Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 09

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Б.Бт холбогдох 1730002020149 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын холбоочин мэргэжилтэй, Зүүн бүсийн худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан  Б.Б,

 

                                  Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэр Тэжээлийн 6-6 тоотод Баруун-Урт сумын 9-р багийн иргэн С.Оыг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна буланд зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 11-ний өдөр гэртээ байж байхдаа Оыг зодсон. От хөнгөн гэмтэл учирч оёдол тавиулсан. Би Оыг сайн танихгүй, манай найз Бэийн найз юм. Би Оыг пиво авч өг гээд авч өгөхгүй болохоор нь зодсон гэх мэдүүлэг 

          - Хохирогч С.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед найз Бамбуулай /албан ёсны нэрийг мэдэхгүй/ гэрт очиход Бамбуулай, эхнэр Ц, Б нар нь сууж байсан юм. Гэтэл манай найз Бамбуулай Тэжээлийн байранд Б.Бын гэр рүү угаах хувцас хүргэлцээд өг гэж гуйхаар нь хамт явж Тэжээлийн байранд Б.Бын гэрт бүгдээрээ очиход Б.Б гэртээ ирээд намайг “Чи наашаа суучих” гэхээр нь би “одоо хөгшин нь ажилтай явлаа” гэхэд дахиад “Чи наашаа суучихаа” гэхээр нь би хажууд нь очоод суусан чинь Б.Б “Чи яаж суугаад байгаа юм бэ” гээд үгээр өдөж байгаад ширээн дээр байсан аягаар миний толгой руу цохиод хагалчихсан. Б гэгч залууг урьд нь танихгүй, манай найз Бамбуулайгийн найз гээд гэрээр нь орж гараад явдаг. Надад ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би толгойн зүүн чамархайн хэсэгт цайны шилэн аягаар нэг удаа цохиулсны улмаас толгойдоо гурван оёдол тавиулсан. Толгой одоо бага зэрэг өвдөж байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Б Бамбуулайгийнд ирэхдээ архи уучихсан ирсэн. Гэхдээ согтуу нь гайгүй байх шиг байсан. Би Бт зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг / хх-н 4-5 х /, 

          - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтэд: 1.С.Оын биед зүүн хөмсөгний гадна буланд зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг зүсэгдсэн гэмтлүүд нь ир үзүүртэй, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ / хх-9 х/,

           - Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлөх хүсэлт /хх-28 х/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 75 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал  /хх-59 х/ 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.12.26-ны өдрийн 1/2073 дугаартай тодорхойлолт /хх-14 х /

           - Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-16 х/ зэрэг болно.

                 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлий 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

           Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэр Тэжээлийн 6-6 тоотод Баруун-Урт сумын 9-р багийн иргэн С.Оыг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна буланд зүүн шанаанд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Оын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Б нь иргэн С.Оыг “пиво авч өгсөнгүй” хэмээн шилэн аягаар толгой руу нь цохьсон болох нь шүүгдэгч Бын шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн... “2017 оны 12 сарын 11-ний өдөр гэртээ байж байхдаа Оыг зодсон. От хөнгөн гэмтэл учирч оёдол тавиулсан. Би Оыг пиво авч өг гээд авч өгөхгүй болохоор нь зодсон гэх мэдүүлэг”  хохирогч С.Оын “...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед найз Бамбуулай /албан ёсны нэрийг мэдэхгүй/ гэрт очиход Бамбуулай, эхнэр Ц, Б нар нь сууж байсан юм. Гэтэл манай найз Бамбуулай Тэжээлийн байранд Б.Бын гэр рүү угаах хувцас хүргэлцээд өг гэж гуйхаар нь хамт явж Тэжээлийн байранд Б.Бын гэрт бүгдээрээ очиход Б.Б гэртээ ирээд намайг “Чи наашаа суучих” гэхээр нь би “одоо хөгшин нь ажилтай явлаа” гэхэд дахиад “Чи наашаа суучихаа” гэхээр нь би хажууд нь очоод суусан чинь Б.Б “Чи яаж суугаад байгаа юм бэ” гээд үгээр өдөж байгаад ширээн дээр байсан аягаар миний толгой руу цохиод хагалчихсан...надад ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би толгойн зүүн чамархайн хэсэгт цайны шилэн аягаар нэг удаа цохиулсны улмаас толгойдоо гурван оёдол тавиулсан. Толгой одоо бага зэрэг өвдөж байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Б Бамбуулайгийнд ирэхдээ архи уучихсан ирсэн. Гэхдээ согтуу нь гайгүй байх шиг байсан. Би Бт зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

           Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       Шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

        Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

         Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Ялтан Б.Бт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР