| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2017/1025/З |
| Дугаар | 391 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 391
З.А нарын 70 иргэний нэхэмжлэлтэй,
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчид, Улаанбаатар хотын ерөнхий менежер
бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0429 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.Б, М.Э, С.Э, П.Б, Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.И нар.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э, Д.А, П.Б, Ш.Б, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.3, 66.3.2, 66.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн З.А нарын 70 иргэний нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан З.А нарын 70 иргэнээс гаргасан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0429 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд “2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий З.А, С.Г, Б.Б нарын 70 иргэний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Нэхэмжлэгч нар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0429 дүгээр магадлал гарсан. Магадлалыг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4. Шүүхийн магадлалд “НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журам нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрх зүйн үр дагаваргүй, хүчин төгөлдөр болоогүй” гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан хэдий ч хүчин төгөлдөр болоогүй гэх 61 дүгээр тогтоол, түүний хавсралтыг хууль бус аргаар хэрэгжүүлсээр байгаа явдлыг нэхэмжлэгч нар удаа дараа баталж, шүүхэд нотлох баримтаар нотолсон.
5. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчин хууль бус аргаар хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний актыг бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчин, бусдыг хохироож байгаа явдлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, тогтсон байр суурьтай болох зайлшгүй шаардлагатай байна.
6. Магадлалд “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч иргэд түүнийг биелүүлэхгүй байх эрхтэй” гэжээ. Гэтэл бодит байдал дээр хүчин төгөлдөр болоогүй, Хууль зүйн сайдын дүгнэлтээр ТҮЦ эрхлэгчдэд хэт чирэгдэлтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж дүгнэсэн журмыг хууль бус аргаар хүчээр хэрэгжүүлэн иргэдийг амьжиргааны эх үүсвэрээс нь салган хохироосоор байхад шүүх “иргэний зөрчигдөхгүй эрх, ашиг сонирхлыг шүүхээр хамааруулах ойлголт байхгүй” гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Магадлалд “иргэд түүнийг биелүүлэхгүй байх эрхтэй” гэж дүгнэсэн байх хэдий ч нэхэмжлэгч нарын ТҮЦ-үүдийг хүчээр ачиж, журамлах, ачилт хийх бүрт ТҮЦ-үүдэд эвдрэл, гэмтэл гардаг, ТҮЦ-ээ ажиллуулж чадаагүй байх хугацаанд төрийн шаардсанаар шинэчлэсэн ТҮЦ авсан зээлийн эргэн төлөлт зогсож, нэмэгдүүлсэн хүү бодогддог гэх зэргээр ихээхэн хохирсоор байна.
7. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 тоотоор үүрэг чиглэл өгсний дагуу Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” нь “НИТХТ-дийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлж байгаагаа удаа дараа нотлосон тайлбар өгдөг бөгөөд хүчин төгөлдөр болоогүй гэх Захиргааны хэм хэмжээний актыг хүчээр хэрэгжүүлж байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний акт гэж тодорхойлж байгаа хэдий ч эрх зүйн үйлчлэл үзүүлэхээргүй гэж буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь, нэхэмжлэгч нарын ТҮЦ-ийг 61 дүгээр тогтоолд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээ сунгахгүй байгаа, гэрээ сунгаагүй учраас ТҮЦ-үүдийг хүчээр ачиж журамлан, журмын хашаанд аваачсаар байна.
8. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлтээр “НИТХТ-ийн 2017.04.18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.6, 60.1.8 мөн 60.2, 64 дүгээр зүйлийн 64.1 заалтуудыг зөрчсөн, мөн ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэтэрхий чирэгдэл учруулсан зохицуулалтууд тусгасан байгааг дурдан хүчингүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн.
9. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр “НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журам нь хүчин төгөлдөр, Хууль зүйн сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлт өөрөө үндэслэлгүй, тэгээд ч Хууль зүйн сайдын дүгнэлтийг бид дагаж мөрдөх албагүй, бид захиргааны байгууллага биш, зөвхөн Үндсэн хуульд л захирагдах ёстой” мэтээр тайлбарласан нь 61 дүгээр тогтоолыг хүчээр, хууль бус аргаар хэрэгжүүлж байгааг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нотолгоо бөгөөд хүчингүй болгохгүй гэсэн санааг агуулсан тайлбар байсан.
10. Нэхэмжлэгч нэр бүхий ТҮЦ эрхлэгч нар нь хуулийн дагуу ТҮЦ-үүдэд тавьсан шаардлагыг дэмжсээр ирсэн бөгөөд үүнийхээ дагуу шинэчлэсэн шинэ загварын ТҮЦ тавь гэсэн шаардлагын дагуу бүгд 8-12 сая төгрөгний зээл авсан. Энэхүү зээлээ эргэн төлж дуусаагүй байгаа бөгөөд эргэн төлөлт хийхийн тулд ТҮЦ-ийг ажиллуулахаас өөрөөр төлөх боломжгүй, өрхийнхөө наад захын хэрэгцээ, үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх ганц орлогын эх үүсвэр юм. Гэтэл энэхүү олон өрхийн амьдралаа залгуулдаг ганц орлогын эх үүсвэр болсон ТҮЦ-ийг хууль бус аргаар, захиргааны актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлсээр байхад шүүхийг үл хүндэтгэн ачиж журамлан, журмын хашаанд хийж, ачилтын төлбөрийг төлөөд ТҮЦ-ийг авах гэхээр буцаан байршуулахгүй гэсэн бичиг хийж өгсөн тохиолдолд ТҮЦ-ийг буцааж өгнө гэж хууль бус шаардлагуудыг тавьсаар байна.
11. Захиргааны ерөнхий хуульд “Захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ. Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлтээр НИТХТ-ын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Энэ бол тус тогтоол, журам нь “Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн, мөн ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэтэрхий чирэгдэл учруулсан зохицуулалтууд тусгасан байгаа тул Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй, хүчингүй болго” гэсэн агуулга бүхий байхад НИТХТ нь одоог болтол хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байгааг тогтоолгох, шүүхээс хүчингүй болгохыг даалгуулах хүсэлтэй байна.
12. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах” үндсэн эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
13. Иймд хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитоор үнэлэхгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэргийн давж заапдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0429 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
14. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
15. Нэхэмжлэгч З.А, С.Г, Б.Б нарын 70 иргэн нь шүүхэд “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
16. Давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч нарын гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
17. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэдгийг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгохоор, 67 дугаар зүйлийн 67.2-т захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхээр хуульчилсан байна.
18. Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан байх ба хариуцагчаас уг журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснийг тус яамнаас хянаж, “...журам баталсан нь болон уг журмын зарим заалтууд Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй, иймд ...“Журам батлах тухай” 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
19. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар, уг журам нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болно.
20. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хэм хэмжээний актын хувьд нэг бол хүчингүй болгуулах, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байна.
21. Гэтэл нэхэмжлэгч нараас улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, “...уг журмыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын ажил, хөдөлмөр эрхлэх, өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь дээрх хууль зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
22. Иймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “давж заалдах шатны шүүх ...хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитоор үнэлэхгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
23. Харин, нэхэмжлэгч нараас Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “...Улаанбаатар хотын ерөнхий менежерээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг танилцуулсаныг захиргааны акт амаар гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй байна.
24. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.А, С.Г, Б.Б нарын 70 иргэний гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0429 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.А, С.Г, Б.Б нарын 70 иргэний гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА