Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18-ны өдөр                    2022/ДШМ/75                                  Хэрлэн сум

 

М.Г-, С.Б-, У.М-

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч М.Г-, С.Б-,

Шүүгдэгчийн М.Г-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Г-, С.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Г-, С.Б-, У.М- нарт холбогдох эрүүгийн 2139001210152 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Г-, С.Б-, У.М- нар нь бүлэглэн

- 2019 оны 04 дүгээр сард Д.М-ын эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж Д.М-т 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2019 оны 04 дүгээр сард Д.Ма-ын 1 тооны улаан зүсмийн гунжин үнээг хулгайлж  Д.Ма-ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2019 оны 04 дүгээр сард П.Ч-ын эзэмшлийн 4 тооны үрээг хулгайлж П.Ч-т 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  М.Г-, С.Б-, У.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Б-, М.Г- нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч У.М-ийг мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Г- нарыг тус тус 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ийг 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, М.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ........... өдөрт 8 (найм) цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ч-т, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ма-ад, шүүгдэгч М.Г-оос 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ч-т, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ма-ад тус тус олгож, шүүгдэгч У.М- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7.100.000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий ...................маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамшинбазар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу шийтгэх тогтоолын 17 дугаар хуудсанд шүүгдэгч У.М-ийг шүүгдэгч М.Г-, С.Б- нартай бүлэглэн хохирогч Д.М-ын 6 тооны адуу, хохирогч П.Ч-ын 4 тооны адууг хулгайлахад хамтран оролцсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаараа дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж байгаа нь тодорхойгүй, мөн шүүгдэгч У.М-ийг бусадтай бүлэглэн хохирогч Д.М-ын 6 тооны адуу, П.Ч-ын 4 тооны адууг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгосон байхад шүүхээс У.М-ийг хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн атлаа 2 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял сонсгосныг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаагүй байгаа нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхгүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол...” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх, яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгахаар зассан хуулийн шаардлагад нийцээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлээ бүхэлд нь дэмжиж байна” гэв. 

 

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: “

1. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч М.Г- нь 6 тооны адууг С.Б-тэй бүлэглэн хулгайлсан нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр болон М.Г-ын хашаанд адуугаа буулгасан нөхцөл байдал, ченжид 6 тооны адууг зарж байгаа үйлдлийн талаар зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд бөгөөд мэдүүлгүүд нь эсрэг байдаг. Тодруулбал С.Б- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 6 адууг М.Г-, У.М- нар хулгайлсан гэдэг бол М.Г-, У.М- нар мэдүүлэхдээ “6 тооны адууг С.Б- хулгайлсан, энэ 6 адууг бид хулгайлаагүй, С.Б- худал мэдүүлж байна” гэдэг /хавтаст хэргийн 42 хуудас/.

Хохирогч нарын хувьд алдсан малынхаа талаар мэдүүлсэн болохоос М.Г- авсан гэдгийг мэдүүлдэггүй. У.М-, М.Г- нарын мэдүүлгүүдэд “...6 тооны адууг би аваагүй, энэ талаар С.Б- бид хоёрыг энэ 6 адууг авсан гэж худал мэдүүлээд байна...” гэсэн л мэдүүлгүүд байдаг /1 хавтаст хэргийн 57-59, 23-24, 38-39 хуудас/. 

М.Г-ын хашаанд адуугаа буулгасан нөхцөл байдал байгаа нь М.Г-ыг хулгайлсан гэж үзнэ гэвэл дэндүү хийсвэр дүгнэлт болно. М.Г- мэдүүлэхдээ ченж Г манай хашаанд буулгуулсан гэдэг. Гэтэл ченж Г-с хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг буюу хэн түүнд мал өгсөн талаар, малын үнийг С.Б-, М.Г-, У.М- нарын хэнд нь өгч байсан талаар, маргаад байгаа 6 тооны адууг хэн ачиж ирсэн талаар ганц ч мэдүүлэг авахгүйгээр, бас 6 тооны адууны заримыг сольж авсан гэх гэрчийг асууж тодруулахгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хохирогч Д.М-ын мэдүүлэгт алдсан гэх адууныхаа зүсийг " ...Төмстэй хээр үрээ, хээр үрээ, хээр байдас, хээр байдас, хүрэн гүү, хээр гүү эдгээр 6 тооны адуугаа алдсан. Эдгээр адуу бүгдээрээ тамгагүй, төмстэй хээр үрээ нь бүдэгхэн хөвчтэй саран тамгатай байсан, сайн ажиглаж харвал тамга нь харагдана... гэх мэдүүлэг нь М.Г-, С.Б- нарын өгсөн мэдүүлэгтэй зүс, хүйс, тамга зөрүүтэй байдаг. М.Г-, С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар С.Б- нь хүрээтэй хас тамгатай бор байдсыг нь Төв аймгийн Баянжаргалан суманд зарсан тухай, С туурай тамгатай хээр гүүг нь Гансүх ченжээс М.Г- өөр адуугаар сольж авсан тухайгаа мэдүүлдэг. Эндээс үзэхэд хохирогч Д.М-ын адуу эдгээр нь мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн эдгээр адууг сольж авсан гэх айлаа, адууг худалдаж авсан гэх ченжийг нэрлэн заасаар байтал энэ хэргийн бодитоор үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралгүй гэрчүүдээс мэдүүлэг аваагүй байж, зөвхөн хохирогч, шүүгдэгч нарын гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгч М.Г-ыг 6 тооны адуу хулгайлсан гэж дүгнээд байгаа нь хэргийн бодит байдалтай болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 Сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд яллах талын нотлох баримтаар үнэлэгдэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсэгт хуульчилсан ба сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотолж байгаа баримт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх учиртай. Гэтэл энэ хэрэгт 6 тооны адууг М.Г- бусадтай бүлэглэн хулгайлсан гэдгийг бүрэн эргэлзээгүй, хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй байж түүний эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлж зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг 3 шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр л нотлогдож байна гэж ял оногдуулаад байна.

 

2. Хавтаст хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн үйл баримтууд тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт туйлын хариуцлагагүй явагдсан байдаг. Энэ талаар Нарангэрэл өмгөөлөгч удаа дараагийн шүүх хурал дээр байр сууриа илэрхийлсэн байдаг. Миний хувьд ч энэ талаар анхан шатны шүүх хуралд санал гаргаж байсан. Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн яллагдагчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тухай тус хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт ноцтой зөрчигдсөн.

Тодруулбал миний үйлчлүүлэгч М.Г-той хэргийн талаар эсрэг сонирхолтой М.Г-ын эсрэг мэдүүлэг өгдөг С.Б-, У.М- нар нь өмгөөлөгчтэй байхад М.Г-ыг өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж ирсэн.

Миний хувьд шүүхийн шатанд М.Г-ын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа хуулийн заалтыг мөрдөгч, прокурор чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа, хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

3. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 10 дахь заалтаар “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.100.000 төгрөгийн үнэлгээ бухий ...маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай гэжээ. Гэтэл энэхүү тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдэж шүүхэд шилжиж ирээгүй байдаг ба миний үйлчлүүлэгч энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо "2017 онд Нацагдорж гэх хүнээс явахаа больсон “kia bongo fronter” маркийн машиныг 3.500.000 төгрөгөөр авсныг хөрөнгийн үнэлгээний газраас 7.100.000 төгрөгөөр үнэлээд байгаад гомдолтой байна . Мөрдөн байцаалтын явцад миний бие нь энэхүү машинаа Буянхишиг байцаагчид үзүүлэхэд сэлбэгэнд өг гэхэд нь тухайн үед 1.500.000 төгрөгөөр зарсан... " гэж дурдсан зэргээс үзвэл энэ талаарх шүүхийн шийдвэр биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

4. Хуульд заасан үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт ялгамжтай хандаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр шударга ёсны зарчмыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд 1 тооны үхэр, П.Ч-ын 4 тооны адуу хулгайлсан үйлдэл дээрээ маргадаггүй ба харин Д.М-ын гэх 6 тооны адууг хулгайлаагүй тухайгаа анхны гэрчийн мэдүүлгээсээ эхлээд тогтвортой мэдүүлж ирсэн. Мөн нүүрэлдүүлэн мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүү арилгах мэдүүлэг дээр У.М-ийн мэдүүлгээр давхар нотлогддог. Mөн С.Б- нь 6 тооны адуу У.М- хамт хулгайлсан тухай мэдүүлдэг. Гэтэл зөвхөн У.М-ийг өөрийн мэдүүлэгт нь үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, миний үйлчлүүлэгчийг болохоор С.Б-гийн мэдүүлгээр хүндрүүлэн зүйлчилж ялгамжтай ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

 

5. Миний үйлчлүүлэгч М.Г- нь өөрийн үйлдсэн 1 тооны үхэр, 4 тооны адууны хохирол төлбөрийг барагдуулахаа шүүх хуралд бичгээр болон амаар илэрхийлсэн. Харин 6  тооны адууг хулгайлаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй. Тийм учраас М.Г- хохирогч П.Ч-т 1.000.000 төгрөгийг шүүх хурлаас өмнө төлсөн. Д.Ма-ад төлөх 200.000 төгрөгийг  шүүхийн шийдвэр гарснаас хойш төлсөн баримтыг хавсаргав.

 Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох эсвэл миний үйлчлүүлэгчийн 5 тооны мал хулгайлсан гэж хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, М.Г- насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ ам бул гурвуулаа амьдардаг, хүүхдүүдийнх нэг нь 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, хүүгээ байнга асрах, улмаар хүүхдийн эрхийг хангах, хохирогчид төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан цаашид барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.   

 

Шүүгдэгч М.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 04 дүгээр сард П.Ч-ын 4 тооны адуу, Д.Ма-ын 1 тооны үхрийг У.М-, С.Б- нарын хамт авсан нь үнэн, харин Д.М-ын 6 адууг аваагүй, У.М- хэрэгт тусгагдсан 3 үйлдэлд бүгдэд нь оролцсон. Мөн тээврийн хэрэгслийг 7.100.000 төгрөгөөр үнэлээд байгаад гомдолтой байна, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие  П.Ч-ын 4 адууг М.Г-той хамт хулгай хийгээгүй, би худлаа мэдүүлсэн. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн.

У.М- надад эмээл, хазаараа өгч явах газрыг минь зааж өгсөн, У.М- 3 үйлдэлд оролцоотой байдаг. Мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.” гэв. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр С.Б-, М.Г-, У.М- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч М.Г-, С.Б-, У.М- нарын бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Д.М-ын 6 тооны адуу, Д.Ма-ын 1 тооны үнээ,  П.Ч-ын 4 тооны үрээг тус тус хулгайлсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Б-, М.Г- нарыг “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг”, шүүгдэгч У.М-ийг “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, М.Г- нарыг тус тус 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У.М-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч У.М-ийн М.Г-, С.Б- нартай бүлэглэн Д.М-ын 6 адуу, П.Ч-ын 4 үрээг  хулгайлсан 2 удаагийн  хулгайн үйлдлийг ямар нотлох баримтаар, ямар үндэслэлээр нотлогдоогүй гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй, яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгалгүйгээр зөвхөн “нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнээд  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

 Шүүгдэгчийг яллаж байгаа хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлтийг шийтгэх тогтоолд тодорхой тусгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2139001210152 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г-, С.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч У.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

           

                           ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                            Г.БОЛОРМАА