| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0175/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 02
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч С.Бт холбогдох 1730001530094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1971 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн трактор засварын мэргэжилтэй, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газар 2017 оны 11 сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “ замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1-д “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Т.Э нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 04-ний орой осол болсон. Би өглөө 08 цагт ажилтай байсан. 2 ажилтай байсан. өглөө 8 цагаас гараад орой 8 цагт буугаад орой 8 цагт гараад өглөө 08 цагт буудаг байсан. Хэрэг болдог өглөө би 8 цагт ажлаасаа буусан байсан. Талийгаач намайг яваад өг гээд намайг гуйсан. Би эхлээд зөвшөөрөөгүй. Талийгаач мотоциклтой явна гэхээр нь гадаа хүйтэн байсан болохоор би явж өгөхөөр болсон. Дүү нь 7 цагт буцах боломжтой байсан боловч буцаагүй. Би дүү чинь аймагт хаана байгааг мэдэх юм уу гэхэд хаана байгааг нь мэднэ гэсэн. Бид нарыг хариуцаж байсан хүн залгасан. Туул гэдэг дүү нь аймаг руу яваагүй бол ах нь ийм болохгүй байсан. Дүү нь манай ахлах тогоочтой ээж рүүгээ ярьчихлаа, эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гээд машин дуудаад явсан байсан. Ах нь ямар ч байсан хойноос нь явна гээд намайг гуйсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т надаас нэг өрөө байр өг гэсэн шаардлага тавьсан. Миний хувьд нэг өрөө байр өгөх боломж бололцоо байхгүй. Харин хашаа болон 4 ханатай Монгол гэр бэлдэж өгч болно гэсэн боловч үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм гэв.
- Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхдөө өөрийн өмгөөлөгч Х.Эыг оролцуулж байна. Миний хувьд 2017 оны 11 сарын 04 ны орой хамт ажилладаг Э нь дүү аймаг руу явчихсан байна очиж авчирахгүй бол болохгүй хамт яваад өгөөч гээд гуйгаад байсан. Тухайн үед орой болсон байсан учир өглөө явъя гээд хэлсэн чинь гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Бийн хамт 77-33 УНР улсын дугаартай Ланд-80 маркын тээврийн хэрэгслийг жолоодоод аймаг руу явж байгаад бага зэргийн цасанд гулгаад жолоогоо эсрэг тийшээ дарахад онхолдсон. Энэ үед Э нь машинд дарагдсаны улмаас нас барсан. Тухайн үед би болон зорчиж явсан 2 хүн суудлын бүсээ бүслээгүй байсан ба архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний хувьд болгоомжгүй байдлаасаа болж осол гаргалаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний хувьд 1 сая төгрөг өгсөн байгаа. Манай компаний зүгээс 2 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг цаг алдалгүй төлж барагдуулна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Манай нөхөр Т.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой “С” гэх газраас Сүхбаатар аймгийн төв рүү машинд суугаад явж байхдаа уг машин нь онхолдсоны улмаас нас барсан юм. Би уг хэрэгт нь хохирогчоор оролцож байна. Манай нөхөр Улаанбаатар хотын Б гэх нэртэй хайгуулын компанид туслах ажилтан хийгээд 20 гаран хоног болж байсан. Хэрэг гардаг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цаг 40 минутын үед ажилдаа явлаа гээд хөдөө гэр болох “С”-ын уурхайн зүүн урд доор байдаг гэрээсээ гараад явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагийн үед хүнээс нөхрөө зам тээврийн осолд ороод нас барсан гэдгийг сонссон. Манайх Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалан 3-4 тоотод бүртгэлтэй боловч “С”-ын уурхайн тэнд өөрсдийнхөө малыг маллаад аавынхаа хамт амьдардаг байсан. Би Т.Этой 2012 онд гэр бүл болоод дундаасаа 4 настай, 2 настай, 3 сартай нийт 3 хүүхэдтэй юм. Зан чанарын хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааг хаяа нэг хэрэглэдэг юм. Архи уусан үедээ элдэв муухай зан чанаргүй хүн байсан. Манай гэрээс ганц ажил хийдэг хүн байсан болохоор одоо хэцүү байна. Би нөхрөө зам тээврийн осолд орж нас барсанд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочид гомдолтой байна. Оршуулгын зардал баримтаараа 3.802.198 төгрөг, баримтгүйгээр хайрцаг 200.000 төгрөг, дулаалга 55.000 төгрөг нийт 4.057.198 төгрөгний зардал гарчихаад байна. Би 77-33 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Баас 4.057.198 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай нөхрийн буяны ажилд С.Б нь 1.000.000 төгрөг, ажиллаж байсан компаний зүгээс 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг өгсөн байгаа. Би уг мөнгөнүүдийг нэхэмжилж байгаа мөнгөндөө оруулахгүй гэж бодож байгаа ба үүнээс гадна 4.057.198 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн манай нөхөр нас барснаас болж амьдрах байр савгүй байгаа болохоор 1 өрөө байр нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хх-н 14-17 х /
- Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “С гэх” газар байрлаж хөнгөн цагааны хайгуул хийж байгаа “Б” гэх нэртэй компанид туслах ажилчин хийж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа хийж байгаад орой 19 цагт хоолондоо орчихоод байрлаж байсан байрандаа байж байтал талийгаач Э нь Сүхбаатар аймаг руу орох ажилтай байна цуг яваад өг гээд Б ахад хэлээд намайг хамт явчих гэсэн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад компаний 77-33 УНР улсын дугаартай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн машиныг Б ах бариад хажууд нь Э сууж арын суудалд би суугаад “С гэх” газраас аймаг руу урдаасаа хойшоо шороон замаар 10 орчим км явж байгаад уруудаад гэнэт машин бөгсөө зүүн гар тал руу шарваад жолоодлого алдаад онхолдсон. Би машин дотор байсан ба гадаа жолоо барьж явсан Б ах намайг гараад ир гэхээр нь машины урд талын цонх хагарсан байхаар нь тэрүүгээр гараад харахад машин урагшаа харсан дугуй нь баруун тийш харж зүүн хажуу талаараа налсан байдалтай байсан. Э нь машин доор дарагдсан толгой нь хойшоо харсан байдалтай Э нь ёолоод байсан. Б ах бид хоёрт гар утас байхгүй сандраад ойрхон байсан айл руу очсон. Уг айлд эхнэр, нөхөр 2 байсан ба гар утсаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгчихөөд уг айлын залуугийн машинтай буцаж осол болсон газар очоод онхолдсон машинаа татсан боловч дийлэхгүй байсан тул эргэж яваад ойрхон айлын бас нэг залууг дагуулж ирээд өөрсдөө өргөх гэсэн боловч дийлэхгүй болохоор нь хамт туслах гээд ирсэн залуугийн машинаас данхраадыг нь авч данхраадаад би өөрөө Эыг машин доороос бүтэн биеэр нь бага зэрэг чирж гаргасан. Тухайн үед Э нь ямар нэгэн амьсгаа байхгүй байх шиг байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Эыг эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед осол болоод сандарсан байсан ямар ч байсан эмнэлэгт мэдэгдэе гээд айл руу явсан. Тэгээд айлаас ирсэн залуу нь данхраадаад машинд дарагдсан байсан хүнээ гаргая гээд данхраад авчирахаар нь данхраадаж гаргасан. Машинд данхраад байсан үгүйг нь мэдэхгүй байна. Бид нар 19 цагаас хоолондоо орчихоод гэртээ амарч байгаад аймаг руу явахаар машинтай хөдөлсөн. Б ах архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй байсан. Уг тээврийн хэрэгсэл нь “Б” компаний эзэмшлийн машин байгаа юм. Уг машиныг компани хариуцсан дарга С /бүтэн нэрийг мэдэхгүй/ ихэвчлэн барьдаг. Зарим тохиолдолд уг компанид ажилладаг жолооч нар даргаас зөвшөөрөл авч ажил гарвал барьдаг байсан. Талийгаач Э нь Сүхбаатар аймаг руу явж хүнтэй уулзчихаад ирье гээд Б ахад хэлээд хамт намайг явъя гэж гуйсан. Машиныг авч явахдаа өрөм манаж хонох гэж байсан Энхбаяр, түүнтэй хамт байсан залуу /нэрийг мэдэхгүй/ хоёрт аймаг орчихоод ирье гэж хэлээд Эын мотоциклийг орхиод хөдөлсөн. Би милл рүү нь хараагүй, гэхдээ багцаагаар 40 км/ цагийн хурдтай явж байгаад онхолдсон. Осол болохын өмнө дээрээс урууддаг замтай байсан болохоор хурдаа сааруулж явж байсан. Осол гарахын өмнө Б нь Э бид хоёртой юм яриагүй тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. Цаг агаар хүйтэн Сай, цас бороо ороогүй, зам нь шороон байсан ба замын хэсэг хэсэг газар цастай халтиргаатай байсан. Осол гарсан газрын орчим шулуун тэгш зам байсан. Би хамгаалах бүс бүслээгүй байсан. Б ах болон Э нарыг хамгаалах бүс хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бүслээгүй байх гэж бодож байна. Миний толгой дүүрээд, баруун мөр хөндүүрлээд байна. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байна. Жолооч Бт ямар гэмтэл учирсныг хэлж мэдэхгүй байна. Харин талийгаач Эыг машин доороос чирж гаргахад баруун завьжнаас цус гарсан, баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай харагдаж байсан. Осол болохын өмнө талийгаачийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. Э, Б ах бид 3 хоорондоо муудалцаагүй осол болохын өмнө юм яриад л явж байсан. Жолоочийг тээврийн хэрэгслийг жолоодоход саад учруулсан зүйл байхгүй. Тухайн үед юм яриагүй явж байсан. Машинтай хөдлөхөд Б ах тээврийн хэрэгслээ огт шалгаагүй шууд машиндаа сууж асаагаад хөдөлсөн. Уг тээврийн хэрэгсэлд урд талын салхины шил, урд 2 шил хагарсан, ачаа нь салаад зүүн тийш унаж ачаан дээр байсан дугуй нь хамт унасан байсан. Өөр эвдрэл учирсныг сайн хэлж мэдэхгүй байна. Э нь архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй эрүүл саруул байсан” гэх мэдүүлэг, / хх-н 20-22 х/
- Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “С” гэх газар цайрын хайгуул хийж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 23 цаг болж байхад манай “Б” компаний туслах ажилчин Б нь машин уначихлаа Э ямар ч хөдөлгөөнгүй болчихлоо даруулчихсан байна гэж хэлэхээр нь аймаг явах замд “Б” гэх нэртэй газар гэж хэлээд тасарчихсан. Тэгээд өрмөн дээр үлдээсэн 2 туслах Энхбаяр, Мөнхөө хоёр луу яриад машин яасан юм вэ гэхэд Б ах ойрхон явчихаад ирье гээд Б, Э нарын хамт явсан гэж байсан. Тэгэхээр нь манайд ганц үйлчилгээнд явдаг Ланд Крузер-80 маркын машиныг аваад явсаныг мэдсэн. Тэгээд осол болсон газар 00 цагийн үед ирэхэд манай үйлчилгээнд явдаг машин урагшаа хараад зүүн талаар налж унасан байдалтай байсан ба машины зүүн талд манай ажилчин Э хэвтэж байсан уг хүнийг нас барсан, эмнэлэг ирж үзээд явсан гэж байсан. Тэгээд бид нар машинаа босгоход урд салхины шил, урд 2 хажуу шил, хойд талын зүүн талын шил хагарсан, урд 2 карлон, зүүн хойд шанаа, дээвэр хонхойсон байдалтай байсан. Уг машин нь “Бг” ХХК-ны эзэмшлийн машин юм. Уг машиныг Сүхбаатар аймагт би хариуцаж авчирсан боловч манай жолооч нар ажил гарсан үедээ унаад явдаг. Ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй унаад явдаг. Талийгаач Эын дүү нь манай компаний тогооч юм. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг руу явчихаад 19 цагийн хоолноос өмнө ирнэ гэчихээд ирээгүй тэгээд ах нь араас нь явж авчирахаар явсан гэж байсан. Осол болоход Ланд-80 маркын машиныг жолоодож явсан гэх Б нь манай компанид 10 гаран жил ажиллаж байгаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй жолооч юм” гэх мэдүүлэг, хх-н 24 х /
- Гэрч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “С” гэх газар өрөмдлөг хийж байгаа “Б” гэх нэртэй компанид туслах тогооч хийдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд хамт ажилдаг тогооч руугаа ээжийгээ яриулаад эмнэлэгт үзүүлэхээр чөлөө авсан юм. Тэгээд буцаад орой 19 цагаас өмнө буцах байсан боловч орой болчихоор нь яваагүй юм. Уг компанид манай ах өрөмдлөгийн туслах хийдэг ба би чөлөө аваад явахдаа ахдаа хэлээгүй явчихсан юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө ахыгаа Сын уурхайгаас машинтай аймаг руу орох гэж явж байгаад осолд орж нас барсан гэж сонссон” гэх мэдүүлэг, / хх-н 25 х /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х /
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 2-8 х /,
- Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт / хх-н 32-34 х /
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017.11.15-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, / хх-н 39-40 х /
- 0201301 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 128466 дугаартай жолооны үнэмлэхийн хуулбар / хх-н 54-55 х /
- Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт / хх-н 57-59 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 1/1025 дугаартай тодорхойлолт, / хх-н 61 х /,
- Эрүүгийн 173000162 тоот хэргийн хохирлын жагсаалт, / хх-н 66-77 х /
- С.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 80 х /
- Яллагдагч С.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, / хх-н 88 х/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 5/02 дугаартай санал, / хх-н 106 х / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь С.Бийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул С.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч С.Б нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газар 2017 оны 11 сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “ замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3б “ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1-д “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Т.Э нь нас барсан болох шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тийн мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017.11.15-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
С.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч С.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
С.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Бийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тт оршуулгын зардалд 2.060.000 төгрөг, Б ХХК-наас 2.000.000 нөхөн төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, Б ХХК-ны 2017 оны 12 сарын 11-ны өдрийн А/022 албан бичгээр тус тус нотлогдож байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардал болох 4.057.198 төгрөгийн хохирлыг төлсөн гэж үзнэ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь 1 өрөө байр нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, үндэслэл нь тодорхойгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн оршуулгын зардалд 4.060.000 төгрөг төлсөн, тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар С.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хохирогчийн оршуулгын зардалд гарсан 4.060.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т нь тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР