Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1529

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01193 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 051 132 599.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК нь “С” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-302 тоот Зээлийн гэрээ байгуулж, 920 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газар тариалангийн техник хэрэгсэл худалдан авах зориулалтаар олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-303 тоот Барьцааны гэрээ байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Л.Б-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр, 27 тоот хаягт байршилтай, 31.89 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019290 дугаартай орон сууц. Л.Б-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр, 26 тоот хаягт байршилтай, 46.11 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019285 дугаартай орон сууц Ө.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 631.8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008612 дугаартай амины орон сууц. Ө.Б-ы эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 1 289 м.кв талбайтай, нэгж талбарын 080155141 дугаартай газар эзэмших эрх, “С” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 баг, Ширээ нуруу газарт байрлах 1 289 м.кв талбайтай нэгж талбарын 171000157 дугаартай газар эзэмших эрх, “С” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 дугаар баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 443 га талбайтай, нэгж талбарын 171000153 дугаартай газар эзэмших эрх, “С” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 дугаар баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 125 га талбайтай, нэгж талбарын 171000041 дугаартай газар эзэмших эрх, “С” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 дугаар баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 300 га талбайтай, нэгж талбарын 171000155 дугаартай газар эзэмших эрх, “С” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3 дугаар баг, Ширээ нуруу хаягт байршилтай, 442.61 га талбайтай, нэгж талбарын 171000156 дугаартай газар эзэмших эрх. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлдэгч “С” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд 74 557 177.79 төгрөг төлсөн. Банкны зүгээс зээлийн гэрээний дагуу үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлийн хүү төлөгдөөгүй, зээлдэгчийн зүгээс зээлийг ямар хугацаанд төлж барагдуулах талаар ямарваа хариуг ирүүлээгүй, зээлээ төлөх санал. санаачилга гаргаагүй тул гэрээний 6.2.1-т заасан үндэслэлээр Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж зээлийг төлүүлэх шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч “С” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/18-302 тоот Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 920 000 000 төгрөг, зээлийн хүүнд 131 118 904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 695.86 төгрөг нийт 1 051 132 599.92 төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “С” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 051 132 599.92 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019290 дугаартай орон сууц, Ү-2003019285 дугаартай орон сууц, Ү-2003008612 дугаартай орон сууц, нэгж талбарын 080155141, 171000157, 171000153, 171000041, 171000155, 171000156 дугаартай газар эзэмших эрхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/18-302 тоот зээлийн гэрээний дагуу авсан 920 000 000 төгрөгийг тус гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж ирсэн. Зээлийн гэрээний 21.6 дахь хэсэгт заасан 60 сарын хугацаа дуусаагүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “С” ХХК нь 2018, 2019 оны намар ургац хурааж аваагүй тул гэрээний үүргээ биелүүлж чадаагүй болно. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзсан болно. Үүргийн гүйцэтгэлээс татгалзсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 74 557 177 төгрөгийг үндсэн төлөлтөөс хасч тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ, 212.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн үүргийн аль нэгийг нь сонгон гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж тус тус зааснаар үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 12 сарын 27-ны өдөр 12/18-302 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч “С” ХХК /РД:3740293/-иас 1 051 132 599.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК /РД:5341469/-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “С” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019290 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 27 тоот, 31,89 м.кв нэг өрөө орон сууц, Ү-2003019285 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 26 тоот, 46,11 м.кв хоёр өрөө орон сууц, Ү-2003008612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 22 тоот 631.8 м.кв амны орон сууц, нэгж талбарын 080155141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол хаягт 1 289 м.кв эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000157 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 481.2 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000153 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 443 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000041 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 125 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000155 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 300 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000156 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 442.61 га эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 483 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 5 483 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэн нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. “С” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/18-302 тоот зээлийн гэрээний дагуу авсан 920 000 000 төгрөгийг тус гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж ирсэн. Зээлийн гэрээний 2.1.6-т заасан 60 сарын хугацаа дуусаагүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “С” ХХК нь 2018, 2019 оны намар ургац хурааж аваагүй тул гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хүрвэл гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзсан. Үүргийн гүйцэтгэлээс татгалзсантай холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 74 557 177 төгрөгийг үндсэн төлөлтөөс хасаж тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ, 212.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн үүргийн аль нэгийг нь сонгон гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж заасан нь үндсэн төлөлтөөс хасуулах үндэслэлтэй байна. Иймд тус шүүхийн шийдвэрт хариуцагчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 74 557 177 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 051 132 599.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “... цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдсанаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчээс төлсөн 74 557 177 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй...“ гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-302 тоот “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч “Т” ХХК нь газар тариалангийн техник хэрэгсэл худалдан авах зориулалтаар 920 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч “С” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар эхний 12 сард хүүгийн төлөлт, үлдэх 48 сард хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдрийн 12/18-303 тоот “Барьцааны гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019290 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 27 тоот, 31.89 м.кв нэг өрөө орон сууц, Ү-2003019285 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 2 дугаар байр 26 тоот, 46.11 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2003008612 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 22 тоот 631.8 м.кв амны орон сууц, нэгж талбарын 080155141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол хаягт 1 289 м.кв эзэмших эрхтэй газар нэгж талбарын 171000157 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 481.2 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000153 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 443 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000041 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 125 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000155 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 300 га эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 171000156 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, номгон 3 дугаар баг ширээ нуруу хаягт 442.61 га эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалжээ. /хх-9-14/

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч “С” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 74 557 177.79 төгрөгийг төлсөн ба мөн өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй,  гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч нь “...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлаа цаг агаарын давагдашгүй хүчнээс шалтгаалан ургац алдсанаас шалтгаалсан, давагдагдашгүй нөхцөл байдлын улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй...” гэж тайлбарласан  ч энэ талаар зээлдүүлэгчид мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ аваагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. иймд татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах хугацаанаас нь өмнө үндэслэл болох бөгөөд гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгчид удаа дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/6968 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04/85 тоот албан бичгийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан, зээлдэгч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлбөрийн үлдэгдлийг шаардсан нь хууль болон гэрээнд заасныг зөрчихгүй. /хх15,16/

 

Хариуцагч нь дээрх байдлаар татгалзал гаргаснаас өөрөөр зээлийн тооцооллыг эсэргүүцэж, баримтаар няцаагаагүй тул шүүх 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12/18-302 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч “С” ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 920 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 131 118 904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 695 төгрөг, нийт 1 051 132 599.92 төгрөгийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд, хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу 74 557 808 төгрөгийг зээлийн хүүд төлсөн тул уг төлбөрийг үндсэн зээлээс хасуулах талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцааны гэрээ байгуулж, орон сууц болон газар эзэмших эрхийг барьцаалсан нь Иргэний хуулийн 156, 158 дугаар зүйлээр тогтоосон шаардлагыг хангасан байх бөгөөд шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ