| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00367/И |
| Дугаар | 132/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2024/00419
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 132/ШШ2024/00419 | Б******* аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, 7 дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт Ц*******ийн М******* /рд:ГЙ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, З******* 16 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, М******* овогт Бын С /рд:ГЮ/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,668,810 /есөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай инэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00367/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.М*******,
Хариуцагч Б.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М
Иргэдийн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М******* нь хариуцагч Б.Сид холбогдуулан Гэм хорын хохиролд 9,668,810 /есөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлын хамт олноороо Б******* аймгийн Б******* сумын Ачуут гол руу салхинд гарч ярилцаж суух үед Б.С миний биед халдаж зодон эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.
Ц.М******* миний бие Б******* аймгий Б******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Ачуут голын эрэг дээр 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой Б.Сид зодуулж хоншоор ясны урд хана, зүүн нүдний ухархайн доод хана, дунд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 шүдний хугарал, 3 шүдний сулрал, зүүн чихний дэлбэн, баруун зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг авч эрүүл мэндээрээ хохирсон.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Б.Соос 1,678,687 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээ үйлчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн. Б.С шүүхээс тогтоож шийдвэрлэсэн 1,678,687 төгрөгийг төлсөн.
Ийнхүү цаашид гарсан шүдний эмчилгээ үйлчилгээ болон хамрын таславч тэгшлэх, хуучин хугарал засаж амьсгал сэргээх давтан мэс засалд орж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн. Үүнд:
Миний бие 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Монгол Японы эмнэлгийн Эрүү нүүрний мэс засал болон нүдний мэс заслын 6 сарын дараах давтан үзлэг,
Агапе христийн эмнэлэгт хамрын таславч тэгшлэх, хуучин хугарал засаж амьсгал сэргээх давтан хагалгаатай холбоотой үзлэг үйлчилгээ,
Сайхан дент шүдний эмнэлэгт үзүүлж 21, 22 шүдний хугарал, 11 шүд сэтэрч паалан хугарсан болон 12, 13 шүдний сулралыг эмчлэх эмчилгээ үйлчилгээг эхлүүлэх,
2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд болон 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүдний давтан үзлэг үйлчилгээ хийлгэх зэрэг холбоотой зардал,
Эм хэрэгсэл, замын зардалд 869,720 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд болон 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хамрын таславч тэгшлэх, хуучин хугарал засаж амьсгал сэргээх давтан хагалгааны өмнө үзлэг үйлчилгээ шинжилгээ өгөх, хамтрын таславч тэгшлэх, хуучин хугарал засаж амьсгал сэргээх давтан мэс засалд орох, шүдний эмчийн хяналтын үзлэгт үзүүлж эмчилгээ үйлчилгээг дуусгах зээргтэй холбоотой зардал, эм хэрэгсэл, замын зардалд 8,441,390 төгрөг /эрүүл мэндийн даатгалаас хөнгөлсөн мэс заслын 2,158,560 төгрөг болон амбулаторын үзлэг үйлчилгээний 78240 төгрөг хасагдсан дүн/, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд Монгол Японы эмнэлэгт хагалгааны дараах хяналтын үзлэг үйлчилгээ, эм хэрэгсэл, замын зардалд 357,700 төгрөгийн зардал гарсан.
Ийнхүү дээрх гэмтлийг эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн буюу одоо гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 9,668,810 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрвөл хугацаа тогтоож эвлэрэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг доошлуулах ямар ч боломж байхгүй. Би өөрийн санхүүд тааруулж эмчилгээ хийлгэсэн. Илүү мөнгө нэхсэн зүйл байхгүй. 9.000.000 төгрөг дээр эвлэрвэл дараагийн эмчилгээний зардлыг нэхэхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй ярилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын 9.668.810 төгрөг байгаа. Шаардлагын төрлүүдээс шалтгаалаад эмчилгээнд явсан замын зардлын талыг хасаад 9.000.000 төгрөгөөр тэгшлээд хугацаа олгоод эвлэрэх боломжтой байна. Энэ мөнгө надаас гарсан зардал илүү мөнгө нэхээгүй гэж тайлбарлаж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 9.000.000 төгрөгийг 5 хуваагаад 2 сард нэг төлөлт хийхээр эвлэрэх боломжтой байна гэв.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.М******* нь хариуцагч Б.Сид холбогдуулан гэм хорын хохирол 9,668,810 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч Б.Сийн зүгээс эвлэрэх санал гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 668,810 төгрөгөөр багасгаж, 9,00,000 төгрөг шаардаж,
2.Уг мөнгийг
-2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг,
-2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг,
-2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиров.
3.Нэхэмжлэгч Ц.М******* дээрх гэмтэл болон эрүүгийн хэрэгтэй холбогдуулан дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохиров.
4.Хариуцагч нь тохирсон нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүрэг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг ойлгосон болно.
5.Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч талаас хариуцаж төлөхөөр талууд тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрэн хэлэлцсэн нь зөв гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М******* нь хариуцагч Б.Сид холбогдуулан гэм хорын хохиролд 9,668,810 /есөн сая зургаан зуун жаран найман мянга найман зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 668,810 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.С нь 9,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ц.М******* дээрх гэмтэл болон эрүүгийн хэрэгтэй холбогдуулан дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй байхаар, хариуцагч нь тохирсон нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүрэг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг сануулж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ.
Хуульд зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.
Зохигч шүүх хуралдааны шатанд харилцан тохиролцож эвлэрлийн байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М******* нэхэмжлэлийн шаардлагыг 668,810 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.С нь 9,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч дээрх гэмтэл болон эрүүгийн хэрэгтэй холбогдуулан дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Соос улсын тэмдэгтийн хураамж 158,950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Р.САРАНТУЯА