Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18-ны өдөр                    2022/ДШМ/73                                  Хэрлэн сум

 

 Т.О-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Т.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Т.О-ад холбогдох эрүүгийн 2239000000299 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.О- нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн орчимд Б.Д-ийн эзэмшлийн “realme7-5g маркийн гар утсыг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан Б.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Т.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хууль заасан журмын дагуу тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж тогтоосон, хууль ёсны төлөөлөгч Ө.О-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулаагүй, насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгдэгч Т.О-ад холбогдох эрүүгийн 2239000000299 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.О-ад авсан хуулийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна.

Шүүгдэгч Т.О-ыг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Д-ийн эзэмшлийн “realme7-5g маркийн гар утсыг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан Б.Д-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч Б.Д-ийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж Ө.О-г тогтоосон. Насанд хүрээгүй хохирогч Б.Д-ээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 15 хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хохирогч, гэрчийн хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгчийн аль нэгийг оролцуулснаар мэдүүлэг авах боломжтой байхаар зохицуулсан. Эдгээр нь насанд хүрээгүй этгээд, түүнээс мэдүүлэг авч буй эрх бүхий албан тушаалтны хооронд сэтгэл зүйн түвшинд холбоо тогтоох байдлаар мөрдөн байцаалтад туслах үүрэг бүхий этгээд байх учиртай, харин насанд хүрээгүй хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий этгээд биш, насанд хүрээгүй хүний эрхийг хамгаалах үүрэгтэй оролцогчийн нэг нь түүний өмгөөлөгч болох талаар дээд шүүхийн тогтоолд тайлбарлаж, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт өмгөөлөгч дангаар оролцсон эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй талаар дүгнэсэн болно.

Хууль тогтоогчоос өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны хохирогч оролцсон хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах нөхцөлөөр шүүх хангаж ажиллахаар заасан.

Гэтэл шүүхээс хууль ёсны төлөөлөгч Ө.О-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулаагүй, 18 насанд хүрээгүй хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлэх эрхийг нь зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр, мөн өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох талаар хуульчилсан”, эрүүгийн 2239000000299 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийн эрхийг хамгаалж өмгөөлөгч оролцсон, өмгөөлөгчөөрөө дамжуулан эрхээ хэрэгжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.15 дахь заалтуудад хохирогчийн эрхийн талаар хуульчилсан. Насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч оролцсоноор хуульд заасан ямар эрхийг зөрчсөн эсэх нь ойлгомжгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Д-ээс мэдүүлэг авах, хэргийн материалтай танилцах, дуудан ирүүлэх бүхий л ажиллагаанд өмгөөлөгч оролцсон, насанд хүрээгүй хохирогчоос шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Хэргийн оролцогч нараас хохирогчийн эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, харин ч хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар удаа дараа гаргасан хүсэлтийг хангаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүхэд шилжүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хэргийн оролцогч нараас илэрхийлсэн, гэм буруугаа хүлээж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгчийн эрхийг нэг талаар хязгаарлаж оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.О- нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

Анх Т.О-ад холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх хэргийн оролцогчдын болон насанд хүрээгүй хохирогчийн гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасан. Прокурор Т.О-ад холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа хийж Т.О-тай ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн. Гэтэл Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Хохирогч Б.Д- нь бага насны хүүхэд биш, өсвөр насны хүүхэд. Нэг шүүх нь хохирогч Б.Д-ийг өөрийгөө илэрхийлэх чадвартай гэж үзээд гаргасан хүсэлтийг нь хангаж шийдвэрлээд байхад нөгөө шүүх нь Б.Д-ийг өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэж үзэж хүсэлтээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан гаргах ёстой гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 12 хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ө.О-г тогтоосон. Ө.О- нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч Б.Д- нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, энэ нь мөрдөгчийн тэмдэглэлээр бэхжигдэж хавтаст хэрэгт авагдсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа энэ хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Т.О- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Т.О-ын “...арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийн эзэмшлийн “realme7-5g” маркийн гар утсыг хулгайлсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 22А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Т.О-ад холбогдох эрүүгийн 2239000000299 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Б.Д- нь 2006 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 16 нас 05 сар 11 хоногтой байсан болох нь хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна. 

 

Мөрдөгч тухайн хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг... мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэснийг баримтлах ёстой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг... мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж заасныг баримтлан тогтоол үйлдсэн нь /хавтаст хэргийн 12 хуудас/ хуулийг буруу хэрэглэсэн буюу хууль зүйн үндэслэлгүй тогтоол болжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй тул түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.   

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хохирогч эрхээ бусдаар дамжуулан хэрэгжүүлж болох талаар заасан ерөнхий зохицуулалт бөгөөд уг заалтад насанд хүрээгүй хохирогчийг шууд хамааруулах боломжгүй юм. Учир нь насанд хүрээгүй хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох чадамжгүй тул хуульд зааснаар хууль ёсны төлөөлөгч эрх үүргийг нь хэрэгжүүлж оролцох талаар Иргэний хуулийн  15 дугаар зүйлийн 15.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зохицуулжээ. Харин өмгөөлөгч насанд хүрээгүй хохирогчийг шууд төлөөлөх ямар нэг заалт хуульд тусгагдаагүй боловч түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна” гэсэн зохицуулалтын дагуу мэдүүлэг авахад оролцуулж болох тухай тусгасныг насанд хүрээгүй хохирогчийг бүрэн төлөөлж байгаа мэтээр тайлбарлах боломжгүй гэж үзнэ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөв тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулаагүй байгаа үед гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн эсэх болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Б.ДЭНСМАА

           

                                                                                            Д.ГАНЗОРИГ