Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1079

 

Д.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Д.О,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/905 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2209 00000 1334 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Д-ы О, 1957 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 65 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.О нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... байр, ...тоотод хохирогч О.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, сандлаар цохиж зодон биед нь духанд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Д.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Д-ы О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Д.О-ийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-ээс нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт О-ын М /РД: ... /-д олгож, хохирогч О.М нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Д.О-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч О.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд сайн дураар хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогч О.М-д учруулсан хохирлыг мөн нөхөн төлөхөө илэрхийлсээр ирсэн бөгөөд тус хохиролд 200,000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Би хувиараа үсчний суудал түрээслэн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд надад оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооноос гадагш зорчих эрхийг хязгаарласан тул хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлаж ойлгож байгаа болон ажил хөдөлмөр эрхэлдгийг минь үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад оногдуулсан зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлах ялыг сольж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой тул торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.О-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... байр, ... тоотод хохирогч О.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, сандлаар цохиж, биед нь духанд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн:

хохирогч О.М-ийн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот болох нөхөр Б-ын эгч Д.О-нд очсон. Д.О эгч нөхөр бид хоёрыг “хоол идээч” гэж урьсан атлаа хаалгаа түгжээд “Та нараас хүүхэд аваад 6 жил зовж байна” гэж хэлээд миний хоёр чих рүү савж алгадаад, 2 давхар сандлаар 2 удаа цохиж зодсон. Толгой дээр гүн сорви үлдсэн, гомдолтой байна. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Д.О-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...уур хүрээд алгадсан чинь эргүүлээд намайг заамдаж байгаад өшиглөхөөр нь би савж унахгүйн тулд жижиг сандал аваад цохисон. Цохисныхоо дараа уучлалт гуйсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 65/,

хохирогч О.М-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн духанд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10053 дугаартай дүгнэлт /хх 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч О.М-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Д.О-ийн сандлаар цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О нь тус шүүхэд “..зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

          Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.О-ийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хх 76/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн  “И” ХХК-д талбай түрээслэн үсчнээр ажилладаг зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг мөн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/905 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Д.О-т анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ