Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0450

 

    2024          05           27                                   128/ШШ2024/0450

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Т******* ХХК нь маргаан бүхий актыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/426 тоот албан бичгээр мэдэж, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус газрын даргад гомдол гаргаж, татгалзсан хариуг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/706 дугаартай албан бичгээр авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 340 дугаартай шийдвэрээр Булган аймгийн *******хангай сумын ******* нэртэй газарт 146.38 гектар талбайг хамарсан ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Т******* ХХК-ийг тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Ашигт малтмалын газраас сонсох ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж шийдвэрлэсэн хууль зөрчсөн,

4.2. Захирал Г.Э нь хэвтрийн дэглэм сахиж өвчтэй байсан учраас тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдалд байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно,

4.3. Т******* ХХК-нь ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн зардал, хөрөнгө оруулалтад нийт 891,9 сая төгрөгийг гаргасан бөгөөд ээлжит жилийн төлбөртэй харьцуулахад жилийн төлбөрийг төлөхгүй байх шалтгаан байхгүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч байгууллага биелүүлээгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4-т заасан ажиллагаа хийгдээгүй гэдэг нь мэдэгдсэн мэдэгдэл нь буцаж ирсэн шуудангийн тодорхойлолт болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн баримт дотор 2020 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр шилжүүлсэн баримт байгаа. 2020.08.03-ны өдөр 3,180,000.0 төгрөг төлсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр утсаар эсхүл онлайнаар төлж болдоггүй юм уу гэж ярьсан. Заавал банкны гүйлгээ хийгддэг төлбөрийн баримт байгаа юм. Өмнөх жилийн төлбөрийг гүйлгээний баримтаар хийж байсан. Хавтаст хэргийн 140 дүгээр хуудаснаас эхэлж байгаа баримтууд дотор жагсаалтын 2 дахь баримт. Энэ баримтаар заавал банкны гүйлгээ хийгддэг байсан учраас гүйлгээ хийх боломжгүй шалтгаанаа өвчний нөхцөл байдалтайгаа холбож тайлбарлаж байгаа юм.

Нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. 2019, 2020, 2021, 2022 онуудад олборлолт хийж байсантай холбогдуулаад нөхөн сэргээх ажлууд хийгдээгүй. Энэ нөхцөл байдал боломжийг харгалзан үзнэ үү. 2022 оны 8 сараас хойш тусгай зөвшөөрлөө таг хаяад хэн ч байхгүй болсон зүйл байхгүй. Захирлын эрүүл мэндийн байдалтай холбогдуулаад үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. 2023 оны 12 дугаар сард нэмж хувьцаа эзэмшигчээр геологийн мэргэжилтэн орж ирсэн. Энэ хүн өмнөх төлбөрөө төлөөд урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээд явж байгаа. 2023.08.15-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 2024.01.30-ны өдөр хариуцагч байгууллагаас анхлан албан тоотоор албан ёсоор мэдэгдсэн. Энэ өдрөөс эхлээд тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэх зөрчигдсөн эрх ашгаа олж мэдэж байгаа. Үүнээс хойш хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Цуцлах үндэслэлийг гол үгүйсгэж байгаа нь гүйцэтгэх удирдлагын өвчтэй байсныг нотлох эрүүл мэндийн эмчилгээний дэвтрээр нотолж байгаа. Нөхцөл байдал тухайн үед хүнд байсан учраас хөдөө орон нутгаас хот руу ирж чадахгүй. Хэвтрийн дэглэм барьж байсан. Нийтдээ бидний гаргаж өгсөн жагсаалтаар 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зардал шингэсэн байгаа тусгай зөвшөөрлийн талбай юм. Үүнийг эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор, мөн тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлуулж байгаа нь бидэнд хохиролтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагыг энэ талаас нь хүндэтгэж, хүлээж авч, харж үзэх шалтгаан үүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмууд манайд  зөрчигдсөн байна. Эдгээрийг харгалзаж үзэх нь зүйтэй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг Татварын ерөнхий хуулийн 6.1.41а-д хамаарч байгаа. Хуульд заасан процедурыг баримтлах ёстой. Мэдэгдэх ёстой, гардуулах ёстой, тайлбар сонсох ёстой, баримт авах ёстой. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаандаа маргадаггүй. Өвчний байдал дээр ч маргадаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022.08.15-ны өдрийн 7 дугаар шийдвэрийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2019 онд олгосон. Хайгуул хийгээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуул хийсэн тусгай зөвшөөрөлтэй этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл тэргүүн ээлжид олгогдсон байгаа юм. Үүний дагуу тус компанид Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны тухайн жилийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж заасан. 2023 оны 8 дугаар сарын 08-ны дотор бол алдангийн хамт 30 хоног хэтрүүлж төлөх боломжтой гэсэн байдлаар нэхэмжлэгч тайлбар хэлж байна.  Нэхэмжлэгч хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34, 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл нь Кадастрын хэлтсийн даргад бүрэн эрх нь олгогдсоны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мэдэгдлийг тус компанийн Ашигт малтмалын газарт бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн. Нэхэмжлэгчээс тухайн үед өвчтэй, ажил дээрээ байгаагүй үндэслэлээр мэдэгдэл, шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн шийдвэрийг хүргүүлсэн албан бичгүүд Ашигт малтмал, газрын тосны газарт буцаад ирчихсэн бүртгэл нь бүртгэлтэй байдаг. Хаяг дээрээ байгаагүй гэдэг үндэслэлээр буцаад ирсэн байсан. Хэрвээ хаяг дээрээ байгаагүй, хаягт өөрчлөлт орсон бол 14 хоногийн дотор хаягийн өөрчлөлтөө Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэх ёстой. Ашигт малтмал, газрын тосны газар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/326 албан бичгээр тухайн шийдвэрийг албан ёсоор мэдэгдсэн байгаа. Тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан уу, үгүй юу гэдгийг шүүх анхаарч үзэж шийдвэрээ гаргах байх. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр Т******* ХХК-д Булган аймгийн *******хангай сумын ******* нэртэй газарт орших 146.38 гектар  бүхий талбайд ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2049 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн байна.

3. Маргаан бүхий акт буюу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 07 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т*******” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.

            4. Нэхэмжлэгч Т******* ХХК-аас “...хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагаа хийгээгүй...” гэж, хариуцагчаас “...хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө төлөөгүй тул цуцалсан нь үндэслэлтэй, цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4/3803 тоот албан бичгээр, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10/4143 тоот албан бичгээр тус тус бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлж сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн...” гэж тайлбарлан маргасан.

5. Нэхэмжлэгч компанийн Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэлтэй албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, ******* тоот гэж байх ба энэ хаягт  2023 оны 12 дугаар сарын 01-ний  өдөр буюу маргаан бүхий акт гарсны дараа өөрчлөлт орсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаан дээрх хаягийн мэдээллээр тогтоогдож байна.

            6. Хариуцагч захиргааны байгууллага дээрх бүртгэлтэй хаягаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4/3803 тоот албан бичгээр буюу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж, нэхэмжлэгч компанид хүргүүлэхээр шуудангаар явуулсан боловч 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр  буцаалт хийгдсэн, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдэж Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10/4143 тоот албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлэхээр шуудангаар явуулсан боловч 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр буцаалт хийгдсэн болох нь явуулсан бичгийн бүртгэл болон Монгол шуудан ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18/270 тоот албан бичгээр тогтоогджээ.

7. Мөн Т******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр, алдангийн хамт 3,470,500 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан ба 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тодорхойлох аргачлалыг зааж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж тус тус хуульчилжээ.

9. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж хуульчилсан ба тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан, тухайн тохиолдолд хариуцагч нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Тодруулбал, хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4/3803 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар хүргэгдээгүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18/270 тоот албан бичигт “... , 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10/4122 тоот албан бичгийг бүртгэлийн дугаартай илгээмжийг заасан хаягт ийм хүн байхгүй шалтгаанаар илгээгчид буцааж, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтан А.М*******д гардуулсан” болох нь тогтоогдож байна.

11. Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлэх үйл ажиллагааны журмыг тус хуулиар зохицуулсан тул уг харилцаанд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй.

12. Иймд нэхэмжлэгч талын “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

13. Харин шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэж байгаа нэг үндэслэлд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны зарчмыг тухайн тохиолдолд хамруулан үзвэл тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байх бөгөөд ээлжит жилийн төлбөр, хураамж, ашиглалтын талбайд гаргасан зардал зэрэг нь нийт 3.2 тэрбум төгрөг хуулийн этгээдээс гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ зардалтай харьцуулахад 2022 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниас төлөхгүй байх шалтгаангүй байх ба хэрэв хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгийг  хожимдуулан төлсөн гэж тусгай зөвшөөрлийг нь цуцалбал тухайн нэхэмжлэгч компанид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх их хохирол учрах бодит нөхцөл үүсэхээр байна гэж үзэв.

14. Нөгөөтэйгүүр, Т******* ХХК-ийн захирал хүнд өвчний улмаас олон сараар эмчлүүлсэн, нэхэмжлэгчээс ээлжит жилийн төлбөрөө алдангийн хамт төлсөн нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг  хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэх боломжгүй юм.

15. Иймд  маргаан бүхий актын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл бодитоор арилсны зэрэгцээ хариуцагч нь хуулиар хүлээсэн мэдэгдэл хүргүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байх ба мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайд нэхэмжлэгч компанийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж байсан болох нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын хүрээнд нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохоор байх тул  нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан Т******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ