| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00189/И |
| Дугаар | 132/ШШ2024/00414 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2024/00414
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн ******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, *******,******* тоотод оршин суух, *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,016,800 /арван хоёр сая арван зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00189/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ******* /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
******* миний бие ******* аймгийн төвийн ******* худалдааны төвд хүнсний 119, 113 б гэсэн дугаартай 20 мкв 2 павилонд 8 тавиур, 2 ширхэг хөргүүр, хүнсний бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаад иргэн *******тэй харилцан тохиролцож 2 павилоноо нэг хөргүүр, худалдаалж байсан баглаа савтай хүнсний бүтээгдэхүүний хамт нийт 85,692,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож Чимэдсүрэн 70,000,000 төгрөгийг надад шууд өгч, үлдэх 15,692,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний дотор 2 хувааж төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.
Ингэхдээ би нэг бүр нь 500,000 төгрөгний үнэтэй 8 ширхэг тавиур, 500,000 төгрөгний үнэтэй нэг хаалгатай хуучин хөргүүр, 200,000 төгрөгний үнэтэй цахилгаан жин, 1 сая төгрөгөөр үнэлэх задгайгаар зарж байсан төрөл бүрийн чихэр нийт 5,700,000 төгрөгний эд хөрөнгө бараагаа үнэ төлбөргүйгээр дагалдуулан өгсөн. Би Чимэдсүрэнг бүх мөнгөө 14 хоногийн дотор өгнө гэхээр нь итгээд энэ лангууг минь сайн ажлуулна гээд дээрхи зүйлсийг үнэгүй өгсөн.
Гэтэл Чимэдсүрэн нь эхний төлөлтөө хийгээд үлдэгдэл төлөлтөөсөө 5,376,000 төгрөгийг төлөлгүй өнөөг хүрээд байна. Энэ үлдэгдэл мөнгөө нэхэхээр 3,500,000 төгрөгөөр үнэлж авсан хөргүүрийг чинь авахгүй буцааж ав, миний үнэгүй өгсөн голцуу чихэрийг надад буцааж 1,300,000 төгрөгөөр үнэлж өгчихөөд одоо 2,000,000 төгрөгт чихэр буцааж өгсөн надад тооцоо байхгүй гээд байгаа болно.
Тухайн үед 2 павилоны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад элдэв шалтаг тоочин мөнгөө 2 хувааж өгье гэхээр нь зөвшөөрсөн, мөн тухайн үед өөр хүн авах гэж байсан хөргүүрийг би авна гэж үнэ тохирч авчихаад худалдаж авснаас хойш 20 хоногийн дараа хөргүүрийг чинь авахгүй гэээд үнийг төлөөгүй ба миний үнэгүй өгсөн чихэр /ихэнхи нь/ ийг надад буцааж өгчихөөд 2,000,000 төгрөгний чихэр өгсөн гээд маргаан үүсгээд байгаа тул би шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Энэ хугацаанд би бусад төлөх хугацаатай мөнгөө төлөхийн тулд хүнээс 3,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй авч 2 удаагийн хүүнд 900,000 төгрөг төллөө. Энэ талаар Чимэдсүрэнд хэлсэн байтал намайг их өртэй юм байна лээ гэж хүмүүст ярьж буруу ойлгуулан сэтгэл санаа болон нэр хүндэд минь хохирол учруулсан.
Би эрхийн болоод эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг Чимэдсүрэнд хүлээлгэн өгч, үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ байгуулан нотариатаар батлуулсан тул төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанаас хойшхи төлөөгүй 35 хоног өнгөрсөн тул түүний хүү 940,800 төгрөг нийт 6,316,800 төгрөг
Бараа материалыг хүлээлгэж өгөхөд нэг удаа бүрэн төлж дуусгана гэсэн үгэнд нь итгэж байсан тул үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, кг-ын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн үнээр тооцон нийт 5,700,000 төгрөг бүгд 12,016,800 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэлд гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүлээлцсэн барааны жагсаалт зэргийг хавсаргав гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Үүнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, ... зэргээ үнэлэн 5,700,000 төгрөгийг нэхэмжилжээ. Хэрвээ ингэж тухайн үед мөнгөөр үнэлэх байсан бол би анхнаасаа авах санаа, сэдэлгүй байсан.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу ******* бид хоёрын хооронд энэ мөнгөн дүнгийн хэмжээнд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба хариу төлбөргүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна. Мөн тухайн үед өгсөн хуучин хөргүүр нь Азжаргалын өөрийнх нь биш байсан ба тухайн захад ажилладаг Туул гэх хүн минийх гээд буцааж авсан. Барааны жагсаалтын 403, 404, 405-д үнэгүй гэж тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй юм. Бусад тавиурууд нь хуучирч эвдэрсэн байнга засвартай байсан. Зарим тавиуруудыг Азжаргал өөрөө ард нь бэхэлж хадсан учраас би павилоноо худалдахдаа ч аваагүй. Нэг тавиур нь одоо ч хүртэл тэр павилондоо байгаа. (тавиур болон хөргүүрийг *******ад худалдаа эрхэлж байгаа хөрш лангууныхан мэднэ, мөн павилон худалдаж авсан иргэн н.Баярцэцэг гэрчилнэ.)
Мөн үнэгүй өгсөн задгай чихэр байхгүй ба бүх чихэрээ үнэ тооцсон. Хугацаа нь дууссан бараагаа ч үнэлж өгсөн. Павилон худалдаж авахад байсан задгай чихэр нь барааны жагсаалтын 368, 369, 370, 374 дээр бүгд мөнгөн дүнгээрээ бичигдсэн байгаа нийт 902,175 төгрөгний чихэр байсан.
2. Төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, түүний 940,800 төгрөг, нийт 6,316,800 төгрөгийг нэхэмжилжээ.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 3,500,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжлэлийн дүнд орсон ба нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс өндөр надад зарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс Азжаргалд 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Хуучин хөргүүрийнхээ баталгааны хуудсыг өгнө гээд өгөөгүй. /Шинэ хөргүүр зах зээлийн үнийн талаарх мэдээлэл чатаар явуулсан хавсаргав/
Мөн хугацаа нь дууссан чихэр бараа буюу 1,796,000 төгрөгийн барааг түүнд буцааж өгөх талаар олон удаа хэлсэн боловч ирж аваагүй ба сүүлд өөрийн дүүгээ явуулж авахуулсан байдаг. Өөрийн биеэр ирж тоолж ав гэхэд өөрөө ирээгүй нэг орой дүүгээ явуулж авхуулсан тоолох уу гэсэн яах юм бэ гээд аваад явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлөгдөөгүй мөнгө, түүний хүү 6,316,800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн барааны үлдэгдэл мөнгийг 2 хувааж өгөх талаар ярилцаж тохиролцсон нь үнэн гэхдээ хэзээ ч 14 хоногийн хугацаанд өгнө гэж яриагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,
-Нотариатын гэрээ /хэргийн 3-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Барааны жагсаалт /хэргийн 6-10-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
4.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-хугацаа нь дууссан чихэр, бусад бараа хүлээлгэж өгсөн баримт /хэргийн 19-р хуудас/,
-Azaa Azaa нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат, зураг /хэргийн 20-21-р хуудас/,
шүүхээс хариуцагчийн хүсэлтээр *******гийн Samsung galaxy S23 ultra загварын гар утасны Chimka chimka нэртэй хаягнаас Azaa Azaa нэртэй хэрэглэгчтэй харилцсан чатад хийсэн үзлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 12,016,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасаныг нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Ш.Мөнхжаргал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2 павилон 85,692,000 төгрөгөөр зарж, ******* надад бэлнээр 70,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 15,692,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ би нэг бүр нь 500,000 төгрөгний үнэтэй 8 ширхэг тавиур, 500,000 төгрөгний үнэтэй нэг хаалгатай хуучин хөргүүр, 200,000 төгрөгний үнэтэй цахилгаан жин, 1 сая төгрөгөөр үнэлэх задгайгаар зарж байсан төрөл бүрийн чихэр нийт 5,700,000 төгрөгний эд хөрөнгө бараагаа үнэ төлбөргүйгээр дагалдуулан өгсөн. Эрхийн болоод эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг Чимэдсүрэнд хүлээлгэн өгч, үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ байгуулан нотариатаар батлуулсан тул төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанаас хойшхи төлөөгүй 35 хоног өнгөрсөн тул түүний хүү 940,800 төгрөг нийт 6,316,800 төгрөг, бараа материалыг хүлээлгэж өгөхөд нэг удаа бүрэн төлж дуусгана гэсэн үгэнд нь итгэж байсан тул үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, килограммын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн үнээр тооцон нийт 5,700,000 төгрөг бүгд 12,016,800 төгрөгийг хариуцагч *******гээс нэхэмжилж байна гэсэн.
2а. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, барааны үлдэгдэл төлбөрт 5,376,000 төгрөг нэхэмжилснээс 1,300,000 төгрөгийг хасч 4,076,000 төгрөг, алданги 940,800 төгрөг нэхэмжилснээс 227,500 төгрөгийг хасч 713,300 төгрөг, нийт 4,789,300 төгрөг, үүн дээр үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, килограммын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн үнээр тооцон нийт 5,700,000 төгрөгийг нэмж нийт нэхэмжлэлийн үнийг 10,489,300 төгрөг гаргуулна гэв.
3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа 3,500,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжлэлийн дүнд орсон ба нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс өндөр надад зарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс Азжаргалд 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Хуучин хөргүүрийнхээ баталгааны хуудсыг өгнө гээд өгөөгүй. Мөн хугацаа нь дууссан чихэр бараа буюу 1,796,000 төгрөгийн барааг түүнд буцааж өгөх талаар олон удаа хэлсэн боловч ирж аваагүй ба сүүлд өөрийн дүүгээ явуулж авахуулсан байдаг. Өөрийн биеэр ирж тоолж ав гэхэд өөрөө ирээгүй нэг орой дүүгээ явуулж авхуулсан тоолох уу гэсэн яах юм бэ гээд аваад явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлөгдөөгүй мөнгө, түүний хүү 6,316,800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож үү гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь ******* худалдааны төвд хүнсний 119, 113 б гэсэн дугаартай 20 мкв талбай бүхий 2 павилон, 8 ширхэг тавиур, 2 ширхэг хөргүүр, худалдан борлуулж байсан хүнсний бүтээгдэхүүн зэргийг 85,692,000 төгрөгөөр хариуцагч *******д худалдахаар тохирч, ******* 70,000,000 төгрөгийг төлж, үлдэх 15,692,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний дотор 2 хувааж төлөхөөр, худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангт тооцохоор харилцан тохиролцсон үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Талууд худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцсон байна.
4.2. Талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0017 дугаартай бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотолж чадаагүй байна.
4.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоно гэж 1,526,600 төгрөгийн чихэр, хүнсний бараа хүлээлгэн өгсөн баримт гаргасан боловч, дээрх зүйлсийг хэнд, хэзээ хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй. Хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талуудын гарын үсэг зурагдаагүй, огноогүй баримт гаргаж өгсөн. /хэргийн 19-р хуудас/
Хариуцагчийн энэхүү баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,526,600 төгрөгийн чихэр, хүнсний бараа хүлээж аваагүй, харин 1,300,000 төгрөгийн бараа хүлээж авсан гэж тайлбарлан барааны үлдэгдэл төлбөр 5,376,000 төгрөгөөс 1,300,000 төлбөрийг хасч 4,076,000 төгрөг болгон багасгасан байна.
Барааны үлдэгдэл төлбөр 4,076,000 төгрөгөөс зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу алданги тооцоход 7,13,300 төгрөг болж байна. /20380х35=713,300/
Иймд хариуцагчаас барааны үлдэгдэл төлбөрт 4,076,000 төгрөг, алданги 713,300 төгрөг, нийт 4,789,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
5.1. Харин нэхэмжлэгч нь үнэгүй өгсөн хөргүүр, цахилгаан жин, тавиур болон төрөл бүхийн чихэрний үнэ 5,700,000 төгрөгийн барааны үнийг гаргуулна гэж байгаа боловч мөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотолж чадаагүй тул энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
6. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн төлөгдөөгүй үлдсэн 4,789, 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээ 4,787,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,579 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасныг баримтлан хариуцагч *******-ээс 4,789,300 /дөрвөн сая долоон зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,219 /хоёр зуун долоон мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 91,579 /ерэн нэгэн мянга таван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ