Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 17

 

 

2018 оны 01 сарын 12 өдөр                 2017/ШЦТ/ 17                                   Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч  С.Сугар,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ш.Ад  холбогдох 1830000090007  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, улсаас авсан гавъяа шагналгүй,  Ш.А

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг “Х” гэх газар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө өөрийн гэртээ 02 цагийн үед Агийн Оыг хутгалж, эрүүл мэндэд нь  “баруун гарын тохойн дотор талын гүн шарх, шууны тараагуур судас, мэдрэл булчингийн тасрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

- Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 31-ны орой найз нөхөдтэйгээ шинэ жилээ тэмдэглэсэн.Тэгээд найз нөхдууд яваад өгсөн шөнө 01 цаг болж байх үед тамхи татах гэсэн хүү гэрлээ унтраахаар нь гэрлээ асаа тамхи татна гээд гэрэлээс болж маргалдсан. Гэтэл том хүү босч ирээд хэрүүл хийлээ гээд намайг 2-3 удаа алгадсан.Тухайн үед одоо том болчихоод аавыгаа зодлоо гэж уурлаад айлгах санаатай хутга автал хүү хутга салгах гэж ноцолдож байгаад тохой руугаа  хатгуулсан. Миний хувьд тэр болгон архи уудаггүй хааяа уудаг,архи уулаа гээд агсан согтуу тавьдаггүй тухайн үед архи уусан байхад ,хүү маань намайг алгадснаас ийм асуудал боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

      Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Манайх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг “Х” гэх газар нутгалдаг юм. Би эхнэр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой шинэ жил гээд нутгийн хүмүүс найз нөхдийн хамт манай гэрт наргиж архи ууцгаасан юм. Архи ууж дуусгаад манайд ирсэн хүмүүс явж эхнэр хүүхдүүд болон бэр Г нарын хамт үлдсэн. Би газраар зүүн хойд талаар унтсан. Харин том хүү О нь эхнэр Ггийн хамт баруун орон дээр унтсан. Манай эхнэр М зүүн орон дээр, О газраар хэвтэж байсан. Ингээд би гэрэл унтраах асаахаас болж хүү Оыг загнасан чинь том хүү О нь архи уучихаад битгий хэрэлдэж муудаад бай гээд намайг   алгадахаар нь өсгүүлж том болчихоод намайг зодлоо гэж бодоод гэрийн зүүн урд байсан тогоо шанаганы шүүгээнээс хүрэн бариултай хутгыг авч айлгах гэсэн боловч О нь надаас хутга булааж авах үед нь би баруун гарын тохойны дотор үе хэсэгт нь зүсчихсэн. Тэгтэл зүссэн хэсгээс цус гарахаар нь гэрийн зүүн орон дээр хэвтүүлээд цус гарч байсан хэсгийг дарж боосон”  гэх мэдүүлэг 

 

-  Хохирогч А.Оын “...Би эцэг А, эх М болон дүү нарынхаа хамт амьдардаг юм. Миний хувьд тусдаа гараагүй байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой манайхтай саахалт айл болон хамт нутаглаж байгаа хүмүүс ирж шинэ жилийн баяр гэж архи ууцгаасан. Ингээд он гарахаас өмнө ирсэн хүмүүс яваад өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд байх, би баруун орон дээр эхнэрийнхээ хамт, зүүн орон дээр ээж М, газраар аав А нь дүү Оын хамт хэвтэж байсан. Энэ үед дүү О нь гэрэл унтраачихсан чинь аав А нь гэрлээ асаа, би тамхи татаж байна гэсэн чинь О дахин гэрэл асаасан, энэ үедээ гэрэл унтраалаа, тамхи татуулсангүй гэж аав үглээд байхаар нь би баруун орон дээр хэвтэж байхдаа аавдаа хандаж “та унтаж амраач, бид нар унтаж амармаар байна” гээд буруу хараад хэвтэж байтал аав А нь Оыг загнаад байхаар нь та яагаад Оыг загнаад байгаа юм наадах чинь таныг яасан юм гээд би орноосоо босоод аав зүүн хойд хэсэгт сууж байхад нь очиж шанаа, хацар хэсэгт нь 2-3 удаа алгадсан чинь босч ирээд шууд гэрийн зүүн урд байх шүүгээнээс хүрэн бариултай хутга авахаар нь араас нь очиж хутгыг нь булаасан чинь нэг мэдсэн баруун гарын тохойны дотор хэсэгт зүсэгдэж цус гарсан. Ингээд би зүүн орон дээр хэвтэж цусыг тогтоосон.Хутга авах үед нь  би 2 гарын шуунаас нь  барьж байгаад биеийнх нь ард гарч 2 шууг нь зөрүүлээд барьж байсан. Хутгыг нь авах гэж зууралдах үед л зүсэгдсэн. Тэрнээс биш хутгаар зүсч хутгалах гэж чичсэн зүйл байхгүй. Оыг загнаад байхаар нь очиж алгадсан. Уг нь би унтаж байсан нойрноосоо болж бухимдаж аавыг цохиж алгадсан. Дарамт шахалт, агсан согтуу зан байхгүй. Тухайн орой согтуудаа олон юм ярьж байхад би цохиод улам сүр үүсгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, хэргийн материалтай танилцаж шүүх хуралд суухгүй тул хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг, 

 

- Гэрч С.Мийн “... Ш.А бид 2 гэр бүл болоод 21 жил болж байна. 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой манай гэрт саахалт айлын хүмүүс шинэ жил гээд манайхаар ирж, бид нар нийлж архи ууж найрласан юм. Ингээд бид шинэ оноо гаргачхаад айлын хүмүүс яваад бид нар унтах гээд орондоо ороод  хэвтсэн юм. Би гэрийн зүүн орон дээр, баруун талын орон дээр хүү О нь эхнэр хүүхдийнхээ хамт, газраар А болон бага хүү О нар унтаж байсан. Нэг мэдсэн чинь А нь Оыг чи гэрэл асааж өгсөнгүй, тамхи татуулсангүй гээд загнаад байх шиг байсан. Нэг харсан чинь А нь тамхиа татаад сууж байх шиг байсан. А нь хүү Оын хөнжлийг нь хуулаад “чи их овортой хүүхэд” гээд загнаад байсан. Энэ үед баруун орон дээр унтаж байсан том хүү О нь сэрээд Ад хандаж “та яагаад байгаа юм бэ, Оыг унтуулаач ээ” гэж хэлж байсан. Энэ үед О нь Аг 2 удаа нүүр рүү нь алгадсан чинь А нь гэрийн зүүн урд байх тогоо шанаганы шүүгээнээс хутга аваад О руу дайрч байхаар нь би босч ирээд “чи хүүгээ алах нь уу, хүүгээ алж байснаас намайг алсан нь дээр” гээд хутгыг нь булааж аваад өөр тийш шидсэн. Нэг харсан чинь Оын баруун гарнаас нь цус гарч байхаар нь зүүн орон дээр хэвтүүлээд цус гарч байгаа газрын дээд хэсгээр нь тэлээгээр ороож эмнэлэг дуудсан. Миний хувьд архи уусан байсан бөгөөд өөрийнхөө санаж мэдэж байгаа зүйлээ л ярьж байна. Миний хувьд хутгалчихлаа гэж бодоогүй. А нь ар гэртээ агсан согтуу тавьдаггүй хүн. Тухайн орой юу болсон юм гэнэт л хүү Оыг загнаснаас болж  О нь  та Оыг загналаа гэж  аавыгаа 2-3 удаа алгадаснаас л болсон. Манайх зодоон байтугай  хэрүүл хийдэггүй айл” гэх мэдүүлэг

 

         - Шүүх шинжилгээний албаны шинжээчийн Шүүх эмнэлгийн шинжээчийн  43 дугаартай  дүгнэлтэнд: 1. А.Оын биед баруун гарын тохойн дотор талын гүн шарх, шууны  тараагуур судас мэдрэл булчингийн тасрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн болно. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Агийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Агийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг,хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн  үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хохирогч А.О нь  өөрийн аав болох Ш.Аг согтуу үглэж загналаа гэдгээр шалтаглан  түүний шанаан тус газар нь 2-3 удаа алгадсанаас маргаан үүсэж  А нь А.Оын биед баруун гарын тохойн дотор талын гүн шарх, шууны  тараагуур судас мэдрэл булчингийн тасрал бүхий хөнгөн гэмтэл учируулжээ. Хэрэгт авагдсан гэрч С.Мийн “... Ш.А бид 2 гэр бүл болоод 21 жил болж байна... А нь ар гэртээ агсан согтуу тавьдаггүй хүн. Тухайн орой юу болсон юм гэнэт л хүү Оыг загнаснаас болж  О нь  та Оыг загналаа гэж  аавыгаа 2-3 удаа алгадаснаас л болсон. Манайх зодоон байтугай  хэрүүл хийдэггүй айл” гэх мэдүүлэг,  хохирогч А.Оын...Би эцэг А, эх М болон дүү нарынхаа хамт амьдардаг юм. ...А нь гэрлээ асаа, би тамхи татаж байна гэсэн чинь О дахин гэрэл асаасан, энэ үедээ гэрэл унтраалаа, тамхи татуулсангүй гэж аав үглээд байхаар нь та яагаад Оыг загнаад байгаа юм наадах чинь таныг яасан юм гээд би орноосоо босоод аав зүүн хойд хэсэгт сууж байхад нь очиж шанаа, хацар хэсэгт нь 2-3 удаа алгадсан. Уг нь би унтаж байсан нойрноосоо болж бухимдаж аавыг цохиж алгадсан... Манай аавд дарамт шахалт, агсан согтуу зан байхгүй гэх мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч А нь урьд өмнө ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй тухайн үед хохирогч Оын аав Агаа алгадсан  буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгчийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний биед гэмтэл учруулсан гэж үзэх  үндэслэлгүй байна. Тухайлбал: Хэрэгт “гэр бүлийн хүчирхийлэл” үлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. 

       

Иймд шүүгдэгч Аг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  тул хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх нь зүйтэй  гэж шүүх дүгнэлээ.  

        

Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу хэрэгт Ш.Агийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар  нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Ш.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг “Х” гэх газар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө өөрийн гэртээ 02 цагийн үед Агийн Оыг хутгалж, эрүүл мэндэд нь  “баруун гарын тохойн дотор талын гүн шарх, шууны тараагуур судас, мэдрэл булчингийн тасрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Ш.Агийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч А.О, гэрч С.М нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Ш.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд тэр гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хутга барьж  хохирогчийн “баруун гарын тохойн дотор талын гүн шарх, шууны тараагуур судас, мэдрэл булчингийн тасрал” бүхий эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэж үзнэ.

 

         Шүүгдэгч Ш.Ад холбогдох  хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

          Иймд шүүгдэгч Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Шүүгдэгч Ш.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1000.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ш.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 26.1 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Оод нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.          

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар ял сонгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Шараагийн Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

          

2. Шүүгдэгч Аг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Аг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Агийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Оод нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай 26.1 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           

  7. Ялтан Ш.А шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР