| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/03983/И |
| Дугаар | 102/ШШ2024/04465 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04465
| Дугаар 102/ШШ2024/04465 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
Биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ төвд байрлах "М ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00-ЭТӨЧ-ийн 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Ц овогтой А холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.957.029 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ц.А манай байгууллагыг үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М ХХК-ийн 0000-0000 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 00000000000 дугаартай "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан.
Тэрээр гэрээний үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг, сарын 3.3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сарын 790,000 төгрөгийг, 2.7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн.
Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 1.590.000 төгрөг, хүү 313.475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.554 төгрөг нийт 1.957.029 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлага 1.957.029 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ану хариуцагч Ц.Анэхэмжлэлийн шаардлага 1.957.029 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.957.029 төгрөгийг хариуцагч Ц.А төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.263 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 23.131 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 23.131 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА