Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У,

Хохирогч: Д.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/176 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Бд холбогдох 2219000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Дын Б /РД:*****/, ****** оршин суух, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1031 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ****од байрлах хохирогч Д.Дын эзэмшлийн байшингийн цонхийг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж, 800,000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн 49 инчийн LCD зурагтыг авч бусдад 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх...шүүгдэгч Д.Б эцэг, эхийн хамт нэг гэрт олон жил хамт амьдарч байгаа зэргээр шүүгдэгч нь өөрийнхөө эд хөрөнгийг авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн....

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл. Хулгайлах гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгосноор төгсдөг гэмт хэрэг. Хуулийн зохицуулалтаас үзэхэд, аливаа этгээд эд зүйлс, эд хөрөнгө бусдын эрхийг зөрчихгүйгээр, шударгаар олж авах, өмчлөх эрхтэй байна. Харин шүүгдэгч Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор ... байшингийн цонхыг хагалж, гэмтээн нэвтрэн орж эд зүйлс, хөрөнгө авах шунахай сэдэлтээр самсунг загварын 49 инчийн хар өнгийн зурагтыг нууцаар хууль бусаар авсан болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Дээрх тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт тооцно гэсэн гэмт хэргийн ойлголт, шинж, хуулийн гэм буруугийн хэлбэрийн тодорхойлолтыг бүрэн хангасан байна гэж үзэж байна. ... Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ... Д.Б нь хохирогч Д.Дын хувийн эзэмшлийн гэрт удаан хугацаагаар амьдарч байгаагүй, ам бүл тусдаа, эхнэр хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдоно.

... Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна..." гэж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг “...Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ..." гэж, 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэг "...нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна...” гэж, 90 дүгээр зүйлийн 90.1 “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ..." гэж, 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хуульд өөрөөр заагаагүй бол... иргэн өмчлөгч байна..." гэж эд хөрөнгө эзэмших, өмчлөх, олж авах, захиран зарцуулах эрх нь хуулиар тогтоосон хэмжээ хязгаараар тодорхойлогдсон бол Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэг "... Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй..." гэж заасны дагуу Д Б нь Самсунг загварын 49 инчийн хар өнгийн зурагтыг хууль ёсоор авсан, хуулийн дагуу захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй.

Шүүх, шүүгдэгч Д.Б нь **** тоотод оршин суудаг гэсэн баримтыг үндэслэл болгосон боловч хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хохирогч Д.Дын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон болохоос Д.Бгийн өмч хөрөнгө гэсэн ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад “дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн, өрсөлдөхүйц эсхүл өөрийнх нь өмч биш гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, ...саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг дүгнээгүй ..., Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.Д гуай өөрөө оролцсон. Тухайн ам бүлд байгаа хөрөнгө бидний дундын өмч хөрөнгө юм. Б тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсний дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт **** тоотод Д.Б төрсөн цагаасаа хойш амьдарч байгаа гэж мэдүүлдэг. ... Энэ хэргийн хохирогч нь хэн бэ гэхээр Д.Д гуай юм. Хохирогч Д.Д гуай хагарсан цонх, зурагт нь бидний дундын өмч учраас шүүгдэгч Д.Б захиран зарцуулах эрхтэй гэж үздэг ба  анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний хувьд манай хүүхэд өөрийнхөө эд хөрөнгийг авсан гэж үзэж байгаа. Манай хүү Улаанбаатар хотод эхнэртэй болоод 2 жил болсон юм. Тэгээд эхнэрээ аваад аймагт ирсэн юм. Тэгээд бидэнтэй 1 гэрт амьдардаг юм. Манай гэрт байгаа эд хөрөнгө бидний дундын өмч юм. 2013 онд Д.Б тухайн зурагтыг худалдан авахад талаас нь илүү мөнгийг өгч байсан юм. 700,000 төгрөг өгөөд, хөгшин бид хоёр тэтгэврээ нэмж байгаад анх тухайн зурагтыг авч байсан юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Д.Бг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ****од байрлах хохирогч Д.Дын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж, 800000 төгрөгийн үнэ бүхий самсунг маркийн 49 инчийн ЛСД зурагтыг авч бусдад 950000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байх ба ийнхүү цагаатгасан үндэслэлээ “... шүүгдэгч өөрийн эд хөрөнгөө авсан нь ... хулгайлах гэмт хэргийн шинжгүй...” гэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах ...” гэснийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг болон нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Тодруулбал хэрэгт авагдсан хохирогч Д.Д болон шүүгдэгч Д.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх62/ баримтаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дын төрсөн хүү төдийгүй шүүгдэгч болон хохирогч нар нь Дорноговь аймгийн ****од хамт оршин суудаг болох нь тогтоогдсон, шүүгдэгч Д.Б нь самсунг маркийн 49 инчийн ЛСД зурагтыг өөрийн гэрээс авсан болох нь тогтоогджээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдгийг бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бий

 

болгосон байх буюу гэмт этгээдийн зүгээс өмчлөлийн хувьд өөрт нь хамааралгүй, ямар нэгэн эрхгүй байх нь энэхүү гэмт хэргийн онцлог шинжийг тодорхойлдог.

Гэтэл хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд тухайн хулгайлсан гэх эд хөрөнгө болох самсунг маркийн 49 инчийн ЛСД зурагт нь шүүгдэгч болон хохирогчийн хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан тэдний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдсон байна.

4. Шүүгдэгч Д.Б нь хэдийгээр насанд хүрсэн боловч одоог хүртэл эцэг, эхийн хамт амьдардаг байх ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэрчлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн ...хүүхэд гэр бүлийн гишүүн болдог тул түүнийг тухайн гэр бүлийн гишүүн гэж үзнэ.

Гэр бүлийн гишүүдийн хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж захиран зарцуулахын зэрэгцээ гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэр бүлийн гишүүд адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

Энд зааснаас үзэхэд өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй боловч  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд бусад гэр бүлийн гишүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй.

Шүүгдэгч Д.Бгийн хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусад гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй авсан байх боловч энэ тохиолдолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар хохирогч Д.Д болон бусад гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Д.Бгаас шаардах эрхийг үүсгэж, энэ эрх нь иргэний эрх зүйгээр хамгаалагдах ба энэхүү нөхцөл байдал нь хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарахгүй, тийм шинжийг агуулаагүй байна.

 

Ийнхүү шүүгдэгчийг бусдын өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэлгүй тул гэртээ нэвтрэхдээ цонхыг эвдэж орсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “...орон байр...”-д нэвтэрч гэсэн шинжид хамаарахгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

                                                                                                  

                                                                                                  Н.БАТЧИМЭГ