Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0461

 

    2024          05           28                                   128/ШШ2024/0461

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П******* нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсан тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Д.Г*******т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар  газар ашиглах эрхийг сунгасан хэсгийг хүчингүй болгосон байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Анх Д.Г*******т газар ашиглах эрх олгохдоо 1 га хэмжээгээр газар ашиглах эрхийг олгосон гэж,

4.2. Гэтэл газар ашиглах эрхийн хугацааг сунгахдаа 3 га гэж тушаал гаргаж, 1 га хэмжээгээр газар эзэмшиж байсан, энэ хэмжээгээр гэрчилгээгээ гаргуулж авъя гэдэг байдлаар хүсэлтээ гаргахад энэ хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж,

4.3. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1-т заасан зохицуулалтыг үндэслэсэн байх ба Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахдаа бодит үндэслэлээ зааж өгөөгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г*******т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008.03.17-ны өдрийн А/108 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалттай 1 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж байсан. Уг тушаалыг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2014.12.05-ны өдрийн газар ашиглах гэрчилгээ олгосон. Тус газар ашиглах эрхийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2022.04.18-ны өдрийн А/131 тоот тушаалаар сонгон шийдвэрлэсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020.04.22-ны өдрийн албан бичгээр санал авсан ба уг албан бичигт газрын хэмжээний мэдээллийг яаманд алдаатай бичиж хүргүүлсэн болохыг бид нар сүүлд мэдсэн. Тухайлбал, анх Д.Г*******т газар ашиглах эрх олгохдоо 1 га хэмжээгээр газар ашиглах эрхийг олгосон байдаг. Гэтэл сая дурдсан албан бичгээр мэдээллийг алдаатай бичиж 3 га гэдэг байдлаар санал хүргүүлээд, үүнийг яамны тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн албаны дарга нар шууд энэ хэлбэрээр нь сайдад тушаал болгож гаргуулсан ийм баримт байдаг. 3 га газар гэх тушаалтай танилцаад шууд энэ хэмжээгээр нь гэрчилгээ бичиж өгье гэж бидэнд мэдэгдэж байсан. Бид ийм алдаатай гэрчилгээ хүлээж авахгүй. Бид 1 га хэмжээгээр газар эзэмшиж байсан, энэ хэмжээгээр гэрчилгээгээ гаргуулж авъя гэдэг байдлаар хүсэлтээ илэрхийлээд хөөцөлдөөд явсан. Үүний 2023.02.08-ны өдрийн 290 тоот албан бичгийг Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас өгөөд, энэ албан бичгээрээ 3 га гэдэг нь алдаа байсан байна, 1 га хэмжээгээр газар олгох нь зүйтэй байна гээд саналыг яам руу хүргүүлсэн. Энэ санал яаманд хүргэгдээд шийдэгдэхгүй байхад нь бид нар уулзаад явсан. Тухайн үед н.Б******* гэдэг мэргэжилтэн байсан. Одоо байхгүй байгаа. Холбогдох дарга хариуцсан хүмүүс нь бүгд байхгүй. Ажлаасаа чөлөөлөгдсөн. Таны асуудал шийдэгдэнэ, ер нь тушаал болоод гарч байгаа гэдэг байдлаар яамны хурлаар дэмжигдсэн гэдгээ удаа дараа амаар мэдэгдэж байсан. Бид нар албан тоотоор хариу авах талаар удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл 2024.01.18-ны өдрийн А/35 тушаалаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12.1, 15.1 гээд эдгээр үндэслэлүүд дурдаад гаргасан байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахдаа бодит үндэслэлээ зааж өгөөгүй. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт 3 га газар гэж тушаал гаргасан нь буруу болсон учраас  2022.04.18-ны өдрийн А/131 дугаар хугацаа сунгасан тушаал хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ тушаал нь захиргааны илэрхий алдаатай гарсан акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагын тушаалаа залруулах үүрэг нь хариуцагчид байгаа. Алдаатай гаргасан бол залруулах үүрэгтэй, шууд хүчингүй болгох үндэслэл байхгүй. Алдааг залруулахгүйгээр шууд хүчингүй болгосон нь хүчингүй болгохоор маргаж байгаа захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Тухайн яамны буруутай албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа гэж шууд дүгнэж болохоор байна. Яам өөрөөсөө буруутай үйл ажиллагаанаас болж Д.Г*******т өнөөдрийн байдлаар хохирол учруулаад байна. Анх энэ газрыг сонсон шалгаруулалтад оролцож авсан. Хашаалаад тодорхой хэмжээний ажлууд хийгдсэн байгаа. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохирол учирч байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү  гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г*******ийн газар ашиглах эрхийг сунгахдаа 2020 онд Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн саналыг үндэслээд 2022.04.18-ны А/131 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгасан байдаг. Гэхдээ газрын хэмжээг нь 3 га гэж алдаатай бичжээ. Уг алдааг залруулах зорилгоор маргаан бүхий А/35 дугаар тушаалаар хугацаа сунгасан тушаалын Д.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй. Зөвхөн 3 га хэмжээг 5 жилийн хугацаагаар сунгасан тэр хэсгийг хүчингүй болгосон байгаа юм. А/35 дугаар тушаал нь алдаатай А/131 дугаар тушаалаа залруулж гаргасан тушаал байна. Ашиглах эрхийн хэмжээг хүчингүй болгосон ямар нэгэн акт гаргаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Анх Байгаль орчны сайдын 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тушаалаар иргэн Д.Г*******т Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 1 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/131 дүгээр тушаалын хавсралтаар 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар газар ашиглах эрхийг сунгасан.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 290 тоот албан бичгээр “...тус хамгаалалтын захиргаанаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрчилгээний хугацааг сунгуулах тухай 826 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт сунгуулах саналыг уламжлахдаа мэдээллийг алдаатай бичиж хүргүүлж, үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/131 дүгээр тушаалын 15 дугаарт иргэн Д.Г*******ийн мэдээлэл буруу бичигдэж сунгалт хийгдсэн байна. Иргэн Д.Г*******өөс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ дахин ирүүлсэн тул газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах саналыг дахин гаргаж... уламжилж байна” гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/131 дүгээр тушаалын  хавсралтын 15 дахь хэсэгт иргэн Д.Г*******ийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байршилтай 3 га газрын эрхийн хугацааг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж, уг тушаалын иргэн Д.Г*******т холбогдох хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгосон байна.

5. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, “...захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийн хугацааг сунгасан тушаалд газрын хэмжээг буруу бичсэнийг зөвтгүүлэх тухай хүсэлт гаргахад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч Д.Г*******ийн газрын хэмжээг 3 га гэж буруу бичсэн. Уг тушаалын алдааг залруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалаар А/131 дугаар тушаалын 15 дахь хэсгийг хүчингүй болгосон хуулийн зөрчилгүй захиргааны акт гаргасан, харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй...” гэж маргасан.

6. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “...газар ашиглагч иргэн Д.Г******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хуулийн заалтыг зөрчсөн тул сонсох ажиллагааны мэдэгдлийг албан бичгээр хүргүүлж хариу тайлбар авсан...” гэх утга бүхий 929 тоот албан бичгийг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг гаргаагүй байна.

7. Нэхэмжлэгч Д.Г******* нь 2020 онд төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн  төлөвлөгөө хийж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж, газрын төлбөрт нийт 161,619,000 төгрөгийг төлжээ.

8. Мөн Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл, 2022 оны хугацаа сунгах тушаалын Д.Г*******т холбогдох хэсгийг залруулахыг дэмжих санал хураахад зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар газар ашиглах эрхийн хугацаа сунгасан 2022 оны А/131 дүгээр тушаалын иргэн Д.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дэмжсэн шийдвэр гаргасан.

9. Дээрх байдлаас үзвэл, маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас гаргахдаа иргэн Д.Г*******ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, харин газрын хэмжээг буруу бичсэнийг зөвтгөх зорилгоор гаргасан гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгасан тушаалыг хүчингүй болгосноор түүнд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох үр дагавар үүсэхээр нөхцөл байдал бий болсон байх тул шүүхээс маргаан бүхий тушаал тодорхойгүй, шүүхээс эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч нөхцөл байдлыг цаашид  тодруулах шаардлагатай, захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрч, шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй байна.                  10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                          

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ