Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 123/2023/0027/З |
Дугаар | 123/ШШ2024/0011 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 123/ШШ2024/0011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ц.Алтанзул, нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан ЭБТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тусгай хэрэгцээнд аваагүй, хурдан морины зам гэдэг үндэслэлийг буруу гэж үзэж байгаа. Нэгэнт авагдаагүй учраас эрх зүйн хувьд нотолгоо байхгүй. Иймд тэр үндэслэлийг буруу гэдэг үүднээс хүчингүй болгуулах шийдвэртэй байна. Хурдан морины зам гэдэг нь энэ жилийн наадмаа хийх зам. Гэхдээ үүнийг сумын тусгай хэрэгцээнд авч, баталгаажуулаагүй. ... Дахиад сум дээр очихоор нь хуульд нийцүүлж, эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, дахиад тогтоол гаргана. Хурлын төлөөлөгч нартайгаа ярилцсан. Энэ асуудал намайг байх хугацаанд цаашдаа шийдэгдэхгүй нь ойлгомжтой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ЭБТТ ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх хуралдаанд хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Нямсүрэнгээс сумын ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцэн шийдвэрлэж гарсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолын үндэслэл хурдан морины уралдааны зам гэдэг санаа нь хууль эрх зүйн хувьд нотлох баримтгүй байгаа тул 12 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Шүүхээс хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Нямсүрэнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.
4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, ЭБТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБТТ ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН