Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 06

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Ч.Чт холбогдох 1730002050148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ч.Ч

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ч.Ч нь Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Суваргын задгай тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Бг зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний болон нуруу, баруун гарын бугалга, сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 11-нд манай баз Баатар ирээд гол орж мөс хагалаад тэндээ 1 шил архи уусан. Гэрт ирээд 2,3 шил архи уусан. Тэгээд тэд нарыг явсны дараа би эхнэрээ цохисон байсан. Тэгэхээр нь ээж цагдаа дуудаж өгсөн байсан. Тэгээд би ээжийнд хоносон гэв.

 

- Шүүгдэгч Ч.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэгтээ өмгөөлөгч Т.Хүдэрийг оролцуулж байна. Миний хувьд архи уучихаараа эхнэрээ хардаад зодчихсон юм. Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой эхнэрээ зодсон асуудлаа мэдэхгүй байгаа юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг, / хх-н   х /

 

 - Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 сарын 11-ний өдөр манайд манай хүргэн ах Ч, эхнэр нь А, М, манай нөхөр Ч нар хөдөө ундны мөсөнд явж ирээд манай гэрт 0.5 литрийн 4 шил Ерөөл архи хувааж уучихаад орой 19 цагийн орчимд явцгаасан юм. Тэд нарыг явсны дараа би гадагш гарч бие засчихаад ороод ирэхэд манай нөхөр Ч агсам тавьж, намайг газар унагаан толгой руу гутлаараа өшиглөж зодсон. Энэ үед манай хадам ээж Ш орж ирж салгахад ээжийнхээ үгэнд орохгүй байсан. Маргааш нь бие өвдөөд босч чадахгүй, хамаг бие хөндүүрлээд эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. Би авч ирсэн архинаас нь хувааж уусан байсан болохоор нилээн согтуу байсан. Харин Ч айхтар согтуу байгаагүй. Тухайн үед зүүн хацар зулгарч хавдсан, толгойн баруун хэсэг тэр чигтэй хөндүүр доргилттой, баруун далан дээр хөхөрсөн, баруун гарын бугалга цус хурч хөхөрсөн, баруун гарын үе хөхөрсөн байсан. Одоо миний биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур байхгүй. Ч нь ямар шалтгаанаар зоддогийг мэдэхгүй байна. Архи уух болгондоо агсам тавьж намайг зоддог. Гаднаас согтуу орж ирээд бахираад, агсам тавиад эхлэнгүүт гурван хүүхэд нь эмээрүүгээ гараад гүйчихнэ. Хүний үгэнд ороод    амарна гэж байхгүй намайг элдвээр хэлж доромжилно. 2017 оны 10 сарын 10-дын үеэс эхлэн ганц хоёр хоног өнжөөд л архи уудаг болсон. Уг нь архинаас гаргадаг эм уугаад 5 сар архи уухгүй байж байгаад 06 сараас эхлээд архи уугаад эхэлсэн. 2017 оны 12 сарын 03, 04 ны үед хөдөө хүргэн ах Чынд идэш хийж байхад зодож байсан. Манай нөхөр хүүхдүүддээ агсам тавиад байдаггүй, харин архи уугаад орж ирээд бахираад байхаар нь гараад гүйчихдэг. Тухайн үед зодуулаад биед учирсан гэмтэл байхгүй байна. Чийн гаргасан асуудлыг өчнөөн нуугаад явсан одоо бол гомдолтой байна. Хуулийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг, / хх-н 05-06 х /, 

 

- Гэрч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 12 сарын 11-ний өдөр эхнэр Аын хамт сумын төв рүү ундны мөсөнд баз Ч, М нартай хамт явж орой 16 цагийн орчимд Чийн гэрт очсон юм. М дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи авсан. Дараа нь Ч 0.75 литрийн Ерөөл архи авч бүгдээрээ хувааж уучихаад эхнэр бид 2 хөдөө гэртээ ирсэн. Би Мыг гэрт нь хүргэж өгөх гээд гарах гэтэл Чийн 2 дугаар ангийн хүү Рагчаа нь “аав архи уучихсан, та нар аавыг унтуулчихаад яваарай” гээд уйлаад байхад Ч “аав нь яах ч үгүй” гээд гэртээ үлдсэн. Бид нарыг Чийн гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нар явахдаа “эхнэр хүүхдээ битгийн айлгаарай, шууд амраарай” гэж хэлээд явсан. 2017 оны 12 сарын 03-ны өдөр Чийнх идэш хоолоо хийх гээд надтай явах гэхэд Ч гэртээ согтуу байхаар нь үлдээх гэтэл эхнэр Бо нь “авч явахгүй бол болохгүй, үлдэх юм бол хэдэн хүүхэд айлгаад байлгахгүй” гэхэд хүүхдүүд нь хүртэл “аавыг аваад яв, аавыг байвал бид нар байж чадахгүй” гээд байхаар нь хөдөө гэр рүүгээ авч ирсэн. Гэтэл Ч манайд ирсэн хойноо эхнэрээ зодоод, өшиглөөд, толгой тархи руу нь балбаад байхаар нь манай хүү салгаж болиулсан. Тэрэнд эхнэртэйгээ муудах ямар ч шалтгаан байгаагүй. Ер нь архи уух болгондоо эхнэрээ зоддог бид нар хэлээд ойлгохгүй байгаа хүн” гэх мэдүүлэг, / хх-н 05-06 х /,

 

- Гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би нөхөртэйгээ хөдөөнөөс сумын төв орчихоод оройхон Чийнд очиж тэнд 2 шил Ерөөл архи Ч, Бо, М, манай нөхөр Ч нартай хувааж уучихаад гэр рүүгээ харьсан. Тэр үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Маргааш нь Боруу утсаар ярихад Ч намайг урьд шөнө зодчихлоо гэж ярьсан. Бид нарыг явахад Ч гэртээ амарлаа гээд үлдсэн. Ер нь архи уух болгондоо зоддог гэсэн. Дандаа л зодуулсан гээд ярьдаг. Чийг архи уухаар хэдэн хүүхдүүд нь хөл нүцгэн гараад гүйчихдэг гэсэн. 2017 оны 12 сарын эхээр манайд идэш хоолоо хийнэ гээд ирэхдээ Ч согтуу ирчихээд эхнэрээ зодоод байхаар нь манай хүү салгаж байсан. Эхнэрээ зүгээр сууж байхад нь үсдээд тархи толгой руу нь цохиод байдаг юм билээ. Архи уух болгондоо зодож, элдэв муу муухайгаар харааж загнадаг юм билээ. Би өчнөөн энэ талаар нь хэлсэн боловч эрүүлдээ “би санахгүй байна, дахин тэгэхгүй” гээд л өнгөрнө. Хүүхдүүд нь Чийг согтуу гэртээ ирэхэд нь агсам тавиад бахирахад нь үнэхээр их айдаг юм. Өвлийн хүйтэн байсан ч гараад гүйчихнэ, ойрхон эмээ нь байдаг болохоор тэнд очиж хонодог гэсэн” гэх мэдүүлэг, / хх-н 12 х /,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай “1.Ч.Бгийн биед тархи доргилт, нүүрний болон нуруу, баруун гарын бугалга, сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, / хх-н 17 х /,

 

-  Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 01 х /

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, / хх 02 х / 

 

- Ч.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37 х /

 

- Ч.Чийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39 х /

 

- Сүхбаатар аймгийн Наран сумын 1-р багийн Засаг даргын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 08/198 дугаартай албан тоот, / хх-н 40 х / зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Ч.Чийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь хохирогч Ч.Б, шүүгдэгч Ч.Ч нарын Прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдох тул  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

          Шүүгдэгч Ч.Ч нь Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Суваргын задгай тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Бг зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний болон нуруу, баруун гарын бугалга, сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.Б, гэрч Б.Ч, Н.А нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 24 тоот акт, болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ч.Ч нь хохирогч Ч.Бг согтуурсан үедээ ямарч шалтгаангүйгээр зодсон болох нь шүүгдэгч Ч.Чийн ” Миний хувьд архи уучихаараа эхнэрээ хардаад зодчихсон юм. Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой эхнэрээ зодсон асуудлаа мэдэхгүй байгаа юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ” гэх, хохирогч Ч.Бгийн “би гадагш гарч бие засчихаад ороод ирэхэд манай нөхөр Ч агсам тавьж, намайг газар унагаан толгой руу гутлаараа өшиглөж зодсон. Энэ үед манай хадам ээж Ш орж ирж салгахад ээжийнхээ үгэнд орохгүй байсан. Маргааш нь бие өвдөөд босч чадахгүй, хамаг бие хөндүүрлээд эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

Шүүгдэгч Ч.Ч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа хохирогчийн зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ч.Чт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Ч.Чийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүхээс шүүгдэгч Ч.Чийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

  

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үгүй болно. 

 

         Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл арилсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Ч.Чт торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг дурдая.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ч.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Ялтан Ч.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

5. Ялтан Ч.Чт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР