| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0176/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Нарангэрэл |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 05
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар орлогч прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1730002010001 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн харьяат, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ч.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ч.Б 2017 оны 13 сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн нутаг Ө гэх газарт нутаглах Мөнххаан сумын 3-р багийн иргэн Д.Бын эзэмшлийн 131 тооны бог малыг бэлчээрээсээ тасраад явахад нь алдуул мал гэдгийг мэдсээр байж гэр рүүгээ хөөж аваачин завшиж 5 625 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би айлын малыг тасарсан байхад авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 12 сарын 03-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Би өөрийн хийсэн үйлдлээ буруу гэж бодож байгаа. Би авсан малаа яг тоогоор нь буцааж өгсөн” гэв.
- Хохирогч Д.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ”Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн нутаг сумын төвөөс ертөнцийн зүгээр хойшоо 40 км-т Х хүйс гэдэг газар нутагладаг. Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мөнххаан сумын төв рүү явж хоночихоод маргааш өдөр нь гэртээ ирээд хонь, ямаагаа үзэхэд 131 хонь, ямаа дутсан байхаар нь ойр хавиар эрэл сурал хийгээд явахад Хөндлөнгийн хөндий гэх газар хоносон хэвтэр байсан. Тэгэхээр нь тэр хавиар хонь, ямааныхаа мөрөөр явж үзэхэд уг газраас баруу н хойшоо 500 метрт байх Ө гэдэг газарт очсон мөр нь байсан. Тэрнээс цааш манай хонь, ямааг мориор хөөсөн мөр байхаар нь сумын цагдаад мэдэгдэж, цагдаатай хамт уг мөрөөр нь явж үзэхэд Ө гэдэг газраас баруун хойш 50 орчим км-т Хэнтий аймгийн Баянхутаг сумын А гэдэг газарт нутаглах Ч.Б гэдэг айлд манай алдсан 131 тооны бог мал байхад нь олж авсан. Би Ч.Быг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Би Баттулгаас 131 тооны бог малаа бүрэн бүтэн хүлээн авсан. 14 эр хонь, 33 эм хонь, 47 хурга, 10 төлөг, 5 ишиг, 6 эр ямаа, 16 эм ямаа алдсан. Би алдсан хонь, ямаагаа орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Би Ч.Бас 131 тооны бог малаа бүгдийг нь бүрэн бүтэн хүлээн авсан болохоор гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”... гэх мэдүүлэг /хх-5-7/,
- Гэрч Ц.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би 2017.12.03-ний өдөр Пүрвээ гэх айлын хажуугаас адуугаа хөөгөөд явж байхад манай гэрээс баруун хойш халиун морьтой хүн 100 гаруй хонь тууж явсан. Тухайн үед би очиж уулзаагүй. Харин манай малын эзэн Б уулзсан гэсэн. Хонь тууж явсан хүн зүүн урдаас ертөнцийн зүгээр баруун хойш тууж явсан” ... гэх мэдүүлэг / хх-8/,
- Гэрч Э.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2017 оны 12 сарын 06-ны өдөр хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.Ц, хонио алдсан Баттулгын нарын хамт миний эзэмшлийн приус маркийн 61-92 УНЦ улсын дугаартай автомашинтай Д.Бын хонио алдсан гэх газраас хонь тууж явсан гэх мөрөөр явж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн нутагт оршин суух Ц.Б гэдэг хүнтэй тааралдаж алга болсон хонийг сураглаж асуухад Б нь: 2017 оны 12-р сарын 03-ний 14:00 цагийн орчим байх гэрийнхээ зүүн урд доор хонио хариулаад явж байхад нь мөн сумын харьяат Ч.Б нь 100 гаруй хонь, ямаа тууж явсан гэж хэлсний дагуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн нутаг А гэх газар оршин суух Ч.Бынд 19:00 цагийн үед очиход Ч.Бын гэрт нь хүн байхгүй байсан. Бидэнтэй хамт явсан хохирогч Д.Ба нь хоттой хонийг үзээд өөрийнхөө 10 гаруй хонийг таньж энэ манай хонь мөн байна. Зарим хонь нь чихэндээ ээмэгтэй байсан, ээмэг нь байхгүй байна гэж байсан. Мөн хониныхоо ууцан дээр хар өнгийн ажилласан машины маслыг түрхсэн байсан. Ингээд биднийг байж байхад Ч.Б эхнэрийн хамт гэртээ ирсэн. Ч.Б бид нарт 2-3 хоногийн өмнө Мөнххаан сумын нутаг Заан ширээ гэдэг газрын ойролцоогоос өөрийнхөө адуунд явж байгаад олдохгүй болохоор нь хөдөө эзэнгүй хонь байхаар нь хөөгөөд гэртээ авчирсан гэж байсан.” ...гэх мэдүүлэг / хх- 10/,
- Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн Засаг даргын 2017.12.18-ны өдрийн тодорхойлолт /хх-28/
- Ч.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/
- Ч.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-29/
- Хохирогч Д.Бын гомдлоо татаж, хэргийг хаалгах тухай хүсэлт /хх-33/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-26/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.12.26-ны өдрийн 01 дугаартай Прокурорын санал /хх- 37/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан гэж үзнэ. Учир нь: Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь Ч.Бын Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул шүүгдэгч Баттулгад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ
Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 12 сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн нутаг Ө гэх газарт нутаглах Мөнххаан сумын 3-р багийн иргэн Д.Бын 131 тооны бог малыг бэлчээрээсээ тасраад явахад нь алдуул мал гэдгийг мэдсээр байж гэр рүүгээ хөөж аваачин завшиж бусдад 5625000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Ба, гэрч Ц.Б, Э.А нарын мэдүүлэг, Мөнххаан сумын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ч.Быг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бэлчээртээ тасраад явж байсан 131 тооны бог малыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж эзэнд нь эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, өөрт ашиг олох зорилгоор гэртээ тууж аваачин эзэмшилдээ байлгаж бусдад хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, завшсан малаа эзэнд нь бүрэн буцаан өгч хохирлыг барагдуулсан, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэг бүртгэлтэнд өгсөн шүүгчдэгч Ч.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж хохиролгүй болгосон нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.625.000 төгрөгийн үнэлгээтэй 131 тооны бог малыг хохирогчид бүрэн буцааж өгсөн, хохирогч Д.Ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Быг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хохирогч Д.Бад 5.625.000 төгрөгийн үнэлгээтэй 131 тооны бог малыг хүлээлгэн өгч хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР