Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04260

 

 

 

 

 

 

2024 10 21 182/ШШ2024/04260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт байрлах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд У.*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлд нийт 70,324,369 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч У.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна., Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө., мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. ******* ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 48,644,400 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ******* ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөгийг гаргуулна гэв.

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 70,324,369 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22,692,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 22,692,500 төгрөг төлнө гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7А маягт, 2024 оны 03 дугаар сарын тайлан, 2021-2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Алдангийн тооцоо, Мэдэгдэл зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, хэсэгчлэн төлөх хуваарь зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хэсэглэн хувааж төлнө гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн НД-7А маягт, 2024 оны 03 дугаар сарын тайлан, 2021-2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Алдангийн тооцоо, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч ******* ******* ХХК-ийн 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн өр 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөг шаардаж байна гэж тайлбарлав.

 

8.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж заажээ.

 

9.Хариуцагч ******* ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 48,644,400 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтад зааснаар орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй байна.

 

10.Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 70,324,369 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22,692,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 22,692,500 төгрөг төлнө гэх,

Шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг графикийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг төлнө гэж маргасан.

 

11.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зохицуулсан.

 

12.Хариуцагч ******* ******* ХХК нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги шаардсан тооцооллын тухайд маргаагүй.

13.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,572 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,644,400 төгрөг, алданги 21,679,969 төгрөг нийт 70,324,369 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,572 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ