| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00535/И |
| Дугаар | 104/шш2024/00529 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 104/шш2024/00529
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 104/ШШ2024/00529 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн *******нд байрлах, *******-ийн Налайх төв,
Хариуцагч: Налайх дүүрэг, *******нд байрлах, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 22,715,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.*******, А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: ******* нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг манай төвтэй байгуулсан боловч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2-т заасан Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх, 4.8-д заасан төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тус байгууллагад авлага үүсгэж, санхүүгийн хүндрэлд оруулж байна. *******-ийн ******* нь Нийслэлийн Налайх, Багахангай .. зэрэг нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлж, үйлчилгээ үзүүлсний төлбөрөөр санхүүжиж дээрх бүс нутагт оршин сууж байгаа иргэн, хуулийн этгээдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангадаг. Гэвч ******* нь цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрөө гэрээний дагуу төлж барагдуулахгүй, энэ хугацаанд ажиллагаагүй, цахилгаан эрчим хүч хэрэглээгүй гэдэг боловч эрчим хүч ашигласан гэдэг нь хэрэглэгчийн тоолуураар нотлогддог. Цахилгаан эрчим хүч ашиглаагүй байхад бид энэ хэмжээний тооцоолол өр төлбөрийг асуудлыг өөрсдөө зохиогоод гаргах боломжгүй. ******* нь Налайх дүүрэгт мах махан бүтээгдэхүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоо тоолуураар л гардаг. Иймд *******-тай байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 2019 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 сарын хүртэлж өр төлбөр нийт 22,714,550 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.
2.Хариуцагч ******* хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Налайх дүүргийн *******-ийн *******өөс дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
3.1 *******-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 05-08 хуудас)
3.2 ******* болон *******-тай байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-13 хуудас)
3.3 Хэрэглэгч *******-ийн тоолуурын заларгаа баримт зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч *******-ийн /цаашид УБЦТСТӨХК гэх/ ******* нь хариуцагч *******-иас 2023 оны 10 дугаар сарын байдлаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт өмнөх оны үлдэгдэл төлбөр 15,806,478 төгрөг, 16,912,084 төгрөг, нийт 32,718,562 төгрөгийн өр төлбөрөөс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцон 22,715,550 төгрөгийг нэхэмжилсэн байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ: ...******* нь Налайх дүүргийн *******нд үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг, бид цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу эрчим хүчээр хангадаг боловч хариуцагч хэрэглэгчийн хувьд төлбөрийг эргэн төлөх үүргээ биелүүлдэггүй байнгын өр төлбөртэй байдаг. 2023 оны 10 дугаар сарын байдлаарх өр төлбөр нийт 22,718,550 төгрөгийг гаргуулна..гэж,
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан талаарх тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй боловч тэдгээрийн хооронд цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр төлөх үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болж, нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргажээ.
5.Талуудын хооронд байгуулагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах 7.1.2-т хэрэглэгч өөрийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээний хугацаандаа төлөөгүйгээс авлага үүссэн, төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргийн зөрчсөн бол шүүхийн байгууллагаар маргааныг шийдвэрлүүлэхээр заасны дагуу талуудын хооронд гэрээний өр төлбөрийн маргаан үүссэн тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.( хх-н 12 хуудас)
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ийн *******, хариуцагч *******-ийн хооронд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулагджээ. / хх-ийн 09-13 хуудас /
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч УБЦТСТӨХК-ийн ******* нь эрчим хүчээр хангах, хариуцагч ******* хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.
7.Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд Эрчим хүчээр хангах гэрээний харилцаа үүссэн ба Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16.-д "эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19.-д "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч УБЦТСТӨХК-ийн ******* эрчим хүчээр хангагч, ******* нь хэрэглэгч болно.
8.Нэхэмжлэгч УБЦТСТӨХК-ийн ******* нь хариуцагч *******-иас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлбөр тооцооны үлдэгдэл төлбөрийг 15,631,389 төгрөг хэмээн тооцоолсон, уг төлбөр дээр 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртлэх төлбөр 16,912,084 төгрөг нийт 32,158,046 төгрөгөөс 2023 оны 9 дүгээр сард төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт үндсэн төлбөр 12,946,272 төгрөг, алданги 9,772,278 төгрөг, нийт 22,718,550 төгрөгийг нэхэмжилж байна.
2022 оны тооцооны үлдэгдэл 15,631,389 төгрөгөөс 4,167,156 төгрөгийн алданги
2023 оны тооцооны үлдэгдэл 16,912,084 төгрөгөөс 5,605,122 төгрөг алданги тооцсон байна.
9.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үний дагуу тооцно гэж,
Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна., 31.4.-т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.
10.Зохигчийн хооронд байгуулсан Эрчим хүчээр хангах гэрээний 4.8-д Хэрэглэгч нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэлд банкинд хүргэгдснээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 03 хувийн алданги төлнө гэж гэрээ байгуулсан байна.
11.Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагад хэрэглэсэн цахилгааны төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй этгээд мөн байна.
Тооцооллыг нарийвчлан задалбал: /нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлангаас/
1. 2022 оны үлдэгдэл төлбөр 15,631,389 төгрөг гэжээ. Үүнд:
2022 оны 7 дугаар сарын төлбөр 5,982,817 төгрөг
2022 оны 9 дүгээр сард 882,154 төгрөг
2022 оны 10 дугаар сард 181,889 төгрөг
2022 оны 11 дүгээр сард 943,205 төгрөг
Нийт: 7,990,065 төгрөгийн өр үүссэн ба үүнээс алданги 4,167,156 төгрөг нэхэмжилжээ.
2022 оны 7 сараас 11 дүгээр сар хүртэл үүссэн өр 7,990,065 төгрөгөөс Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги гэж тооцвол нийт 105 хоногт нэг хоногийн алданги 23,970 төгрөг гэж тооцвол нийт 2,516,870 төгрөгийн алданги төлөх ёстой атал нэхэмжлэгч 4,167,156 төгрөгийн алданги нэхэмжилжээ.
2022.07.06-ны өдрийн 42,240 төгрөг болон 2022.07.07-ны өдрийн 1,070,302 төгрөг нь үйлчилгээ үзүүлсний төлбөр биш, нэмэлт бичилт байх тул нийт төлөөгүй үнийн дүнд орж тооцогдохгүй, алданги бодогдохгүй.
2. 2023 оны 1 дүгээр сард 3,507,563 төгрөг,
2 дугаар сард 3,673,765 төгрөг нийт төлбөр 7,181,328 төгрөгийн өр үүссэнээс 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5,605,122 төгрөгийн алданги нэхэмжилжээ.
2023 оны 1 сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны 7,181,328 төгрөгөөс Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги гэж тооцвол нийт 120 хоногт нэг хоногийн 21,543 төгрөгийн алданги гэж тооцвол нийт 2,585,278 төгрөгийн алданги төлөх ёстой атал нэхэмжлэгч 5,605,122 төгрөгийн алданги нэхэмжилжээ.
2023.03-04 сард 100,562 төгрөг болон 12,870 төгрөг нь үйлчилгээ үзүүлсний төлбөр биш, нэмэлт бичилт байх тул нийт төлөөгүй үнийн дүнд орж тооцогдохгүй, алданги бодогдохгүй.
2022 оны тооцооны үлдэгдэл 15,631,389 төгрөг+ 2023 оны үндсэн төлбөр, алданги 16,912,084 төгрөгийг нэмэхэд 32,543,470 төгрөг гарах бөгөөд 2023 оны 9 дүгээр сард төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж тооцоход 22,543,470 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарсан ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 22,718,550 төгрөгөөс зөрүү 175,080 төгрөгийн зөрүү гарч байна.
12.Ийнхүү тооцвол хариуцагч *******-с үндсэн өр төлбөр 22,718,550 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс алданги 9,772,278 /2022 оны 4,167,156 + 2023 оны 5,605,122/ төгрөгийг хасаж тооцвол үндсэн төлбөр 12,946,272 төгрөг нь үндсэн төлбөрт тооцон нэхэмжилсэн байна.
13.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ.
Иймд үндсэн төлбөрөөс алданги тооцох үндэслэлтэй хэдий ч алданги хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн байх тул хариуцагч *******-иас үндсэн төлбөрт 12,946,272 төгрөг +алданги 5,102,148 төгрөг нийт 18,048,420 төгрөгийг гаргуулан УБЦТСТӨХК-ийн *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,670,130 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгов.
14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,549 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 248,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 31.4-т зааснаар хариуцагч *******-иас нийт 18,048,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн *******д олгож, үлдэх 4,670,130 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,549 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 248,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА