Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0081/З |
Дугаар | 128/ШШ2024/0459 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0459
2024 05 28 128/ШШ2024/0459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД: *******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсан тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/526 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч Н******* ХХК нь маргаан бүхий актыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1280 дугаартай албан бичиг ирснээр мэдэж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Н******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 0.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/412 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сунгахдаа 2 жилийн хугацаагаар сунгасан тул таван жилээр сунгуулах хүсэлт гаргаж, түүнийг шийдвэрлэхгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/526 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна...” гэж заасан. Гэтэл 2021 онд манай газар ашиглах эрхийн хугацааг сунгахдаа захиргааны байгууллага 2 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд энэ талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж,
4.2. Манай газар ашиглах эрхийг цуцлах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдээгүй гэж,
4.3. Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ заахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар Н******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн нь хууль зүйн болон бодит байдлын ямар ч үндэслэлгүй шийдвэр гэж,
4.4. Манай компани аялал жуулчлалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсад өндөр зэрэглэлийн эко аялал болон бартаат замын аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н******* компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын өндөр зэрэглэлийн эко аялал болон бартаат замын аяллын чиглэлээр 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт Нүхтийн аманд 2018 оны 3 сард 0.3 га газрыг анх ашиглах эрхийг авсан. Ашиглах эрхийг авснаас хойш Н******* компани өөрийн үндсэн үйл ажиллагаанд зориулж аяллын түр отог байрлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газрын төлбөрийг цаг тухайд нь төлөөд газрын төлбөрийн тооцоог дүүргийн газар зохион байгуулалтын албатай тооцоо нийлээд явж байсан. 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар газрын төлбөр тооцоо үлдэгдэлгүй байгаа. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/526 дугаар шийдвэрээр Н******* компанийн газар ашиглах эрхийг 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааны журмыг зөрчсөний улмаас тухайн гаргасан акт нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гарсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанууд хийгээгүй. Цуцлах гэж байгаа нөхцөл байдлын талаар Н******* компанид мэдэгдэж, асуудлыг тодруулаагүй. Тухайн үед манай компани хугацаагаа зориулалтын дагуу сунгуулах хүсэлт гаргаад явж байсан байдаг. Ингээд явж байхад шууд цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус болсон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/526 дугаар тушаалаас Н******* компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааны тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг тушаалаар сонсох ажиллагааг хийсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааг явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан. Энэ зохицуулалтаар сонсох ажиллаагааг явуулсан. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаанд холбогдох тайлбарыг ирүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газрыг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор төлбөр төлсөн баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч тухайн баримтуудтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийн зөвлөл гараад зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байдаг. Тус хэлэлцүүлгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Иймд маргаан бүхий акт үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Маргаанд хамаарах үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Н******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 0.3 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авч, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/410 дугаар гэрчилгээ олгогдож, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2016/190-1 дугаартай газар ашиглах гуравласан гэрээ байгуулсныг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталж, тус газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 он 12 дугаар сарын 28-ны өдрийн А/412 дугаар тушаалаар 2 жилийн хугацаагаар сунгаснаас үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байжээ.
3. Маргаан бүхий тушаалын хавсралтын 12 дахь хэсэгт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэхдээ газар ашиглах эрхийн хугацааг 2 жилийн хугацаагаар сунгасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгч компаниас газар ашиглах эрхийн хугацааг таван жил болгож зөвтгүүлэхээр хүсэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Н******* ХХК-ийн захиргааны байгууллагад гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч компанийн Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх авсан 0,3 га газрын ашиглах эрхийг хариуцагч төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалсан.
5. Маргаан бүхий актын үндэслэл бүрээр дүгнэвэл,
5.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн актаас үзвэл нэхэмжлэгч Н******* ХХК нь 2016 оны А/220 дугаар тушаалаар ашиглах эрх авсан газрын 2016/0321 дугаартай гэрээгээр тогтоосон төлбөр болон 2019 он, 2020 он, 2021 оны 1 дүгээр улирлын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл байхгүй байхад 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 747 тоотоор газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл зааж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь, мөн энэ үндэслэлээ 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцэхгүй байна.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосон, үүгээр газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсноор газар ашиглах гэрээ шинэчлэн байгуулахаар тус компани 2019 оны 02 дугаар сарын 22-нд 2/03 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн газар ашиглах тухай гурван талт гэрээг байгуулсан.
Дээрх үйл баримтаас үзвэл газрын төлбөрийг гэрээнд заасан болон эрх бүхий этгээдээс тогтоосон дүнгээр төлсөн, сонсох ажиллагаа хийх үед ч, газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үед ч төлөгдөөгүй үлдэгдэл байгаагүй, газрын төлбөрийн хэмжээг тогтоох гэрээг шинэчлэн батлуулсан байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ.
5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.
Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Н******* ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр хийгдэх 2021 онд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, 2016 онд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байх бөгөөд маргаан бүхий газар дээр хийсэн шүүхийн үзлэгээр тус газарт зөөврийн сууц болон төхөөрөмжийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд өндөр хүчдэлийн шугам татсан болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Н******* ХХК-ийг газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодруулах ажиллагаа хийгээгүй хариуцагчийн шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчжээ.
Тодруулбал, Н******* ХХК-ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч өөрөөс нь хамаарах энэ шалтгаан нөхцөлийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
6. Бусад үндэслэлийн талаар,
Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1-т “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтаар, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, харин 12 дугаар зүйлийн 5 болон 9-д зааснаар дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог тул нэхэмжлэгч компани дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барьсан, харин өөрөөр барилга байгууламж бариагүй болох нь тогтоогдож байна.
8. Түүнчлэн газар дээр хэрэгжүүлэх төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүргийг газар ашиглагч гэрээгээр хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, ийм үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/526 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/526 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ