Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2024/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Уранчимэг,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Гуравдагч этгээд: С.Доржпүрэв,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Л.Уранчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Боржигон овогт Лхагважавын Уранчимэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүрэн эрхийн хугацаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажилласан. Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоол бол түүнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулсан шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл , журмын дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоол мөн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагуудыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай тогтоол Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд бүрэн эрхийн хугацаанд нэр хүндтэй албыг гүйцэтгэж ирсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар ээлжит хуралдаан хуралдах байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах асуудлын төлөвлөгөө, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А10 дугаартай захирамжаар батлуулсан. Уг захирамжаар батлагдсан хэлэлцэх асуудлын жагсаалтад эд хөрөнгө актлах, шийдвэрлэх тухай, хүүхэд бүр цэцэрлэгт дэд хөтөлбөрт батлах тухай зэрэг 2 асуудал хэлэлцэхээр баталсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны үеэр Төв аймгийн Баянчандмань сум нь Монгол Ардын намын субъектээс Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг гэнэт оруулж ирж хэлэлцүүлсэн. Нийт төлөөлөгчдийн 63 хувиар хурлын даргыг огцруулах асуудал дэмжигдэж Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хурлын дарга Л.Уранчимэгийг огцруулсан. Улмаар мөн өдрийн 07 дугаар тогтоолын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Доржпүрэвийг сонгосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас гарсан дээрх шийдвэр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, холбогдох дүрэм, журам, түүнтэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зэрэг бусад эрх зүйн баримт бичгийг зөрчсөн учраас мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, түүний үр шимийг хүртэх эрхэд ноцтой халдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж дэмжиж оролцож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Уранчимэгийн Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциор ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхээр хангуулах эрхийг зөрчсөн үйлдэл болсон нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 2 асуудал байна. Нэгдүгээрт, хуульд заасан үндэслэлээр огцруулсан эсэх асуудал. Хоёрдугаарт, хуулийн дагуу процессын дагуу явагдсан эсэх асуудал. Хуульд заасан үндэслэлд Засаг даргын оруулсан үндэслэл байхгүй. Хувийн эрх ашгийн үүднээс хандсан. Нөгөө талаар Л.Уранчимэгийн өмнө байр сууриа илэрхийлсэн холбогдох нотлох баримт /тэмдэглэл/-ээс дүгнэхэд тухайн орон нутагт зарчимгүй, шударга бус, хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлүүдийн эсрэг шударгаар дуугарч, янз бүрийн хуйвалдааныг үл тэвчиж, түүний эсрэг дуу хоолой болж байдаг нөхцөл байдал нь хамтран ажиллах боломжгүй гэх дүгнэлтийг гаргахад хүргэснийг үгүйсгэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Нөгөө талаар, тухайн хүний эрх зүйн байдлын асуудлыг хурлаар шийдэх хурлын процетурыг, хурлын тэмдэглэлүүд, хэлэлцэх асуудлын дараалал хуулийн дагуу явагдсан уу гэвэл үгүй. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан. Хэрвээ асуудал хэлэлцүүлэхээр бол заавал холбогдох мэдээлэл, судалгаа, тайлан, лавлагаа, шийдвэрийг хавсаргаж, тэр талаарх баримт мэдээллүүдийг хурлын төлөөлөгч нарт 2 дахь өдрийн өмнө заавал хүргүүлж тараасан байна. Хэрвээ энэ шаардлагыг хангаагүй бол энэ асуудлыг хэлэлцэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн агуулга нь хурлын хэлэлцэх асуудал буюу хурлын тэмдэглэлийн холбогдох материалыг нотлох баримтаар зайлшгүй гаргах шаардлагатай байсан гэж харагдаж байгаа. Анхнаасаа хууль зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэд халдсан. Хэдийгээр улс төрийн алба боловч миний харж байгаагаар хууль зөрчсөн, улс төрийн гүйлгээ хийх замаар огцруулсан үйлдэл байна. Хэдийгээр олонхоор энэ асуудлыг шийдэж байгаа хэдий ч Монгол улсад энэ харилцааг зохицуулсан тодорхой хуулиуд байгаа учраас хууль зөрчсөн үйлдэл болсон гэж шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Доржпүрэв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын тухайд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолын үндэслэл нь Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс оруулж ирсэн саналын дагуу Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2 дэх заалтыг үндэслэн Л.Уранчимэгийг ИТХ-ын даргаас огцруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Намын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 25-нд №3 дугаартай хүсэлтийг Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлэгт гаргасан. Хүсэлтэд үндэслэн нь Төв аймгийн Баянчандмань сумын МАН бүлэг хуралдаж ИТХ-ын дарга Л.Уранчимэгийг огцруулах шийдвэр гаргаж ИТХ-д санал оруулсан. Хурлын төлөөлөгчдийн 63.15% дэмжин нь Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ дарга Л.Уранчимэгийг огцруулсан. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд 2023 оны 10 дугаар сарын 27-ны 06 тоот тогтоол гарсны дагуу нь Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ даргыг сонгох зайлшгүй шаардлага гарсан. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7 тоот тогтоолоор Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 73.68% саналаар С.Доржпүрэвийг сонгосон. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй талаарх ИТХ-ын 06,07 тоот тогтоолууд тус тус гарсан тул Л.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоол, 07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Эхний шаардлагын тухайд, 06 дугаартай тогтоолын үндэслэл нь Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс оруулж ирсэн саналын дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг үндэслэн Л.Уранчимэгийг Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаас огцруулсан. Иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаанаас огцруулсан хуулийн заалт нь хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Намын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтэд Төв аймгийн Баянчандмань сумын Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Л.Уранчимэгийг огцруулах шийдвэрийг гаргаж, Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд саналаа оруулсан. Хурлын төлөөлөгчдийн 63.15 хувь нь дэмжиж Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Хурлын даргыг огцруулсан. Хоёрдугаар шаардлагын тухайд, 06 дугаартай тогтоол гарсны дагуу суудал нь эзгүй болсон учраас хуралдааны даргыг яаралтай сонгох шаардлага гарсан. Үүний дагуу 07 дугаартай тогтоолоор Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийн 73.68 хувийн саналаар С.Доржпүрэвийг сонгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байгаа гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан хэлье. Миний асуултыг нэхэмжлэгч тал буруу ойлгоод яваад байх шиг байна. Төсөл хэлэлцсэн асуудлаар бол би асуулт асуугаагүй. Төсөл хэлэлцээд хурлын протокол хавтаст хэрэгт авагдсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэлийн үндэслэл болгож бичээд байна. 47 дугаар зүйлийн 47.2-т болон нэхэмжлэл дээрээ юу гэж бичсэн бэ гэхээр саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөө тараах гэсэн. Миний асууж байгаагаар гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, бэлтгэж өгч байсан юм уу гэх. Хурлын дарга хурлын бэлтгэл ажлыг хангасан эсэх асуудлыг хариуцаж байгаа. Төлөөлөгчид үүнийг мэдэхгүй. Ажлын алба ямар ажил хийж байна гэдгийг хурлын дарга мэдэх ёстой. Гэтэл 12 дугаар хурлын бүх материал нь эх хувиараа хүрээд ирсэн. Энэ материал дотор 12 дугаар хуралд хэлэлцэгдээд байгаа тэр сургуулийн асуудал болон эмнэлгийн асуудлуудын энэ хурлаас гарах шийдвэр гэсэн төсөл байхгүй. Шийдвэрийн төсөл. Түүнээс төслийг хэлэлцэх асуудлыг асуугаагүй. Хурлын дарга өөрөө хуульд нийцсэн үйл ажиллагаа хийж байсан юм уу гэдэг асуудал яригдана. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байна. Засаг дарга нь хурлаа удирдаад байгаа юм биш үү гэдэг асуудал яригдаж байна. Тийм. Хурлын дарга өөрөө хурлынхаа төлөөлөгчдийг удирдаж, чиглүүлж явж чадахгүйгээс болоод Засаг дарга нь хурлынхаа дээр гарсан. Танхим нь ч гэсэн хэлсэн. Хурлын протокол дээр байгаа. Засаг дарга хурлын даргатай хамтарч ажиллаж чадахгүй байна гэхээр яагаад бид энэ асуудлыг шийддэг юм бэ гээд яриад байгаа. Хурлын дарга нь өөрөө Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа олигтой даргалаад явуулж байсан бол өнөөдөр хурлын даргыг Засаг дарга огцруулах томъёоллоор асуудал хэлэлцэхээс илүү хурлын дарга нь өөрөө энэ асуудлыг хурал дээрээ шийдээд Засаг даргыг огцруулах асуудлыг ярилцаж байх ёстой. Тийм учраас төлөөлөгчид нь хурлын даргадаа итгэл үзүүлэхгүйгээр, хурлын тэмдэглэл дээр байгаа. Дараагийн асуудал нь, намын хяналтын хорооны бичгийг хэлээд байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол хэнээс ч хараат бусаар, нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ярьж байгаа нь зөв. Тийм учраас намын хорооны дүгнэлтээр Засаг дарга тэр хурлын даргатай хамтарч ажиллах эсэх асуудал бол энэ хуралд ямар ч ач холбогдолгүй. Хамгийн гол ач холбогдолтой зүйл нь юу вэ гэхээр, Монгол Ардын Намын бүлэг буюу хуралд байгаа намын бүлгийн төлөөлөгчид нь өөрсдөө бид нар энэ хурлаа хэнээр удирдуулах вэ гэдэг асуудал нь чухал. Төлөөлөгчид зөвшөөрөхгүй байна. Монгол Ардын Нам тэр комбинатыг хурлын дийлэнх олонхоороо барьж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сууж байгаа Монгол Ардын Намын гишүүд нь өөрсдөө хурлын даргаараа бид нар цаашид удирдуулахгүй гэсэн агуулгаар тухайн хурал хэлэлцэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хуулиуд нь явна гэж ярьж байна. Үгүй. Иргэдийн Хурлын дарга гэдэг хүн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг субъект биш. Хэрвээ хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргаад өгөхгүй яасан юм. Хөдөлмөрийн тухай хууль бол ажилтан, ажил олгогч нарын хооронд болж байгаа процесс, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулдаг хууль. Тэгвэл нэхэмжлэгчийн ажил олгогч нь хэн юм бэ. Тэр ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм уу. Нэхэмжлэлийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулиас дурдахгүй яасан юм бэ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дурдсан байгаа. Захиргааны хуульд нарийвчилсан хууль буюу сая дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг хэрэглэнэ. Хоёрдугаарт, энэ хуульд зохицуулаагүй асуудлыг Захиргааны ерөнхий хуулиар томъёолж шийддэг. Би өмнө нь тайлбарласан. Захиргааны акт нь өөрөө гадагшаа болон дотогшоо чиглэсэн 2 хэлбэртэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд байдаг. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр, захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд захиргааны актын талаар дурдсан. Захиргааны ерөнхий хуульд гадагшаа, дотогшоо гэсэн тайлбар байхгүй. Хуулиа өөрсдөө тайлбарлаагүй. Гэхдээ онолын хувьд байгаа. Нарийвчлан зохицуулаагүй учраас онолын хувьд тайлбарлана. Захиргааны байгууллагаас гарч байгаа акт болгон энэ хуулиараа явна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэх шиг болсон. Үгүй. Дотроо ялгамжтай. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг дотогшоо чиглэсэн акт нь бусдын эрх ашгийг хөндөхгүй, зөвхөн дотогшоо чиглэнэ. Энэ бол бүтэц зохион байгуулалт, дотоод журам гэдэг юм уу. Энэ асуудлыг зохицуулдаг. Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол бол дотогшоо чиглэсэн акт. Хурлын даргыг огцруулж байгаа асуудал. Ажилгүй болгосон зүйл байхгүй. Хурлын даргаас буугаад төлөөлөгчөө хийнэ. Сонгуульт ажлаа хийх асуудал. Тийм учраас нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хууль яригдахгүй. Хоёрдугаарт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан шиг 2 хоногийн өмнө хурлын төслөө танилцуулаад шийдвэр гарах асуудлын төслийг 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар буюу холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж гэх. Хурлын даргыг огцруулах эсэх асуудал дээр ямар төсөл гаргах юм бэ. Шийдвэрийн төсөл гаргах боломжгүй. Нэг бол огцруулна эсхүл огцруулахгүй гэдэг санал хураагдаад олонхийн саналаар шийдэх асуудал. Тийм учраас 47 дугаар зүйлийн 47.2 хэрэгжих боломжгүй. Хурлын даргыг огцруулах эсэх дээр. Хоёрдугаарт, хурал дээр хэлсэн. Манай хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэхийн тулд хуралдааныг завсарлаад эсхүл 2 хоногийн өмнө шийдвэрийн төслийг тараагаад хэлэлцэх боломжгүй. Яагаад гэвэл энэ нь нэгдүгээрт, орон нутагтаа байгаа. Танил тал гээд нөлөөллийн байдал их ордог учраас төлөөлөгчид өөрсдөө сууж байгаад төлөөлөгчдийн шийдвэрээр хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэх эсэх томъёолол нь харагддаг. 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчөөд шийдсэн тогтоол биш. 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хурал дээрээ зөндөө ярьсан. 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг иргэдийн төлөөлөгч нар бүгдээрээ мэдэж байсан. Хурал дээрээ ч яригдаж байсан. Тийм учраас 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэглээд хурлын даргыг огцруулах асуудлыг шийдэх нь өөрөө нөлөөлөлд автах учраас нийцэхгүй байна. Одоо хурлаараа шийдье гээд олонхийн саналаараа гар өргөөд баталсан. Тэгээд хурлын даргыг огцруулах асуудлыг шийдсэн. Монгол Ардын Намын хяналтын хороонд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдээ соён гэгээрүүлээч гээд байна. Намын хорооны бичгийг уншаад өгөөд, Засаг даргад хамаатай юм шиг яриад байна. Үгүй. Хурлын дарга нь өөрөө соён гэгээрүүлэх ёстой. Хурлын төлөөлөгчид. Тэр бичиг нь ямар агуулгаар Засаг дарга руу чиглэж гарсан талаар мэдэхгүй байна. Ангийнхаа хүүхдүүдийг ангийн дарга нь соён гэгээрүүлнэ. Засаг дарга яагаад соён гэгээрүүлдэг юм бэ. Засаг дарга нь өөр субъект. Харин ч Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд захирагдаж явах субъект. Доод шатны субъект нь дээд шатныхаа байгууллагын төлөөлөгчдийг соён гэгээрүүлнэ гэж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч Л.Уранчимэг хурлын дарга хийж байхдаа бүх асуудлаа бусдад нялзаачаад өөрөө хариуцлагагүй хандаад байдаг ийм л дүр зураг харагдаад байна гэж үзэж байна. Тийм учраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гишүүний дийлэнх олонх нь бид нар энэ хүнээр хурлаа удирдуулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь зөв зүйтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт ...асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна, 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллага ... гэж, 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад...гаргана., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.4.Дээд шатны захиргааны байгууллага... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана., 15 дугаар зүйлийн 15.1-т Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана., 16 дугаар зүйлийн 16.1-т Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 06, 07 дугаар тогтоол-д холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргаан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль дараахь харилцаанд үйлчлэхгүй: 3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг хууль тогтоогчоос Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно. хэмээн тайлбарлажээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: 9.1.2. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж заасан тул хариуцагч байгууллагын шийдвэрийг улс төрийн шийдвэр гэж үзэх боломжгүй байх ба хариуцагч, түүний өмгөөлөгч нарын сумын Хурлын зохион байгуулалттай холбоотой асуудал нь Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал, улс төрийн зорилготой шийдвэр, улс төрийн асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй гэх тайлбаруудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай 06 дугаар тогтоол, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий захиргааны акт Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 06 дүгээр тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 12 буюу 633.15 хувийн саналаар Л.Уранчимэгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэгт ажлаас огцруулж, тухайн хуралдааны 07 дугаар тогтоолоор С.Доржпүрэвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталжээ.

2. Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийг баталж, уг дүрмийн 2-р зүйлийн 1-т Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө...-г сумын ИТХ-ын Тэргүүлэгчид урьдчилан боловсруулж, Төлөөлөгчдөд хүргүүлсэн байна. 4-т Хуралдаанд төлөөлөгч дангаараа буюу хамтран асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал уг асуудлын талаар тодорхой судалгаа, тооцоо...хууль зүйн үндэслэлийг бүрэн хангасан төслийг Хурлын даргад Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 15 хоногийн өмнө мэдүүлж,... Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хурлын хороогоор дүгнэлт гаргуулан Хуралдаанд оруулна. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахгүй гэж заасан байна.

3. Нэхэмжлэгч нь Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус Хурлын даргаар сонгогдон ажиллаж байжээ.

4. Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 сарын 12-ны өдрийн А/07 дугаар захирамжаар тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдааныг 1. 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товлож, тухайн хуралдаанаар 2.1. Эд хөрөнгө актлах, шийдвэрлүүлэхээр уламжлах тухай, 2.2. Хүүхэд бүр цэцэрлэгт аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, 2.3. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тогтоон, 3. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж хэлэлцэх асуудлын баримт бичгийг, тогтоолын тсөлүүдийн хамт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт ажлын албанд ирүүлэхийг сумын Засаг дарга (Г.Ариунболд)-д даалгажээ. Үүний дараа тус Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар захирамжаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулсан, 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр хуралдааны 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах. (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар, зөвлөлийн бүрэлдэхүнийг шинэчлэн байгуулж, журам батлах тухай) асуудлыг хэлэлцэхээр тогтоосон. Эдгээр төлөвлөгөөнд Хурлын даргын ажлын тайланг хэлэлцэх, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөөгүй байна.

5. Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 12-р хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр товлосон цагт эхэлж, тус Хурлын дарга хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулсны дараа Хурлын төлөөлөгч Э.Өлийбаяраас Төв аймгийн Баянчандмань сумын Монгол ардын намын хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3 тоот албан бичигт: ...1. МАН-ын 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, аймаг сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг сумыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө, 2014-2023 онд Баянчандмань сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад удаа дараа шууд болон шууд бус замаар саад болж гацаасан гэж үзэж байна. 2. Дээрх асуудлуудыг үндэслэн хамтран ажиллах болмжгүй гэдгээ МАН-ын хорооны дарга Засаг дарга Г.Ариунболд мэдэгдсэн, МАН-ын хорооны Тэргүүлэгчид хэлэлцээд: МАН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн 9.1.11, 4.2.12 дахь заалтуудыг үндэслэн сумын намын хорооны Тэргүүлэгчдийн хуралд оролцсон Тэргүүлэгчдийн олонхийн саналаар уг асуудлыг дэмжсэнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлэгт хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасны дагуу төлөөлөгчдийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, уг хүсэлтийн дагуу хэлэлцэх асуудлыг нэмж хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайн хуралдаан хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг хэлэлцсэний дараа Хурлын даргын ажлын тайланг сонсож, Хурлын төлөөлөгч Э.Өлзийбаяраас Хурал дахь МАН-ын бүлгийн албан тоотыг танилцуулсан бөгөөд Хурлын төлөөлөгчид Хурлын даргад түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулан, Л.Уранчимэгийг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлж, С.Доржпүрэвийг тус Хурлын даргаар сонгон баталгаажуулсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч байгууллага нь тухайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг, тодруулбал тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй МАН-ын 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, аймаг сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг сумыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө, 2014-2023 онд Баянчандмань сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад удаа дараа шууд болон шууд бус замаар саад болж гацаасан гэж асуудлыг хэлэлцэх, Хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 47.2-т заасан Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж, мөн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 2.1, 2.4-т тус тус заасныг зөрчсөн байна. Иймээс хуулиар болон Хурлын дэгээр тогтоосон тухайн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөгүй асуудлыг хэлэлцэж баталсан хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж заасанд нийцэхгүй, хууль бус гэж дүгнэлээ.

Үүнээс гадна тухайн хуралдааны тэмдэглэлд ... Э.Өлзийбаяр төлөөлөгчөөс МАН-ын 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, аймаг сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг сумыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө, 2014-2023 онд Баянчандмань сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад удаа дараа шууд болон шууд бус замаар саад болж гацаасан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-т тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчимд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Уранчимэгийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар болон Хурлын дэгээр тогтоосон журмыг зөрчин түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн байх тул Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба, 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж, 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Уранбичимэгт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Дээрх нөхцөл байдлууд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 12-р хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргыг сонгох асуудал төлөвлөгдөөгүй нь тогтоогдож байх тул С.Доржпүрэвийг Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож баталгаажуулсан хариуцагчийн шийдвэр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг зөрчсөн, Хурлын төлөөлөгчөөс хуралдаанаар хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг Тэргүүлэгчдийн тогтоолоор урьдчилан батлаагүй бөгөөд хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд танилцуулаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлсэн нь хууль бус байна. Иймд Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 06 дүгээр тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Л.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Уранчимэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН