Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00290

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00290

Б******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Х******* сум, Уньт багт оршин суух, И******* овогт *******ы ******* /РД:ГН*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00330/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд 1985-1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зууханд слесариар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б.*******гийн 1995-1996 онд Б******* аймгийн Уньт бага сургуульд шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай Б.******* нь Х******* сумын Уньт бага сургуульд 1985-1993, 1995 онд слесариар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Б.*******гийн нэрээр 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

- Б.*******гийн нэрээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,

-Уньт бага сургуулийн захирлын 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт /хэргийн 7-8-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.Б*******, В.Д нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесариар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Б.******* нь Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесариар ажиллаж байсан болох нь:

-Б.*******гийн 1995-1996 онд Б******* аймгийн Уньт бага сургуульд шимтгэл төлөлтийн лавлагаа,

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай Б.******* нь Х******* сумын Уньт бага сургуульд 1985-1993, 1995 онд слесариар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Б.*******гийн нэрээр 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нээсэн 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Уньт бага сургуулийн уурын зууханд слесариар ажилд авч ажиллуулав, 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Б.*******гийн нэрээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-гэрч С.Бат-Эрдэнийн: Намайг Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд ажилд ороход Б.******* нь уг байгууллагад ажиллаж байсан. Б.******* слесариар ажиллаж байсан. Намайг 1996 онд ажлаасаа гараад явахад Б.******* нь ажиллаад үлдсэн. Б.******* нь сургуулийн уурын зуухны засвар үйлчилгээ, дотуур байрны халаалтын шугамын засварыг хийдэг байсан. Бид хоёр хамт олон жил ажилласан. Б.******* нь тухайн үед галч нарыг хариуцан ажилладаг байсан. Бага сургуулийн уурын зууханд 3 галч, 1 слесарь ажилладаг байсан гэх мэдүүлэг,

-гэрч В.Дын: Намайг Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд ажилд ороход Б.******* нь уг байгууллагад ажиллаж байсан. Б.******* слесариар ажиллаж байсан. 1997 онд цомхотголоор ажлаасаа гарсан. Бага сургуульд захирал, 4 багш, 2 тогооч, 4 үйлчлэгч, 3 галч, 1 слесарь гэсэн бүтэцтэй ажиллаж байсан. Бага сургууль, дотуур байртайгаа уурын зуухаар халдаг байсан. 3 галч улирлын чанартай ажилладаг буюу 09 сараас дараа оны 06 сар хүртэл ажилладаг байсан. Тэгэхдээ слесарь буюу Б.******* байнга ажилладаг байсан. 3 галч нь зундаа амардаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Хэрэгт Уньт багийн бага сургуулийн захирлын 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт нотлох баримтаар авагдсан боловч нотариатаар баталгаажуулаагүй хуулбар хувь байх тул энэхүү баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт гэж үнэлээгүй болно.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И******* овогт *******ы ******* /РД:ГН*******/-г Б******* аймгийн Х******* сумын Уньт багийн бага сургуульд 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ