Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр                      2017/ШЦТ/20                               Баруун-Урт  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Г.Д, Э.Д  нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Г.Д, Э.Д нарт холбогдох эрүүгийн 1730001610120 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр  сарын 09-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  төрсөн, 26  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 7, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Д.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар  сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  төрсөн, 24  настай, эрэгтэй, боловсрол,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 7, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Дб.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:

 

          Яллагдагч  Э.Д Г.Д нар нь  бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дөрвөлж гэх газар байх Д.Сийн хониноос 2017 оны 10 дугаар сарын 26-аас 2017 оны 10 дугаар сарын 29-ний хооронд 5 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  - Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 28-29-нд шилжих шөнө 3 цагийн үед энэ хэргийг үйлдсэн. Би ах Дтай хамт найз Бийн хар өнгийн мотоцикльтой явж Сайнбилэгийн хониноос нэг хонь авсан. 10 сарын 29-30 шилжих шөнө нэг хонь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна дахин гэмт үйлдэхгүй. Хохирлоос төлөгдөөгүй байгаа нэг эр хонь, ишигтэй ямаа буюу түүний үнэ 160000 төгргийг төлнө гэв.   

 

- Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын 28-ны шөнө Дбтай явж айлын хониноос авсан. Шөнө 3 цаг өнгөрөөгөөд явсан. 10 сарын 29-ний шөнө 1 хонь авсан. Өөр мал аваагүй. Сумандаа очиж байгаад хохирлоо барагдуулна. Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Дахин хулгай хийхгүй гэв.  

 

- Яллагдагч  Э.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны орой би найз Бийн гэрт байж байгаад шөнө 22 цагийн үед Нүхт гэх газар найз Уын сэлбэгийг аваачиж өгөх гээд явсан. Явахдаа хар өнгийн Даюунг маркийн Бийн мотоцикльтой яваад миний дугуй хагарсан тул Нүхт орж чадалгүй 00 цагийн үед суманд ирж Х.Уын гэрт амарсан юм. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өглөө мотоциклийн дугуйг нөхөөд 10 цагийн үед Нүхт явж Х.Утай мотоциклийг янзалж байгаад орой 19 цагт сумын төвд ирж Бийн гэрт амарсан. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз Бийнд амарч байгаад 2017 оны 10 дугаар сарын 29-ний үүрийн 03 цагийн үед Бийн эзэмшлийн хар өнгийн Даюунг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн унаж төрсөн ах Дг ардаа суулгаад сумын баруун хойно 3 орчим километрт байх айлын гадаах хашаанд байсан хониноос нэг эр хонь авч ирээд найз Бийн хашаанд уяж орхиод өлөө нь Г гэх залууд 70.000 төгрөгөөр зарсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрийн 03 цагийн үед уг айлын хашаанд байх хониноос Д ах бид хоёр 1 хонь авч Б эгчийн хашаанд уяж орхиод Б эгчийн гэрт амарсан юм. Өглөө нь 10 цагийн үед найз Уын хашаанд уяж орхисон юм. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-16,17/

 

- Яллагдагч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар сарын 28-ны орой  Б гэх залуугийн аавын гэрт амарч байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 29-ны 02 цагийн үед манай дүү Дб намайг сэрээгээд надтай хонинд ойрхон яваад ирье гэсэн юм. Тухайн үед би өглөө явъя гэхэд одоо явах хэрэгтэй байна гэхээр нь цуг явахаар болсон юм. Тэгээд сумаас баруун хойш 3-4 километр орчим явж байшинтай айлын гадаа байх хашааны хажууд зогсож өөрөө хашаанд орж хонь аваад надад уг хонийг өгсөн. Тэгээд бид хоёр дундаа хийгээд сум орж  Бийн аавын гэрийн гадаа авчирч уясан юм.  Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрийн 03-аас 04 цагийн үед манай дүү ахиж намайг сэрээгээд дүүд нь мөнгөний  хэрэг гараад байна та надад тус болчих дүү нь өөрөө үүрдгээ үүрий гэж хэлээд намайг дагуулж явж уг айлаас ахиж нэг хонь хулгайлсан юм. Би мал хулгайлна гэж бодоогүй юм. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, /хх-17,198 /

 

         - Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед малын бэлчээр дээрээс хар өнгийн мотоцикльтой хоёр залуу ишигтэй ямаа шүүрч аваад явсан юм. Уг хоёр залууг хэн гэдгийг нь мэдэхгүй өнгөрсөн юм. 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед гэрийн гаднаас хар өнгийн мотоцикльтой хоёр залуу хар толгойтой хоёр чих зүрх имтэй эр хонь шүүрч аваад “чаддаг юм бол бариад аваарай” гээд бахирчихаад яваад өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ягаан хүзүүтэй эр хонь бэлчээр дээрээс алдагдсан, Тэр шөнө хашаанд байсан хониноос харамтай хар нүдэн хонь эр хонь хулгайд алдагдсан юм. 2017 оны 10 дугаар сарын  28-ны өглөө намайг хонио хашаанаас гаргахад ягаан хүзүүтэй эр хонь байсан юм. Содон хонь учир би байнга хардаг юм. Хоёр залуу л байсан, харанхуй, бүрэнхий байсан болохоор сайн харж чадаагүй юм. Би хулгайд алдсан малаа олж авмаар байна. Намайг явган, хүүхдүүдтэйгээ байгааг мэдээд Д, Дб нар нь элэг барьж манай ишигтэй ямаа болон гэрийн гаднаас эр хонь авч явсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг, /хх-8,9,10 / 

 

- Гэрч Т.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өглөө хониндоо явсан. Харин орой нь хониндоо явган явж байтал манай хонийг Эргээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ ах манай хонийг ширүүн хөөж гарч ирсэн. Тэгээд намайг харчихаад манай хонийг орхиод үхэр рүүгээ явсан юм. Би тухайн үед хонио хөөж гэрийн гадаа ирээд болсон явдлыг ээжид хэлэхэд манай ээж хонио бүртгэж үзээд ягаан хүзүүтэй эр хонь алга болсон байна гэж хэлсэн юм. Намайг хонин дээр явж байхад ягаан хүзүүтэй эр хонь манай эвэртэй алаг эр хоньтой мөргөлдөж байсан болохоор би байсан гэдгийг нь  сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, /хх-19 /

- Гэрч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамаатан эгч А.Оийн хэлснээр 70.000 төгрөгөөр Эрдэнэцагаан сумын төвд байх авто угаалгын газар очиж хоёр  залуугаас уг ягаан хүзүүтэй эр хонийг худалдаж авсан юм” гэх мэдүүлэг, /хх-15 /   

 

- Гэрч Х.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Э.Д, Г.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 29-ны өглөө 10 цагийн үед ирж манай гадаа хонь үлдээчихээд явсан. Хар өнгийн Даюунг маркын тээврийн хэрэгсэлтэй байсан” гэх мэдүүлэг, /хх-12 / 

 

- Гэрч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дб ирж манай гэрт хоносон, харин Д нь 10 дугаар сарын 27-ны өдөр  ирсэн шиг санаж байна. Манай хүүгийн Даюунг маркын улсын дугааргүй, хар өнгийн мотоциклийг унаж гадуур гарч байсан. 10 дугаар сарын 28-ны орой мотоцикль унаад гэр рүүгээ явж хонь авчирна гээд явсан, нэг хонь байсан, би уг хонийг анзаараагүй” гэх мэдүүлэг, /хх-13 /

           

- Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д, Дб нар манай хүү Бийн  Даюунг маркын тээврийн хэрэгслийг 2017 онй 10 сарын 26наас 29 ны үед унаж байсан” гэх мэдүүлэг,/хх-14 /

          

- Шүүгдэгч Г.Д, Э.Д нарын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42,43 /

 

- Эрдэнэцагаан сумын үнэлгээ тогтоох комиссын, эд зүйл, малын үнэлгээ./хх-34-35/

 

- Шүүгдэгч  Г.Д, Э.Д нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн засаг даргыг 2017.11.28-ний өдрийн 01/216 дугаартай, 2017.11.28-ний өдрийн 01/216 дугаартай тодорхойлолт /хх-40,41/

 

- Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.12.06-ны өдрийн 1730001610120  дугаартай прокурорын тогтоол /хх-50-51-52-53/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Шүүгдэгч Э.Д Г.Д нар нь  бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Дөрвөлж гэх газар байх Д.Сийн хониноос гурван хонь,  нэг эм ямаа,  ишиг нийт 5 тооны бог малыг 2017 оны 10 дугаар сарын 26-аас 2017 оны 10 дугаар сарын 29-ний хооронд хулгайлсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Сайханбилэг, гэрч Т.Ш, Г.Г, Х.У, Б.Э,Ч.Э нарын мэдүүлгүүд, Эрдэнэцагаан сумын үнэлгээ тогтоох комиссын малын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.Шүүгдэгч Дб Г.Д нарын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

             Хэрэг гарсан шалтгаан, нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Э.Д, Г.Д нар нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлсан  нь шүүгдэгч Э.Дгийн ...“2017 оны 10 дугаар сарын 29-ний 03 цагийн орчим Даюунг маркийн мотоцикль унан төрсөн ах Дг ардаа суулган сумын баруун хойно 3 орчим километрт байх айлын гадаах хашаанд байсан хониноос нэг эр хонь авч ирээд найз Бийн хашаанд уяж орхиод өглөө нь Г гэх залууд 70.000 төгрөгөөр зарсан. Мөн маргааш нь уг айлын хашаанаас Д ах бид хоёр 1 хонь авч Б эгчийн хашаанд уяж орхисон “ гэх,  шүүгдэгч Дн...2017 оны 10 дугаар сарын 28-ны орой  Б гэх залуугийн аавын гэрт амарч байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 29-ны 02 цагийн үед манай дүү Дб намайг сэрээгээд надтай хонинд ойрхон яваад ирье гэсэн юм.  Тэгээд сумаас баруун хойш 3-4 километр орчим явж байшинтай айлын гадаа байх хашааны хажууд зогсож өөрөө хашаанд орж хонь аваад надад уг хонийг өгсөн. Тэгээд бид хоёр дундаа хийгээд сум орж  Бийн аавын гэрийн гадаа авчирч уясан юм.  Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны үүрийн 03-аас 04 цагийн үед манай дүү ахиж намайг сэрээгээд дүүд нь мөнгөний  хэрэг гараад байна та надад тус болчих дүү нь өөрөө хариуцлагыг нь үүрий гэж хэлээд намайг дагуулж явж уг айлаас ахиж нэг хонь хулгайлсан юм.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх,    хохирогч Д.С “2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед малын бэлчээр дээрээс хар өнгийн мотоцикльтой хоёр залуу ишигтэй ямаа шүүрч аваад явсан юм.. 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед гэрийн гаднаас хар өнгийн мотоцикльтой хоёр залуу хар толгойтой хоёр чих зүрх имтэй эр хонь шүүрч аваад яваад өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ягаан хүзүүтэй эр хонь бэлчээр дээрээс алдагдсан, Тэр шөнө хашаанд байсан хониноос харамтай хар нүдэн хонь эр хонь хулгайд алдагдсан юм. Би хулгайд алдсан малаа олж авмаар байна. Намайг явган, хүүхдүүдтэйгээ байгааг мэдээд Д, Дб нар нь элэг барьж манай ишигтэй ямаа болон гэрийн гаднаас эр хонь авч явсан гэж үзэж байна” гэх, гэрч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамаатан эгч А.Оийн хэлснээр 70.000 төгрөгөөр Эрдэнэцагаан сумын төвд байх авто угаалгын газар очиж хоёр  залуугаас уг ягаан хүзүүтэй эр хонийг худалдаж авсан юм” гэх, гэрч Х.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Э.Д, Г.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 29-ны өглөө 10 цагийн үед ирж манай гадаа хонь үлдээчхээд явсан. Хар өнгийн Даюунг маркын тээврийн хэрэгсэлтэй байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно.

         Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр,  мал хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. 

 

         Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

         Иймд шүүгдэгч Э.Д, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Д, Г.Д нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Э.Д, Г.Д нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Д, Г.Д нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн,шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хугацаагаар тэнсэх, шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос төлөгдөөгүй байгаа 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сайханбилэгтолгохоор шийдвэрлэв.

Э.Д, Г.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Э.Бийн эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн  Даун маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна. 

            

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Г.Д, Э. Дб нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ганболдын Д, Энхжаргалын  Дб нарт  хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

   

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэгтсэн ялтан Э.Д, Г.Д  нарыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүртгэл нээж, хяналт тавихыг мэдэгдсүгэй. 

   

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт  зааснаар Э.Бийн эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн  Даун маркийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгож эзэмшигч Бид буцаан олгосугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Э.Дгаас 80.000 төгрөг, Г.Дгаас 80.000 төгрөг тус тус гаргуулан Эрдэнэцагаан сумын 8-р багийн иргэн хохирогч  Доржийн Сайханбилэгт олгосугай.

    

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Д, Г.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 7. Ялтан Э.Д, Г.Д  нарт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Сайнбилэгт учирсан хохирлоос 2 эр хонины төлбөр нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай. 

             

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

             

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР