Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 12

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                        

Улсын яллагч С.Сугар 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бт холбогдох эрүүгийн 183000005005 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Ж.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг “Зүрхийн хавцал” гэх газар тус  сумын иргэн Б.Аыг хутгалж эрүүл мэндэд нь зүүн гарын шууны дээд 1/3-т зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энэ хэргийг үйлдсэн. Жаахан халамцуу явж байгаад танил дүүгийндээ орсон. Тэгээд  Аын ахтай хамт чононд явж байснаа ярихад  А та миний ахыг мууллаа гээд надтай маргасан. Би ахыг чинь муулаагүй чононд явж байснаа ярьж байна гэж хэлсэн. Тэгээд маргаж байгаад уурандаа түрийнд байсан хутгаа гаргаж ирээд дүрсэн. Миний буруу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Б.А  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд Д ахынд байж байхад гаднаас манай сумын М ах архи уусан байдалтай 0.5 литрийн Ерөөл архи барьчихсан орж ирсэн.  Тэр архийг  дөрвүүлээ хувааж уучихаад би дэлгүүр явж 0.75 литрийн Ерөөл архи авчираад  уугаад дуусах гэж байхад М “би танай ах Этэй чононд явж байсан, танай ах  чинь чацга” гэхээр нь  “манай ахыг чацга гэж хэллээ таныг бодвол ах хүн” гээд хоорондоо маргалдахад  М нь баруун гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд над руу дайрах шиг болсон тэр үед  Д ах,  Эр ах нар хутгыг нь булааж авсан. Миний зүүн гар талын куртикний  ханцуй дагаад цус урсахаар нь тайлаад үзсэн чинь миний зүүн гарын шуунд хутгаар хатгасан байсан. Эмч дуудаж оёдол тавиулж, боолт хийлгэсэн. Миний гар зүгээр болчих байх гэж бодож байна. Надад гаргах гомдол санал байхгүй гэх /хх-ийн 08-09-р хуудас/

 

-Гэрч Ц.Э  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дараа нь А дэлгүүр рүү явж нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчирч уугаад сууж байтал М А 2 маргалдаж эхэлсэн. М Аын нагац ах Этэй чононд явж байсан гэх утгатай юм ярьж байтал А чи миний ахыг мууллаа сайн ч бай,  муу ч бай би ахыгаа өмөөрнө” гэхэд М “ахыг чинь муулаагүй цуг чононд явж байсан тухайгаа ярьж байна” гээд маргалдах гээд байхаар нь би  “та нар ялихгүй зүйл дээрээс битгий маргалдаад бай боль” гэж хэлээд байж байтал М босож гэрийн зүүн хэсэгт  очоод баруун талын гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд Аын зүүн гарын шуунд хутгачихаар нь  би Мын гарыг ард нь дарж байгаад хутгыг хаяулсан. Тэгээд түргэн тусламж дуудаж Аын шарханд оёдол тавиулж, боолт хийлгэсэн...” гэх /хх-ийн 11-р хуудас/  

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар дүгнэлтийн  “1. Б.Аын биед зүүн гарын шууны дээд 1/3-т зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

 

-Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-05/

 

-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/

 

-Ж.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг Зүрхийн хавцал гэх газар хохирогч Б.Атай маргалдсаны улмаас түүнийг хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.А, гэрч Ц.Э нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ж.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Бын  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

 Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон бариултай, бариулын урт 11 см, ажлын хэсэг 11.5 см, нийт урт 22 см урттай STAINLESS STEEL JAPAN гэсэн бичигтэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ж.Быг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бт оногдуулсан торгох ялыг 10 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Бт мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай,бариулын урт 11 см, ажлын хэсэг 11.5 см, нийт урт 22 см урттай STAINLESS STEEL JAPAN гэсэн бичигтэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай .

 

6. Ялтан  Ж.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА