Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 132/ШШ2024/00329

 

 

 

 

 

2024 08 12

132/ШШ2024/00329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжпэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 7 дугаар гудамж, 38 тоотод оршин суух, *******-ын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдох

Нэхэмжпэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 183/2023/00864/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжинлхам /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

******* миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийн "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэсэн заалтын дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Учир нь би Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан юм. Гэтэл хариуцагч болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Ч.Төмөр-Очирт арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн Б/27 дугаар тушаалынхаа 3 дахь заалтаар түүний ажлыг надад "...хүлээлцүүлж, хариуцуулах"-ыг ажлын хэсэгт даалгасан атлаа тухайн ажлыг би ямар хугацаагаар хариуцах, ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхийн алин болохыг тодорхой заагаагүй болохоор энэ талаар асууж тодруулж байх үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ..*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.3, 15.1.5 хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилох болсныг мэдэгдэж байна" гэсэн "Мэдэгдэл" өгүүлж, дараагийн долоо хоногийн ажлын эхний өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмнөх мэдэгдэлдээ дурдсан үндэслэлээрээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн гол шаардлага болох "Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно" гэсэн заалтыг зөрчин миний ямар ч саналыг харгалзан үзэлгүйгээр мөн зүйл хэсгийн 59.1.4-ийн нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх." заалтыг үндэслэж намайг Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон Б/28 дугаар тушаал гаргасныг би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан юм. Энэхүү маргаан нь анх 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны удирдлагын зүгээс ******* миний биеийг Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр тус бүс нутаг очиж ажиллахыг шаардаж эхлэснээс үүдэлтэй болохоор энэ үеэр би ийм асуудал хөндөгдөж эхлэмэгц буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны дарга Г.Мөнхбаярт амьдрал ахуйнхаа байдлыг тайлбарлаж сэлгэн ажиллах боломжгүй болохоор тайлбарлаж, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүссэн ч асуудал дээрх байдлаар нэгэнт шийдэгдсэн болохоор би дараагийн алхам болгож энэ тушаал нь хууль бус болох, тушаалын үндэслэл нь өөрт хамаарах бус болох талаар дарга Г.Мөнхбаярт 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тайлбар хүргүүлсэн бөгөөд түүний хариуг хүлээж, хуульд заасан эрх, хугацааныхаа дотор хөдөлмөрийн маргааны дараагийн шатанд бэлтгэж байтал хуулийн 30 хоногийн хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийн "Ажилтанд сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн Б/33 дугаартай тушаалаараа миний Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай үүсгэсэн байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор түүнийг үл хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан болно. Уг хороо 2022 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн 21 дүгээр шийдвээрээ миний гомдлыг үндсэндээ шийдвэрлэсэн боловч ажил олгогч уг шийдвэрт үндэслэж надтай зөвшилцөлд хүрч чадаагүйгээс уг маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаярт Батболдын Намхайноров намайг уралд орох зэлж байсан албан тушаал болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны "отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн"-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 800 000 төгрөг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү... Өмнөх шүүх хуралдаануудад тодорхой ярьсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын отрын бэлчээрийн захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг гаргахдаа ажилтан Н.Намхайноровтой уулзаж, сэлгэн ажиллуулах хугацаанд хийх ажлын талаар тодорхой чиглэл өгч, харилцан тохиролцсон бөгөөд Хэрлэнбаян-Улаан бүсэд ажиллах хугацаандаа нийт хэрэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн ярилцаж, өөрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Хэрлэнбаянлаан бэлчээр ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон Б/28 дугаар тушаал гаргасныг би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан. Тэгээд Мөнхбаярт 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тайлбар хүргүүлсэн бөгөөд түүний хариуг хүлээж, хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн маргааны дараагийн шатанд бэлтгэж байтал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэсэн байгаа нь түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 2022 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ажилтны үүргийг тус тус зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдож байна. Мөн ажилтан Н.Намхайноровын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан үүргээ гүйцэтгэхээс татгалзах, татгалзах нөхцөл байдал үүсээгүй байхад ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа нь сахилгын зөрчил болсон. Ажилтан Н.Намхайноров нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж 2022 оны 8 дугаар сард Хэнтий аймаг дахь аймаг дундын Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Наранцэцэгийг 3 мянган толгой малтай Өвөрхангай аймгийн Хужирт сумын отрын бэлчээрийг өгч, хаваржих нэрээр 000503 дугаартай зөвшөөрлийг хууль бусаар олгосноор Аймаг дундын отрын бүсийн ашиглалтын нийтлэг журмыг зөрчсөний зэрэгцээ тус айлын малаас мялзан өвчний шинж тэмдэг илэрч, голомтын цэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон ноцтой үр дагаварт хүргэх асуудал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд бусаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг дахин нотолж байна. Эдгээр үндэслэлүүд нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилтан нь ажилд орохдоо үүсэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасныг ноцтой зөрчил гаргасан гэдгийг бүрэн дүүрэн нотолж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. -Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 4-7 тал/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8 тал/,

-2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/01/ХГ/05 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 9-12 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/27 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 15 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 16 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 17 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны захирлын 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 18 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны захирлын 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 19 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 20 тал/,

 

-2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хх-ийн 34-35/,

- Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартрай тушаал, түүний хавсралт /хх-ийн36-37/,

-Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл /хх-ийн 38-47/,

-Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг /хх-ийн 50/,

- Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж /хх-ийн 51/,

-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж /хх-ийн 52/,

- Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дунгийн хуудас, судалгаа /хх-ийн 53-61 /,

- *******ын хүсэлт /хх-ийн 63-64/,

- Цагийн бүртгэл, даалгаварын биелэлт дүгнэх хуудас /хх-ийн 65-82/

4. Шүүхийн санаачилгаар *******ын нийгмийн даатгалын дэвтэр, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А-20 дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/07839 дугаартай захирамжид заасан *******ын ажлын дэвтэрт үзлэг хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан зөрчил гаргаагүй, надаас зөвшөөрөл авахгүйгээр сэлгэн ажиллуулсан байх тул намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулна гэв.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэгч ******* нь удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын зөвшөөрөл олгосон. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан, сэлгэн ажиллуулж байгаа ажлын байрны чиг үүргийг хүлээн зөвшөөрч хийх ажлыг тэмдэглэл үйлдэж авч байсан тул тохиролцсон гэж үзнэ. ******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбогдуулан албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасантай холбогдуулан сахилгын зөрчлөөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохирч, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээжээ.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. 

5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

5.1. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гомдол гаргагч ******* 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байна. /1-р хх-ийн 91 /

5.2. ******* нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бюу Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд тусгагдсан нөхцөл болох ажлын байрны буюу албан тушаалын нэр /2.2 зүйл /, үндсэн цалин /2.3 зүйл/, ажил, амралтын цаг /2.8 зүйл /, ажилтны эрх, үүрэг /4.1-4.10 зүйл/, гэрээ дуусгавар болох нөхцөл /7.1, 7.2, 7.2.1-7.2.10 зүйл/ зэрэг зохицуулалтаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал нь Байнгын ажлын байр-ны шинжийг агуулж байх ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцсэн байна.

6.1. Нэхэмжлэгч *******ыг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын *******ыг сэлгэн ажиллуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр 59.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон, мөн тус захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.5, 15.1.7, 15.1.19 дэх хэсгийг баримтлан Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

7. Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай *******ыг сэлгэн ажиллуулах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр 59.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон нь дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

7.1. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас нэхэмжлэгч  *******ыг отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдэгдэн санал гаргасан эсэх, нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах саналыг хүлээн авсан эсэх, талууд харилцан тохиролцсон эсэхийг нотлох баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно. гэж заасныг зөрчиж байна.

7.2. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар хэсгийн 15.1.3, 15.1.5 дахь заалт нь ажилтаны сахилга хариуцлагатай холбогдолтой зохицуулалт байх бөгөөд энэхүү хэсэгт ажилтаныг өөр ажилд сэлгэн ажиллуулах тухай тусгагдаагүй байна.

7.3.Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн захиргааны мэргэжилтэн Төмөр-Очирын чөлөөлөгдсөн сул ажлын байранд *******ыг сэлгэн ажиллуулж байгаа нь хуульд нийцээгүй. Учир нь сэлгэн ажиллуулах зохицуулалт нь хоёр ажилтныг хооронд нь тодорхой хугацаагаар, харилцан тохиролцсоны үндсэн дээр, үндсэн ажлын байрыг нь хадгалж хийгдэх зохицуулалт юм. Маргаан бүхий нөхцөл байдал нь сэлгэн ажилуулах харилцаа бий болоогүй гэж үзэв.

7.4. Хариуцагчаас Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх үүрэг чиглэл авч ******* ажлын дэвтэртээ тэмдэглэл хийсэн нь хүлээн зөвшөөрч, тохиролцсон болохыг нотолно гэж маргаж байгаа нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/07839 дугаартай захирамжийн дагуу хийгдсэн үзлэгээр тогтоогдохгүй байна. Уг дэвтрийн 2022 оны 11 сарын 28-Даргын шуурхай гэсэн гарчигтай бичвэр бүхий хуудасны арын хэсэгт дээрээсээ гурав дах мөрөнд -Төмөр-Очир 23-наар тушаал гаргасан, дөрөв дэх мөрөнд -23-ны өдөр тушаал гарна 28-ны өдөр ХБУ явна. Тайванжаргалтай холбогдох ажил хүлээлцэх, О/Н-ийн асуудал газэр дээр ХБУ цэгцлэх тодорхой хэмжээний хугацаа-3-н чөлөөлөгдөөгүй айл, 33 худ, 22 худаг засварласан, ...16 хороо байгаа- гэх тэмдэглэл байгаа нь сэлгэн ажиллуулахаар ажил олгогчоос ажилтантай хийсэн тохиролцоо гэж үзэхгүй.

Учир нь харилцан тохиролцсон байх гэдэг нь талууд тодорхой асуудлаар нэгдмэл ойлголт, шийдэлд хүрсэн байхыг ойлгоно.

8. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

8.1. *******ыг Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.5, 15.1.7, 15.1.9 дэх хэсгийг баримтлан гарчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан.

8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 2022 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ажилтны үүргийг тус тус зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч шүүхэд гаргаж байгаа тайлбартаа хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлээ гаргаж байгаа ч *******ын гаргасан зөрчлийг шалган тогтоогоогүй, гаргасан сахилгын зөрчлийг бичгээр мэдэгдэж, холбогдох баримтыг урьдчилж танилцуулсан тухай тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт ирүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч тал шүүхэд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартай тушаал, түүний хавсралт, Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл, Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг, Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дунгийн хуудас, *******ын хүсэлт, цагийн бүртгэл, даалгаварын биелэлт дүгнэх хуудас зэрэг нотлох баримт гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх энэхүү баримтуудад дүгнэлт хийх боломжгүй.

8.3. Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас нэхэмжлэгч  *******ыг отор нүүдлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг зөрчсөн. Ажилтан сэлгэн ажиллах болсон ажлаа хүлээж аваагүй, Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүргийг гүйцэтгээгүй, уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад түүнийг дээрх албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар /бүтэн ажилласан/ буюу 2022 оны 9-11 сарын цалин хөлсөөр тодорхойлвол /3,597,599 : 3 сар = 1,199,199 төгрөг : 21 ажлын өдөр= 57,104 төгрөг, 57,104 төгрөг х 417 /ажилгүй байсан хугацаа/ = 23,812,368 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

10. Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаанаас цалинтай тэнцэх хэмжээний олговор 23,812,368 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 277,011.84 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 23,812,368 /хорин гурван сая найман зуун арван хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

 

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 277,011.84 /хоёр зуун далан долоон мянга арван нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА