| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2010 00000 0890 |
| Дугаар | 2022/ДШМ/1080 |
| Огноо | 2022-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/1080
Д.У, Б.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/549 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.У, Б.О нарт холбогдох 2010 00000 0890 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Д-ын У, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим 6 сарыг нэмж нэгтгэн 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 он 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 89 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 759 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;
Ш овгийн Б-ийн О, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Д.У нь 2020 оны 3 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... дугаар ... айлын орон сууцны зүүн талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Р.О-ийн эзэмшлийн 00-00УБД улсын дугаартай “Toyota Prius-20” загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот хашаанд болон тус хашаанд байсан контейнерт нэвтэрч, 00-00УНМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, тай төмөр 1000 ширхэг, цахилгааны шитний хайрцаг 1 ширхэг, урбелник 1 ширхэг, 380 вольтын автомат 3 ширхэг, панелын анкерууд 20 ширхэг, шрүпп 3 боодол зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.С-д нийт 581.331 төгрөгийн хохирол учруулсан,
Д.У, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот хашаанд болон тус хашаанд байсан контейнерт нэвтэрч, 00-00УНМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгсэл ашиглан барилгын пум төмөр 10 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Д.У, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Д-ын У, Ш овогт Б-ийн О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.У-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.У-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ууганболдод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, шүүгдэгч Д.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өөрчлөн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 хоног буюу 4 сар 12 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцон хасаж, Д.У-ын биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.У, Б.О нарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.У, Б.О нарыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.У, Б.О нарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.У нь хохирогч Р.О-д 1.500.000 төгрөг, хохирогч Ч.С-д 590.000 төгрөг, шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.С-д 300.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан "Toyota Corolla Axio" загварын 00-00УНМ улсын дугаартай автомашины үнэ болох нийт 11.800.000 төгрөгийг шүүгдэгч Д.У-оос 5.900.000 төгрөг, Б.О-оос 5.900.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Би энэ гэмт хэрэгт холбогдож, зохих ёсны дагуу шийдвэрлэхийг хүлээж 2 жил болж байна. Хэдийгээр би анх өөрийгөө энэ гэмт хэрэгт буруугүй гэж ойлгож явсан ч энэ хугацаанд "надад зарах гэж байгаа энэ зүйл хулгайнх юм биш биз дээ" гэж эргэлзээ төрсөн ч тэр эргэлзээгээ эцэслэж шалгахгүйгээр, Б.У-ын ятгалгад орж худалдаж авсан нь миний буруу болохыг ойлгож, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхэд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд, хохирлоо нөхөн төлсөн.
Миний өмгөөлөгч Б.Энхцэцэг анхан шатны шүүх хуралд "Б.О нь энэ гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй байдлаар, нөхцөл байдалд эргэлзээ төрсөн ч үүнийгээ цааш тодруулж эргэлзээгээ шалгалгүй, бусдын ятгалгаар хулгайн эд зүйл худалдан авч энэ гэмт хэргийн оролцогч болоод энд зогсож байна. Гэвч түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар учраас гэмт хэрэгтэн болж болох талаар ухамсарлан ойлгож байгаа. Түүнчлэн гэм буруугийн хувьд маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Шүүгдэгч Д.У-ыг олж илрүүлэхэд туслалцаа үзүүлснээрээ өөр гэмт хэрэг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, мөн өөрийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.О-ын нөхцөл байдал нь 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэж хууль хэрэглээний талаар өөрийн санал, дүгнэлтээ хэлсэн. Миний ойлгосноор энэ зүйл заалтыг хэрэглэснээр надад оногдуулж буй 2 жилийн хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлэх боломжтой юм билээ. Гэвч анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн санал, дүгнэлттэй холбогдуулан ямар нэг тайлбар хэлэхгүйгээр надад 2 жилийн хорих ял оноож, үүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон юм. Хэрэг хянан шийдвэрлэх энэ 2 жилийн хугацаанд шүүгдэгч Д.У-ын янз бүрийн мэдүүлгээс шалтгаалан би болон миний гэр бүл сэтгэл санааны хувьд хүнд дарамтад байлаа. Гэвч шүүхээс миний нөхцөл байдлыг зохих ёсоор дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэхгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас намайг энэ гэмт хэргийн хамтрагч болгосон шүүгдэгч Д.У-д оногдуулсан ялын талаар би маргахгүй боловч Д.У энэ шүүх хурлаар 3 удаагийн хулгайн үйлдэлдээ 3 жилийн ял авч, мөн удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан боловч мөн адил 3 жилийн хорих ялаа зорчих эрх хязгаарлах ялаар солиулсан байна. Энэ надад маш шударга бус санагдаж байна.
Хэрэгт хамаарах төлбөрийг 2 шүүгдэгчид тэнцүү хуваарилсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ Д.У өөрийн унаж явсан машиндаа хулгайлсан эд зүйлээ ачиж, надад ятгаж зарсан. Өмгөөлөгчийн надад тайлбарлан ойлгуулснаар тээврийн хэрэгсэл ашигласан бол түүнийгээ хураалгах эсвэл мөнгийг нь улсад төлөх ёстой гэсэн. Би түүний ачиж ирсэн хулгайн эд зүйлийг худалдан авсан гэм буруугаа хүлээж байгаа тул өөрийн гэм бурууд тохирох хэмжээний хувиар хариуцлага хүлээх нь зүйтэй гэж бодож маргахгүй байна. Анхан шатны шүүх хуралд миний өмгөөлөгч хулгай хийхдээ ашигласан тээврийн хэрэгслийн төлбөрийн тухайд, шүүгдэгчдээс тэнцүү хуваарилан гаргуулахаар санал гаргаж байгааг дэмжихгүй байна. Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.У-ын хувьд 2020 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө мөн өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдсон төдийгүй тээврийн хэрэгслээр нь таньж тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нь илрүүлсэн байдаг. Хэрэв энэ гэмт хэрэг тухайн цаг хугацаанд илэрсэн бол тээврийн хэрэгсэл улсын орлого болж, 2020 оны 9 сардаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй байсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч нарт Д.У-ын гурван ч хулгайн үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийн төлбөрийг миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.О-д тэнцүү хуваарилан гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Үүнийг шүүгдэгчдийн гэм буруу, учруулсан хохиролд, гэмт хэрэг үйлдэхэд гаргасан хандлага, зүй зохистой шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна" гэсэн санал гаргасан. Үүнийг би дэмжиж, шүүх шударгаар шийдвэрлэх байх гэсэн хүлээлттэй байсан ч шүүхээс тэнцүү хуваарилан гаргуулахаар болсон. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг ба хувийн жижиг үл хөдлөхөө худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээсэлж амьдрал ахуйгаа авч явдаг. Надад мөнгөн дүнг нь төлж чадахгүй гэсэн гомдол байхгүй боловч гол нь шүүх энэ гэмт хэргийн гол гэм буруутай этгээд Д.У-д хэрэглэж болох хуулийн бүх таатай нөхцөлийг хэрэглэж, харин өөрийн итгэл үнэмшилтэй байж, миний буруу багахан ч гэсэн байгаа бол би үүнийгээ хариуцах ёстой гэж бодсон надад яагаад шударга хандахгүй байгааг гайхаж бас гомдож байна. Энгийн хуулийн мэдлэггүй миний харж байгаагаар Д.У 3 хулгайн үйлдэлд ял шийтгүүлж буй, харин миний хувьд энэ гурвынх нь 1 хулгайд нь хамтарсан гэж үзэж ял шийтгүүлж байна. Үүнээс харахад, машины төлбөрийг 3х1 гэдэг байдлаар надад 1/4-ийг оногдуулбал шударга гэж санагдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний гомдлыг хянаж, зохих ёсны шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Б.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн зүйлчлэлийн хувьд маргаангүй, Д.У-ын хувьд хэрэг нь нэмж нэгтгэгдээд 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. 2 дугаар хавтаст хэргийн 52-54, 98-101 дэх талууд дахь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Сайнхүүгийн дүгнэлтээр эхний гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болохыг нь тогтоож, тээврийн хэрэгслээр нь дамжуулж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь нотолсон байдаг. Гэтэл зүйлчлэл дээрээ тээврийн хэрэгсэл ашигласан гэдгээр хүндрүүлж зүйлчлээгүй. Ийм болохоор анхан шатны шүүх хуралдаанаас зөвхөн Д.У, Б.О нарын хамтарсан үйлдэл дээр тээврийн хэрэгсэл ашигласан мэтээр гэж шүүхийн шийдвэр гаргасан. Иймд энэ тээврийн хэрэгслээс хоёр холбогдогчид тэнцүү хуваарилж байгааг харгалзан үзнэ үү. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх боломж гэж үзэж байна. Б.О-ын тухайд машинаа аваад гарсны дараа худалдаж авсан байдаг. Машин ачихад оролцоогүй зөвхөн машиныг авсны дараа, мөн 150.000 төгрөг төлсөн. Энэ 150.000 төгрөгийг Б.О-д хэн ч буцаан өгөөгүй. Авсан 300.000 төгрөгийн үнэлгээтэй пумыг иргэн С.С-д өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр техникийн шинжтэй засвар оруулах шаардлагатай гэж үзсэн. 2 дугаар хуудаст холбогдсон хэргийн талаар тайлбарт Б.О-д холбогдох хэргийг хоёр удаа оруулсан байгаа юм. Энэ нь миний үйлчлүүлэгчийг хоёр хэрэгт холбогдсон юм шиг ойлгогдож уншигдахаар байна. Мөн долдугаар хуудаст Б.О-ын өмгөөлөгчөөр өөр хүний нэр байсан. Б.Энхцэцэг өмгөөлөгч гэсэн нэрээр солиулах шаардлагатай. Иймд ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх асуудлаар гэм буруугаа хүлээж байгаа талаарх тайлбар хэлэх ёстой болохоос биш тэр хүн ингэсэн гэж бусадтай харьцуулж байгаагаар үндэслэлээ тогтоож байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.У, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
хохирогч Р.О-ийн: “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед өөрийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... дугаар ... байрны зүүн талын автомашины зогсоолд байрлуулсан. Маргааш өглөө байрны зүс таних эгч над руу залгаад “Автомашиныг чинь шөнө хүмүүс оролдоод байсан, чиний авто машинаас юм аваад явчих шиг болсон” гэж хэлсэн. Тэгээд би гараад харсан чинь миний машины нүүрсэн янданг авсан байсан. ...“ /1хх 188-192/,
гэрч Д.Э-ийн: “...03 цагийн үед цонхоор машины дугуй сольж байгаа шинжтэй дуу гарахаар харсан чинь нэг залуу байшингийн булан эргээд яваад өгсөн. Тэгсэн мөртлөө машины юм янзалж байгаа багажны чимээ гараад байхаар нь хартал манай машины баруун талд урагшаа харсан цагаан жижиг машинаас цагдаа ирэхээс өмнө нэг юм аваад явчих шиг болохоор нь би нөхрөө дуудаад “Хулгай хийгээд байгаа юм шиг байна” гээд цагдаа дуудсан. ...” мэдүүлэг /1хх 196, 2хх 63/,
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” хүнсний дэлгүүрийн гадна камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тус бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 177, 181-183/,
дээрх бичлэгт дүрслэгдсэн мөнгөлөг саарал өнгөтэй, автомашины ерөнхий хэлбэр, оврын гэрлийн хэлбэр, гэрлүүдийн байрлал, хажуугийн салхины шилний хэлбэрээрээ “Toyota Corolla Axio E140” загварын автомашинтай төсөөтэй автомашин дүрслэгдсэн, уг автомашины улсын дугаар хэсгийг тодруулахад 04 тоотой төсөөтэй дүрс тодорсон болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 3750 дугаартай дүгнэлт /2хх 52-54/,
мөн бичлэгт дүрслэгдсэн мөнгөлөг саарал өнгөтэй автомашины ерөнхий хэлбэр, хажуугийн салхины шилний хэлбэрээрээ “Toyota Corolla Axio E140” загварын автомашинтай төстэй, дэлгэцийн цагаар 2022-03-26 03:12:15 цагт дүрслэгдсэн “Toyota Corolla Axio E140” загварын автомашин нь 04-95УНМ улсын дугаартай “Toyota Corolla3 автомашины өнгө, марк, автомашины арын улсын дугаарын хэлбэр, дугаарын хүрээ, улсын дугаарын эхний хоёр тоо /04/, автомашины арын салхины шилний бууралт, бууралтын доод хэсгийн зүсэлт, арын салхины шилний зүүн доод болон баруун доод хэсэгт байрлах дөрвөн ширхэг наалтын байрлал, наалтуудын ерөнхий хэлбэр зэрэг шинжүүдээр тохирч байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0460 дугаартай дүгнэлт /2хх 98-101/,
хохирогч Ч.С-ын: “....2020 оны 9 дүгээр сарын 08-аас 09-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот хашаанаас эд зүйл алдагдсан. ...барилгын 50x120 хэмжээтэй пум төмөр 10 ширхэг, 1 ширхгийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Пум холбодог төмөр хэмжээ нь өөр өөр буюу 30, 40, 50, 60-ын хэмжээтэй хэдэн ширхэг байсан болохыг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 1000 орчим ширхэг байсан. 1 ширхгийг нь 300 төгрөгөөр үнэлж байна. 40x50 хэмжээтэй цахилгааны шилний хайрцаг 1 ширхэг тухайн эд зүйлээ 50.000 төгрөгөөр үнэлнэ, шинэ хайрцаг байсан. Урбелик 1 ширхэг 25.000 төгрөгөөр үнэлж байна. 3 ширхэг 380 вольтын автомат 1 ширхгийг 12.000 төгрөгөөр үнэлж байна. Панелын анкерууд 20 орчим ширхэг, 1 ширхэг нь 1000 төгрөг, 8x10 тэлэгчтэй шрүпп 3 боодол, 1 боодлыг 8000 төгрөгөөр үнэлж байна. Нивелирийн хөнгөн цагаан хөл 1 ширхэг 45.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /1хх 15-18/,
гэрч Р.Н-ын: “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байхад хашаагаа шалгахаар очиход хашааны урд талд нь байрлах том хаалга бага зэрэг онгорхой том чулуугаар дарсан байсан. Тухайн үед юм бодоогүй жижиг хаалгаараа хашаан дотор ороод эд зүйлээ шалгахад контейнерын хаалга онгорхой цоож нь эвдэрчихсэн газарт байсан. Контейнерт байсан эд зүйлийн талаар би мэдэхгүй. ...” /1хх 19-20/,
гэрч Д.Б-ын: “...Б.О- над руу залгаад “Энд хүнээс юм авах гэсэн юм ачих уу” гэхээр нь “Хаана вэ” гэтэл “Яармагийн Сансар худалдааны төвийн үүдэнд яваад ир” гэсэн. ...Тэгээд би өөрийн “Porter” машинтай очиход манай хүү нэг танихгүй залуугийн хамт юм ярьж байгаад 20 минутын дараа “юм ачих гэж байгаад больчихлоо, та яв даа” гэсэн. ...Би зогсоол дээрээ байтал манай хүү Б.О ирээд “танд мөнгө байна уу, түр 150.000 төгрөг байна уу, энэ залуугаас хэдэн ширхэг пум авсан юм, эхнэр нь мөнгөгүй гэнэ, түр өгч байгаач” гэхээр нь 150.000 төгрөг хүүдээ өгсөн. ...” /1хх 21-22/,
гэрч Б.Ө-ын: “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр У намайг “гэрт яваад ир” гэсэн. Яваад очтол Д.У ганцаараа машин дотроо архи уучихсан сууж байсан. “Нисэх орж найзтайгаа уулзах гэсэн юм. Машин бариад хүргээд өгөөч” гэсэн. ...“Яармаг” худалдааны төвийн гадна зогсож байхад найз нь гээд “Prius-20” загварын машинтай, гэзэгтэй залуу ирсэн. Тэр хоёр баруун тийш алхаад явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд өөрөө машинаа унаад “Сансар” худалдааны төвийн баруун талд байрлах гудамжинд орж зогссон. Би тухайн үед найзынх нь машины хажууд зогсож байсан. Удалгүй намайг дуудахаар нь очоод машиныг нь барьж, төв зам руу гараад Хайлаастад нэг хашаанд авч явсан барилгын пум төмөр буулгасан. ...Тухайн пумыг найз гэх О-ын хашаанд буулгасан. Барилгын пум л буулгасан, өөр ямар нэгэн юм буулгаагүй. ...” /1хх 34/,
шүүгдэгч Б.О-ын: “....Би пумыг хамт ачилцаагүй бөгөөд “та энийг худалдаад авчих” гээд байсан. Тухайн үед Д.У өөрийнхөө машинд ачсан байсныг мэдээгүй байсан. ...Д.У өөрийнхөө машинд “10 пум аччихлаа” гэж хэлээд миний машинд суугаад хамт хайлаас дахь ажил руу явсан. Тухайн үед би пумыг ачиж байхад би “Сансар” худалдааны төвийн зогсоол дээр өөрийн машин дотор ганцаараа сууж байсан. ...” /1хх 146-147/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ч.С-ын эзэмшлийн 10 ширхэг пум төмрийг өөрт нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 41-42/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот хашаанд байрлах контейнерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-9/, эд зүйлсийн үнэлгээг 881.331 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх 45-46/ зэрэг нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч Д.У нь ганцаараа болон шүүгдэгч Б.О-той бүлэглэж 3 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Д.У, Б.О нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.У, Б.О нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У, Б.О нар нь машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.У, Б.О нарын энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тооцож, гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, тухайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашигласныг ойлгодог.
Шүүгдэгч Д.У, Б.О нарын хувьд бусдын тусгайлан хамгаалсан байр буюу эд хөрөнгийг хадгалах, хамгаалах зориулалт бүхий контейнерт нэвтэрч тай, пум төмөр, шитний хайрцаг, анкер, урбелник, шрүпп зэрэг эд хөрөнгийг нь хулгайлан авахдаа өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хохирогчдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар нэвтэрч, эд зүйлсийг нь автомашинд ачин хууль бусаар эзэмшилдээ оруулж, тухайн газраас явснаар буюу захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.У-ын цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялаас хасаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эдлэх ялыг 2 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гаргуулсныг өөрчлүүлэх..."-ээр давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...”-аар заасны дагуу 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-д оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж заасан.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ 00-00УНМ улсын дугаартай “Toyota Corolla Axio” загварын тээврийн хэрэгсэл ашигласан нь хангалттай тогтоогдсон ба тус тээврийн хэрэгслийг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх 75-76/-ээр 11.800.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5.900.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хохирогч Р.О-ийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 1.530.000 төгрөгөөр үнэлсэн /1хх 205-206/ ба шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн /2хх 218/ байхад анхан шатны шүүх үлдэх 30.000 төгрөгийг гаргуулалгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх хохирлын үлдэх хэсгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Д.У-ын: “...10 ширхэг пумыг Б.О-ын Хайлаастад байх хашаанд нь буулгаад маргааш нь Б.О-оос 150.000 төгрөг авсан. Тухайн үед надтай хамт хулгай хийсэн байсан тул өөрийнхөө хувийг хасаж, надад мөнгө өгсөн. ...” /2хх 143/, шүүгдэгч Б.О-ын: “...аав хажууд байсан болохоор “150.000 төгрөг байна уу” гэхэд “байна” гэхээр нь Д.У-д авч өгчихөөд тэгээд салсан. ...” /1хх 160/,
гэрч Д.Б-ын: “...Б.О ирээд “танд мөнгө байна уу, түр 150.000 төгрөг байна уу, энэ залуугаас хэдэн ширхэг пум авсан юм, эхнэр нь мөнгөгүй гэнэ, түр эгч байгаач” гэхээр нь 150.000 төгрөг хүүдээ өгсөн. ...” /1хх 21-22/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.У нь пум төмөр хулгайлж, Б.О-оос 150.000 төгрөг авсан нь нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч Д.У-оос гаргуулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлоос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/549 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын “...шүүгдэгч Ш овогт Б-ийн О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж,
3 дахь заалтын “...шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...шүүгдэгч Б.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж,
4 дэх заалтын “...шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар...” гэснийг “...шүүгдэгч Б.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар...” гэж,
9 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-оос 30.000 /гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.О-д олгож, шүүгдэгч Д.У нь хохирогч Р.Ононд 1.500.000 төгрөг, хохирогч Ч.С-д 590.000 төгрөг, шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.С-д 300.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэж,
11 дэх заалтын “...шүүгдэгч Д.У-оос 5.900.000 төгрөг...” гэснийг “...шүүгдэгч Д.У-оос 6.050.000 /зургаан сая тавин мянга/ төгрөг...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ