Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17-ны өдөр                    2022/ДШМ/72                                  Хэрлэн сум

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Д.Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч  М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000245 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 13-02 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Э” төвийн нийтийн байрны 1 тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч Ж.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч, “iphone 11 promax” маркийн хар ногоон өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ж.Э-д 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах”  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Т-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 минут 38 секундийн “Э” зочид буудлын нэг дугаартай хяналтын камерын бичлэг бүхий CД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Миний төрсөн эгч 2000 онд ослын улмаас тархины хагалгаанд орж хэвтрийн болсон. Би өөрийн төрсөн эгч Д.Т-ийг 2020 оны 08 дугаар сараас эхлэн асарч байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “Анхан шатны шүүхээс Д.Т-ийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан.

Хүний орон байрны халдашгүй байдал, бусдын хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхээс бусад тохиолдолд багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бусаар нэвтрэлт гэж үздэг.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялыг оногдуулахаар хуульчилсан. Харин хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заагаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

“Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

 

“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

 

 “Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 13-02 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Э” төвийн нийтийн байрны 1 тоотод байрлах насанд хүрээгүй хохирогч Ж.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “iphone 11 promax” маркийн гар утсыг хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 хуудас/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-08 хуудас/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Ж.Э-ын өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө ...07 цаг өнгөрч  байхад ...миний “iphone 11 promax” маркийн хар ногоон өнгийн гар утас алга болсон байсан. Би утсаа 2021 оны 12 дугаар сард ...”Ц” төвөөс 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би хулгайд алдсан гар утсаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай буцааж хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 хуудас/,

 

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 24 хуудас/,

 

- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 хуудас/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг /хавтаст хэргийн 28-29, 31 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30 хуудас/,

 

- Эд зүйлийн мэдээлэл /хавтаст хэргийн 32 хуудас/,

 

- “Ф” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШД-207 дугаартай “...Ipone 11 promax” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 2.000.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 хуудас/,

 

- Д.Т-ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... 2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө архи авахаар онгорхой дэлгүүр хайгаад явж байтал Хэрлэн сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй дэлгүүрийн хаалга онгорхой байхаар нь дотор ороод эзнийг нь хайгаад хоёр давхарт нь гарсан. Тэгээд дээд давхрын өрөөнүүдийн хаалгыг нь татаж үзээд явж байхад хаалга нь онгорхой нэг өрөө байхаар нь орсон чинь нэг эмэгтэй хүн унтаж байсан. Харин түүний хажуу талынх нь ширээн дээр гар утас байхаар нь би тухайн утсыг нь аваад гарчихсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд  оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Д.Т-ийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн  байна. 

 

Шүүгдэгчийн гаргасан “хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ асардаг тул хорихоор өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

 

Шүүгдэгч Д.Т- нь “...ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8Б-8 тоотод оршин суудаг...” болох нь Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 хуудас/, гэрч М.Н-н “...Д.Т- ах эхнэрийнхээ хамт ......тоотод амьдардаг. ...охин хүү хоёр нь тусдаа гарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 хуудас/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.М-н 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Т- нь ............ тоотод эхнэрийн хамт оршин суудаг” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 54 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 хуудас/, Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Д.Т- нь хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ асардаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн гаргасан “хорихоор өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ