Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/01027 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2016/01027
Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2016/00563 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар магадлалтай,
Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарын нэхэмжлэлтэй
М.Банзрагчид холбогдох,
“Гэм хорын хохирол 11.766.618 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дашням, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө Наран багийн нутагт М.Банзрагчийн жолоодож явсан 12-12 УНЭ дугаарын машинд нөхөх Үүрцайх нь мөргүүлж 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдан одоо хүртэл ухамсарт ухаангүй, өөрийгөө удирдан жолоодож хөдөлгөөн хийхгүй байнгын асаргаанд байна. Жолооч М.Банзрагч нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж бусдад хүнд гэмтэл учруулсан, хэргийн газрыг орхин зугтаасан хэрэгтээ Эрүүгийн хуулийн 215.2, 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан. Шүүхээс хэрэг буцаж дахин шалгагдах явцад Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ үед хэрэг нэмж шалгах ажиллагаа дуусаж байсан бөгөөд өмнө нь шүүхийн шатанд гаргасан нэхэмжлэлээсээ банкны зээлийн үлдэгдэл 14.662.849,06 төгрөгийг хасаж, мөн 609.162 төгрөгийг тусад нь тооцохоор хасаж, үлдэгдэл 4.973.100 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-нд шүүхийн шатанд гаргасан 727.770 төгрөг, дээр нэмж эм, эмчилгээний 321.000 төгрөг, цалин ХЧТА-ны тэтгэмжийн зөрүү 1.448.632 төгрөг, цалин, ХЧА-ын хувь тогтоосон тэтгэмжийн зөрүүг 2016 оны 07 дугаар сарын 21 хүртэл 6.826.116 төгрөг, эдгээр нийт 14.966.618 төгрөгөөс М.Банзрагчийн төлсөн 3.200.000 төгрөгийг хасаж 11.766.618 төгрөгийг нэхэмжилсэн. Өршөөлийн хуульд заасан болзол, журмын дагуу М.Банзрагч энэ хохирлыг төлөхөө илэрхийлж, улмаар өршөөлийн хуульд хамрагдан 2015-12-17-ны прокурорын 5/357 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. М.Банзрагчаас төлөхөөр зөвшөөрсөн төлбөрөө сайн дураар төлөхийг хүссэн боловч биелүүлэхгүй байгаа тул 11.766.618 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: М.Банзрагч нь Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын биед хүнд гэмтэл учруулан гэм буруутайг шүүх тогтоогоогүй боловч өөрөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, хохирлыг төлнө гэдгээ зөвшөөрсөн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас чөлөөлсөн. Мөрдөн байцаалтын явцад М.Банзрагч нь хохирлыг бүрэн төлсөн байсан учраас ийм их хэмжээний эмчилгээний зардал гарсан гэхэд эргэлзээтэй байна. Хэргийн материалтай танилцаад төлөх шаардлагатай төлбөл зохих хохирол зардлыг нотлох баримт нь байвал төлөх боломжтой. Харин төлөх үндэслэлгүй зүйлийг нэхсэн байвал тэр хэсгийг нь татгалзах болно гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2016/00563 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Банзрагчаас 11.766.618 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нарт олгож, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар нь нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч М.Банзрагчаас 203.216 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.Банзрагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.216 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2016/00563 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны 117 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж үзээд татгалзлаа нотлох баримтуудыг М.Банзрагчид холбогдох эрүүгийн хэрэгт байгаа гэм хорын нэхэмжлэлд хохирогч талаас гаргаж өгсөн нотлох баримт гэж заасан. Харин шүүх эрүүгийн хэргийн материалд байгаа нотлох баримтыг ямар нэгэн эргэлзээгүй нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар ямарч дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэгт хохирогч талаас гаргаж өгсөн баримт нь 4.973.100 төгрөг бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангасан нь 2.366.700 төгрөгийн баримт байдаг. Эрүүгийн хэрэгт хохирогч талаас өгсөн сиди бичлэгийг хэрэгт өгсөн байдаг. Энэ сиди бичлэгийн талаар судлаагүй байж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн өөрийнх нь хэт болгоомжгүй үйлдэл осол гарахад нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хохирлын 50 %-ийг л Банзрагч хариуцах ёстой гэж үзэж байгаа юм. Хохирогч талын өөрсдийнх нь гаргаж өгсөн Сиди нь жолооч М.Банзрагчийг 100% бүруутай гэдгийг нотолж чадахгүй, зүгээр замыг л харуулсан, бүүр хожим өөрсдөө хийсэн бичлэг юм.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхэд шүүх уг Сиди-г нотлох баримтаар судалсан юм гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг үндэслэл болгосон нь зөв.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дашням нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Д.Үүрцайх нь зам тээврийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан тул эмчилгээний зардалд 11.766.618 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...осол гарахад хохирогч өөрөө буруутай тул баримтаар тогтоогдож байгаа төлбөрийн 50 хувийг төлнө” гэжээ.
Хариуцагч М.Банзрагч нь 2015 оны 04 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө 12-12 УНЭ дугаарын машин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.3 дах заалтыг зөрчиж хурд хэтрүүлснээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг, “МБ” жаазны үйлдвэрийн урд талын зам дээр явган зорчигч Д.Үүрцайхыг мөргөж, хүнд гэмтэл учруулжээ. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/357 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/.
Д.Үүрцайх нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан бөгөөд эхнэр Б.Эрдэнэцэцэгийн асрамжид байгаа, нэхэмжлэгч Д.Дашням түүний ах болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Шүүх, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Д.Үүрцайхын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Орхон аймгийн Цагдаагийн газар дээрх авто ослыг эрүүгийн журмаар шалгасан ба аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн төрөлжсөн архивын “хуулбар үнэн” тэмдэглэл бүхий 57 хуудас материалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхэд ирүүлсэн /хавтаст хэргийн 52-53, 72-130 дугаар тал/, эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.
Түүнчлэн хохирогчийн буруутай үйлдэл осол гаргахад нөлөөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эрүүгийн хэрэгт байгаа хохирлын талаарх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн өөрийнх нь хэт болгоомжгүй үйлдэл осол гарахад нөлөөлсөн тул хохирлын 50 хувийг хариуцах” гомдлыг хангах боломжгүй.
Нэхэмжлэгч Д.Дашням нь Д.Үүрцайхад учирсан хохирлыг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Д.Дашнямд олгохоор шийдвэрлэсэн нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна магадлалд “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэсэн хуульд заагаагүй нэр томьёо хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т нийцээгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар магадлалын Удиртгал хэсгийн “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч...” гэснийг “шүүгч” гэж, тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2016/00563 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Д.Дашням” гэснийг “Д.Үүрцайх” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 142/ШЗ2016/04142 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ