| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/05100/И |
| Дугаар | 183/ШШ2024/04027 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/04027
2024 оны 10 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/04027 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ө-д холбогдох,
1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Э.Ө-д холбогдуулан 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Э.Ө-тэй 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ байгуулан, ******** улсын дугаартай, ********* маркийн тээврийн хэрэгслийг 12 хоногийн хугацаатай түрээслэхээр болж өдрийн 150.000 төгрөг, мөн барьцаа 100.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөгийг Э.Ө-н Хаан банкны ************ тоот данс руу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот данснаас шилжүүлсэн байдаг. Тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ гэх гэрээг 1 хувь үйлдэж Э.Ө өөртөө авч үлдсэн болно. 2024 оны 7 сарын 16-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 1.000.000 төгрөг барьцааны хамт шилжүүлэх талаар утсаар холбогдож ярихад Манай нягтлан байхгүй байна, холбогдоод танд эргээд хэлье гээд хариу хэлсэн боловч буцаж мэссэж илгээхдээ Манайх буцааж төлбөр өгөх боломжгүй, тухайн тээврийн хэрэгслийг бусдад түрүүслэх бөгөөд түрээслэх тохиолдолд тухайн төлбөрийг өгч болно гэх зүйл хэлсэн. Энэ нь өөрсдийн байгуулсан түрээсийн гэрээний зүйл заалттай зөрүүтэй бөгөөд тухайн гэрээний 6.4-т Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрөөс, ашигласан хугацааны төлбөрийг суутган тооцож үлдэх хувийг түрээслэгчид буцаан олгоно гэсний дагуу тухайн үед Э.Ө-д хэлсэн боловч хүлээж аваагүй. Миний төлбөрийг бүтэн авчихаад, дээр нь тээврийн хэрэгсэлээ хүлээж авсан боловч үлдэх төлбөрийг буцаан олгохгүй, хохироож өнөөдрийг хүрээд байна. Дээрх төлбөрийн маргаанаа болж тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаар гэрчилгээний хуулбараас харахад Нэткапитал инвест барьцаалан зээлдүүлэх газар ХХК нэр дээр өмчлөлттэй бөгөөд тухайн иргэн Э.Ө-н өөрийн тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар мэдээлэл байхгүй тул үндэслэлгүй түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэж өөрийн шилжүүлсэн төлбөр болох 1.900.000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн энэхүү автомашин түрээс гэх газар тээврийн хэрэгслийг өдрийн 150.000 төгрөгөөр бодож төлбөр авсан боловч сүүлд надад 100.000 төгрөгөөр түрээслэдэг гэх мессеж илгээсэн, мөн тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн эвдрэлгүй байж чадаагүй. Би өөрөө засварт очиж бүтэн өдөр дугаарлан зогсож засуулсан. Түүнчлэн автомашин түрээсийн үйлчилгээ хуулийн дагуу явуулахгүй бусдын өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгсэл байсан. Иймд Э.Ө-с түрээсийн төлбөрт шилжүүлсэн 1.900.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд маргаан үүссэн зүйл нь энэ хүн өөрөө манай машиныг түрээслэх гэж ирээд, манай гэрээг өөрөө эхэлж зөрчсөн. Манай тээврийн хэрэгслийг өөр хүнээр өгч явууллаа гэж хэлээгүй. Гэнэт шөнө огт танихгүй хүн унаад ирсэн. Тухайн хүнтэй буцаалтын талаар уулзаад ярилцсан боловч огт ойлголцож чадаагүй. Миний хувьд нэгэнт шүүхэд ирчихсэн учраас энэ хүний үлдсэн мөнгийг барьцаа төлбөрийг нь өгнө. Манайхаас унаж ашигласантай холбогдуулан зардал гарсан, угаалга, гэрлийн төлбөрийг хасаад буцаалт хийх боломжтой байгаа. Тэгээд хоногийн төлбөрийг нь 150.000 төгрөгөөр бодоод буцаалт хийх боломжтой. Өөр боломж байхгүй. 2-3 жил машин түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Анхнаасаа энэ хүн 6 хоног унаад буцааж өгнө гэсэн бол би энэ хүнд түрээслэхгүй байсан. Угаалга 40.000 төгрөг, гэрлийн төлбөрийг санахгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны ************* тоот дансны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, Э.Ө болон Т.О нарын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээний хуулбар, фото зураг зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э.Ө болон Т.О нарын хооронд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай ********* маркийн автомашиныг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дуаар сарын 22-ны өдрийн хүртэл 12 хоногийн хугацаатай, өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, 1.900.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Гэвч нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, үлдэх 6 хоногийн төлбөр болон барьцаа мөнгөө эргүүлэн авах талаар мэдэгдсэн боловч тохиролцож чадаагүй, мөн уг тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмчлөлд бүртгэлтэйг сүүлд мэдсэн бөгөөд түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, автомашины эзэмшигч биш этгээд надад түрээслэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул түрээсийн төлбөрт шилжүүлсэн 1.900.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч уг нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь бус, харин түрээсэлсэн гэх 6 хоногийн төлбөрийг хасаад үлдэх мөнгө болон барьцаа төлбөрөөс автомашиныг угаалгасан болон гэрлийн засварт оруулсан үнийн дүнг хасуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
3. Талууд тухайн автомашиныг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 хоногийн хугацаанд унаж, ашигласан талаар маргаагүй.
Харин автомашин нь хариуцагчийн нэр дээр бүртгэлгүй болохыг талууд хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх ба хэрэгт авагдсан Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж, хариуцагч Э.Ө-с нэхэмжлэгчийн автомашин ашиглаагүй хугацаа 6 хоногийн болон барьцаа мөнгө болох нийт 1.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.О-д олгохоор шийдвэрлэсэн.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн автомашин ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул түүний ашигласан хугацааны төлбөр 900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Э.Ө нь гэрлийн мөнгө болон автомашин угаалгасны хөлс гэх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул дээрх зардлыг нэхэмжилсэн үнийн дүнээс хасаж тооцох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Э.Ө-с үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө-с 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Э.Ө-с үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө-с 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА