| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00409/И |
| Дугаар | 132/ШШ2024/00369 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2024/00369
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, Ачуут 1 дүгээр баг, Шинэ хороо 1 дүгээр гудамж 3 тоот хаягт оршин суух *******,
Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00409/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Буянхишиг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь *******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай хонда инсайт маркын авто машинаа *******аас буцааж авах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 онд *******тай нэг удаа уулзахад мөнгө өгөх боломжгүй байна, машиныг чинь буцааж өгнө гээд өнөөг хүртэл өгөхгүй залилан машиныг унаж явсан. ******* машиныг унаж одоог хүртэл хөдөлгөөнд оролцож явна. ******* нь ******* аймагт ажиллаж амьдарч байгаад гэнэт алга болсон. ******* одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
- ******* аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай албан бичиг /хэргийн 4-5-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудас /хэргийн 6-7-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 8-р хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 9-р хуудас/,
- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15388 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ******* Инсайт маркын автомашиныг *******д 6,500,000 төгрөгөөр 2021 онд худалдаж, 3,000,000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгийг өгөхгүй болохоор Цагдаагийн газарт өргөдөл гаргаж шалгууулж, үлдэгдэл мөнгийг өгнө эсхүл машиныг нь буцааж өгнө гэсэн хариуг *******аас авсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа тул автомашин буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2024/15388 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Отгонбаатарын Пүрэвням /*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Отгонбаатарын Пүрэвням /*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Отгонбаатарын Пүрэвням /*******/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА