Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2024/0024

 

024 05 06 123/ШШ2024/0024

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1324 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чанцалдулам, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир нар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байна. Эвлэрлийн гэрээний зорилго нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт зохигчид эвлэрэн хэлэлцэж, захиргааны хэргийг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Тухайн эвлэрлийн гэрээ нь газар эзэмшигчийн хувиар хүлээсэн үүргээ биелүүлэхээ хариуцагчийн өмнө баталсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчийн зүгээс гаргасан 2023 оны 11 сарын 06-ны өдрийн А/1324 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг /цаашид Маргаан бүхий захиргааны акт гэх/ хүчингүй болгов. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгоод байсан эзэмших эрх бүхий Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, 4-р багийн зөрлөгийн нутаг дэвсгэрт байрлах 18667286691023 нэгж талбарын дугаартай 12 га газарт Дэвшилтэт технологи бүхий Европ стандартын байшин үйлдвэрлэлийн үйлдвэр байгуулах ажлын холбогдох техникийн нөхцөл төрийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авснаас хойш 2 жилийн дотор эхлүүлж орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, иргэдийг ажлын байраар хангах үүрэг мөн нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нөхцөлд хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохигчид ийнхүү эвлэрч буй нь хуульд харшлаагүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 06-ны 04 дугаар албан бичгээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чанцалдуламд олгосон байна. Мөн хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/39 дүгээр албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамирт тус тус олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зуржээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар хариуцагч нь 2023 оны 11 сарын 06-ны өдрийн А/1324 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх-ээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ