Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1078

 

                                 Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

яллагдагч Л.Б-ийн өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/2098 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Л.Б-д холбогдох 2206 00000 0059 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ийн Б, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Ховд аймгийн ... сум, ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод  оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 1 сар 03 хоногийн баривчлах ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1484 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 311 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 38 хоногийн хорих  ялаар сольж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байсан;

Л.Б нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 171 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгон, бусдад нийт 49.952.299 төгрөгийн хохирол учруулж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд яллагдагч Л.Б-ийн өгсөн: “...Би холбогдсон хэргээ хүлээж нийт 283 хүнээс мөнгө авсан гэдгээ мэдүүлсэн. Гэвч одоо прокурор нийт 171 хүнд холбогдох хэрэгт намайг яллаж байна. ...Иймд бусад хохирогч нарт холбогдох хэргийг шалгуулж хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг нь түүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх 25-38/ болон "Хаан банк дахь дансны хуулга /1хх 118-153/ зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд гэрчийн мэдүүлэгт дурдсан 283 иргэнд хохирол учруулсан гэх үйлдлийг нэг бүрчлэн шалгалгүй 171 иргэнд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн.../ болон мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна. Дээр дурдсан шалгаагүй орхигдсон ажиллагаа нь Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөр байх тул яллагдагч Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх бол” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 0059 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд Л.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн даруй яллагдагчаар татагдсан этгээд болох Л.Б-ээс анх гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийн дагуу түүний дансны хуулгыг гаргуулан авч хэрэгт хавсаргасан байдаг. Гэрчийн мэдүүлэгт мөн 283 хүн хохирсон талаар мэдээлэл өгч, уг мэдээллийн дагуу 283 иргэний мэдээллийг холбогдох банкнаас гаргуулан авч, утсаар холбогдож харьяа цагдаагийн байгууллага, эсхүл Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ирж гомдол гаргах талаар мэдэгдсэн боловч хохирсон гэх этгээдүүд өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, прокурорын байгууллагад дахин гомдол гаргаагүй нөхцөл байдалтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод “гэмт хэргийг шуурхай илрүүлэх...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэж заасны дагуу хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Л.Б-д холбогдох 2206 00000 0059 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2098 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Л.Б-ийн өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд 171 хэрэг гэж байгаа, гэтэл шүүгдэгч 12 дугаар сарын 28-аас эхлэн хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлт тавьсан. “...Би гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр бүгдийг нь хэлж мэдүүлсэн, хохирол мөнгөө бүгдийг нь төлж барагдуулна...” гэсэн. Энэ утгаараа 112 хэрэгт прокурор ямар нэгэн гомдол мэдүүлэг ирээгүй гэсэн. Хэргийн 1 дүгээр хавтасны 86, 91, 92, 95, 96, 98-101 дугаар талд хөдөө орон нутгаас тоот явуулан тэдгээрийн хариу ирсэн. Хохирлыг нөхөн төлж барагдуулах асуудалд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчид авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан. Үүнтэй уялдуулан шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу хамтран ажиллах талаар авч үзэн, шүүгдэгчийг гаргаж байж 112 иргэдийг олж тогтоох асуудал гарч байгаа юм. Прокурор хэлэхдээ зөвхөн дансны мэдээллээр олж тогтоох боломжгүй гэж байна. Тэгвэл шүүгдэгчийг гаргаж байж хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Л.Б-ийг “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 171 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгон, бусдад нийт 49.952.299 төгрөгийн хохирол учруулж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч         2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “Л.Б нь 283 иргэнд хохирол учруулсан гэх үйлдлийг нэг бүрчлэн шалгалгүй 171 иргэнд хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй” үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр дүгээр зүйлд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ялыг нэмж нэгтгэх журмыг хуульчилсан бөгөөд яллагдагч Л.Б-ийн холбогдсон гэмт хэргийг нэгтгэж, нэг мөр хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцнэ.

Яллагдагч Л.Б 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 283 иргэнийг залилсан талаараа мэдүүлсэн /1хх 25-38/ байх ба хэргийн 1 дүгээр хавтасны 82-101 дүгээр талд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт бусад аймаг, дүүргийн прокурорын газруудаас ирүүлсэн Л.Б-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх мэдээллийг ирүүлжээ.

Хэргийн 13 дугаар хавтасны 190, 192, 193 дугаар талуудад Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас яллагдагч Л.Б-ийн 50хххххххх дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн гэх иргэн н.Н, С.М, Т.С нартай утсаар холбогдоход “тус данс руу мөнгө шилжүүлсэн” гэсэн тэмдэглэлүүд авагдсан байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 119-153 дугаар талд яллагдагч Л.Б-ийн эзэмшлийн 50хххххххх дугаар дансны хуулга авагдсан байх бөгөөд түүний данс руу мөнгө шилжүүлж хохирсон гэх иргэдийн мэдээллийг дээрх байдлаар банк, санхүүгийн байгууллагаас гаргуулан авч гомдол, мэдээллийг шалгах, түүнчлэн, давж заалдах шатны шүүхэд оролцсон прокурорын дүгнэлтэд дурдсанчлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, цахим хуудсаар дамжуулан мэдээлэл түгээх зэрэг ажиллагааг явуулах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа хэргийг прокурорт хүргүүлтэл яллагдагч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/2098 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр, хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын асуудалд анхаарах нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/2098 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ