Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2024/0007/З |
Дугаар | 123/ШШ2024/0022 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 123/ШШ2024/0022
2024 04 16 123/ШШ2024/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Гомбо,
Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Гомбо, хариуцагч Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, гэрч Б.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахад, Төв аймгийн Газрын харилцаа барилгаа хот байгуулалтын газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний 07/20 дугаартай албан бичгээр “ ... та ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 3 жил дараалан ашиглаагүй байна. Сэргэлэн сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаартай захирамжаар таны газрыг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгсөн, нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.Гомбо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомбо миний бие нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт газар эзэмших эрхийн гэрчилгээний 000144356, нэгж талбарын 4109056430, эрхийн улсын бүртгэлийн 3-1419003743 дугаар бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 24.976 м газрыг Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/72 тоот захирамжаар эзэмших эрхтэй болсон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ нь бичигдэхгүй байсаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгогдсон. Захирамж гарч гэрчилгээгээ үндэслэн банкнаас зээл авч санхүүгийн эх үүсвэрээ бий болгон хашаа барьж, гүний худаг гаргуулан зориулалтын дагуу ашиглан нөхцөлөө бүрдүүлж бэлэн болсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой хүнд нөхцөл байдал үүсэж, эдийн засгийн хямралд орсон. Засгийн газрын Ковидын дараах ард иргэдийн эдийн засаг хямрал сэргэж тогтвортой баталгаатай болгох бодлого шийдвэртэй уялдуулан 2024 онд өөрийн газартаа холбогдох байгууллагуудтай гэрээ хийж хашаа барих, гүний худаг гаргуулан үйл ажиллагаагаа эхлүүлэх шийдвэртэй байсан боловч иргэн Гомбо миний газрыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар цуцлагдаж хүчингүй болсон. Уг шийдвэр гарснаар Гомбо миний бизнес төлөвлөгөө болон ар гэрийн амьдрал эрсдэлтэй байдалд орж байна. Бүх нийтээр цар тахал бий болсон хүнд үеийг хүндэтгэж үзэж Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Миний бие газар эзэмших гэрээгээ хуульд заасны дагуу ашиглаагүйн улмаас хураалгасан. Ковидын цар тахлын улмаас газар дээрээ үйл ажиллагаа эрхэлж, хашаа барьж, худаг гаргаж чадаагүй. Ковид дууссаны дараа зээл хөөцөлдөж, хашаа барих, худаг гаргах гэрээ хийсэн. Өөрийнхөө хавсралт дээр оруулсан. Тухайн үед цар тахлаас болж газар дээрээ юм хийж чадаагүй. Ковидын цар тахлын улмаас газар дээрээ үйл ажиллагаа эрхэлж, хашаа барьж, худаг гаргаж чадаагүй. Ковид дууссаны дараа зээл хөөцөлдөж, хашаа барих, худаг гаргах гэрээ хийсэн. Өөрийнхөө хавсралт дээр оруулсан. Сумаас огт холбогдоогүй, би газрын төлбөр төлөөгүй, би газар дээрээ очоод тухайн хийлгэх байгууллагадаа газрын хэмжээг нь үзүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цуцлахаас өмнө надад мэдэгдсэн бол би очиж уулзах байдал өөр байх байсан. Надад мэдэгдээгүй, утсаар яриагүй, миний эрхийг зөрчсөн. Уг шийдвэр гарснаар Гомбо миний бизнес төлөвлөгөө болон ар гэрийн амьдрал эрсдэлтэй байдалд орж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гомбо нь Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны А/72 дугаартай захирамжаар тус сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2,5 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Б.Гомбо нэхэмжлэлдээ “... Уг захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ нь бичигдэхгүй байсаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгогдсон” гэжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байгаа. Газрын тухай хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг зөрчсөн. Б.Гомбо нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эзэмших эрх олгогдсон ба газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэл өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 9 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл эрхлээгүй байна. Иймд Б.Гомбын гаргасан “Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А1322 сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.Тухайн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг манайх гаргаж тавьсан. Гэтэл нэхэмжлэгч тайлбарлахдаа Ковид цар тахал болсон учраас тухайн газрын ашиглаж чадаагүй гэж тайлбарлаж байна. Маргааны үндэслэл болсон захиргааны акт болох А1322 дугаартай захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-т заасныг баримталж гаргасан. 40.1.1-д газар эзэмшигч нь хууль тогтоомж болон гэрээнд заасан үүргээ удаа дараа буюу эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлахаар заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл болон газар эзэмшигчтэй, газрын даамалтай байгуулсан гэрээнд газар эзэмшигчийн үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд Б.Гомбо газрын даамалтай газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4 дүгээр зүйлд газар эзэмшигчийн үүргийг заасан. Газраа зориулалтын дагуу ашиглах, газар ашигласан эсэхээс хамаарч газрын төлбөрийг төлж байна. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлж байна гэсэн агуулга бүхий нийт 7 үүрэг болгосон зохицуулалтыг оруулсан. Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан аль ч үүргийг гүйцэтгээгүй. 2014 оноос 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх 9 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тухайн үед ийм үйл ажиллагаа эрхлэх гэж байна, Ковид гарсан учраас ийм учиртай байсан гэх тайлбар хэлээгүй. Газрын даамалд үйл ажиллагаа явуулна. Эсхүл хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон талаар утсаар болон бичгээр мэдэгдээгүй. Нэхэмжлэгч газар дээр үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн газрын төлбөр төлөөгүй, хэдийг төлөх ёстой гэдгээ өнөөдрийг хүртэл мэдэхгүй байна. 2015 оноос 2019 оны хооронд Ковид гарч үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Ковидын тухай хууль албан ёсоор 2020 оны 04 дүгээр сард батлагдаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Энэ үеийг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоосон тайлбарыг үндэслээд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болох боловч 7 жилийн хугацаанд нэхэмжлэгч газраа ашиглаад, үйл ажиллагаа явуулаад, ашиг орлогоо нэмэгдүүлээд явах боломжтой байсан. Тийм учраас хууль болон гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Б.Халиунаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Улс орон даяар А дугаартай шинэчилсэн гэрчилгээ олгох ёстой учраас хүмүүс хандсан л бол бид нар гэрчилгээг нь сольж өгч, A дугаар үүсгэж, гэрчилгээг хэвлэж өгсөн. 2023 онд ажлын хэсэг гарч газар эзэмшил ашиглалтын байдлыг газар дээр нь очиж шалгасан. Ажлын хэсгийн тэмдэглэл бичсэн. Газраа ашиглаагүй хүмүүс рүү мэдэгдэл өгөхдөө ажлын хэсэг гарч, жагсаалтын дагуу эхнээс нь утсаар ярьсан. Утсаар ярьсныг нь чеклээд, утсаар яриагүй хүмүүсийн утас нь болохгүй байсан тул зайлшгүй шуудангаар явуулах шаардлагатай гэж үзсэн. Өөрийнхөө тэмдэглэлийг харж байгаад аль байгууллагатай яаж ярьсан талаар санадаг. Мэдээллийн санд нэхэмжлэгч талын 2 утасны дугаар байсан. Мэдүүлэг дээр таны гэрийн хаяг болон утасны дугаар байсан. Нөгөө 2 дугаар руу хамгийн түрүүнд залгахад холбогдохгүй байсан. Тэрийг санаж байна. Дараа нь 9909-тэй дугаар руу залгахад авсан. Тэгээд бид нар сонсох ажиллагаа хийж байна, тэдний өдрийн дотор хариу тайлбараа авч ирж өгөөрэй гэж ярихад эрэгтэй хүн тэгээд аль газар вэ, хотын газар юм уу гэж асуусан, тэгэхээр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамал байна гэж ярьсан. Хүчингүй болгосныг захирамжийг шуудангаар мэдэгдэх ёстой гэж үзээд шуудангаар хүргүүлсэн. Утсаар яриад мэдэгдсэн гэж үзээд утас нь холбогдохгүй байгаа хүмүүсийн гэрийн хаягийг олж хүргүүлж мэдэгдсэн. Ерөнхийдөө 80 хэдэн газар жагсаасан боловч газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, сонинд зарлуулсан аж ахуйн нэгжүүдийг хүчингүй болгоно гээд мэдэгдэх талаас нь Газрын даамал Б.Халиунаа би утсаар ярьж мэдэгдээд шаардлагатай бол шууданд хийгээд мэдэгдэх процессыг хариуцсан. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүх газрууд руу утсаар ярьсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ярьсан. 2023 оны 07 дугаар сарын 18-19-ны өдөр утсаар ярих жагсаалт гаргасан гар тэмдэглэлтэй байгаа. 2021 онд үйлдвэрлэлийн зориулалтай бол 1 га газрын төлбөр 80.000 төгрөг байсан. 2022 оноос 1 га газар нь 16.000 төгрөг болж хямдарсан... ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дархайя үндэслэлээр нэхэмжлэгчийн “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны акт: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн нэхэмжлэгч Б.Гомбын эзэмшиж байсан тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд байрлах 2.5 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнд анх газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.
Хоёр. Маргааны үйл баримтуудын талаар:
2.1. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн үйл баримтын тухайд:
Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд байрлах 2.5 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж,
- тус сумын газрын даамал нь 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 000560752 дугаартай гэрчилгээг бичиж, уг газрын нэгж талбарын дугаарыг 18666287653908 гэж тэмдэглэсэн,
- Нэхэмжлэгч нь Сэргэлэн сумын газрын даамалд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандан үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 25000 мкв /2,5 га/ газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэг мэдүүлэг гаргаж, газрын даамал нь Н.Гомбын эзэмшлийн 2,5 га газрыг Газрын мэдээллийн шинэчилсэн санд нэгж талбарын 4109056430 дугаарт 24976 мкв талбайтайгаар бүртгэсэн,
2.2. Маргаан бүхий захиргааны актын “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Б.Гомбо нь эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглаагүй, газар дээр үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд газраа ашиглах боломжгүй байсан шалтгаанаа:
- газар эзэмших эрхийн гэрчилгээ нь бичигдэхгүй байсаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгогдсон,
- Захирамж гарч гэрчилгээгээ үндэслэн банкнаас зээл авч санхүүгийн эх үүсвэрээ бий болгон хашаа барьж, гүний худаг гаргуулан зориулалтын дагуу ашиглан нөхцлөө бүрдүүлж бэлэн болсон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой хүнд нөхцөл байдал үүсэж, эдийн засгийн хямралд орсон, Ковидын цар тахлын улмаас газар дээрээ үйл ажиллагаа эрхэлж чадаагүй,
- 2024 онд өөрийн газартаа холбогдох байгууллагуудтай гэрээ хийж хашаа барих, гүний худаг гаргуулан үйл ажиллагаагаа эхлүүлэх шийдвэртэй байсан боловч миний газрыг Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжаар цуцлагдаж, миний бизнес төлөвлөгөө болон ар гэрийн амьдрал эрсдэлтэй байдалд орсон хэмээн тайлбарлажээ.
2.2.1. Нэхэмжлэгч Б.Гомбод Сэргэлэн сумын Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөг засмал замын зүүн талд байрлах 2.5 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшигч “өөрийн хөрөнгөөр газрын кадастрын зураг хийлгүүлж, баталгаажуулах, газрын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь бүрэн төлөх... үүргийг, сумын газрын даамалд “газрыг хэмжиж тэмдэгжүүлж, гэрээ хийж, гэрчилгээ олгох, газрын төлбөрийг гэрээнд тусган төсөвт оруулж байх, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах гэж заасан.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан зэргээс үзвэл газар эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа сумын газрын даамал нь газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох, эзэмшилд олгосон газрыг газар эзэмшигчид хүлээлгэн өгч Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын дугаараар бүртгэх үүргийг хүлээсэн, мөн газар эзэмшигч нь сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авах, эзэмшилд олгосон газрыг хүлээн авах, өөрийн хөрөнгөөр газрын кадастрын зураг хийлгүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
Хариуцагчаас тус сумын газрын даамлын 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 000560752 дугаартай гэрчилгээний хуулбарыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, уг гэрчилгээнд маргаан бүхий газрын нэгж талбарын дугаарыг 18666287653908 гэж тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрыг 2015 онд Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай болон газар эзэмшүүлсэн захирамжид зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг болон эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгүүдийг газрын даамлаар заалган газраа хүлээн авах, газар эзэмших гэрээ байгуулах боломжтой мөн 2015-2019 онуудад, тодруулбал, ковид-19 цар тахал гарахаас өмнөх хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан ч эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газраа зориулалтаар нь ашиглаагүй нь тогтоогдож байна.
Мөн, нэхэмжлэгч нь дээр дурдсан шалтгаан нөхцлийн улмаас газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байгаа талаар хариуцагчид хандан хүсэлт гаргаагүй нь түүний “...Газрын гэрчилгээг бага байхдаа авч байсан учраас тухайн үед ойлголт багатай байсан, ... сумаас огт холбоо бариагүй, би сум ороогүй, газар дээрээ очоод тухайн хийлгэх байгууллагадаа хэмжээг нь үзүүлсэн...” гэсэн тайлбараар нотлогдож байна.
2.2.2. Нэхэмжлэгч нь Сэргэлэн сумын газрын даамалтай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №04167-2021/00743 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээг байгуулснаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх 2 жил, 3 сарын хугацаанд эзэмшлийн газраа хамгаалахаар хашаа бариагүй мөн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн “газар дээр юу ч бариагүй... хашаа барьж, худаг гаргахаар төлөвлөж байсан” гэсэн тайлбараар нотлогдож байх тул маргаан бүхий захиргааны актын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
2.3. Маргаан бүхий захиргааны актын “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сэргэлэн сумын газрын даамал болон нэхэмжлэгч Н.Гомбо нарын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №04167-2021/00743 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүргийг тодорхойлж, 4.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 4.2. газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, 4.5. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх, 4.14. газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 4.15. барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектораар батлуулах...зэрэг үүргийг газар эзэмшигчид хүлээлгэсэн.
Нэхэмжлэгч нь 2014-2023 онуудад газрын төлбөр төлөөгүй, 2021-2023 онуудад газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй нь нэхэмжлэгчийн “газрын төлбөр төлөөгүй, сумаас холбогдоогүй...” гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын” Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэсэн хэсэг болон хариуцагчийн “...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан, үнэлгээ хийлгээгүй, газрын төлбөрөө 2014-2023 онуудад 9 жил төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан гэрээний нөхцөл болзлыг биелүүлэх, газраа хамгаалах, ашиглах, гэрээгээ дүгнүүлэх үүргээ 2021-2023 онуудад биелүүлээгүй нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Үүнээс гадна, газар эзэмшүүлэх гэрээний 4.15-д “барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах...” гэж заасан, харин нэхэмжлэгч “Ковид дууссаны дараа зээл хөөцөлдөж, хашаа барих, худаг гаргах гэрээ хийсэн. Өөрийнхөө хавсралт дээр оруулсан….” хэмээн маргаж буй ч нэхэмжлэгч нь 2014-2023 онуудад эзэмшиж байгаа газар дээрээ үйлдвэр үйлчилгээ явуулах барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулсан гэх, мөн энэ талаарх баримт, тайлбараа хариуцагчид хүргүүлсэн гэх нөхцөл байдлуудыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, зөвхөн “тухайн үед цар тахлаас болж газар дээрээ юм хийж чадаагүй...” хэмээн тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгчийн “Газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө мэдэгдээгүй, эрх зөрчигдсөн” хэмээн маргаж буй үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар “газар эзэмшигчдийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг” томилсон, тус ажлын хэсгийн тэмдэглэлд “...Б.Гомбо газраа ашиглаагүй, газар дээрээ огт юм бариагүй...” гэж тэмдэглэсэн. Мөн гэрч, Сэргэлэн сумын газрын даамал Б.Халиунаа шүүх хуралдаанд “Б.Гомбын бичсэн мэдүүлэг дээрх 99098346 дугаарын утсаар залгаж газрын гэрчилгээг хүчингүй болгох гэж байна гэж мэдэгдэхэд эрэгтэй хүн утас аваад аль газар гэж асуусан..” гэж мэдүүлсэн. Мөн, Б.Гомбоос Сэргэлэн сумын газрын даамалд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандан үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 25000 мкв /2,5 га/ газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэгт “мэдүүлэг гаргагч: Б.Гомбо, утасны дугаар 99098346” гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө мэдэгдээгүй, эрхийг зөрчсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн захирамж, Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус хүлээлгэсэн үүргийг удаа дараа биелүүлээгүй, эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасанд нийцсэн гэж шүүх дүгнэлээ. Иймд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн”, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гомбын “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1322 дугаар захирамжийг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН