| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00376/И |
| Дугаар | 132/ШШ2024/00396 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 132/ШШ2024/00396
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 132/ШШ2024/00396 | Б******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Р******* сум, 2 дугаар баг, Х*******, ******* тоотод оршин суух, А******* овогт Ж*******гийн С******* /рд:НА*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Р******* сум, 2 дугаар баг, Х*******, ******* тоотод оршин суух, Б******* овогт гийн Э /рд:ЙЕ/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00376/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.С*******,
Хариуцагч С.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С******* нь хариуцагч С.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ж.С******* миний бие нь 2011 онд С.Этэй танилцаж, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин Э.Гэгээнжаргал, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин Э.Гэгээн-Учрал, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Т, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Г нар төрсөн. Бид сүүлийн 2 жилийн турш зан харилцаа таарамжгүй болсон. Бид 1 жил тусдаа амьдарч байна. Нөхөр хөдөө 5 ханатай гэрт амьдардаг. Би сумын төвд 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүддээ хувцас болон хэрэглээний мөнгө нэг ч удаа өгч байгаагүй. Хүүхдүүдийнхээ хажууд байнга хэл амаар доромжилдог. Жилд 1-2 удаа гар хүрдэг. 2015 онд миний зүүн чих рүү алгадсан. Үүнээс болоод чихний хэнгэрэг цоорсон. Түүнээс хойш ядрах болгонд чихнээс шингэн зүйл гарч дүлийрдэг болсон. Нүд хөхөрсөн, нүүр хавдартай, бие хөх эрээн байдалтай ажилдаа очдог байсан. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гар хүрэхэд нь цагдаагийн байгууллагад хандан хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. Мэдүүлэг өгөхдөө урьд нь гар хүрч байгаагүй гэж худал мэдүүлэг өгч байсан. Жирэмсэн байхад чи унтах дургүй юм чинь би өөр хүнтэй унтчихаад байж байя гээд зөвшөөрүүлэх гэж хэд хэдэн удаа хэлж уурлаж, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Сүүлийн үед байнга хэл амаар доромжилдог болсон. Гэр бүлээрэй хамтдаа байя тэгэхдээ би хоёрдогч амьдралтай баймаар байна гэж хүртэл хэлсэн. Ийм сэтгэл санааны дарамтанд байгаа болохоор үхье гэсэн бодол толгойд байнга орж ирдэг болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Энэ хугацаанд дөрвөн хүүхэд маань миний асрамжинд байсан тул хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Ийм учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулна.
Мөн таван ханатай давхаргатай гэр,
-932 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар,
-11х9 харьцаатай, мансарттай блокон байшин,
-автобус /1348 БУН/,
-Prius 30 /9180 УАХ/ маркийн авто машин,
-181 толгой малаас ногдох хэсгээ гаргуулна гэжээ.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Сувд-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Дараах хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.Үүнд:
1.Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 ханатай гэрийн тухайд: Тэр үед миний бие Б******* аймгийн Р******* сумын Засаг даргын Тамгын газарт жижүүрийн ажил хийж байсан. Миний аав Б******* аймаг Р******* суманд мал маллаж амьдардаг байсан. 2012 оны 10 сард Ж.Сувд-эрдэнэтэй гэр бүл болоход барьж өгч байсан гэр тул дундын өмч гэж хүлээн зөвшөөрч шүүхээс хүүльд нийцүүлэн хуваахад татгалзах зүйлгүй.
2.Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 932 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай хашаа, 11х9 харьцаатай мансардтай байшингийн тухайд: Гэр бүл зохиож үр хүүхэдтэй болсоны дараа 2 талаасаа хөрөнгө нийлүүлэн барьсан тул дундын өмч гэж хүлээн зөвшөөрч хуульд нийцүүлэн хуваахад татгалзах зүйл байхгүй.
Дараах хэсгийн нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд:
1.13-48 БУН улсын дугаартай автобусны тухайд: 2020 онд би Улаанбаатар хотын харъяалалтай иргэнээс худалдан авч байсан. Автобусыг зарсан иргэн нь надад худалдан борлуулах эрх бүхий итгэмжлэлийг үйлдэж өгч байсан. Тухайн итгэмжлэлийг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч дээр дурьдсан итгэмжпэлд өөрийн нэр дээр шилжуүлэх эрх олгоогүй тул нэхэмжлэгч Ж.Сувд-эрдэнэний нэр дээр шилжүүлж байсан. Нэхэмжлэгч бид хоёр 2020 онд тухайн автобусыг цайны газрын зориулалтаар хамтран ажиллуулдаг байсан, харин дараагийн 2 жил нь дургүйцэн ажиллахгүй гэж би ганцаараа ажиллуулж дийлэхээ байж малаа маллаж амьдрахаар шийдсэн. Тэгээд хөдөө гэрийнхээ гадаа байрлуулсан. Өөрийн дүү С.Дг аав, ээжтэй ханьтай байлгах гэсэн үүднээс уг тээврийн хэрэгслийг бэлэглэхээр шийдсэн. Тухайн үед нэхэжлэгчийн нэр дээр байсан тул итгэмжлэл хийгээд нэр шилжүүлэхэд нэхэмжлэгч ямар ч маргаангүйгээр зөвшөөрч гарын үсэг зурж итгэмжлэлийг хүчин төгөлдөр болгосон тул уг автобусыг бид дүүдээ бэлэглэсэн. Иймд дээрх автобус нь О.Дгийн өмч бөгөөд нэхэмжлэгч бид 2, дээрх автобусыг өөрсдийн маргаанд оруулах боломжгүй.
2.Хүүхдүүдийн тэжээн тэтгэх, түүнтэй холбоотой тэтгэлэг тогтоолгохын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа намайг гэр бүлийн хүчихийлэл үйлддэг, санхүүгийн болон сэтгэл санааны хувьд дарамталдаг, үр хүүхдээ харж уулздаггүй, гэр бүлээс гадуурх харилцаатай гэж дурджээ.
Гэр бүлийн харилцаа өдгөө 12 жил хамт амьдрахад олон асуудал бэрхшээл тулгарч түүнийг би даван туулж 4 хүүхдээ өөрийн гараар өсгөж, амьдралаа жил ирэх тусам өнгөлөн дээшлүүлэхийн төлөө амьдарч ирсэн. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж , агсам согтуу тавьж , үр хүүхдээ айлгаж хүчирхийлж байсан тохиолдол байхгүй гэдгийг миний том хүүхэд болон нутаг усны хүмүүс гэрчлэн хэлж чадна гэдгийг энд дурдах нь зүйтэй. Харин Ж.Сувд-эрдэнийн хувьд байнгын уур бухимдалтай байж үр хүүхэд болон надтай тэр ч бүү хэл найз нөхөдтэйгөө муухай харьцаж дандаа хараалын үг хэрэглэж ярьдаг. Тиймэрхүү дээрэнгүй яриатай бүгдийг дийлэх гэсэн санаатай хүн. Гэр бүлийн харилцаагаа ч үнэгүйдүүлж үр хүүхдүүд, намайг ч эвгүй байдалд оруулж дандаа дийлэх гэсэн зангаа гаргадаг. Болохгүй бол бүгдийг буруугаар ойлгуулж гэр бүл доторх амьдрал харилцаагаа хэн хамаагүй хүнд ярьж явдаг. Бэлгийн харилцаагаа хүртэл ярьдаг. Жилд заавал 1-2 удаа сална гэж өөрийн төрсөн гэр лүүгээ хүүхдүүдээ дагуулан явдаг. Ямар ч ярилцах боломж олгохгүй туйлбаргүй шийдвэр гаргадаг. Би үр хүүхдүүдээ бодон заавал араас нь гуйж очиж авч ирдэг байсан. 2024 оны 02 дугаар сарын 10- ны өдөр цагаан сарын шинийн нэгний өглөө нар хараад орж ирэхэд намайг аяга таваг угаасангүй, гал тогооны хэсгийг цэвэрлэсэнгүй гэж хэрэлдэж эхэлсэн. Тэгэхэд миний нүүр ам, нуруу цээж хэвлий орчмоор маш их маажиж гэмтээсэн. \фото зургийг хавсралтаар\ Би тэвчээр алдан цохисон. Тэр үед цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн алба хаагчид манай гэрт ирсэн. Та 2 харилцан нэгнээ гэмтээсэн байна. Э чи эр хүн юм чинь зүгээр бүх бурууг өөртөө аваад явчих тэгэхгүй бол бид энэ баяр ёслолын үед хүүхдүүдийг чинь орхиод яаж хоёуланг нь саатуулах вэ гэсэн. Тэгээд би нялх хүүхдээ бодоод өөрт бүх бурууг авч цагдаагийн албан хаагчийг даган явж 8 хоног саатуулагдсан. Би санаатайгаар нэхэмжлэгчийг цохих сэдэл санаа байгаагүй ч одоогийн нөхцөл байдлаас хамаарч миний 100 хувь буруу болгон бичиж намайг гүтгэж байгаад би гомдож байна. Нэхэмжлэгч эмэгтэй хүн учраас намайг гэр бүлийн хүчирхийлэгч мэтээр хэлж байгаа ч нэхэмжлэгч нь надаас илүү хүчирхийлэгч, архи согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьж, хүүхдүүдээ орхиж явах тохиолдол олон удаа гаргаж байсан. Би тэр үед нь хүүхдүүдийнхээ ээжийг яаж цагдаагийн байгууллагад өгөх билээ ажил байдлыг нь ч бодож эмэгтэй хүн шүү гэж бодон олон удаа дарж, нууж өнгөрөөсөн. Миний том охин Э.Гэгээнжаргал нь амьдралын асуудлыг харж ялгахтай том болж байгаа учраас хүүхдүүдээс чинь авах асуумж энэ бүхний нотолгоо болно. Иймээс би нэхэмжлэгчид хүүхдүүдээ өгөх, түүнтэй холбогдох тэтгэмжийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өрхийн хэрэгцээний малын тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэхдээ 2023 оны малын тооллогоор 257 мал байснаас 181 болгон тоолуулсан гэжээ. Гэтэл тийм тооллого болоогүй бөгөөд 2022 онд 257 толгой, 2023 онд 181 толгой гэж тоологдсон. Би гэр бүл болхоосоо өмнө ааваасаа бэлэглэл, өвийн журмаар авсан мал юм. Иймээс энэхүү мал нь миний өөрийн хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэгчтэй хуваах боломжгүй тул уг шаардлагыг үл зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дөрвийн дөрвөн хөөрхөн хүүхдүүдээ бодоод гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Тийм учраас нөхөртэйгөө эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр ерөөсөө ярилцаж чаддаггүй. С*******тэй аливаа зүйлийг ярилцах гэхээр ярилцаж чаддаггүй. Намайг юм хэлэхээр хүртэл өөдөөс сөрж уурлаад хэрүүл маргаан болчихдог. Аль аль нь тайван хүлээцтэй ярилцах шаардлагатай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С******* нь хариуцагч С.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй, С.Эд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ