шүдийг нь, нүдийг нь сохолчихлоо шүү дээ, нүдний шил нь хагараад” гэхэд “Би төлчихнө” гэж хэлсэн. ...Ээж салгах үедээ тухайн залуугийн тохойнд нь цохиулсан гэж хэлсэн. ...” /хх 35/,

гэрч П.М-ийн: “...Тухайн дуудлага мэдээлэлд очиход 50 гаруй насны эрэгтэй хүн “Миний шүдийг хугалсан, намайг зодсон” гэж хэлсэн. Зодсон гэх хүн нь “Prius” машины жолооч гэх туранхай, өндөр, шар царайтай залуу байсан. Тухайн залуугаас юу болсон талаар нь асуухад “50 орчим насны эрэгтэй хүн олуулаа явж байсан. Би “Зам тавьж өг” гэхэд “Чи яагаад сигналддаг юм” гэж хэлээд намайг машинаас заамдаж буулгаад цохиж зодсон. Тэгэхээр нь би зөрүүлээд энэ хүнийг цохисон. Би нүүр рүү нь цохисон” гэж тухайн залуу хэлсэн. ...” /хх 37/,

гэрч Т.Э-ийн: “...О.Б-ы нүүр, ам нь цус болсон, нүдний шил нь хагарсан байсан. ...” /хх 39/,

гэрч Б.Х-ын: “...найз С.М, Б.У хоёр намайг машинтай 23 цаг өнгөрч байхад манай гэрээс ирж авахаар болоод би Б.У-н машин дээр алхаж ирэхэд “Г...”-ын арын зам дээр зогсож байсан. Би машинд суугаад бид 3 хөдлөх гэхэд машин зам дээр согтуу хүмүүс зогсож байсан. ...Тэгсэн чинь тухайн шүд нь унасан гэх ах “Аавын охин холдож бай, би өөрөө зодолдъё” гээд дайраад байсан. Би Б.У-г тухайн хүнийг зодож цохиж байхыг хараагүй. ...” /хх 121/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн: “...Зүүн нүдний цус хуралт, шүдний хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний гадна булан хэсгээс зүүн хацар руу үргэлжилсэн зулгаралт гэмтэл нь дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Хохирогч О.Б-ы биед үзлэг хийхэд зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд, хуучин үгүй буйл мөлгөр, зүүн дээд 2 дугаар шүд, баруун дээд 1 дүгээр шүдийг зорж нарийсгасан, хүзүү хэсгээр хөндлөн хугарсан, ирмэг хурц, баруун дээд үүдэн 2 дугаар шүдийг зорж, нарийсгасан байсан. 2 шүд нь хүзүүвч буюу буйлны түвшинд хугаралтай байсан ба ийм хугарлын булгарлаар авч үздэг. Зүүн дээд 2 дугаар болон баруун дээд 1 дүгээр шүдний булгарал нь тогтоогдсон байгаа. О.Б-ы гүүрэлсэн шүдэлбэрийг тогтоож байсан онгорхой буюу унасан шүдний хоёр талын зорж, нарийсгасан өөрийнх нь ясан шүд хугарсан гэсэн үг /байнгын шүд/. Тийм учраас цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулж байгаа юм. ...” /хх 124-125/,

хохирогч О.Б-ы эрүүл мэндэд зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, зүүн дээд үүдэн 2, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой, хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдуулах хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11913 дугаартай дүгнэлт /хх 43-44/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч О.Б-ы зүүн нүд, зүүн хацар, зүүн дээд болон баруун дээд шүдэнд тус тус гэмтэл учирч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Б.У-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Б.Булгантамираас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг тэнсэх, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь зам хааж зогссон, улмаар шүүгдэгч Б.У-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг цохисон зэрэг хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Б.У-ын хохирогч О.Б-ы халдашгүй байх эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, зодсон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, харин энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.У-т хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Учир нь, хэргийн 70 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан /хх 169/, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамираас гаргасан “Шүүгдэгч Б.У-г ялаас чөлөөлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1158 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Б-ын У-г чөлөөлсүгэй” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ