Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 166

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                        

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Хохирогч М.Х

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 17300019000123 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн  хамт амьдрах,  ял шийтгэлгүй Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар   2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мын 132 тоотод хохирогч М.Хтай маргалдаж  түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүд, хацрын хэсгийн болон баруун гарын шуу, сарвуу, 2 гуяны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бу, С хоёртой Мынд очиж архи уусан. Би нэлээн согтоод нэг сэргэсэн чинь Мө, Х 2 архи аваад  ирсэн байсан. 0.75 граммын архи хувааж уугаад тасарсан байсан. Согтуу байсан болохоор Хтай яаж маргалдсанаа сайн санахгүй байна.Цохисон нь үнэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Хохирогч М.Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11-р сарын 25-ны орой ажлаа тараад гарахад  Т, Бу гэх 2 таньдаг залуутай таарсан. Тэр 2 гэрт чинь хүргээд өгье гэсэн  тул машинд нь суусан. Бу манай ахынх руу бүгдээрээ явья гэсэн. Тэгээд ахынд нь очиход Б, С 2 архи уугаад сууж байсан. Б намайг очсон цагаас л үгээр идээд, “чи намайг танихгүй байна уу, би чамайг мэднэ гээд”  байсан. Тэгээд би “Би чамайг танихгүй,  чамаас нэлээд хэдэн насаар эгч” гэж хэлсэн чинь  чи намайг таних ёстой гээд  бид 2 маргалдаад хэрүүл болсон. Б намайг 3 удаа цохисон. Би хэдэн өдөр ажилдаа явж чадахгүй ажлаа тасалсан. Манай байгууллага  1 өдрийн ажил таслалтыг 3 өдрөөр тооцдог тэр цалингаа нэхэмжилж байна. Надаас уучлалт гуйгаагүй гэв. 

 

-Хохирогч М.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Тэгээд Бу, Т, Б, С, Мө бид  зургуулаа пиво архи  ууцгаасан. Харин Б намайг хэл амаар доромжлоод  байсан. Тэгээд би урдаас нь маргалдахад намайг гараараа миний нүүр рүү 3 удаа цохисон.   Би шууд тэндээс гараад гэр рүүгээ явсан. Бд зодуулсаны улмаас 5 өдөр ажилдаа яваагүй. Нэг өдөр  ажилдаа явахгүй байхад 3 өдөр ажил тасалснаар авдаг юм.  Тийм болохоор ажилаагүй өдрүүдийн цалин 135 000 төгрөг нэхэмжилж байна. Одоо миний толгой өвдөж байна. Өөр өвдсөн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/

 

-Гэрч Э.Бугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд ууж байх үед  би тасраад баруун талын орон дээр унтаад өгсөн. Харин маргааш өглөө нь Т, Мө, С нар надад хэлэхдээ “Өчигдөр орой ууж байхдаа Б, Х 2 би эгч, чи дүү гэж маргалдаж байгаад Б нь Хг сандал дээр сууж байхад нь гараараа цохиод унагасан. Х босч ирээд гэрээс гараад явчихсан гэсэн. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундаа 

 

- Гэрч Э.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би Цдэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн пиво авчираад Мө бид 2 уугаагүй харин Б, Х, С Бу нар ууцгаасан.  Тэгээд ууж байх үед Х “ Бг чи надаас дүү,   намайг чи гэж хэллээ” гээд тэр 2 маргалдаж байсан. Тэгтэл Б Хг баруун гараараа нүүр рүү нь алгадахаар нь би Бг араас нь татаад баруун орон дээр суулгасан. Тэгээд тэр 2 маргалдаж байснаа Б нь Хг сандал дээр сууж байхад  гараараа хамар руу нь шууд цохиход Хгийн хамраас цус гоожсон. Би цусыг нь угаах гэсэн боловч угаалгахгүй гээд эсэргүүцэж байгаад Х хувцасаа өмсөөд гэрээс гараад явчихсан.  Харин Б Хг гараад явснаас хойш 30 минут орчмын дараа гэрээс гараад явсан. Хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/

 

-Гэрч Ц.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11-р  сарын 25-ны өдөр 20 цагийн үед Жавхлант худалдааны төвд байдаг ажлаасаа тараад гараад ирэхэд ажлын гадаа Бу, Т, Х, гурав машинтай хүлээгээд байж байсан.  Тэгээд Бугийнд очих замдаа Бг аваад дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи 3 ширхэг, 2.5 литрийн Боргио нэртэй пиво ууцгаасан. Б Хг янхан гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэр хоёр маргалдаж байгаад Б  Хг гараараа нүүр рүү нь миний харснаар 2 цохиж, 2 алгадсан. Хгийн хамарнаас цус гараад уйлж сууж байгаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/

 

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 423 дугаартай дүгнэлтэнд: М.Хгийн биед “тархи доргилт, зүүн нүд, хацрын хэсгийн болон баруун гарын шуу, сарвуу, 2 гуяны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий” гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1/1004 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/

 

-Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Б нь  согтуугаар  2017 оны 11-р сарын 25-наас 11-р сарын 26 –нд шилжих шөнийн 01 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мын 132 тоотод хохирогч М.Хг  зодож  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Хгийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 423 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Б.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Х хохирлын   500 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Хатгин овогт Болдбаярын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан  Б.Бд мэдэгдсүгэй. 

 

 

5. Ялтан  Б.Б нь   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Ххохирлын  500 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан  Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА