Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2024/00376

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2024/00376

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар баг, ******* дугаар гудамж, 235 тоотод оршин суух, Б******* овогт Д*******ы Л******* /рд:ГЗ*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00366/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* оролцов.

Нэхэмжлэгч Д.Л******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Л******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1987 оноос Сайхан сумын Хүн эмнэлэгт ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байгаад 1995 онд орон тооны цомхотголоор гарсан. Тиймээс 1987-1989 онуудад Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгч Д.Л*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай Д.Л*******ын Сайхан сумын Хүн эмнэлэгт 1989-1993 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 27-28-р хуудас/,

-Д.Л*******ын нэрээр нээсэн №0992986 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 30-32-р хуудас/,

-Д.Л*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 33-р хуудас/,

-М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 34-р хуудас/,

-М.Б*******, М.Б, М.Б, М.Б нарын төрсний бүртгэлийн хуулбар /хэргийн 35-38-р хуудас/,

3.Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Л*******ын төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1 маягтын хуулбар зэргийг бүрдүүлсэн байна.

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С., П.Э нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Л*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Хүсэлт гаргагч Д.Л******* нь ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт 1987 оноос 1989 он хүртэл ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Д.Л******* нь Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан болох нь:

- Б******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай Д.Л*******ын Сайхан сумын Хүн эмнэлэгт 1989-1993 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-гэрч С.гийн: Д.Л******* нь уг байгууллагад хэдэн онд ажилд орсоныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан энэ байгууллагад цэвэрлэгчээр ажиллаж байсан. 1995 онд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг,

- гэрч П.Эгийн: Д.Л******* нь уг байгууллагад 1987 онд асрагчаар ажилд орсон. 1995 онд ажлаасаа гараад Б******* аймаг руу шилжиж явсан. Тухайн үед Хүн эмнэлгийн салбарт 20 гаруй хүн ажиллаж байсан. Эрхлэгчээр Бужгар гэдэг хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан талаар гэрч С., П.Э нарын мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэж хүсэлт гаргагчийн ажиллаж байсан үйл баримтыг тогтоох боломжгүй юм.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Д*******ын Л******* /рд:ГЗ*******/-ыг Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Б******* аймгийн Сайхан сумын Хүн эмнэлэгт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээлжийн асрагч, өдрийн жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ