| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2023/00470/И |
| Дугаар | 132/ШШ2024/00217 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2024/00217
| 132/ШШ2024/00217 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, *******,******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, Атар гэх газар оршин суух, *******,
Хариуцагч: Булган аймаг ******* сум, 4 дүгээр баг Атар гэх газар оршин суух ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: *******,******* нараас 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй, аас 980,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 132/2023/00470/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Гэрч Г.Оюунцэцэг,
Гэрч С.Тэмүүжин, Д.Ёндонпэрэнлэй нар /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хувиараа малын ногоон тэжээл өвс бусдаас худалдан авч, том тэргээр ачиж бусдад зарж борлуулдаг байсан. Би энэхүү ажлын хүрээнд Борхүүг таньдаг байсан. Өмнө нь хэд хэдэн удаа түүнээс малын ногоон тэжээл худалдан авч байсан. Ингээд 2020 онд надад малын ногоон зарна гэж хэлсэн тул би түүнээс 600 боодол өвс худалдаж авахаар тохиролцож мөнгөө шилжүүлсэн.
Би 600 боодол өвс буюу 3,000,000 /1 боодол 5000 төгрөг/ төгрөгөөр худалдаж авахаар тохирч урьдчилгаанд 2,800,000 төгрөг өгөхөөр болсон. Борхүү нь урьдчилгаа мөнгийг өөрийн хүргэн болох******* руу шилжүүл гэж хэлсэн тул 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 220,000 төгрөгийг тус тус******* руу тус тус шилжүүлсэн. Мөн өвс боодог мяндсан утас авч өг гэсэн тул 4 боодол утсыг 380,000 төгрөгөөр Танил захаас худалдан авч, ******* руу явуулсан.
Гэтэл өвсний урьдчилгаа мөнгийг авсан ч өнөөдрийг хүртэл малын ногоон тэжээл /өвс/-ийг надад шилжүүлээгүй. Тухайн үед өгсөн мөнгөө авах талаар эдгээр хүмүүст хэлэхээр одоо байгаа өвсөө зарчхаад мөнгийг чинь өгье, өвс өгч чадахгүй учир мөнгө өгье гэдэг байсан. Тэгэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд *******,******* нараас 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариу тайлбартаа: Миний бие ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би хамтран хариуцагч өөрийн хадам аав *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний буруутай үйлдлээс болж т хохирол учраагүй. 2020 оны 12 дугаар сарын эхээр буюу 06-07-ны хооронд гэдэг хүн хадам аав Борхүү рүү ярьж зарах өвс байна уу гэж асуусан байсан. Тухайн үед аав Чамд зарах өвс байгаа юу, хүн өвс байна уу гэж асууж байна гэж хэлсэн. Тухайн жил би хүмүүстэй нийлж 680 боодол өвс бэлдсэн тул хадам аавд Надад 680 боодол өвс байгаа, хэдэн боодол өвс хэрэгтэй юм бол гээд тай ааваар дамжуулж холбогдсон. Хадам аав Р.Борхүү нь бидний хоорондын наймаанд ямар ч хамаагүй, зөвхөн дамжуулж өгсөн л төдий учир, төлбөр төлөх үндэслэлгүй. Ганбаатар нь надтай ярихдаа 800 боодол өвс хэрэгтэй байна. Газар дээрээс нь авна, би маргааш очиж авна бэлэн байгаа нь 2,000,000 төгрөг байна, харин өвсөө очиж авахдаа үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгнө гэж хэлсэн. Тэгээд надад 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Ганбаатар Эрдэнэтээс манайд ирж явах замдаа машин нь эвдэрсэн гэсэн. Би тухайн үед өөрийн 680 боодол өвс дээр нэмж Батнасан гэдэг хүнээс 120 боодол өвсийг бэлдүүлж өгөхөөр болсон. Тухайн үед 1 боодол авс газар дээрээс нь авахад /хадлангийн талбай дээрээс/ 5000 төгрөгийн ханштай байсан. ын нэхэмжлэлдээ хэлсэн ханшаар тохирсон бөгөөд энэ нь хадлангийн талбай дээрээс ирж авах ханш юм. өвс авахаар манай руу явахдаа машин нь эвдэрсэн гэсэн. Тэгээд 200,000 төгрөг, 220,000 төгрөгөөр 2 удаа мөнгө шилжүүлсэн. Өөрөө ирж өвсөө авах ёстой байсан ч 2020 оны 12 дугаар сард Ганбаатар өвсөө ирж аваагүй, Би хэрвээ чи өвсөө авахгүй бол би өөрийнхөө өвсийг зараад мөнгөө гаргаж авмаар байна гэж удаа дараа ярьж байсан. Энэ хооронд 120 боодол өвс бэлдүүлсэн байсан Батнасан өөрийнхөө өвсийг зарсан. Тэгээд миний 680 боодол өвс үлдсэн байсан.
Өвс бол богино хугацаанд хурдан муудаж харладаг, 12, 1 сард л худалдан борлуулдаг онцлогтой. Удаан хугацаанд хадгалах юм бол чийг авахаас гадна хадлангийн талбайд байхдаа мал идэх, хийсэж алга болох, эсвэл хулгай авах өндөр эрсдэлтэй байдаг. Өвсний наймаа хийдэг хүмүүс бүх өвсөө хамгийн цаад хугацаа нь 12 сард багтааж татсан байдаг. Тэрнээс хойш малын тэжээл холддог учир өвсийг хүмүүс авахгүй болчихдог. Тэгээд Ганбаатар 12 сард өвсөө ирж аваагүй, зарах гэхээр байлгаж бай, би чамд мөнгөө өгчихсөн юм чинь би өвс авна шүү гээд байсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр надаас нутгийн залуу 1 сарын сүүлээр Ендонпэрэнлэй гэдэг хүн /Ёооно/ Эрдэнэтээс өвс авах гэж ирсэн, Өвсөө өгөөч гэсэн. Хадлангийн талбай дээр бэлдсэн өвс хийсч, эзэнгүй, малын хөлд дарагдах эрсдэл их байсан учраас би өвсөө хурдан л ачуулж, зарахыг хүсч байсан. Тэгээд би Энэ өвсийг хүн авахаар ирлээ, өвсөө зарахгүй бол болохгүй байна, Эсвэл чи хурдан ирээд ав гэж Ганбаатарт хэлсэн. Гэтэл Би чамд мөнгийг нь өгчихсөөн, удахгүй очиж авна хүнд зарахгүй шүү, надад мөнгө нь чухал биш, өвсөө авна гэж хэлээд заруулаагүй. Тухайн үед 1 боодол өвсийг газар дээрээс нь 5000 төгрөгөөр авч цааш зах зээлд наймаалахдаа 8000-9000 хооронд наймаалдаг байсан болохоор Ганбаатарт мөнгө нь гэхээс илүү өвсөө авах нь ашигтай байсан. Дараа нь дахиад л 10 гаруй хоногийн дараа Өвөрхангайгаас өвс авч яваа танихгүй залуу манай өвсийг намрын талбайн үнээр буюу 5000 төгрөгөөр авъя гэсэн. Би дахиад л Ганбаатартай ярьсан боловч Би өвсөө удахгүй очиж авнаа. Чи битгий зарах гээд бай. Талбай дээрээ л байж байг гэсэн. Би энэ хугацаанд өвсийг байнга л эргэж тойрч, цэвэрлэж янзлах, малын тэжээл идэшнээс хамгаалж бүх л боломжоороо харж хандаж байсан. Ирээд авах байх гэж байнга ярьдаг байсан. Ганбаатар өөрөө л өвсөө авна гээд байгаа болохоор өвсийг нь хадгалж хамгаалж байсан болохоос би өвсөө зараад мөнгийг нь буцааж өгмөөр байсан. Учир нь би тэр өвсийг хадгалж хамгаалах гэж төлөвлөөгүй их зардал гаргасэн. Тэгсэн 2021 оны 2 сар буюу цагаан сарын дараа Ганбаатар Одоо би болилоо, би өвс авахгүй, мөнгийг минь өг хэлсэн. Гэтэл тухайн жилийн хавар дулаахан сайхан болж, цагаан сарын дараагаас эхлэн боодол өвсний ханш бараг 1000 төгрөг болсон. Малын тарга тэвээрэг сайтай, хадлан өвс зарцуулах нь бага, малчид налгар сайхан болсон. Гэтэл тэр үед өвс нь ашиггүй болсон учир мөнгөө надаас нэхсэн. 2021 оны 2 сар гэхэд хадлангийн талбай дээр байгаа өвс муудаж харлаад хүн авах ч боломжгүй, би хичнээн арчилж тордоод хулгайд алдаагүй байлгасан ч гэсэн угаасаа цагийн аясаар өвс муудсан. Дулаан болоод ирхээр өвс муудаж, харласан. Тэр өвсийг хэн ч тоож авахгүй, мал ч тоож идэхгүй байсаар байгальдаа шингэсэн. Би Ганбаатараас өвснийхөө хагас мөнгийг авсан, гэхдээ би түүнээс өвсний арчилгааны зардал болон илүү байсан 80 боодол өвсний мөнгийг нэхэмжлэх эрхтэй. Би Ганбаатарт өвсийг хүргэж өгөх үүрэг хүлээгээгүй, хэрэгтэй цаг хугацаандаа өөрөө өвсөө ирж аваагүй, би байх бүхий л боломжоороо хадгалсан. Хавар 2 дугаар сард тухайн жилийн хавар дулаан сайхан болсон чинь мөнгө нэхэмжлэх ямар ч боломжгүй. Өвс хурдан түргэн мууддаг гэдгийг бүгд л мэдэж байгаа. Өөрөө өвсөө цаг хугацаанд нь авчихсан бол энэ зүйл болохгүй, эсвэл намайг тухайн өвсийг 2-3 хүн авъя гэж байхад заруулаад мөнгөө буцаагаад авсан бол хэн хэнд нь ашигтай байсан. Гэтэл өөрөө авахгүй байсаар байгаад өвсийг муутгачихаад, хэнд ч хэрэггүй болсон үед нь надаас мөнгөө буцааж авъя гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч би гаргасан зардал, алдагдлаа Ганбаатараас нэхэмжлэх болно. Нэхэмжлэлд надад 380.000 төгрөгийн мяндсан утас өгсөн гэж байна. Надад ямар ч мяндас өгөөгүй. 12 дугаар сар бол өвсөнд мяндас хэрэглээд байх ямар ч шаардлагагүй болсон үе. Манай өвс хадлан хадах үеэс л мяндсаар боогоод бэлэн болгочихсон байсан өвч. Би үүнийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би сөрөг нэхэмжлэл гаргаж гаргасан зардал болон өвсний алдагдлаа нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь надаас анх 600 боодол өвс биш харин 800 боодол өвс авна гэж тохирсон. Би өөрт байсан 680 боодол өвс, мөн Батнасангаас 120 боодол өвсийг тухайн үед бэлтгэсэн байсан. Гэвч 2020 оны 12 сард болон 2021 оны хавар дуустал өвсөө ирж аваагүй. Аргагүй эрхэнд Батнасан өөрийн 120 боодол өвсөө буцаан авч өөрөө зарж борлуулсан. Ганбаатар өөрөө хадлангийн талбайгаас ирж өвсөө авах ёстой байсан ба бэлтгэсэн өвсийг ирж аваагүй. Ганбаатар нь надад тухайн үед 484 боодол өвсний үнэ болох 2.420.000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Үлдэгдэл өвсний мөнгийг очихдоо өгнө гэж байгаад ирээгүй. Тэр жил миний бэлдсэн 680 боодол өвсний 484 боодол өвсний мөнгийг өгсөн боловч үлдэгдэл 196 боодол өвсний 980.000 төгрөгийг надад өгөөгүй. Бэлтгэсэн өвсийг өөрөө ирж авахгүй байсан, бас заруулахгүй удаан хугацаанд хүлээлгэсээр байгаад өвсийг минь муутгаж, хэрэглэх боломжгүй болгосон. Тэр үед нь ирж авч чадахгүй байсан бол би өөрийнхөө ч өвсийг, бусдын ч өвсийг зарж борлуулах боломжтой байсан. Өвлийн улирал богино, хадлангийн өвсийг удаан хугацаанд хадгалах боломжгүй, өвлийн хахир цагт малд өгч тэжээх зориулалттай байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ганбаатар нь өвсний борлуулалтын үед зарж байсан өвсийг заруулахгүй байсаар байгаад хэрэгцээгүй болсон үед нь намайг хохироож байгаад гомдолтой байна. Тухайн үед боодол өвсний газар дээрх үнэ /хадлангийн талбайгаас ачиж авах үнэ/ 5000 төгрөг байсан тул Ганбаатарын буруутай үйлдлийн улмаас хэрэгцээгүй болгосон 196 боодол өвсийг 5000 төгрөгөөр тооцож 980.000 төгрөгийг нэхэмжлэгч Ганбаатараас гаргуулан авахыг хүсч байна. Ганбаатар тухайн үедээ миний өвсийг заруулсан, эсхүл өөрөө өвсөө ирж авсан бол би өөрийн өвсөөрөө хохирохгүй байсан. Би түүнийг хүлээсээр байгаад өвсний чанар муудаж тухайн газартаа шингэсэн.
Иймд намайг ч гэсэн хохироосон тул би өөрт учирсан хохирлоо Ганбаатараас гаргуулж авахыг хүсч байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох, 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, 1,800,000 төгрөгөнд харилцан эвлэрч байна. Мөн хариуцагч *******гээс татгалзаж байна. Дээрх 1,800,000 төгрөгийг******* нь дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов.
1. 1,400,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор,
2. 400,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дугуу шийдвэрлүүлнэ. Хариуцагч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох, 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 1,400,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 400,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 /нэг сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59,750 /тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,070 /хорин найман мянга дал/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА