Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2024/0020

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Органик алтай индастри ХХК

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дөлгөөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дөлгөөн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1328 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.[1]

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дөлгөөн нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Органик Алтай Индастри ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хоолт засмал замын зүүн хаягт байрлах /нэгж талбарын 4109053574/ 20 га газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж эхэлсэн. Эзэмших эрх үүссэнээс хойш 2019 оны 03 дугаар сараас дэлхий нийтээр цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоож, улс хоорондын бараа тээвэр, зорчих хө*******ийг хязгаарласан байсан. 2020 оны 12 дугаар сараас Монгол улсын хэмжээнд хот хоорондын зорчих хө*******ийг бүрэн хааж хөл хорио тогтоосон нь 2022 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилж, хорио цээрийн дэглэмийг нэг шатлалаар бууруулсан. Энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй цаг хугацаа байсан. Гэтэл энэ хугацааг газраа дараалан 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Засаг даргаас эрх цуцалсан захирамжийг гаргахдаа дээрх асуудлаас гадна Захиргааны ерөнхий хуульд зааснаар актыг гаргахаас өмнө урьдчилан мэдэгдэх, гаргаж буй актын талаар оролцоог нь ханган, тайлбар гаргах эрх олгоогүй нь манай компанийн эрхийг болон холбогдох хуулийг тус тус зөрчсөн шийдвэр байна. Харин өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс тухайн газраа зориулалтын дагуу ашиглах хэрэгцээ шаардлагын үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сараас газар дээрээ тог цахилгаан татуулах хүсэлтийг гарган холбогдох байгууллагатай харилцан шийдвэрлүүлэхээр явж байна. Мөн 2023 оны 07 дугаар сард газар дээрээ барилга байгууламжийг барихаар барилгын зураг төсөл болон гүйцэтгэлийн компанитай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлөөд явж байна. Улмаар зураг төсөлтэйгөө уялдаж тухайн сардаа гүний худгийн өрөмдлөгийн компанитай харилцан тохиролцож 2 ширхэг гүний худаг ухуулахаар хэмжилт хийлгэн гэрээ байгуулж төлбөрийг төлсөн байсан. Түүнчлэн уг газар дээр бүтээн байгуулалт хийхийн тулд Хятад улсын Харбин хотын компаниар хөрөнгө оруулахаар тохиролцож 1 удаа Хятад улсад айлчлал хийж, 1 удаа Хятад талын захирал төлөөлөгчийг Монгол улсад урьж нөхцөл байдлыг танилцуулан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ батлагдах шатанд явагдаж байна. Иймд Засаг даргын Захиргааны Ерөнхий хуулийг зөрчиж гаргасан энэ шийдвэрийн улмаас манай компанийн бизнесийн нэр хүнд, дээрх гэрээнүүдийн төлбөр, алданги зэрэг маш их хохирол амсахаас гадна газар эзэмших эрх маань ноцтой зөрчигдөж байна. ... Манай компани эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд тэнд хийгдэх бүтээн байгуулалтын зургаа гаргасны үндсэн дээр газар дээрээ барилга, барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар үе шаттайгаар гаргуулах, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай тог, цахилгааны асуудал болон худаг, усны асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байх хугацаанд манай газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна. Сэргэлэн сумын Засаг дарга манай газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө огт мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдэл ирсэн бол хийж буй ажлаа тайлбарлаж, цуцлахгүй байх боломжтой байсан. ... Зууны мэдээ гэх нэртэй сонинд өгсөн гэж байсан. Манайх Зууны мэдээ сонинг албан ёсоор захиалж авдаггүй. Цуцалсан талаарх мэдээлэл нь хурдан хүрч ирсэн. Цуцалсан гэх захирамжаа хүргүүлж байгаа шиг надад мэдэгдэж, хүргүүлэх боломж байсан. ... Бид нарт юу ч хэлэлгүйгээр газрын эрхийг цуцалсанд гомдолтой байна. 4 жил газар дээрээ юм хийгээгүй гэж хэлж байна. 2020 оны 02 дугаар сард тухайн газрыг авсан. Ковид өвчний цар тахлаас болж газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2023 оныг хүртэлх хугацаанд манай хөрөнгө оруулагч наашаа ирэх боломжгүй байсан учраас бид нар онлайнаар харилцаж байсан. 2023 оны 04 дүгээр сард ирээд газрыг хараад, хамтарч ажиллах талаар ярилцаад 2023 оны 04 дүгээр сард тухайн газар дээрээ тог, цахилгаан татуулахаар хөөцөлдсөн. Төв аймгийн цахилгаан эрчим хүчний газарт хандсан боловч тус газраас инженер н.Мөнхөө гэх хүн газар дээр очиж үзээд, манай газар өндөр хүчдэл бүхий тог, цахилгаан татаж болох боловч Налайх дүүргийг хариуцаж ажиллах газар болох талаар мэдэгдсэн. Төв аймгийн цахилгаан эрчим хүчний газраас шийдвэрлэхгүй гэж тайлбарласан. Энэ талаар манайх хөрөнгө оруулагч талтайгаа ярилцаад нөхөн сэргээх, нарны эрчим хүчээр цахилгаанжуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цэвэр, бохир усны шугам, сүлжээний зардал гэх зэргээр одоогоор тус газарт 68.000.000-70.000.000 төгрөгийн зардал гаргаад явж байгаа. 2024 оны хавар энэ ажлаа хийхээр хөрөнгө оруулагч талтай ярилцсан. Ковидын үе байсан. ... Иймд Засаг даргын Захиргааны Ерөнхий хуулийг зөрчиж гаргасан энэ шийдвэрийн улмаас манай компанийн бизнесийн нэр хүнд, дээрх гэрээнүүдийн төлбөр, алданги зэрэг маш их хохирол амсахаас гадна газар эзэмших эрх маань ноцтой зөрчигдөж байгаа учир Засаг даргын 2023 оны А/1328 дугаар захирамжийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Органик Алтай Индастри ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1328 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. ... Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх гэсэн байгаа. Зууны мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагийн дугаарын 11 дүгээр хуудсанд Төв аймгийн Сэргэлэн суманд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн анхааралд гээд Газрын тухай хуулийн 40.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 27.2.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдлийн жагсаалтаар 41 иргэн, аж ахуйн нэгж хамааралтай бөгөөд жагсаалтын 28-д Органик Алтай Индастри ХХК-ийн 20 га газар гэж бичигдсэн байна. Төрийн байгууллага буюу Сэргэлэн сумын Засаг дарга Захиргааны Ерөнхий хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн үүргээ биелүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байгаа. Газрын тухай хуулийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн. "Органик Алтай Индастри" ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмших эрх олгогдсон ба газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэл өдөр буюу 2023.11.06-ны өдрийг хүргэл 3 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл эрхлээгүй байна. ... газар дээр ямар нэгэн аялал жуулчлалын эсхүл барилга, байгууламж, хашаа гэх зэрэг зүйл огт бариагүй. Одоо н.Аззаяа гэх хүн Газрын даамлаар ажиллахгүй байгаа. Одоо байгаа Газрын даамал нараас давхцал байгаа гэдэг дээр хавтаст хэрэгт байгаатай адил тайлбар өгч байгаа. Нэхэмжлэгч талаас энийг шугамаас нь зайлуулаад, гаргаж, манайх газраа ашигламаар байна гэдэг хүсэлт олдоогүй. лсын бүртгэлийн мэдэгдэх хуудсын хаягаар нь хүргүүлсэн. Гэтэл Ривэр Гарден 7 дугаар хэсэг 304 дүгээр байрны 701 тоот гэсэн чинь шуудангийн ажилтан 70 тоот гэдэг хаяг байхгүй гээд манайх руу буцаагаад ирүүлсэн. Анхнаасаа цуцлах нэг бүрэлдэхүүнийг бүгдийг нь шууданд зэрэг хийгээд мэдэгдлүүдээ бүгдийг нь шууданд хийсэн. Дараа нь сонсох ажиллагаа хийгдээд явсны дараа цуцалсан шийдвэр гаргасан захиргааны актыг дахиж нэг шууданд хийсэн. 2 удаагийн сонсгох ажиллагаа хийгдсэн. Өмнөх ажиллагаа дээр эхний шуудан хийх ажиллагаа дээр холбооны /шуудангийн/ ажилтан өөрөө тоог буруу харчихаад 701 гэсэн тоотыг 70 тоот гэж байхгүй гээд буцаасан. Төлбөртэй холбоотой маргахгүй байгаа. Гэхдээ 2020 оноос хойших төлбөрийн мэдээллийг Газрын даамлуудаас гаргаж өгөх боломжтой. Төлбөртэй холбоотой маргахгүй. Иймд Органик Алтай Индастри ХХК-ийн гаргасан "Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн А/1328 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дөлгөөн шүүхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1328 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-аар тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд

2.1. Нэхэмжлэгчээс: Эзэмших эрх үүссэнээс хойш 2019 оны 03 дугаар сараас дэлхий нийтээр цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоож, улс хоорондын бараа тээвэр, зорчих хө*******ийг хязгаарласан байсан. 2020 оны 12 дугаар сараас Монгол улсын хэмжээнд хот хоорондын зорчих хө*******ийг бүрэн хааж хөл хорио тогтоосон нь 2022 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилж, хорио цээрийн дэглэмийг нэг шатлалаар бууруулсан. Энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй цаг хугацаа байсан. Гэтэл энэ хугацааг газраа дараалан 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Засаг даргаас эрх цуцалсан захирамжийг гаргахдаа дээрх асуудлаас гадна Захиргааны ерөнхий хуульд зааснаар актыг гаргахаас өмнө урьдчилан мэдэгдэх, гаргаж буй актын талаар оролцоог нь ханган, тайлбар гаргах эрх олгоогүй нь манай компанийн эрхийг болон холбогдох хуулийг тус тус зөрчсөн шийдвэр байна. 2023 оны 04 дүгээр сараас газар дээрээ тог цахилгаан татуулах хүсэлтийг гарган холбогдох байгууллагатай харилцан шийдвэрлүүлэхээр явж байна. Мөн 2023 оны 07 дугаар сард газар дээрээ барилга байгууламжийг барихаар барилгын зураг төсөл болон гүйцэтгэлийн компанитай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр төлөөд явж байна. Улмаар зураг төсөлтэйгөө уялдаж тухайн сардаа гүний худгийн өрөмдлөгийн компанитай харилцан тохиролцож 2 ширхэг гүний худаг ухуулахаар хэмжилт хийлгэн гэрээ байгуулж төлбөрийг төлсөн байсан. Төв аймгийн цахилгаан эрчим хүчний газарт хандсан боловч тус газраас инженер н.Мөнхөө гэх хүн газар дээр очиж үзээд, манай газар өндөр хүчдэл бүхий тог, цахилгаан татаж болох боловч Налайх дүүргийг хариуцаж ажиллах газар болох талаар мэдэгдсэн. Төв аймгийн цахилгаан эрчим хүчний газраас шийдвэрлэхгүй гэж тайлбарласан гэж,

2.2 Хариуцагчаас Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх гэсэн байгаа. Зууны мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагийн дугаарын 11 дүгээр хуудсанд Төв аймгийн Сэргэлэн суманд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн анхааралд гээд Газрын тухай хуулийн 40.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 27.2.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдлийн жагсаалтаар 41 иргэн, аж ахуйн нэгж хамааралтай бөгөөд жагсаалтын 28-д Органик Алтай Индастри ХХК-ийн 20 га газар гэж бичигдсэн байна. Төрийн байгууллага буюу Сэргэлэн сумын Засаг дарга Захиргааны Ерөнхий хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн үүргээ биелүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байгаа. Газрын тухай хуулийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн. "Органик Алтай Индастри" ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмших эрх олгогдсон ба газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэл өдөр буюу 2023.11.06-ны өдрийг хүргэл 3 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл эрхлээгүй байна. ... газар дээр ямар нэгэн аялал жуулчлалын эсхүл барилга, байгууламж, хашаа гэх зэрэг зүйл огт бариагүй. Гэтэл Ривэр Гарден 7 дугаар хэсэг 304 дүгээр байрны 701 тоот гэсэн чинь шуудангийн ажилтан 70 тоот гэдэг хаяг байхгүй гээд манайх руу буцаагаад ирүүлсэн. Дараа нь сонсох ажиллагаа хийгдээд явсны дараа цуцалсан шийдвэр гаргасан захиргааны актыг дахиж нэг шууданд хийсэн. 2 удаагийн ажиллагаа хийгдсэн гэж тус тус маргаж байна.

Гурав. Маргааны үйл баримтуудын талаар:

3.1. Сэргэлэн сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/583 дугаартай захирамжаар тус сумын Хоолт засмал замын зүүн талд эзэмшигч Органик алтай индастри ХХК-д Амралтын газар-ын зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна[2].

Уг газрыг тус сумын Газрын даамал М.Аззаяа нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4109053574 дугаарт Сэргэлэн сумын 1 дугаар багийн Хоолт засмал замын зүүн талд байршилтай 199176 мкв газрыг Органик алтай индастри ХХК-ний нэр дээр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн.

Тус сумын Газрын даамал М.Аззаяа, Органик алтай индастри ХХК нар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №04167-2020/00184 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.[3]

Органик алтай индастри ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэг гаргаснаас тус сумын Газрын даамал М.Аззаяа нь тухайн 199176 мкв газрыг эзэмших эрхийн Дугаар-000011270 дугаартай гэрчилгээг Органик алтай индастри ХХК-д олгосон[4].

3.2. Нэхэмжлэгчийн маргаж буй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1328 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн захирамжлах хэсэгт: 1. Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Органик алтай индастри ХХК (РД:6404596)-н 1 дүгээр баг Хоолт засмал замын зүүн талд байрлалттай 20 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/583 тоот захирамжийн Органик алтай индастри ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ[5].

Хавтаст хэрэг авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагчаас 2 удаагийн сонсгох ажиллагаа хийсэн гэж тайлбарлажээ. Үүнд:

1. Хариуцагчаас Зууны мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагийн дугаарын 11 дүгээр хуудсанд Төв аймгийн Сэргэлэн суманд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн анхааралд гээд Газрын тухай хуулийн 40.1.6, Захиргааны Ерөнхий хуулийн 27.2.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн мэдэгдэл байгаа. Энэ мэдэгдлийн жагсаалтаар 41 иргэн, аж ахуйн нэгж хамааралтай бөгөөд жагсаалтын 28-д Органик Алтай Индастри ХХК-ийн 20 га газар гэж бичигдсэн байна. Төрийн байгууллага буюу Сэргэлэн сумын Засаг дарга Захиргааны Ерөнхий хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн үүргээ биелүүлсэн.

2. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/251 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт: газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд 11 цагт зохион байгуулна. Тайлбар санал, нотлох баримтыг энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье гээд уг мэдэгдлийг газар эзэмшигчид шуудангаар хүргүүлжээ.

Уг шуудангийн дугтуй нь хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд дугтуйн дээд хэсэгт Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар гэх дардастай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэсэн огноотой, уг тоотыг хүргүүлэх хаяг хэсэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо, 7 хэсэг ривер гарден, 304 байр, 701 тоотод гэж хаяглан шуудангаар хүргүүлжээ.

Гэтэл Монгол шуудан ХК-ийн Магадлагаа, шилжсэн, нүүсэн/ Тодруулсан хаяг: Ривер гарден 304-р байранд 70 тоот гэж байхгүй тул 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буцаав. Шууданч: Энхмарт гэх тэмдэглэл үйлдэж, уг хуудсыг дугтуйн дээр нааж Монгол шуудан гэх тамгаар баталгаажуулан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газарт буцаан хүргүүлсэн.

Дээрх үйл баримтыг дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар Органик алтай индастри ХХК-д сонсгох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж үндэслэлгүй байна.

Тодруулбал: Органик алтай индастри ХХК-ийн шуудангийн хаягийг буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо, 7 хэсэг ривер гарден, 304 байр, 701 тоотод гэсэн байхад шууданч Ривер гарден 304-р байранд 70 тоот гэж байхгүй гэж буцаасан учраас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргэгдээгүй байна.

Түүнчлэн сонсгох ажиллагааны талаарх мэдэгдлийг сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ. Агуулгын хувьд сонин, хэвлэлд нийтлүүлж сонсгох ажиллагаа хийсэн гэж баримтжуулах нь учир дутагдалтай бөгөөд бусад арга хэлбэрээр сонсгох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн байна.

Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангасан байх тусгай зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д сумын Засаг дарга нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сумын газрын даамалтай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу Бармон арт ХХК-иар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 20 га газарт аялал жуулчлалын цогцолборын загвар барилгын төсөл зургийг боловсруулан гүйцэтгэжээ.

Мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Органик алтай индастри ХХК нь Эко улаан нар ХХК-тай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх №23-07 дугаартай гэрээг байгуулж, 0186 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримтаар Эко улаан нар ХХК-д урьдчилгаа 22.400.000 төгрөгийг гүйлгээний утга гүний 2 ширхэг худаг урьдчилгаа мөнгө тушаагч Органик алтай индастри ХХК гэж шилжүүлжээ.

Гэрчээр Н.Батбилэг шүүхэд өгсөн мэдүүлэгт: ... Манай компани нь өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Органик Алтай Индастри ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр усны хайгуулын ажил хийхээр гэрээ байгуулсан. Мөн өдөр урьдчилгаа төлбөр болох 22.400.000 авсан. Гэрээнд зааснаар ажил хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гүний худгийн ажил хийж гүйцэтгэнэ гээд тохирсон. 2023 оны 11 сард Органик Алтай Индастри ХХК-ийн заасан газарт очихоор ирэхэд цас ороод хүнд даацын машины явах боломжгүй байсан. Иймд тухайн үед ажлаа гүйцэтгээгүй буцсан. Одоо гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэнэ гэжээ.

Дээрх хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр түүний 20 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1, 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 сарын 30-ны өдрийн 15 дугаартай Газрын хууль тогтоомжийг тайлбарлах тухай тогтоолын 1.9 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж, мөн тогтоолын 1.10 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр хашаа, үл хөдлөх барилга байгууламж бариагүй нь хэргийн оролцогчдын тайлбар фото зураг зэргээр тогтоогдож байх боловч, нэхэмжлэгч нь барилга байгууламжийн төлөвлөлтийн загвар зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах гэж заасны дагуу амралтын газрын барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох техникийн нөхцөлийг гаргуулах тухай хүсэлт гаргаж, гүний 2 ширхэг худаг гаргуулахаар гэрээ байгуулсан зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнээс гадна, хариуцагч нь захиргааны актыг батлан гаргахаас өмнө нэхэмжлэгч эзэмшлийн газраа эзэмшиж ашиглаж буй эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй, түүнээс тайлбар баримт гаргуулаагүй нь нэхэмжлэгчийн надад мэдэгдээгүй гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагааг 2 удаа явуулсан, Зуун мэдээ сонин нийтлүүлсэн, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шуудангаар хүргэсэн гэх боловч нэхэмжлэгчид хүргэгдээгүй буцсан гэсэн тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын Органик алтай индастри ХХК холбогдох захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээр дурдсан, нөхцөл байдлуудаар, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1328 дугаар захирамжийг хүчингүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч, тус сумын Газрын даамал нар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад Монгол Улсын хэмжээнд болон аймаг, сум орон нутагт Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, аймгийн Засаг даргын захирамжаар сум хооронд болон, Улаанбаатар хотоос чиглэсэн хө*******ийг хязгаарлах, сумын хэмжээнд хөл хорио тогтоох, Бүх нийтийн бэлэн байдал-ын Улаан түвшин-д шилжүүлэх арга хэмжээг тус тус авсан байдаг. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд захиргааны байгууллага нь дээрх бодит нөхцөл байдлыг тогтоогүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гаж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар маргаан бүхий газрын төлбөр төлсөн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг урьдчилан төлнө гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод ээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1328 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Органик алтай индастри ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 1-2 тал

[2] Хавтас хэргийн -5 тал

[3] Хавтас хэргийн- 42-44 тал

[4] Хавтас хэргийн-38 тал

[5] Хавтас хэргийн-45 тал