Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04261

 

 

 

2024 10 21 182/ШШ2024/04261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо,.. дугаар хороолол, .. байр, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..гудамж-8, .. хаягт байрлах, ******* ******* ХК / регистрийн дугаар *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,228,008 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,228,008 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Э.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/MA2024/00156 дугаар магадлалаар ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр эгүүлэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг ******* ХК-д даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогчийн тушаал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарч одоо ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд томилох тушаал гарах өдөр хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгал тасарсан, уг хугацаанд цалин олгогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаартай шийдвэрээр дундаж цалин хөлсийг нэг сарын 4,427,773 төгрөг гэж тодорхойлсон 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл хугацааны цалин 25,228,008 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч тус компанид холбогдуулан Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 156 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг гаргуулж Э.*******д олгох шаардлагыг хангаж, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, баталгаажуулах-ыг үүрэг болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн магадлалын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд нөхөн олговор олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн тайланг 2024 оны 6 дугаар сард хүргүүлсэн. Гэвч нөхөн бичилт нь биднээс үл хамаарах шалтгаан буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль шинэчлэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой систем /программ/-ийн шинэчлэл хийгдэж, шүүхийн шийдвэрийн дагуух нөхөн бичилт нь программын хөгжүүлэлт удаашралтай байгаагаас шалтгаалж, нөхөн баталгаажуулалтын мэдээлэл нь e-mongolia-д ороогүй, татагдах боломжгүй. Э.*******д үндсэн цалинг олгож эвлэрэх саналтай гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00156 дугаар магадлал,

Хариуцагчаас хариу тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг Б/251 тоот Э.*******ийг ажилд томилох тухай тушаал зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* ХК-д холбогдуулан Ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,228,008 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Э.*******д үндсэн цалинг олгож эвлэрэх саналтай гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 00156 дугаар магадлал, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг Б/251 тоот Э.*******ийг ажилд томилох тухай тушаал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэрээр Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ийг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 44,277,640 төгрөг, урамшуулал 25,284,030 төгрөг, 13 дах сарын цалин 4,467,844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэж,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 00156 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.*******ийг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,277,640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэнэт халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу дахин тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-13 тал/

 

8.Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 25,228,008 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаардаж нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2024/11003 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх бүх хугацаанд хамаарна.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 00156 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

11.Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч Э.*******ийг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/251 тоот тушаалаар ажилд томилж биелүүлсэн болох нь талуудын бичгээр гаргасан тайлбар, уг тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байх ба талууд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 14,36 тал/

 

12.Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******д үндсэн цалинг олгож эвлэрэх саналтай гэх тайлбар гаргасан боловч хариуцагч ******* ХК-иас 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлээр ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дахь зүйлд заасан эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бусад эрхийг эдэлнэ гэж эвлэрэх эрхгүй итгэмжлэлийг С.*******д олгосон байна. /хх-ийн 18 тал/

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******гийн гаргасан эвлэрэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/13105 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/17396 дугаар шүүгчийн захирамжаар товлон зарлаж, эвлэрэх боломжит 2 сар 15 хоногийн хугацаа олгосон гэж үзлээ.

 

13.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02989 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Э.*******ий сарын дундаж цалин хөлсийг 4,427,773 төгрөг гэж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

14.Иймд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажлын 122 хоног, /нэг сарын дундаж цалин хөлс 4,427,773 төгрөг/-өөр тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25,228,008 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 25,228,008 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Э.*******ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

16.Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэг дуусах шатанд дээрх хүсэлтийг аль ч үе шатанд өмгөөлөгч авах хүсэлт гаргах эрхтэй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

17. Хариуцагч ******* ХК нь шүүхийн магадлалын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд нөхөн олговор олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн тайланг 2024 оны 06 дугаар сард хүргүүлсэн гэж хариу тайлбартаа дурдсан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284,090 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25,228,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар дээрх цалин хөлстэй тэнцэх олговор 25,228,008 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Э.*******ий нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч ******* ХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 284,090 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ